Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
Хэргийн индекс | 182/2023/00697/И |
Дугаар | 210/МА2023/01723 |
Огноо | 2023-09-06 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2023/01723
2023 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 210/МА2023/01723 |
2023.09.06 210/МА2023/01723
Ө.Ж-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 23-ны өдрийн 182/ШШ2023/01912 дугаар шийдвэртэй
Ө.Ж-гийн нэхэмжлэлтэй,
П.Б-, Б.Ц- нарт холбогдох,
Шүүх хуралдаанд: хариуцагч П.Б-, түүний өмгөөлөгч Н.Урангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: П.Б-, Б.Ц- нар нь 2021 оны 02 сарын 02-ны өдөр Б- А х- төв дотор Ө.Ж- намайг бүлэглэн зодсоны улмаас миний хамрын яс хугарч, тархин доргин, дух, зүүн чамархай, баруун, зүүн зовхины дотор булан, хамрын нуруунд зулгаралт бүхий гэмтэл үүссэн. Уг гэмтлийн улмаас миний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдож, эрүүл мэндээрээ хохирсон.
П.Б-, Б.Ц- нар нь намайг бүлэглэн зодсон үйлдэлдээ гэм буруутай нь тогтоогдож, Б- эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 20-ны өдрийн 824 дүгээр шийтгэх тогтоолоор торгох ялаар шийтгүүлж, шүүгдэгч нараас 243,000 төгрөгийн хохирлыг шүүхийн журмаар гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн.
Би эрүүл мэндэдээ учирсан хохирлыг арилгаж, эмчилгээ хийлгэхээр Э- эмнэлэгт хэд хэдэн удаа үзүүлэхэд хагалгаа хийлгэх шаардлагатай, хагалгааны зардал нь 3,110,000 төгрөг болно гэсэн. Иймд П.Б-, Б.Ц- нараас хамрын таславчийн муруйлт засах мэс засал хийлгэхэд шаардлагатай хагалгааны зардал нь 3,110,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Бидний хооронд 2021 оны 02 сард маргаан үүсч нэхэмжлэгчид гэмтэл учруулсан талаар маргахгүй. Хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлэх үед 243,000 төгрөгийн хохирлыг нь нэхэмжлэгчид өгсөн. Энэ хүн заавал хувийн эмнэлгээр эмчилгээ хийлгэх шаардлагагүй, улсын эмнэлэгт үзүүлэх боломжтой. Нэхэмжилж байгаа мөнгийг зөвшөөрөхгүй, мэс заслын үнэ нь хэтэрхий өндөр байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч П.Б-, Б.Ц- нараас 2,488,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Ж-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 622,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, төлсөн 64,710 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ө.Ж-д олгож, хариуцагч П.Б-, Б.Ц- нараас 54,758 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд нэхэмжлэгч Ө. Жавхлан нь 2021 оны 02 сарын 03, 03 сарын 01, 07 сарын 02-ны өдөр тус тус "Э- чих хамар хоолойн хувийн эмнэлэгт үзүүлж эмийн болон бусад эмчилгээг бичүүлж, шинжилгээ хийлгэж байсан. Хамрын хагалгаа хийлгэхэд шаардлагатай гэж эрүүгийн шүүхэд 2,950,000 төгрөг нэхэмжилж байсан нь хохирогчид учирсан гэмтлийг эмчилсэн эмчилгээний зардал бус ирээдүйд хийгдэх эмчилгээний зардал байсан.
Б- Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 250,360 төгрөгийг биднээр төлүүлж, бусад нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож, хохирогч Ө.Ж-г өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн. Ө.Ж- нь шийтгэх тогтоол гарснаас хойш ямар ч эмийн болон бусад эмчилгээг хийлгээгүй, Э- эмнэлэгт үзүүлээгүй байхдаа иргэний болон эрүүгийн хэрэгт нэхэмжилж байсан мөнгөө дахин нэхэмжилжээ. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ бодитой гэдгийг өөрөө нотлох үүрэгтэй.
4.2. Ө.Ж- нь шүүхэд үнэн, зөв тайлбар гаргах үүрэгтэй. Гэтэл эмч хагалгаа хийлгэх шаардлагатай гэж бичиж өгсөн гэж хэлсэн ч 2021 оны 07 сараас хойш "Э- эмнэлэгт үзүүлсэнээ картдаа бичүүлээгүй, төлбөрийн чадваргүйгээс хагалгаанд орж чадахгүй байгаа, энэ зардалд хагалгааны ор, хэрэгслийн үнэ орсон, улсын эмнэлэгт хандахад хагалгаа хийх боломжгүй гэсэн гэж худлаа ярьсан. Нэхэмжилж байгаа 3,110,000 төгрөг нь эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөгдсөн үнэ гэж мөн худлаа ярьсныг анхаарч үзнэ үү.
4.3. Нэхэмжлэгч нь 2023 оны 06 сарын 02-ны өдрийн шүүх хуралдаан хойшилсны дараа 2023 оны 06 сарын 19-ний өдөр "Э- эмнэлэгт үзүүлсэн, тус эмнэлэгт 4 удаагийн үзлэгээр мэс засал хийлгэх, уг мэс засал нь 3,899,400 төгрөг болно гэсэн баримтгүй байхад шүүх хэрэгт авагдсан болон бусад баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, буруу үнэлж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлж чадаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч нарын давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ө.Ж- нь хариуцагч П.Б-, Б.Ц- нарт холбогдуулан гэм хорын хохиролд 3,110,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. П.Б-, Б.Ц- нар нь 2021 оны 02 сарын 02-ны өдрийн 18:00 цагийн орчимд Б- 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших А х- төвд Ө.Ж-тай маргалдан түүний биед халдаж, хамар ясны хугарал, тархи доргилт, дух, зүүн чамархай, баруун доод болон зүүн дээд зовхины дотор булан, хамрын нуруунд нь зулгаралт бүхий гэмтлийг учруулжээ. Уг гэмтлийн улмаас Ө.Ж-гийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдож, эрүүл мэндэд нь хохирол учирсан байна.
Б- Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 20-ны өдрийн 824 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 сарын 23-ны өдрийн 000 магадлалаар П.Б-, Б.Ц- нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нараас 250,000 төгрөг гаргуулан хохирогчид олгож, хохирогч Ө.Ж- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо шүүгдэгч П.Б-, Б.Ц- нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын гэм бурууг дахин нотлохгүй болно.
Иймд Ө.Ж- нь П.Б-, Б.Ц- нараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.
Эрүүгийн журмаар холбогдох хохирлыг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Түүнчлэн, дээрх шийтгэх тогтоол, магадлалаар Ө.Ж-гийн мэс засал хийлгэхтэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх байдал тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч нарын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар Э- ХХК /чих, хамар хоолойн эмнэлэг/-иас нотлох баримт гаргуулахад Ө.Ж- нь 2021 оны 02 сарын 03, 03 сарын 01, 07 сарын 02-ны болон 2023 оны 06 сарын 19-ны өдрүүдэд тус эмнэлэгт үзүүлж, хамар дайвар хөндийн СВСТ шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээгээр хамрын ясны хугарал үүсч хамрын таславч муруйх онош тогтоогдсон, уг муруйлт засах мэс заслын заалттай болохыг эмчийн үзлэгт тэмдэглэжээ. Э- ХХК нь тус эмнэлгийн 2023 оны 05 сарын 23-ны өдрийн А-35/01 тоот тушаалын 4-р хавсралтаар баталсан Хамрын мэс заслын үнэлгээ-ний баримтыг жагсаалтаар гаргаж шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, жагсаалтын 12-т хамрын хуучин хугарал засах мэс заслын үнэ 3,899,400 төгрөг байхаар заажээ.
5. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй. Эмчийн үзлэг, шинжээчийн дүгнэлтээс үзвэл хохирогч хамрын муруйлт засах мэс засалд орох зайлшгүй шаардлагатай болох нь тогтоогджээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.
6. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлоо 3,110,000 төгрөг гэж тодорхойлох эрхтэй тул шүүх энэ хэмжээгээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
7. Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид хохирол учрахад өөрийн нь буруутай үйлдэл нөлөөлснийг харгалзан үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 20 хувь буюу 622,000 төгрөгөөр багасган тогтоож, хариуцагч нараас 2,488,000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.
8. Хэрэгт авагдсан Б- эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/824 дугаар шийтгэх тогтоолоор Ө.Ж-гийн мэс засал хийлгэхтэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх байдал тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч нарын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
9. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүх хариуцагч П.Б-, Б.Ц- нараас 2,488,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Ж-д олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
10. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүх хариуцагч нараас гэм хорын хохиролд 2,488,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ гэм хорын хохирлыг гэм буруутай этгээд арилгах үүргийг зохицуулсан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, гэм хорын хэмжээг багасгах талаархи мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх зохицуулалтыг шүүхийн шийдвэрт баримтлаагүй нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 23-ны өдрийн 182/ШШ2023/01912 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ...228.4... гэсний ард 497 дугаар зүйлийн 497.1, 514 дүгээр зүйлийн 514.1 гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,758 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЭНЭБИШ