Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 169

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Н.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж, 

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, 

Гуравдагч этгээд: М ХХК, К б ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “М ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206******, Ү-2206****** дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн *** хороо, ***гийн гудамж,  *** хотхоны *** байрны **, ** тоотод байрлах 2 орон сууцны өмчлөгчөөр иргэн Н.Ныг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, орон сууцыг иргэн Н.Нын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэст даалгаж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, гуравдагч этгээд М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, гуравдагч этгээд К б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, гуравдагч этгээд К б ХХК-ийн өмгөөлөгч Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь

Н.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Н нь 2008 оны 4 дүгээр сарын **-ний өдөр М ХХК-тай Хан-Уул дүүргийн *** хороо, ***гийн тойруу, *** хотхоны *** байрнаас ** болон ** тоот 2 ширхэг орон сууцыг “Орон сууц захиалагчтай байгуулах, худалдах, худалдан авах” гэрээгээр  авч,  2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 233.092 ам.доллар, дараа нь 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 7708 ам.доллар, 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үлдэгдэл 10.000 ам.долларыг төлөөд, нийт 2 гэрээний дагуу үүрэг хүлээсэн орон сууцны үнийг бүрэн төлж дуусгаад, тооцоо нийлсэн актыг 2009 оны 09 дүгээр 30-ны өдөр талууд үйлдсэн нь хэргийн материалд авагдсан. Н.Н тус 2 орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг М ХХК-аас шаардсан боловч хойшлуулсаар өдийг хүргэсэн. Энэ хэрэг нь 2015 оны сүүл хүртэл шүүхийн маргаантай, бусдад барьцаалсан учраас хойшлуулаад байсныг нь мэдээд улмаар шүүхэд гомдол гаргаад энэ хэрэг нь Иргэний хэргийн шүүхээр дамжиж, Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгдэж байгаа юм.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад хандсан. Тус ** тоот ** тоотын өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэж М ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 8063 дугаартай шийдвэрээр Н.Ныг өмчлөгчөөр тогтоосон. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 1/6822 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Н.Н гэдэг хүний нэр дээр гаргаж, хариу мэдэгдэхийг хүссэн. Гэтэл Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж өгөх боломжгүй гэдэг тайлбарыг өгсөн. Улмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны гомдлыг гаргасан.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд мэдүүлгийг хүлээж авахаас татгалзаж, буцаах тохиолдлуудыг тодорхой заасан байдаг. Тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж заасан. 

Гэвч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан аль нь ч байхгүй байхад хууль бусаар татгалзаж, иргэн Н.Н нь өдийг хүртэл өмчлөх эрхээ баталгаажуулж, бүртгүүлж чадахгүй байгаа. Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс энэ үл хөдлөх хөрөнгө нь барьцаатай байна, К б ХХК-аас зөвшөөрөл авах ёстой гэсэн тайлбарыг албан бичгээр өгсөн. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т зааснаар эрх бүхий байгууллагад шүүхийг оруулж тайлбарлаж байсан. Нарийвчилсан зохицуулалт Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4, 24.5-д заасан зохицуулалт дээрээ шүүхийн шийдвэрээр өмчлөгч шилжихийг зохицуулсан. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой гэдэг агуулгаараа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д мэдүүлэг гаргаад шүүхийн шийдвэрийг нь хавсарга гэсэн тус шаардлага тавигдаж байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэдэг байдлаар Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасан эрх бүхий байгууллага гэдэгт шүүхийг хамааруулж, мөн зүйлийн 19.2-т зааснаар татгалзаж байгаа нь үндэслэлтэй гэж тайлбарлаж байгаа нь нарийвчилсан хуулийн зохицуулалт, хуулийнхаа үзэл санаа, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой гэдэг зарчимд нийцэхгүй асуудал болж байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасан эрх бүхий байгууллагад төрийн өмчийн байгууллага гэх мэт байгууллагаас шийдвэр гараад энэ үл хөдлөх хөрөнгийн шийдвэрийг шилжүүлнэ гэж үзвэл тус заалт илүү хамаарах үндэслэлтэй. Шүүх Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т хамаарахгүй. Шүүхийн шийдвэрийг маргаан руу аваачих зүйл болж байна. 2015 онд шийдэгдсэн 8063 тоот шүүгчийн захирамж нь огт биелэгдэх боломжгүй байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Н.Н нь тус байрны ** болон ** тоот орон сууцыг захиалсан. Манайд хандаж байсан. Н.Ныг Иргэний хэргийн шүүхээс өмчлөгчөөр тогтоосон байтал шүүхийн шийдвэрийг үндэслээд манай байгууллага нь өмчлөгчийг өөрчилж бүртгэх боломжтой байдаг боловч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан үндэслэлээр бүртгэх боломжгүй байна” гэв.

Гуравдагч этгээд К б ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Ариунаа шүүхэд гаргасан тайлбартаа: “...Тус банкны М ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, *** зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм.

Гэтэл М ХХК нь иргэн Н.Нтай 2008 оны 4 дүгээр сарын **-ний өдөр 125, 127 тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, *** хороо, *** хотхоны *** дүгээр байрны **, ** тоот орон сууцуудыг худалдсан байна.

Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.61 2-д “Өмчлөгч нь ипотекийн зээл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй” гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Н.Н нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 8063 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус банкны 2010 оны 9 дүгээр сарын **-ны өдрийн Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Н.Нын өмчлөх эрх нь тус банкны барьцааны эрхээс хойно үүссэн учир М ХХК-ийн өмчлөх эрхийг Н.Нт шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын  бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу К б ХХК-аас зөвшөөрөл авахыг бүртгэлийн байгууллага мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Н.Н нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Гэтэл нэхэмжлэгч нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна.

Иймд нэхэмжлэгч Н.Нын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө” гэжээ.

Гуравдагч этгээд К б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2 захиргааны актын асуудал яригдаж байна. Эхний захиргааны акт нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэл хийсэн асуудал байгаа. Энэ нь яагаад Н.Н гэдэг хүний эрхийг зөрчөөд байгаа асуудлыг тодруулж хэлээгүй байна. Үүнийгээ тодорхой болгож ярих болов уу гэж бодож байтал нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байгаад байна. Гэрчилгээг М ХХК-ийн мэдүүлгээр, өөрийнхөө өмчийн нэгэн адил бүрдлийг хангаад, холбогдох баримт бичгээ бүрдүүлээд өгсөн. Тэр үйлдэл нь яагаад Н.Н гэдэг хүний эрхийг хөндөх болов гэдэг нь ойлгомжгүй өнгөрлөө. 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ирж байгаа мэдүүлгийн баримт бичгийг үзэхээр Н.Нын 2 орон сууцыг захиалсан, мөнгө төгрөгөө шилжүүлсэн гэдэг хардалтыг хийх нь баримт бичиг, мэдүүлгийн хүрээнд ямар ч боломж байхгүй байсан. Тухайн өдрөөс өмнө болон сүүлд мэдүүлэг гаргах хүртэл хугацаанд ямар нэгэн урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй. Ямар нэгэн гомдол саналыг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж байгаагүй. 

Улсын бүртгэлийн байгууллагад хандаж, захиргааны байгууллагад хандаж, ямар нэгэн гомдол, санал гаргаж байсан эсэхийг тогтооё. Захиалагчтай холбоотой асуудал байгаа эсэх талаар урьдчилж мэдэгдэж байсан эсэхийг анхаарахгүй бол болохгүй байна. Тэгэхээр огт ийм зүйл байхгүй байж байгаад сүүд нь мэдүүлэг гаргаад явсан. Шүүхийн шийдвэрийг бид нар буруутгаж ярихгүй. Хуулийн хүчин төгөлдөр бус учраас үүнд бид нар тусдаа тайлбар өгнө. Эхний бүртгэл хийгдээд, 2015 оны ** дугаар сард шүүхийн шийдвэр гарч явсны дараагаар жилийн өмнөх захиргааны буруутгаж гомдол гаргаж байна. Хэрэв Н.Н гэдэг хүн 2008 онд гэрээ байгуулаад 2009 онд төлбөрөө төлсөн бол тухайн хөрөнгөтэй холбоотой эрхээ бүртгүүлэх, урьдчилсан тэмдэглэл хийлгүүлэх, гомдол санал гаргах, эрх нь нээлттэй байсан. Улсын бүртгэлийн байгууллагын үүднээс энэ асуудлыг харах ёстой гэж ойлгож байгаа. Улсын бүртгэлийн байгууллага нь тухайн үед ямар байдалтай мэдүүлгийг хүлээж аваад бүртгэсэн юм. 

М ХХК нь өөрийн бүртгэлийн нэгэн адил мэдүүлгээ гаргаж өгч байгаа. Тэгэхдээ өмнө нь ямар нэгэн хоосон зүйл байхгүй. Өмнө нь 55 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ олгогдсон байсан. Өмнө нь М ХХК-ийн нэр дээр байсан нь 90 хувийн гүйцэтгэлтэй тус тусдаа гарахад яагаад болохгүй юм. Н.Н гэдэг хүний гэрээ, хэлцэл байгаа тухай мэдээлэл улсын бүртгэлийн байгууллагад байхгүй байхад үүнийг яагаад мэдүүлэгт хавсаргасан баримтаас гадна хайж олж мэдүүлнэ гэдэг асуудал байна. Улсын бүртгэлийн байгууллагад огт ийм чиг үүрэг байхгүй. Бүртгэл хийх үед захиргааны байгууллагын хувьд ямар баримт бичиг тодорхой байсан гэдэг үүднээс харж байгаа. Ургуулж бодоод, яагаад шалгаагүй байдаг билээ гэдэг асуудлаар харахаар захиргааны байгууллагын чиг үүргээс давсан зүйлийг шаардаж, үйл баримтуудыг дутуу үнэлэх асуудал яригдаж байна. 

Захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээж авахаас татгалзаад, мэдүүлгийн дагуу бүртгэл хийхээс бүртгэл хийхээс татгалзсан, мэдүүлгийг буцаасан үйлдэл явж байгаа. Мэдүүлгийг 03 сард гаргаж, 03 дугаар сарын 29-ний өдөр буцаасан. Мэдүүлэг гаргах өдрөөр үйл баримтыг чухалчлах ёстой гэж үзэж байгаа. Улсын бүртгэгч нь барьцааны бүртгэлтэй эсэхийг шалгаж байгаа юм. Барьцааны бүртгэлтэй байна гэж гарахаар, хуулиараа барьцаалагчаас зөвшөөрөл авна гэсэн зохицуулалттай учраас барьцааны бүртгэл нь Н.Н гэдэг хүний гэрээний өмнө нь байна уу, дараа нь байна уу энэ бүртгэл хүчинтэй байгаа эсэх, гэрээ хүчинтэй эсэх асуудлыг огт үнэлж, дүгнэх эрх байхгүй. Улсын бүртгэлийн байгууллага бүртгэхдээ зөвшөөрлийг нь авахуулах ёстой. Улсын бүртгэлийн байгууллагын бүртгэгчийн өмнөөс гэрээ хэлцэл, төлбөр төлсөн баримтыг нь үнэлж, дүгнэх ямар ч боломж байхгүй. Улсын бүртгэлийн байгууллагыг 2007 оны гэрээ, хэлцлийг нь дүгнээд, шүүхийн шийдвэрийг нь үзэж хараад шийдвэрээ гаргах ёстой байсан гэж хэлж байгаа бол буруу юм. Улсын бүртгэлийн байгууллага субьектын байдлаас асуудалд хандахгүй. Өөрөөр хэлбэл 2007 оны барьцааны гэрээ, 2008 оны захиалгын гэрээг үнэлж, дүгнэхгүй. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэртэй учраас ногоон гэрлээр бүртгэл хийгдэх ёстой гэж хэлээд байна. Шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж нь эрх зүйн үр дагаврын хувьд ялгаагүй. Гэхдээ шүүхийн шийдвэр байгаа эсэх хамаагүй. Хуульд зөвшөөрөл авна гэж байгаа бол улсын бүртгэлийн байгууллага хууль хэрэгжүүлдэг байгууллагын хувьд хуулиа барьж байгаа. Улсын бүртгэлийн байгууллага нь хууль хэрэгжүүлж байгаа. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д нэмэлт өөрчлөлт оруулах 3 тохиолдол бичсэн.  Мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т эрх нь хөндөгдсөн этгээдээс зөвшөөрөл авах асуудал байгаа. Тэгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан зохицуулалт нь 19.2-т заасан зохицуулалтдаа захирагдаж байна. Өмчлөгчийг тогтоодог Монгол Улсад ганцхан байгууллага байна. Улсын бүртгэлийн байгууллага үүнийг тогтоохгүй. Шүүхийн шийдвэрээр өмчлөгчийг тогтоодог. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэртэй учраас зөвшөөрөл авахгүй гэж үзэж байгаа. Хууль нь өөр зүйлийг шаардаж байна. Шүүхийн шийдвэрээр өмчлөгч нь өөрчлөгдөж байгаа бол мөн адил ялгаагүй Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар зөвшөөрлийг авна. Хэрэв шүүхийн шийдвэртэй байхад зөвшөөрөл авахгүй гэж үзвэл ямар тохиолдол дээр нь зөвшөөрөл авахгүй гэдгийг ерөөсөө заагаагүй. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.1.2-т заасан зохицуулалт нь нэмэлт өөрчлөлтийн асуудлыг зохицуулж байна. Улсын бүртгэлийн байгууллагад сонголт байхгүй. Барьцааг үнэлж, дүгнэж чадахгүй. Шүүхийн шийдвэрээр барьцаа, барьцааны гэрээ нь хүчингүй болсон үйл баримт нь мэдүүлэг, бусад баримтаар байхгүй бол барьцаатай холбоотой асуудлыг үнэлж, дүгнэж чадахгүй. Тэрийг хуулийн дагуу татгалзах, эсвэл бүртгэл хасуулалт хийе. Улсын бүртгэлийн байгууллагын чиг үүргээс хальж асуудалд хандаад байна. Үүнийгээ больцгооё. Нэхэмжлэлийн шаардлага бол 2007 оны гэрээ 2008 оны гэрээг харах ёстой байсан гэж байгаа. Үүнийг улсын бүртгэгч яаж мэдэх юм. Нэхэмжлэл гаргахад улсын бүртгэгч нэхэмжлэлээс уншиж мэдэж байна. Мэдүүлэг дээр ийм зүйл байдаггүй юм. Нэхэмжлэл үндэс муутай гарсан гэж үзэж байгаа” гэв.

Гуравдагч этгээд К б ХХК-ийн өмгөөлөгч Г.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрчилгээг хүчингүй болгох шаардлагатай холбоотой асуудалд дээр ярьсангүй. Гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийн асуудлыг огт дурдахгүйгээр, гагцхүү татгалзаад байгаа үйлдэлтэй холбоотой асуудлыг ярьсан. Татгалзаад байгаа үйлдэлтэй холбоотой асуудалд ганцхан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг ярьсан болохоос биш хууль зүйн талаараа тодорхой зүйл яриагүй учраас төвөгтэй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь уншиж үзэхээр тодорхой харагдаад байна. Өөрийгөө анхнаасаа энэ байрны өмчлөгч байсан. Өмчлөлийг мэдэхгүй К б ХХК-д мэдэхгүй барьцаанд тавьсан байна гэдэг асуудал яриад байх шиг байна. Өмчлөх эрхтэй холбоотой асуудал дээр хандлага бол тодорхой байгаа.

Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эрх зүйн зохицуулалт ямар байдаг гэвэл туйлын тодорхой байгаа. Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар зохицуулагдана. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар зохицуулагдана. Улсын Дээд Шүүхийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг тайлбарласан 45 тоот тогтоол байна. Үүнд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг тайлбарлаад өгсөн. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасантай холбон үзэж, тухайн улсын бүртгэлд шинэ болон хуучин өмчлөгчийг бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэхийг Улсын Дээд Шүүх тайлбарлаад өгсөн. Н.Нын хувьд улсын бүртгэлд өнөөдрийн байдлаар бүртгүүлээгүй. Бүртгүүлээгүй учраас Иргэний хуулийн 110 дугаар зүйл болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т зааснаар аваад үзвэл өмчлөгч гэж үзэх төвөгтэй. Шүүхийн шийдвэрээр өмчлөх эрхийг олж авжээ гэж дүгнэхээс өөр арга байхгүй. Иргэний хэргийн шүүхээс ч гэсэн энэ агуулгаар тайлбарлаж байгаа. Н.Н нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 8063 тоот захирамжаар өмчлөгчөөр тогтоолгосон. Яг үнэндээ Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахдаа М ХХК-ийг хариуцагчаар татаад, хууль ёсны өмчлөгчөөс өмчлөх эрхийг нэхэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт тодорхой байдаг. 

Би мөнгөө төлсөн, надад өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй байгаа учраас намайг өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг М ХХК-д даалгаж өгнө үү гэж нэхэмжлэл гаргаад байна. Өөрөөр хэлбэл хууль ёсны өмчлөгчөөс өмчлөх эрхийг нь шилжүүлж өгөөч гэж нэхэмжлэл гаргасан мөртлөө Захиргааны шүүхэд ирэхээрээ анхнаасаа би өмчлөгч байсан гэж тайлбарлаж болохгүй. 2015 онд өмчлөх эрхийг олж аваад, мэдүүлгээ 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гаргасан. Үүнээс өмнө улсын бүртгэлийн байгууллагад хандаж байгаагүй. Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэл хийлгэж байгаагүй. Захирамж гарснаас хойш 5 сарын дараа улсын бүртгэлийн байгууллагад анх удаа мэдүүлэг гаргасан. 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлэг гаргах үед маргаан бүхий *** байрны ** болон ** тоотод ямар эрх бүртгэлтэй байгаа асуудал нь ач холбогдолтой. Н.Ныг 2008 онд гэрээ хийсэн, 2009 онд төлбөрөө төлсөн, тэр үед улсын бүртгэлийн байгууллага ямар нөхцөл байдалтай байсан гэдгийг улсын бүртгэлийн байгууллага хараад байх шаардлага байхгүй. Шүүхийн шийдвэрийн огноо, мэдүүлэг гаргасан огнооны үед улсын бүртгэлийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд ямар эрх бүртгэлтэй байна гэдэг нь ач холбогдолтой. Энэ мэдүүлэг гаргах үед К б ХХК-ийн барьцааны эрх нь бүртгэлтэй байгаа учраас Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу улсын бүртгэлийн байгууллага нь татгалзаж байгаа бол хууль ёсны дагуу байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч юу гэж хэлж байна гэхээр би К б ХХК-ийн зээлийн барьцааны гэрээ, зээлийн гэрээний оролцогч биш учраас зөвшөөрөл авах шаардлагагүй гэж тайлбарлаад байна. 

Тийм хирнээ улсын бүртгэлийн байгууллагыг буруутгаад байдаг. Улсын бүртгэлийн байгууллага нь хууль хэрэгжүүлэх чиг үүргийнхээ хүрээнд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар зөвшөөрөл авахыг Н.Наас шаардах үүрэгтэй байгууллага юм. Тэр үүргийнхээ хүрээнд улсын бүртгэлийн байгууллага шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй татгалзал болоод байна. Энэ асуудалтай холбоотой Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хамаарах 9 үндэслэлийг яриад байна. Улсын бүртгэлийн байгууллага Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 14.1.6, 19 дүгээр зүйлийн 19.2, 20 дугаар зүйлийн 20.5, 24 дүгээр зүйлийн 24.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.10-д заасныг барьж татгалзаад байгаа. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн байгууллагын улсын бүртгэгчийн үйл ажиллагаандаа хориглох заалтуудыг баримталж, бүртгэхээс татгалзаж мэдүүлгийг буцааж байхад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хамаарахгүй байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. *** байрны ** болон ** тоот орон сууц нь 2012 оноос эрх нь түдгэлзсэн байгаа. 

Өөрөөр хэлбэл эрхийн бүртгэлд нь өөрчлөлт оруулах, хөдөлгөөнд нь хязгаарлалт хийсэн шүүхийн шийдвэр захирамжтай, шийдвэр гүйцэтгэх албаны албан тооттой байгаа. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, 24 дүгээр зүйлийн 24.9-д зааснаараа тусгай тэмдэглэл байгаа тохиолдолд түүнд нь өөрчлөлт оруулахыг улсын бүртгэгчид хориглох заалтын хүрээнд байхад энэ асуудалд огт тайлбар өгөхгүйгээр шүүхийн шийдвэртээ өмчлөгчөөр тогтоогдсон гэдэг үндэслэлээр энэ хуулиудыг тойрч гарна гэдэг нь ямар ч боломжгүй. Улсын бүртгэлийн байгууллагаас өөрөө тайлбараа хэлээд байна. Бид Н.Ныг өмчлөгч биш учраас бүртгэхгүй байгаа гэж хэлээгүй. Н.Н өмчлөгч хэдий ч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 24 дүгээр зүйлийн 24.4-д зааснаар шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргана. Мэдүүлэг нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасныхаа дагуу мэдүүлэг түүнд хавсаргасан баримт бичгийг заавал хавсаргана. Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичиг нь зохицуулсан хуулийн зохицуулалттай. Тэр хүрээнд нь мэдүүлэг гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй. 

Мэдүүлэг гаргаад, улсын бүртгэлд бүртгүүлэхэд хязгаарлалт байвал улсын бүртгэгч бүртгэхгүй байх зохицуулалттай учраас улсын бүртгэгчийг буруутгах боломж байхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд М ХХК-ийн захирал Б.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Н.Н нь 2008 оны 4 дүгээр сарын **-ний өдөр манай компанитай 125, 127 тоот “Орон орон сууц захиалгаар бариулах гэрээ’’-г байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүргийн *** хороо, ***гийн тойруу “***” хотхоны *** байрны 2, 4 тоот орон сууцнуудыг захиалан бариулж, төлбөр тооцоогоо бүрэн барагдуулсан. Мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1**/ШШ2015/08063 дугаар шүүгчийн захирамжаар Н.Ныг Хан-Уул дүүргийн *** хороо, ***гийн тойруу “***” хотхоны *** байрны 2, 4 тоот орон сууцнуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно.

М ХХК, К б ХХК нар 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”, Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ"-г тус тус байгуулж, зээлийн өр төлбөрийг М ХХК нь Хан-Уул дүүргийн *** хороонд барьж буй “***” хотхоны орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон юм. Хэдийгээр дээр дурдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нд М ХХК нь 205 автомашины гаражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно.

Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Батхүүгийн өмчлөлийн Хан- Уул дүүргийн *** хороо, Хатан туул хотхоны 17 тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм. Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”- гээр Си Эм Эс Эл ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд Мфикскапитап ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн *** хороо ***гийн 44А тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, *** тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга мөн Богдхан- Уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын ***гийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий газар эзэмших эрх зэргийг К б ХХК-ийн зээлийн барьцаанд байршуулсан бөгөөд иргэдэд “***” хотхоны орон сууц, авто зогсоолуудыг худалдан борлуулсан орлогоос зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийн ихэнх хэсгийг төлж барагдуулснаар 44А, *** хаяг бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн барьцаанаас тус банк бүрэн чөлөөлсөн.

Манай компани К б ХХК-иас нийтдээ 9 тэрбум орчим төгрөгийн зээл авч/ уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, авто зогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 20 орчим тэрбум төгрөгийг тус банкинд төлсөн боловч, К б ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50%-иар үнэгүйдүүлж авах, доллар, юанийн ханш өсөх үед төгрөгөөр өгсөн зээлийг доллар юаньд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтад хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг доголдуулсан.

Ингээд 2010 оны 5 дугаар сард бид К б ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон авто зогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлэхээр хүсэлт өгч, тус банкны ажилтанд итгэмжлэл олгосноор “К б” ХХК нь орон сууц болон авто зогсоолуудын гэрчилгээг гаргуулан өөртөө авсан ба манай компанитай 2010 оны 09 дүгээр сарын **-ны өдөр Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ’’-г шинээр байгуулж, энэхүү гэрээгээр иргэн Н.Нын *** хотхоны *** байрны 2 болон 4 тоот орон сууцнуудыг өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр барьцаалуулсан нь түүний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ. 

Гуравдагч этгээд М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Н.Нтай 2008 онд гэрээ байгуулаад дээр дурдсан 2 орон сууцыг захиалан бариулж дуусгасан. Төлбөрийг зохих хугацаанд төлж дуусгасан. Мөн Н.Ныг өмчлөгч гэдгийг шүүхээс тогтоосон байна. Н.Нын нэр дээр байгаа 2 орон сууцны ** тоот нь өөрийнх нь нэгийнх ** тоот нь Батхуяг нэрээр байдаг. 2009 оны 12 дугаар сараас эхэлж амьдарч байгаа. Н.Н нь төрийн дээд албан тушаалтан байгаа. Энэ иргэн нь 2009 оны 12 дугаар сараас энэ байранд амьдарч байгаа гэдгийг нотлох баримтыг орон сууцны цахилгааны болон ус дулааны мөнгө төлж байсан баримтуудад үзлэг хийж баримтжуулж шүүхэд гаргаж өгсөн. Энэ иргэн нь эзэмших, ашиглах эрхийг хэрэгжүүлээд тэр байранд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа гэдгийг хэлмээр байна. М ХХК-ийн зүгээс манай буруу гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Яагаад зээлээ бүрэн төлж дуусаагүй байгаа. Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн төлж барагдуулна. Энэ иргэн мөнгө төлсөн байгаа учраас манай компаний буруутай үйл ажиллагаанаас болж хохирч болохгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Н.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж нь тус шүүхэд “М ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206******, Ү-2206****** дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн *** хороо, ***гийн гудамж, *** хотхоны *** байрны **, ** тоотод байрлах 2 орон сууцны өмчлөгчөөр иргэн Н.Ныг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, орон сууцыг иргэн Н.Нын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгохыг Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэст даалгаж өгөх” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газар нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны 8 дугаар сарын 21-ний 12 дугаар тогтоолоор Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болж өөрчлөгдсөнөөр тус газрыг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 6554 дүгээр шүүгчийн захирамжаар эрх залгамжлагчаар тогтоосон болно.

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчаас нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан үйлдэл  хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Хан-Уул дүүргийн *** хороо, ***гийн гудамж, *** хотхоны *** байрны **, ** тоотод байрлах 2 орон сууцны өмчлөгчөөр Н.Ныг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.Н нь 2008 оны 4 дүгээр сарын **-ний өдөр М ХХК-тай 127 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн *** хороо, ***гийн гудамж, *** хотхоны *** байрны 132 м.кв  **, ** тоот 4 өрөө орон сууцыг тус тус захиалан бариулж гэрээнд зааснаар төлбөрөө бүрэн төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн Н.Нын нэхэмжлэлтэй М ХХК-нд холбогдох өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 1**/ШШ2015/08063 тоот захирамжаар Н.Ныг Хан-Уул дүүргийн *** хороо, ***гийн гудамж, *** хотхоны *** байрны **, ** тоотод байрлах 2 орон сууцны өмчлөгчөөр тогтоожээ.

Нэхэмжлэгч өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хандахад К б ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр уг бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй учраас бүртгэхээс татгалзаж, энэ талаар 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гомдол гаргаснаар Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12/5673 тоот албан бичгээр бүртгэх боломжгүй талаар хариу мэдэгдсэн байна.

М ХХК нь нэхэмжлэгч Н.Нын захиалан бариулсан Хан-Уул дүүргийн *** хороо, ***гийн гудамж, *** хотхоны *** байрны **, ** тоотод байрлах 2 орон сууцыг 90 хувийн гүйцэтгэлтэйгээр 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206****** дугаарт өмчлөлдөө бүртгүүлж, улмаар К б ХХК-тай байгуулсан 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээ, 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07/208 тоот зээлийн гэрээ, 2008 оны 7 дугаар сарын 25, 2009 оны 8 дугаар сарын 27, 2009 оны 12 дугаар сарын 29, 2010 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Т07/208 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2010 оны 09 дүгээр сарын **-ны өдрийн Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээг  бүртгүүлжээ.

Н.Н нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Хан-Уул дүүргийн *** хороо, ***гийн гудамж, *** хотхоны *** байрны **, ** тоотод байрлах 2 орон сууцны өмчлөгчөөр тогтоогдсон, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “мэдүүлэг гаргагч  тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол бүртгэхээс татгалзана” гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул мөн зүйлийн 14.2-т “бусад үндэслэлээр бүртгэхээс татгалзахыг хориглоно” гэж зааснаар татгалзсан нь үндэслэлгүй, түүнчлэн мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т зааснаар шүүхийн шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдсөн тул 24.8-д “...хариуцагч байгууллага мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногийн дотор эрхийн улсын бүртгэлд  зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно” гэж зааснаар өмчлөгчөөр бүртгэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгах үндэслэлтэй байна. Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Дараах тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулна”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж заасныг зөрчиж, шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон өмчлөгчийг М ХХК-ийн К бтай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй гэх үндэслэлээр өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь хууль бус байна.

  Дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэн хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэсэн зохицуулалтыг Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэсэн зохицуулалттай холбоотой гэж үзэхээр байна. Мөн уг хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4-т зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөнөөр барьцаа хүчинтэй хэвээр байх тул Н.Нын өмчлөх эрхийг бүртгэж, гэрчилгээ олгосноор К бны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна.

Иймд Н.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, М ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206******, Ү-2206****** дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн *** хороо, ***гийн гудамж, *** хотхоны *** байрны **, ** тоотод байрлах 2 орон сууцны өмчлөгчөөр иргэн Н.Ныг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, орон сууцыг иргэн Н.Нын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206******, Ү-2206****** дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн *** хороо, ***гийн гудамж, *** хотхоны *** байрны **, ** тоотод байрлах 2 орон сууцны өмчлөгчөөр иргэн Н.Ныг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, орон сууцыг иргэн Н.Нын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.АДЪЯАСҮРЭН