Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01774

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/01774

 

2023.09.18 210/МА2023/01774

 

 

Г К ББСБ-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/03592 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г К ББСБ-ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.А-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 33,993,082 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батгарьд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Соронзонболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

 

1.1. Г К ББСБ-ХХК нь Ч.А-тай 2022 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан ЗГ2204/16 тоот зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 1 сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2011 онд үйлдвэрлэгдсэн 00-00 ааа улсын дугаартай, 123456789 арлын дугаартай, хар өнгийн мерседес бенз МЛ350 маркийн авто машиныг барьцаалан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд /фидуци/ шилжүүлэх ФГ2204/16 тоот гэрээг тус тус байгуулсан.

 

1.2. Зээлдүүлэгч нь зээлийг зохих журмаар олгосон бөгөөд зээлдэгч Ч.А- нь зээлээ ашиглаж, автомашинаа эзэмшиж байгаа боловч зээлийн гэрээний үүргээ зөрчиж, гэрээний хавсралтанд заасан хуваарийг удаа дараа зөрчсөн. Гэрээний хугацаа 2023 оны 04 сарын 06-ны өдөр дуусгавар болсон. Ч.А- нь нийт 4 удаа зээлийн төлөлт хийсэн нь 2022 оны 05 сарын 06-ны өдөр 740,000 төгрөг, 2022 оны 07 сарын 04-ний өдөр 765,000 төгрөг, 2022 он 08 сарын 20-ны өдөр 750,000 төгрөг, 2022 оны 10 сарын 26-ны өдөр 770,000 төгрөг, нийт 3,025,000 төгрөгийг төлсөн.

 

1.3. Нэхэмжлэгч нь 2023 оны 07 сарын 17-ны өдрийн байдлаар зээлийн тооцооллыг гаргаж, үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 8,490,068 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 503,014 төгрөг, нийт 33,993,082 төгрөгийг хариуцагч Ч.А-гаас гаргуулж, барьцаа хөрөнгө болох 00-00 ааа улсын дугаартай автомашиныг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний хувьд Г К ББСБ-ХХК-аас 25,000,000 төгрөгийн зээл авсан талаар маргахгүй. Нийт 4 удаагийн төлөлтийг хийсэн. Нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй, зээлийн хүүгийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ч.А-гаас 33,993,082 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г К ББСБ-ХХК-д олгож, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т зааснаар зээлдэгч Ч.А- гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд 00-00 ааа улсын дугаар, 123456789 арлын дугаартай, хар өнгийн мерседес бенз МЛ350-350 маркийн авто машиныг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г К ББСБ-ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435,700 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ч.А-гаас 398,115 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г К ББСБ-ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар "зээлийн гэрээ цуцлагдсан" гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэл гаргаснаас хойш хугацааны зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлэн гаргасан шаардлага болох 2,041,644 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрээс 2,041,644 төгрөгийг хасч өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Зээлийн гэрээ цуцлагдаагүй. Ийм учраас анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Г К ББСБ-ХХК нь хариуцагч Ч.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 33,993,082 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйл  болох 00-00 ааа улсын дугаартай, Мерседес бенз МЛ-350 маркийн тээврийн хэрэгслээр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зээлдүүлэгч Г К ББСБ-ХХК нь 2022 оны 04 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч Ч.А- нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг буцаан төлөхөөр тохиролцжээ.

 

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, тэдгээр нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар зээлийн хүүгийн талаар тохиролцсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. Зээлдүүлэгч Г К ББСБ-ХХК нь 2022 оны 04 сарын 06-ны өдөр 25,000,000 төгрөгийг зээлдэгч Ч.А-д шилжүүлсэн, зээлдэгч Ч.А- нь зээлийн хүүд нийт 3,025,000 төгрөг талаар талууд маргаагүй.

 

4.1. Талууд зээлийн гэрээний 2.1.4-т зээлийн хүүг сар бүр төлөхөөр заасан байна.

 

Гэтэл зээлдэгч Ч.А- нь 2022 оны 06 сарын 06-ны өдрөөс зээлийн хүү төлөх үүргээ зөрчиж эхэлсэн ба 2022 оны 11 дүгээр сараас эхлэн зээлийн хүүг төлөөгүй байна.

 

5. Зээлийн гэрээний 3.2.4-т Зээлдэгч зээлийн төлбөрийг графикт хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хавсралт 1-д дурдсан хуваарийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Мөн хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

6. Иймээс нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн 2022 оны 06 сарын 06-ны өдрөөс 2023 оны 07 сарын 17-ны өдрөөр тооцон үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 8,490,068 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 503,014 төгрөг, нийт 33,993,082 төгрөг нэхэмжилсэнийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

7. Иймд “зээлийн гэрээ цуцлагдсан гэх үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг” эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Учир нь зээлийн гэрээ 2023 оны 04 сарын 06-ны өдөр дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаагүй байхаас гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

8. Харин анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг фидуцийн гэрээний зүйл болох Мерседес бенз МЛ-350 маркийн, 00-00 ааа улсын дугаартай, тээврийн хэрэгслээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

8.1. Талууд 2022 оны 04 сарын 06-ны өдөр ФГ 2204/16 тоот эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлдэгч Ч.А- нь Бенз ML 350 маркийн 00-00 ааа дугаарын автомашиныг Г К ББСБ-ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн байна.

 

Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

8.2. Дээрх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр Ч.А-гийн өмчлөлийн 00-00 ааа улсын дугаартай, Мерседес бенз МЛ-350 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн байх ба харин тээврийн хэрэгслийн эзэмшиж, ашиглах эрхийг хариуцагчид үлдээсэн талаар зохигчид маргахгүй байна.

 

8.3. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.А- зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөлд нэхэмжлэгч Г К ББСБ-ХХК нь фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийг бодитойгоор гаргуулан авснаар зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох юм.

 

Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг шаардсан тохиолдолд фидуцийн зүйлийг өөрт шилжүүлэн авахыг шаардахгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг, эсвэл фидуцийн зүйлийн аль нэгийг шаардах эрхтэй бөгөөд тэрээр хариуцагчаас мөнгөн хөрөнгийн үүргийг шаардсан тул фидуцийн зүйлийг эзэмшилд шилжүүлэхийг шаардах эрхгүй.

 

8.4. Анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 33,993,082 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атлаа фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхгүй гэдгийг анхаараагүй байна.

 

8.5. Нэхэмжлэгч фидуцийн зүйлийг барьцааны гэрээний зүйл гэж тайлбарласан нь буруу. Барьцааны гэрээгээр барьцааны зүйлийн өмчлөх эрхийг барьцаалагчид шилжүүлдэггүй. Харин талуудын хооронд байгуулагдсан фидуцийн гэрээгээр хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн тул барьцааны гэрээ гэж үзэхгүй.

 

9. Дээрх үндэслэлээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Г К ББСБ-ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

10. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулсан тул улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахтай холбоотой хуулийн заалт, мөнгөн дүнгийн хэмжээнд зохих өөрчлөлтийг оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 02-ны өдрийн 101/ШШ2023/03592 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Г К ББСБ-ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,

3 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1” гэж нэмж өөрчлөн, “...435,700 төгрөг...” гэсний ард “илүү төлсөн 37,584 төгрөгийг хариуцагчид буцаан олгож” гэж нэмж, “...398,115 төгрөг...” гэснийг “327,915 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                             Э.ЭНЭБИШ