Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 18

 

 

  

  

 

 

 

 

Ж.Жаргалсайхан нарт холбогдох

захиргааны зөрчлийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй                                                            

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 216 дугаар захирамжийг эс зөвшөөрч гаргасан Т.Гантулгын давж заалдах гомдлыг үндэслэн захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багт Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Жаргалсайхан, Ц.Амарзаяа, П.Баасан, Д.Мөнхжаргал, Д.Дамдинпүрэв нар нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багт сонгуулийн сурталчилгаа явуулахдаа Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13-т заасныг зөрчсөн зөрчилд холбогджээ.

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 216 дугаартай захирамжаар

Орон нутгийн сонгуулийн ИТХ-ийн сонгуульд Бугат сумын Ханжаргалант багт ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Жаргалсайхан, Ц.Амарзаяа, П.Баасан, Д.Мөнхжаргал, Д.Дамдинпүрэв нар нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13-т заасныг зөрчсөн гэх гомдол мэдээлэлд захиргааны арга хэмжээ ногдуулахаас татгалзаж шийдвэрлэжээ.

     Гомдол гаргагч Т.Гантулга давж заалдах гомдолдоо: “...Ж.Жаргалсайхан, Ц.Амарзаяа, П.Баасан, Д.Мөнхжаргал, Д.Дамдиндүрэв нарын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хан жаргалант багийн Дундатын гол хэмээх газар Булгантамир гэдэг айлд иргэдийг цуглуулан сонгуулийн сурталчилгаа хийж байхдаа “...сумын МАН-ын дарга Б.Бадарч нь сумын Засаг даргаар ажиллаж байхдаа төрийн албанаас 61 хүнийг ажлаас халсан, ОНХС-ийн хөрөнгийг хууль бусаар иргэдийн саналыг үл харгалзан дур мэдэн зарцуулдаг, 30 сая хийх ажлыг тендер нэрээр 69 сая төгрөгөөр хийсэн...” гэх мэт гүтгэлгийн чанартай зүйл ярьж байсныг Ардчилсан намаас нэр дэвшигч Ж.Жаргалсайханаас өөрөөс нь асууж тодруулаагүй, 2013, 2014, 2015 онуудад хийх, хийсэн ажлын материал, санал асуулгатай танилцаагүй, нэг талыг барьсан материал бүрдүүлсэн.

Д.Дамдинпүрэвээс өөрөөс нь сурталчилгааны үед юу ярьж байсныг нь ярьж тодруулаагүй, худал үнэн ярьж байгааг тогтоогоогүй, хэрэг бүртгэгч нь Бугат сумын Засаг даргын Тамгын газрын архив болох сумын Санхүүгийн албан дээр он оноороо хадгалагдаж байгаа баримтыг үзэж хяналгүйгээр хөнгөн хийсвэр, нэг талыг барьсан баримт бүрдүүлсэн гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож нэмэлт хэрэг бүртгэх шатанд буцааж өгнө үү гэжээ...”

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх “...Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй, захиргааны зөрчлийн шинжгүй...” гэх үндэслэлээр Ж.Жаргалсайхан, Ц.Амарзаяа, П.Баасан, Д.Мөнхжаргал, Д.Дамдинпүрэв нарт захиргааны арга хэмжээ ногдуулахаас татгалзаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Т.Гантулга гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх захиргааны зөрчлийн материалд авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багт Ардчилсан намаас нэр дэвшигч гэх Ж.Жаргалсайхан, Ц.Амарзаяа, П.Баасан, Д.Мөнхжаргал, Д.Дамдинпүрэв нар нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багт сонгуулийн сурталчилгаа явуулахдаа бусдыг гүтгэж Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5.13-т заасныг зөрчсөн гэдэг нь

зөрчлийн материалд авагдсан Г.Чойжил, О.Батбаяр, Ганчулуунбаатар, Батсуурь болон зөрчил гаргагч Д.Дамдинпүрэв, гомдол гаргагч Т.Гантулга нарын тайлбаруудаар хангалттай тогтоогдохгүй байна.

Иймд гомдол гаргагч Т.Гантулгын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Сонгуулийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гомдол гаргагч Т.Гантулгын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 216 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ё.БЯМБАЦЭРЭН

                                      

                                       ШҮҮГЧИД                                           З.ХОСБАЯР        

     

                                                                                                     С.УРАНЧИМЭГ