Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 118/2021/0032/З |
Дугаар | 001/ХТ2022/0002 |
Огноо | 2021-12-27 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2022/0002
“Г ...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Завхан
аймгийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн: Ч.Тунгалаг
Шүүгчид: М.Батсуурь
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ц.Цогт
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 118/ШШ2021/0033 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 508 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 327 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1. Нэхэмжлэгч “Г ...” ХХК-аас Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан “Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” А/159 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэргийн нөхцөл байдал:
2. Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/314 дүгээр захирамжийг үндэслэн “Г ...” ХХК-ийн “Х ...” хүнсний бөөний дэлгүүрт согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаатай олгосон.
- Жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Г ...” ХХК нь онц байдал зарлаж, согтууруулах ундаа худалдахыг хориглосон үед худалдаа хийсэн зөрчилд тусгай зөвшөөрөл, тохирлын гэрчилгээг хурааж, зөрчлийн тэмдэглэл хөтөлж, тус аймгийн Цагдаагийн газарт гомдол, мэдээлэл гаргасан.
- Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/159 дүгээр захирамжаар “Онцгой, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, нийтийг хамарсан захирамж, шийдвэрийг зөрчин согтууруулах ундаа худалдаж байсан нь хяналт шалгалтаар илэрсэн” гэсэн үндэслэлээр “Г ...” ХХК-ийн “Х ...” хүнсний дэлгүүрийн согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Анхан шатны шүүхийн шийдвэр:
3. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 118/ШШ2021/0033 дугаар шийдвэрээр: Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” А/159 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлал:
4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 508 дугаар магадлалаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 118/ШШ2021/0033 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ. Үүнд:
5.1 “Нэхэмжлэгч “Г ...” ХХК нь аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хязгаарласан хугацаанд буюу 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ургамал сумын “Элбэг” хүнсний дэлгүүрт хэд хэдэн төрлийн хүнсний бараа ачсан, энэ үеэр Сэнгүр радлер шар айргаас 5 сагс ачих хүсэлт гаргасны дагуу 5 сагс Сэнгүр радлер шар айраг ачуулахыг зөвшөөрсөн гэж нэхэмжлэлдээ дурдсан боловч тус өдөр дээрх дэлгүүрийн барааг автомашинд ачиж худалдан борлуулж байх үед аймгийн Засаг дарга өөрийн биеэр очиж шалгасан бөгөөд дээрх автомашинд ачсан шар айраг нь 4.8%-ийн спиртийн агууламжтай Сэнгүр нэртэй байсан бөгөөд тус зөрчлийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санал болон аймгийн Онцгой комиссын шуурхай штабын өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлэн тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан.
5.2 Аймгийн Цагдаагийн газраас “Г ...” ХХК-ийг хориглосон үйл ажиллагаа явуулсан эсэхийг шалгаад зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд тус хэргийн материал, шийдвэрийг үндэслэн захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрээ гаргасан байна.
5.3 Хариуцагч байгууллага буюу Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт дээрх зөрчлийн хэргийг Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн шалгаж явуулалгүйгээр шийдвэрлэсэн талаарх гомдлыг гаргасан бөгөөд энэхүү гомдлын дагуу аймгийн Цагдаагийн газраас дээрх зөрчлийн хэргийг дахин шалгаж зөрчлийн хэрэг нээж тус “Г ...” ХХК-ийн “Х ...” хүнсний дэлгүүр нь 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр архи согтууруулах ундаа худалдан борлуулсныг тогтоосон байна.
5.4 Тус зөрчлийн хэргийг Завхан аймгийн Эрүүгийн хэргийн шүүхээр хянан хэлэлцүүлж Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”-т заасан шийтгэлийг оногдуулсан байна.
5.5 Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал гарахад үндэслэл болсон дээрх нотлох баримт нь хүчингүй болсон, шинээр нөхцөл байдал илэрсэн, анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдээгүй болон мэдэгдэх боломжгүй нотлох баримтууд илэрсэн тул Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 118/ШШ2021/0033 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 508 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлыг үгүйсгэж, шүүхийн шийдвэр, магадлалыг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
7. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Тогтоогдсон үйл баримтын тухайд:
8. Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/143 дугаар захирамжийн 6 дахь заалтаар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглож, Завхан аймгийн Шуурхай штабын өргөтгөсөн хурлын 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 33 дугаар тэмдэглэлийн 1.3-д “Архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хязгаарласан хугацааг 2021 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал сунгах”-аар шийдвэрлэсэн талаар тусгагджээ.
9. Завхан аймаг дахь Цагдаагийн газраас хориглосон үед согтууруулах ундаа худалдан борлуулсан гэх зөрчлийг шалгаж 2021 оны 04 дүгээр сарын 16, 17-ны өдөр гэрч С.П, Н.Ц, Н.М, Т.Б нараас авсан мэдүүлэгт “5 сагс пиво худалдан борлуулсан талаар” мэдүүлсэн боловч спиртийн агууламжийн талаар дурдагдаагүй, харин 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гэрч Н.М дахин мэдүүлэг өгөхдөө спиртийн агууламжийн талаар “0.5 литрийн лаазтай “лимонтой Сэнгүр” пиво 5 сагсыг худалдсан, лаазан дээрээ 1.9% гэсэн бичигтэй байсан” гэжээ.
10. Мөн зөрчлийн тэмдэглэлд “... 1.9 хувийн согтууруулах бодистой 5 сагс сэнгүр пиво ачиж байсныг буцаан буулгаж ...” гэж, эд зүйл хураан авсан тэмдэглэлд “лимонтой Сэнгүр (шар өнгийн лаазтай) 0.5 литрийн савалгаатай 5 сагс буюу (лаазан дээр 1.9%) 120 ширхэг лимонтой Сэнгүр пиво” гэж тус тус тэмдэглэсэн, тухайн өдөр бараа худалдан авсан баримтад “пиво – Л.Сэнгүр” (Л.Сэнгүр нь лимонтой Сэнгүр гэснийг товчилж бичсэн гэж тайлбарласан) гэж бичсэн (тэр даруй Засаг дарга болон бусад этгээдийн шаардлагаар буцаасан тул “бичвэрийг дарсан” гэх) байна.
11. Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/159 дүгээр захирамжаар “Онцгой, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, нийтийг хамарсан захирамж, шийдвэрийг зөрчин согтууруулах ундаа худалдаж байсан нь хяналт шалгалтаар илэрсэн” гэсэн үндэслэлээр “Г ...” ХХК-ийн “Х ...” хүнсний дэлгүүрийн согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.
Хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:
12. Согтууруулах ундаа худалдахыг хориглосон үед 1.9 хувийн этилийн спирт агуулсан пиво худалдсан нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарах эсэх, уг пиво нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд заасан согтууруулах ундаанд хамаарах эсэх, захиргааны акт гарснаас хойш тогтоогдсон үйл баримтад үндэслэн актыг хүчин төгөлдөр гэж үзэх эсэх тухай байна.
Хууль хэрэглээний тухайд:
13. Энэхүү хэргийн хувьд маргаан бүхий актаар хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон ба уг актын үндэслэл болсон “согтууруулах ундаа худалдан борлуулсан” гэх зөрчилд тодорхой иргэнийг холбогдуулан шалгаж, шийдвэрлэжээ.
14. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” бол тусгай зөвшөөрөл олгосон байгууллага тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор зохицуулж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хоёр урьдчилсан нөхцөл заажээ. Завхан аймгийн Засаг даргын 2021 оны А/159 дүгээр захирамж нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг “ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр гарсан хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.
15. Энэхүү захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Г ...” ХХК нь дээрх хуульд заасан “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг ноцтой зөрчсөн” гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
16. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарс, пиво, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи согтууруулах ундаанд хамаарна” гэж заажээ.
17. Иймээс, нэхэмжлэгч хуулийн этгээдийн (худалдагч Н.М) худалдан борлуулсан гэх 1.9 хувийн спиртийн агууламжтай пиво нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан согтууруулах ундаанд хамаарахгүй болох нь уг зөрчлийг шалгасан зөрчлийн материалд авагдсан баримтуудаар тогтоогдсон, “бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байх хугацаанд” буюу хориглосон үед согтууруулах ундаа худалдан борлуулсан гэх зөрчил үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгчийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг “ноцтой зөрчсөн” гэж үзэх үндэслэлгүй байна.
18. Захиргааны актын үндэслэлийг шалгаж, анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед “энгийн Сэнгүр” буюу согтууруулах ундаа худалдан борлуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй байжээ.
19. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд заасан “... Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас ... анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт ... гаргасан гомдлын дагуу ... аймгийн Цагдаагийн газраас дээрх зөрчлийн хэргийг дахин шалгаж, зөрчлийн хэрэг нээж тус “Г ...” ХХК-ийн “Х ...” хүнсний дэлгүүр нь 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр архи согтууруулах ундаа худалдан борлуулсныг тогтоосон” гэх үндэслэл, Н.М-д шийтгэл оногдуулсан Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шийтгэвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 15 дугаар магадлалаар тогтоосон шийдвэр нь цаг хугацааны хувьд А/159 дүгээр захирамжаас сүүлд гарсан учир өмнө нь гаргасан (тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон) захиргааны актын үндэслэл болсон гэж үзэхгүй.
20. Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тусгай зөвшөөрөл хүчингүй болгох үндэслэлийн талаар зохицуулсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалтыг нэмж, хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 118/ШШ2021/0033 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 508 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4” гэж нэмж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧИД М.БАТСУУРЬ
Д.МӨНХТУЯА
П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ