Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2018/0093/З |
Дугаар | 221/МА2019/0339 |
Огноо | 2019-06-19 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2019/0339
Ш.Ч, Ш.У, Т.У, С.Г, “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Т.У, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгч Ш.Ч, Ш.У нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Т.У-ийн өмгөөлөгч Х.Б, нэхэмжлэгч С.Г болон “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, нэхэмжлэгч Ш.Ч, Ш.У, Т.У нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0181 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, Г.Т, Д.Э нарын давж заалдах гомдлоор, Ш.Ч, Ш.У, Т.У, С.Г болон “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0181 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3, 37.2 дугаар зүйлд заасныг баримтлан Ш.У, Ш.У, Т.У, С.Г болон “У” ХХК-аас Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газрын албанд холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэхэмжлэгчдийн газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, гэрчилгээний хугацаа сунгах тухай захиргааны акт гаргахыг дүүргийн Засаг даргад даалгах, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн хугацаа сунгасан тухай бүртгэл хийхийг Сүхбаатар дүүргийн Газрын албанд даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, Г.Т, Д.Э давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Үүнд: 1. Гэрчилгээний хугацаа сунгахыг шууд даалгаж шийдвэрлэх эрх хэмжээ шүүхэд байхгүй.
2. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших боломжтой эсэх нь тодорхойгүй, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гараагүй байхад татгалзсан хариуцагчийн шийдвэр зөв гэсэн 2 үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгч нар өөрийн хууль ёсоор эзэмшиж байсан газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусч байгаатай холбоотой уг хугацааг сунгуулахаар удаа дараа Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандсан боловч “хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэл” гаргаж, хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан.
Нэхэмжлэгчийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Газрын албаны татгалзсан үндэслэл нь: “иргэн Б.Н нь тус газар дээр байрлах 194.7 м.кв хэмжээтэй үл хөдлөх хөрөнгийг П.Ш-аас 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлэн авсантай холбоотойгоор тус газартай холбоотой маргаан үүсгэж байгаа тул тус асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл эрхийг түр түдгэлзүүлж өгөхийг хүссэн өргөдөл 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргасан” гэжээ. Гэтэл шүүхээс уг үндэслэлийг анхан шатны шүүхийн шийдвэр болон захирамжаар дүгнэхдээ: a) ... П.Ш үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьж худалдан авах гэрээгээр бусдад шилжүүлсэн үйл баримтад, мөн уг үл хөдлөх эд хөрөнгө байгаа 700 м.кв газартай нэхэмжлэгч тал маргахгүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд П.Ш-ийн хувьд эзэмшил, ашиглалтад байсан газраа барьцаалж, шилжүүлсэн нь тогтоогдохгүй байна.
b) Иргэн Б.Н нь тус үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшилд 2007 онд шилжүүлэн авч ашиглаж байгаа гэх боловч Газрын албанд тус газрыг эзэмших тухай хүсэлтийг уг хугацаанаас хойш огт гаргаж байгаагүй, эрх нь зөрчигдсөн гэх боловч захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128/Ш32018/2344 дүгээ захирамжаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа талаар тус тус дүгнэсэн.
Иймд Захиргааны байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа үндэслэлийг шүүхээс үгүйсгэж шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчиж захиргааны албан тушаалтны татгалзсан үндэслэлд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг үндэслэлгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагын өгсөн хариу болон шүүхэд өгсөн хариу тайлбартаа “иргэн Б.Н-ийн ашиг сонирхлыг хөндөхөөс гадна өв залгамжлалын баримт бичиг дутуу, торлогтой газар эзэмшүүлсэн” гэснийг үндэслэдэг.
a) Гэтэл анхан шатны эдгээр үндэслэлийг шалгаж үзээд хариуцагчийн “торлогтой, хүн амьдарч болохгүй” гэж үзсэн тайлбараа нотлохыг шаардсан боловч холбогдох баримтыг ирүүлээгүй гэж дүгнэсэн.
b) ... Эдгээрээс үзэхэд хариуцагчийн гаргасан “...дүүргийн Засаг дарга 2012 он 06 дугаар сарын 15-ны өдрийн захирамжаар С.Г нарын 6 иргэн, “У” ХХК-д дээрх газрыг хуваан эзэмшүүлж шийдвэр гаргахдаа өв залгамжлалын хууль ёсны баримт бичиг үндэслээгүй ... үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Б.Н-ийн нэр дээр бүртгэлтэй байхад газрыг өөр иргэнд эзэмшүүлсэн байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна” гэж тус тус дүгнэсэн.
3. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гаргаагүй байхад хугацаа сунгахаас татгалзсан” нь зөв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт” гэдэг нь
1. Шаардлагатай 2. Хэрэгжүүлсэн байх шаардлагатай гэсэн 2 шаардлагыг нэгэн зэрэг хангахыг хуулиар шаардаж байна.
a) Газрын тухай хуулийн 37.1.3 дахь заалт нь тус хуулийн 34.2 дахь заалттай харилцан уялдаатай хэрэгжих заалт юм. Тус хуулийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэсэн заалтыг дагуу нэхэмжлэгч нарын эзэмшиж байгаа газарт хамааралгүй зохицуулалт байна.
b) Анх нэхэмжлэгч 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн захирамжаар тус газрыг эзэмшиж, гэрээ байгуулан бичиж өгөхөд “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ” хийлгэхийг шаардаж байгаагүй, ямар нэгэн “дүгнэлт” гарч байгаагүй тул нэхэмжлэгч нараас “дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаар тодорхойлолт” шаардах нь үндэслэлгүй юм.
c) Анхан шатны шүүхэд нотлох баримтаа гаргаж өгсөн дүгнэлтийг нэхэмжлэл гаргаснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсаны дагуу нэхэмжлэгч нар хийлгэж өгсөн баримт юм. Гэтэл уг дүгнэлтийг хэдийгээр хожим хийлгэсэн боловч уг дүгнэлтийг холбогдох захиргааны байгууллага болох Нийслэлийн байгаль орчны газар нь “... Зуслангийн дүгнэлт гаргахыг зогсоосон” тухай мэдэгдсэн байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн баталсан гэх 2010 оны 141 дүгээр тогтоолоор батлагдсан “Ногоон бүсийн ашиглалт хамгаалалтын журам” нь 2018 оны 12 дугаар сарын байдлаар Хууль зүй, дотоод хэргийн яамны “Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэл”-д бүртгэгдээгүй болох нь тогтоогдох бөгөөд уг үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй юм.
d) “Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн албан шаардлага нь нэхэмжлэгч нарын газар эзэмших хугацаа сунгах хүсэлт гаргасан цаг хугацаатай хамааралгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Уг тогтоол нь 2010 оны тогтоол боловч албан ёсоор нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байгаа тул уг актыг заавал дагаж мөрдөх үүрэг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.3-д заасны дагуу үүсгэхгүй юм. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Ш.Ч, Т.У, С.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тэдгээрийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ш.Ч, Т.У, С.Г нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “нэхэмжлэгч Ш.У-ы газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ш.У, “У” ХХК-ийн гэрчилгээний хугацааг сунгах тухай захиргааны акт гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах, Сүхбаатар дүүргийн Газрын албанд газар эзэмших эрхийн хугацаа сунгасан тухай бүртгэл хийхийг даалгуулах” шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Ш.У, “У” ХХК нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад тус тус даалгасан өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нараас “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаж байгаатай холбоотой “... Газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах тухай” хүсэлтийг гаргасан боловч “... тухайн газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгө нь иргэн Б.Н”ийн нэр дээр бүртгэлтэй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах боломжгүй” гэсэн хариу өгсөн нь хууль бус, ... гуравдагч этгээд Б.Н хэзээ өргөдөл гаргасан нь тодорхойгүй, газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгө Ш.У-ы эзэмшлийн 700 м.кв газар дээр байрлаж байхад нийт газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй, үл хөдлөх хөрөнгийг тухайн үед гуравдагч этгээдэд худалдахдаа газрыг хамтад нь худалдаагүй ...” гэж марган “Сүхбаатар дүүргийн Засаг даргын нэхэмжлэгчдийн газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, гэрчилгээний хугацаа сунгах тухай захиргааны акт гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн хугацаа сунгасан тухай бүртгэл хийхийг Сүхбаатар дүүргийн Газрын албанд тус тус даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагчийн эс үйлдэхүй байх ёстой, тус эс үйлдэхүй нь хууль бус байх, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх хууль ёсны шаардлага тавигддаг.
Хариуцагч захиргааны байгууллагын нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу татгалзсан үйлдэл, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхээр хуульчлагдсан.
Хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 216 дугаар захирамж[1]-ийн 1 дүгээр хавсралтаар иргэн Г.А, С.Г, Т.У, Ш.Ч, Ш.У, Э.Э нарт 700 м.кв газрыг, 2 дугаар хавсралтаар “У” ХХК-д “Зуслангийн зориулалт”-аар 9835 м.кв газрыг 5 жилийн хугацаатай тус тус эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, мөн дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 451 дүгээр захирамж[2]-аар иргэн Э.Э-ийн эзэмшлийн 700 м.кв газрыг иргэн Ш.Ч-т шилжүүлэн эзэмшүүлсэн, харин гуравдагч этгээд Б.Н нь “М ш б” ХХК-ийн барьцаанд байсан Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулагийн аманд байрлах 194.7 м.кв 5 өрөө орон сууцыг П.Ш-аас 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”[3]-ээр худалдан авсан үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар хэргийн оролцогч нар маргаагүй.
Хэдийгээр 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн П.Ш нь Сүхбаатар дүүргийн Газрын албанд “... зуслангийн 15000 м.кв газрыг өрийн үлдэгдэлд шилжүүлэн өгөх хүсэлтэй байгаа болно. Иймд иргэн Б.Д-т тухайн газрыг шилжүүлэхэд миний зүгээс татгалзах зүйлгүй” гэсэн хүсэлт[4]-ийг гаргасан боловч П.Ш-д тухайн үед 15000 м.кв газрыг эзэмшүүлсэн Засаг даргын захирамж гараагүй, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоогүй, гуравдагч этгээд Б.Н нь тухайн газарт газар эзэмших хүсэлтийг холбогдох журмын дагуу гаргаж байгаагүй, харин шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа[5] “... 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ах Б.Д-ээр дамжуулан газар эзэмших өргөдлийг ... зохих журмын дагуу өгч өргөдлийг хүлээн авсан тухай тодорхойлолт авсан” гэж бичсэн байх бөгөөд дээрх бие даасан шаардлагыг анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШЗ2018/2344 дүгээр захирамж[6]-аар “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 221/ШТ2018/0297 дугаар тогтоол[7]-оор хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Сүхбаатар дүүргийн Газрын албаны 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 14/994 дүгээр[8], Нийслэлийн Газрын албаны 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 02/04/3702[9]дугаар албан бичгүүдэд “... иргэн Б.Н, Б.Д нараас газар эзэмших эрх шилжүүлэх болон газар эзэмших эрх хүссэн өргөдөл, ... гаргаж байсан тухай бүртгэл ... хадгалагдаагүй байна” гэсэн байх бөгөөд үл хөдлөх хөрөнгө нь нэхэмжлэгч Ш.У-ы газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргасан газарт байрладаг, бусад нэхэмжлэгч нарын газартай давхцалгүй, энэ талаар хэргийн оролцогч нар мөн маргаагүй байна.
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана” гээд 37.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ”, 37.1.2-т “газрын төлбөрийг төлсөн тухай баримт”, 37.1.3-д “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт”, 37.2-т “... дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн ... дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нар нь 2017 оны 05 дугаар сарын 10[10], 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр[11] “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай” хүсэлтүүдийг гаргасан, Сүхбаатар дүүргийн Газрын албанаас 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 11/654[12], 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 11/1356[13] дугаар албан бичгүүдээр “... үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь иргэн Б.Н-ийн нэр дээр бүртгэлтэй байхад газрыг нь өөр иргэнд эзэмшүүлсэн байх тул танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн утга бүхий хариуг өгснөөс үзвэл хариуцагч Сүхбаатар дүүргийн Газрын алба нэхэмжлэгч нараас газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтэд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан үндэслэлтэй холбоотой ямар нэгэн тайлбар үндэслэл дурдаагүй байна.
Тодруулбал, хариуцагч нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй талаар хариу өгөхдөө “газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах баримт бичгийн бүрдүүлбэр дутуу, хуулийн шаардлага хангаагүй” гэж үзээгүй, “хүсэлтэд дурдсан газар дээр гуравдагч этгээд Б.Н-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Ч, Т.У, Ш.У, С.Г болон “У” ХХК-ийн бүгдийнх нь хүсэлтийг хангахаас татгалзсан нь бодит байдалд нийцээгүй, үндэслэл бүхий биш байна.
Учир нь, иргэн Б.Н-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө зөвхөн нэг иргэний эзэмшлийн газар дээр байрлаж байхад хариуцагч нь нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг сунгахаас татгалзахдаа Ш.Ч, Т.У, Ш.У, С.Г болон “У” ХХК-ийн газар эзэмших эрхийг нийтэд нь сунгахаас татгалзсан нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч Ш.Ч, Т.У, С.Г нарт анх тус бүр 700 м.кв газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд нь зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна” гэж заасантай нийцсэн, тэдгээрийн эзэмшил газар бусдын эзэмшил газартай давхцалтай талаар ямар нэгэн маргаан гаргаагүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан нь нэхэмжлэгч Ш.Ч, Т.У, С.Г нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, эдгээр иргэдэд анх газар эзэмшүүлэхдээ “Байгаль орчины нөлөөллийн үнэлгээ” хийлгэхийг шаардаж байгаагүй, уг үнэлгээ хийлгээгүй байхгүй байхад Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д заасан “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт”-ыг нэхэмжлэгч нараас шаардах боломжгүй тул шүүх эдгээр иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгаж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хариуцагчийн “... маргаан бүхий газар дээр байрлах үл хөдлөх хөрөнгө гуравдагч этгээдийн нэр дээр бүртгэлтэй” гэх үндэслэл нэхэмжлэгч Ш.У-д зөвхөн хамааралтай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байх бөгөөд гуравдагч этгээд Б.Н-ээс үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газраа эзэмших талаар эрх бүхий этгээдэд хандаж хүсэлт гаргаж байсан боловч шийдвэрлээгүй гэх агуулгаар маргаагүй, түүнд газар эзэмших эрх олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэргүй, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан гэрээ, гэрчилгээний үндсэн дээр газрыг эзэмшээгүй байх хэдий ч 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний үндсэн дээр тус газарт байрлах үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан улмаар өмчлөх эрхтэй болсон, тус үл хөдлөх хөрөнгийг газраас салгаж авч үзэх боломжгүй, хуульд заасны дагуу иргэн 700 м.кв газар эзэмших боломжтой, мөн Нийслэлийн Засаг даргын 2001 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Нийслэлийн ногоон бүсэд зуслангийн сууцны зориулалтаар газар ашиглуулах эрх олгох тухай” 390 дүгээр захирамж[14]-аар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Баянбулагт 373 өрхөд 14.92 га газрыг “Зуслангийн сууц барих” зориулалтаар олгохоор шийдвэрлэсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэхэд шүүхээс шууд Ш.У-ы газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй, хариуцагч нэхэмжлэгч Ш.У, гуравдагч этгээд Б.Н нарын газар эзэмших эрхтэй холбоотой асуудлыг өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд шалгаж, зохих ёсоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч “У” ХХК нь 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 11/03 дугаартай албан бичиг[15]-ээр Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандаж “... Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Баянбулагийн эхэнд орших 9835 м.кв газрыг манай компанид эзэмшүүлэхээр олгож өгнө үү” гэх хүсэлт, кадастрын зураг[16] , улсын бүртгэлийн гэрчилгээ[17]-ний хамт гаргасныг Сүхбаатар дүүргийн Газрын алба 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Бүртгэл хяналтын карт”[18]-д бүртгэж, улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 216 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар хүсэлтэд дурдсан 9238 м.кв газрыг “У” ХХК-д “Зуслангийн зориулалт”-аар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ[19] олгосон, нэхэмжлэгч “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “... манай компани нь байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан. Энэхүү газрыг “... аялал жуулчлалын зориулалттай”, “ ... зуслангийн зориулалтаар эзэмшиж, ашиглахаар авсан”, “... компанийн ажилчдын хэрэгцээнд авсан ...” гэх тайлбарыг гаргажээ.
Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд Эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх газрын хэмжээ, байршлыг, 31 дүгээр зүйлд Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг, 32 дугаар зүйлд иргэн, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмшүүлэх талаар хүсэлтэд тусгах зүйлийг, 33 дугаар зүйлд эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад баримтлах журмыг, 34 дүгээр зүйлд газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг, 37 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах үндэслэл журмыг тус тус зааж хуульчилснаас үзвэл иргэн, хуулийн этгээдийн эзэмшихээр хүсэлт гаргасан газрын хэмжээ, байршил, зориулалтаас шалтгаалан газар эзэмшүүлэх болон газар эзэмших эрхийг сунгахад тавигдах хуулийн шаардлага өөр өөр байна. Нэхэмжлэгч тус газрын зориулалтын талаар зөрүүтэй тайлбар гаргасан, хариуцагч тус компанид газар эзэмшүүлэхдээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг харгалзан үзсэн эсэх, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай байсан эсэх, явуулсан эсэх зэрэг нөхцөл байдал тодорхой бус байхад шүүх тус компанийн газар эзэмших эрхийг сунгахыг хариуцагчид шууд даалгах боломжгүй.
Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь “У” ХХК-д анх газар эзэмшүүлсэн үндэслэл, газар эзэмших эрхийг гэрчилгээг сунгахад тавигдах хуулийн шаардлага хангагдаж байгаа эсэхийг өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд шалгаж, Газрын тухай хуульд нийцүүлэн зохих ёсоор шийдвэрлэх бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байх тул тус компанийн газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу судалж зохих ёсоор шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй, энэ утгаараа нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байна гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0181 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 32 дугаар зүйлийн 32.3, 31 дүгээр зүйлийн 31.1, 31,2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.1, 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус баримтлан зарим нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, Ш.Ч, Т.У, С.Г нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ш.Ч, Т.У, С.Г нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Ш.У, “У” ХХК-ийн гэрчилгээний хугацаа сунгах асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгасугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, Г.Т, Д.Э нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421.200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] 1ХХ-ийн 131-140, 144, 2ХХ-ийн 145, 146 дугаар хуудас
[2] 1ХХ-ийн 141-143 дугаар хуудас
[3] 2ХХ-ийн 90 дүгээр хуудас
[4] 2ХХ-ийн 165 дугаар хуудас
[5] 2ХХ-ийн 162 дугаар хуудас
[6] 2ХХ-ийн 167-170 дугаар хуудас
[7] 2ХХ-ийн 182-185 дугаар хуудас
[8] 3ХХ-ийн 36 дугаар хуудас
[9] 3ХХ-ийн 43 дугаар хуудас
[10] 1ХХ-ийн 36, 41, 49, 54, 60, 65 дугаар хуудас
[11] 1ХХ-ийн 31 дүгээр хуудас
[12] 1ХХ-ийн 35 дугаар хуудас
[13] 1ХХ-ийн 32 дугаар хуудас
[14] 2ХХ-ийн 137-
[15] 1ХХ-ийн 97 дугаар хуудас
[16] 1ХХ-ийн 98 дугаар хуудас
[17] 1ХХ-ийн 99 дүгээр хуудас
[18] 1ХХ-ийн 96 дугаар хуудас
[19] 1ХХ-ийн 66 дугаар хуудас