Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 87

 

А.Л-, О.Э- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, цагаатгагдсан этгээд О.Э-ын өмгөөлөгч А.Очбадрал, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 153 дугаар шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 44 дүгээр магадлалтай, А.Л-, О.Э- нарт холбогдох хэргийг Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***,

Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн124 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан Б овогт А-н Л-,

2. Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ***, ял шийтгүүлж байгаагүй М овогт О-н Э-.

А.Л-, О.Э- нар бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 12 дугаар сарын 21-нд Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн З.Э-н 14 тооны бог малыг хулгайлж 1,620,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Л-, О.Э- нарыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л-г 1 жил хорих ялаар, шүүгдэгч О.Э-ыг 6 сар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 9,500,000 төгрөгийг шүүгдэгч А.Л-, О.Э- нараас хувь тэнцүүлэн тус бүр 4,750,000 төгрөгийг, мөн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 25 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 2 тооны /200,000 төгрөгийн үнэлгээ бүхий/ хурган төлгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 1, 2, 3, 4, 5 дахь заалтуудад Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт А-н Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Л-д 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 90 хоногийг торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, А.Л-г торгох ялыг эдэлж дууссанд тооцож, шүүх хуралдааны танхимаас сулласугай,

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос М овогт О-н Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн н 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, О.Э-ыг цагаатгаж, шүүх хуралдааны танхимаас сулласугай гэсэн өөрчлөлт оруулж,

2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 25 дугаартай тогтоолоор битүүмжилсэн 2 тооны /200,000 төгрөгийн үнэлгээ бүхий/ хурган төлгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд прокурор Ж.Батбаатар бичсэн эсэргүүцэлдээ “...давж заалдах шатны шүүхээс яллах үндэслэл болсон нотлох баримтууд нь А.Л-г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг нотлох хангалттай баримт нотолгоо биш гэж дүгнээд ...Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож өөр нутаг бэлчээрт шилжин байрласан өмчлөгч эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй мэдэгдэхгүй байгаа малыг ойлгодог бөгөөд гэрч Л- болон гэрч Д.М-н мэдүүлгийн хэсгийг үндэслэн А.Л-г алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь эргэлзээтэй ойлгомжгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч З.Э-н алдагдсан мал нь ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч З.Э-н малыг малладаг гэрч Д.М-н /1 хх 15 хуудас /, гэрч О.С-н /хх-н 19-р хуудас/, гэрч С.Х-н, хохирогч З.Э-н, яллагдагч А.Л- нарын мэдүүлэг зэрэг дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд А.Л-гийн хонинд нийлсэн гэх малын өмчлөгч эзэмшиг нь хэн болохыг яллагдагч А.Л- нь мэдэж байсан, Д.М-н хариуцан малладаг мал болон А.Л-гийн өмчлөлийн мал нь хоорондоо ойролцоо бэлчээрлэдэг болох нь тогтоогдож байхад алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж хуулийн зүйл хэсэг заалтыг буруу тайлбарлаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхээс зөвхөн яллагдагч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үндэслэлийг няцаан дүгнэхгүйгээр яллагдагч нарын мэдүүлэгт хэт хөтлөгдөн “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэнийг нотлох хангалттай баримт нотолгоо биш гэж ерөнхий байдлаар дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Мөн шүүгдэгч О.Э-ыг үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож О.Э-ыг цагаатгаж шүүх хуралдааны танхимаас суллаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрч Ц.Х-н /1хх-18 тал/, хохирогч З.Э-н, гэрч Д.М-н /хх-ийн 103 хуудас/ мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар О.Э- нь мал хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдож байхад давж заалдах шатны шүүхээс яллагдагч нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг цагаатгах нотлох баримтын үндэслэл болгож яллагдагч О.Э-ын хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа улсын яллагчийн яллах үндэслэл болгосон болон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон яллах нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй өөрөөр хэлбэл О.Э- нь амьд хонь ачсан байсныг харсан гэрчийн мэдүүлэг мөн хонь ачсан талаар асуухад О.Э- нь хонь ачаагүй талаар худал мэдүүлсэн болохыг нотолсон нотлох баримтуудад дүгнэлт өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоолын 2.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй буюу мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Э-, А.Л- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байна. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 44 дүгээр магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй буюу хэргийн үйл баримт, прокурорын яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримт, улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тусгаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд О.Э-ын өмгөөлөгч А.Очбадрал хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Учир нь зөвхөн хохирогчийн “...О.Э- надтай уулзаагүй гарч явсан” гэх хардлагын мэдүүлэгт үндэслэж бүлэглэн мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн. Бодит байдалд шүүгдэгч А.Л-гийн хонинд хохирогчийн мал нийлж ирсэн ба О.Э- нүүрс буулгаад буцахдаа А.Л- гуйснаар Хэнтий аймгийн төвд айлын хашаанд мал буулгаж өгсөн.

Анхан шатны шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулснаас шалтгаалж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй. Харин хэрэгвэл зохих хуулийг хэрэглээгүй байдлыг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 44 дүгээр магадлалаар нөхөн гүйцэтгэж, алдааг зассан. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцлийг үндэслэн А.Л-, О.Э- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч А.Л-, О.Э- нарыг бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн тэдэнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, гэм бурууг эргэлзээгүй тогтоох хуулийн шаардлагыг хангалгүй, шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийжээ.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд хэргийг хянан шийдвэрлэхэд хангалтай эсэх, түүнчлэн яллах болон цагаатгах нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь дүгнэн үзэж, А.Л-гийн үйлдлийг “...алдуул мал завших...” гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн зүйлчилж, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулж, харин О.Э-ын хувьд гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдоогүй байгааг дүгнэн, холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит үнэнийг тогтоохын тул нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгах, ингэхдээ яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг.

Гэтэл хэргийн оролцогч нарын гэм буруугийн талаарх баримтууд хэрэгт хангалттай цуглараагүй, эргэлзээ төрүүлэхүйц харилцан зөрүүтэй баримтат мэдээлэл хэрэгт авагдсан байхад шүүх яллах болон цагаатгах нотлох баримтуудад нарийвчлан дүгнэлт хийлгүйгээр, өөрийн малд нийлсэн бусдын малыг завшсан гэх А.Л-гийн мэдүүлгийг үнэлэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарыг яллаж буй нь анхан шатны шүүх хууль ёсны зарчмыг хангаж ажиллаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дан ганц яллах талын баримтыг үнэлж, дүгнэхэд чиглэгдсэн байгааг харуулж байна.

А.Л-, О.Э- нарыг бүлэглэн бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутган, хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ үүссэнийг давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын хувьд ашигтайгаар шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, түүний хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж дүгнэлээ. 

Хэргийг мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээж, прокурор Ж.Батбаатарын бичсэн “...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх...” агуулгатай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 44 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                   ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                   ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                       Б.БАТЦЭРЭН

                       Ч.ХОСБАЯР

                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН