Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 146/ШШ2016/00182

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Баян-Өндөр сум,  4 дүгээр баг, “Хар тойром” газар оршин суух Даян овогтой Пүрэвийн Соёл-Эрдэнийн /РД:ЙЛ82082921/ хүсэлттэй,

Х.Даваадоржтой хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч П.Соёл-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.Соёл-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1998 онд тус сумын 4 дүгээр багийн иргэн Хадаг овогтой Даваадоржтой хамтран амьдарч 1999 онд охин Шүрэнцэцэгийг төрүүлсэн. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй учир охиноо өөрөөрөө овоглосон. Х.Даваадорж нь 2013 оны 5 дугаар сарын 22-нд гэнэт нас барсан. Иймд намайг Х.Даваадоржтой хамтран амьдарч байсныг тогтоож өгнө үү.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч П.Соёл-Эрдэнэ нь Х.Даваадоржтой хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

П.Соёл-Эрдэнэ нь талийгаач Х.Даваадоржтой 1998 оноос 2013 оны 05 дугаар сарын 22-ний өдрийг хүртэл хамтран амьдарч, тэдний дундаас 1999 оны 06 дугаар сарын 18-ны өдөр охин С.Шүрэнцэцэг төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар, цахим үнэмлэхний хуулбар, талийгаач Х.Даваадоржийн нас барсаны гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн гэрч Чоён овогтой Жамсрангийн Мөнхдалай нь “Талийгаач Х.Даваадорж, П.Соёл-Эрдэнэ нар нь 1998  онд гэр бүл болж хурим найр хийж гэр бүл болсон. 1999 онд охин С.Шүрэнцэцэг  төрсөн. Талийгаач Х.даваадорж нь 2013 оны 04  дүгээр  сард гэнэт нас барсан...” гэж, мөн Харчин овогтой Аюурын Нэргүй нь “Талийгаач Х.Даваадорж, П.Соёл-Эрдэнэ нар нь 1998  онд гэр бүл болж хурим найр хийж гэр бүл болсон. 1999 онд охин С.Шүрэнцэцэг төрсөн. Х.Даваадорж нь П.Соёл-Эрдэнэтэй 1998 оноос 2013 оны 05 дугаар сарын 22-ний өдрийг хүртэл хамт амьдарсан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.

Хүсэлт гаргагч П.Соёл-Эрдэнэ нь талийгаач Х.Даваадоржтой амьдарч эхэлсэн өдөр тодорхойгүй байх тул Иргэний хуульд заасан хугацаа тоолох ерөнхий журмыг баримтлан тухайн сарын эхний өдрөөр тооцох нь хуульд харшлахгүй бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн амьдарч эхэлсэн хугацааг 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөр, амьдарч дууссан хугацааг Х.Даваадоржийг нас барсан өдрөөр тооцож тус тус тогтоосон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний   хэрэг   шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Даян овогтой Пүрэвийн Соёл-Эрдэнийг талийгаач Мөнгөн овогтой Хадагийн Даваадоржтой /РД:ЙГ76101216/ 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ                                Б.САРАНТУЯА