Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 121

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1911002200070 дугаар 186/2019/0114/Э индекстэй хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Ц.Майбаяр,                             

Шүүгдэгч Л.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нар оролцов.    

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймагт төрсөн, 31 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, Монгол овогт Л.Ц

 

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар: Шүүгдэгч Л.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвөөс иргэн Д.Эын гар цүнхийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 2.480.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

 

Шүүгдэгч Л.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... гэх мэдүүлэг                        

 

Хохирогч Д.Э мөрдөн байцаалтын шатанд: ...хажуу талын лангууны эмэгтэйчүүд нэг эмэгтэй хүний цүнх аваад гарлаа гэж хоорондоо ярьж байхыг сонсоод би өөрийн цүнхээ үзэхэд миний цүнх байхгүй болсон байсан. Тэгэхээр нь би худалдагч охинтой хамгаалагч дуудаад хяналтын камерийн бичлэг үзэхэд нэг эрэгтэй хүч гар цүнх аваад гарч байсан. ...Миний алдсан гэх цүнхэнд иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх, банкны карт, цүнхтэй ижилхэн бор өнгийн түрийвч байсан. Түрийвчинд ямар нэгэн мөнгө төгрөг байгаагүй. Мөн Айфоне XR маркийн улаан өнгөтэй гадуураа улаан өнгийн гэртэй гар утас байсан. ...Би өөрийн хулгайд алдсан улаан өнгийн Айфоне XR продукт маркийн гар утсаа хүлээн авлаа. Миний гар утас бүрэн бүтэн хуучин хэвэндээ байна. ...Миний зүгээс хамгийн үнэтэй гар утсаа эргүүлэн авсан учраас гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бичиг баримт, банкны карт зэргийг шинээр авчихна. Ийм учраас би бусад зүйлийг нэхэмжлэхгүй... гэсэн мэдүүлэг /хх-10-11/,

Гэрч М.Наранцогт мөрдөн байцаалтын шатанд: ...Би энэ гар утсыг 100.000 төгрөгөөр худалдаж авсан. Би анх утас зарна гэхэд нь жаахан хардаж байсан. Гэхдээ надад олсон гэж хэлсэн болохоор нь худалдаж авсан. Урьд өмнө энэ залуу над дээр ямар нэгэн зүйл авчирч байгаагүй, би худалдаж авдаггүй. ...Гэтэл нэг хоногийн дараа цагдаагаас залгаад өчигдөр гар утас худалдан авсан юм байна, тэр утсаа аваад ир гэхээр нь цагдаа дээр аваачиж хураалгасан. Миний хувьд гар утас худалдан авсан 100.000 төгрөгийг нэхэмжлэхгүй, дахин гар дээрээс худалдан авалт хийхгүй, хулгайн гар утас гэдгийг мэдээгүйгээс тэр хүнээс гар утас авсан... гэсэн мэдүүлэг /хх-13-14/,

Яллагдагчаар Л.Ц мөрдөн байцаалтын шатанд: ...2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтжин бөмбөгөр дотроос хуурамч гинж, бөгж худалдаж аваад гараад явах санаатай явж байхад шилэн лангуун дээр эмэгтэй хүний цүнх байж байсан.  Тэгэхээр нь тэр цүнхийг авчихмаар санагдаад тэр эмэгтэйгийн хажууд очоод сэмхэн аваад гартаа бариад урд талын гарах хаалгаар гадагшаа гарахаар явж байхад Бөмбөгөр худалдааны төвийн хамгаалагч тааралдаад надаас юун цүнх барьж байгаа юм гэж асуухад манай эхнэрийн цүнх гэж хэлсэн. Тэгээд би урд талын хаалгаар гараад Бөмбөгөр худалдааны төвийн хажуу талын машины зогсоол дээр байсан машинуудын дундуур ороод хулгай хийсэн цүнхээ уудалж үзэхэд дотроос нь маркийг нь сайн мэдэхгүй улаан өнгийн гадартай гар утас, хэтэвч, хэтэвчин дотор 6000 төгрөг байсан. Бичиг баримт байх шиг байсан. Тэгэхээр нь гар утас, 6000 төгрөгийг нь аваад хэтэвч, цүнхийг нь Алтжин бөмбөгөр худалдааны төвийн хажуу талын хогийн цэг дээр хаячихсан. Ингээд би гар утсыг нь зарж мөнгө болгох санаатай МБ худалдааны төв дотор гар утас авах хүн байна уу гэж явж байхад нэг хүн хэдээр өгөх юм гэхээр нь хэдээр авах юм гэхэд 100.000 төгрөгөөр авъя гэхээр нь тэг тэг гэж хэлээд 100.000 төгрөгөөр зарсан. Гар утас зарсан 100.000 төгрөгийг хувийн хэрэглээндээ зарцуулаад мөн гудамжинд явж байсан хүмүүстэй 2 шил архи авч уугаад дуусгасан... гэсэн мэдүүлэг /хх-17-18/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19-21/, эд зүйлийн үнэлгээ /хх-23/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-25/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-27/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-34/, иргэний дэлгэрэнгүй лавлагаа /хх-44-45/, зөрчлийн бүртгэл /хх-46-50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэв.        

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.            

 

Прокуророос Л.Цт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага бус хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй байна.        

 

Л.Цын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага бус хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.          

 

Шүүгдэгч Л.Ц нь прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.     

 

Иймд Л.Цыг “бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага бус хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал шүүгдэгчийн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчийг  240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.   

 

Хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.     

 

Шүүгдэгч Л.Ц нь энэ хэрэгт нийт 14 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялаас хасч тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Л.Ц өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан болно.