Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 146/ШШ2016/00185

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хүсэлттэй,

“Иргэн Л.Маамсүрэнг иргэний эрхзүйн чадамжгүйд тооцуулах”-ыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсөн төлөөлөгч С.Төмөртогоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулангоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Хархорин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид шүүхэд гаргасан хүсэлтэдээ: “…Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой 3-р багийн иргэн Лувсанжамба овогтой Маамсүрэн нь 1957 онд төрсөн 59 настай /хүнд хэлбэрийн оюуны хомсдол/ өвчний улмаас өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох буюу өөрийгөө зөв удирдаж чадахгүй хүний асрамжинд байдаг. Монгол улсын “Сонгуулийн тухай” хуулийн 61 дүгээр зүйлийн 61.8.1-д Улсын дээд шүүх эрхзүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон сонгуулийн насны иргэдийн мэдээллийг УБСЕГ-ын 5-р сарын 5-ны дотор хүргүүлэхээр заасан тул энэхүү заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол улсын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д эрхзүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг ИТХ-ын тэргүүлэгчид, эрүүл мэндийн байгууллага, шүүхэд гаргана гэж заасныг үндэслэн эрхзүйн чадамжгүй гэж үзэх үндэслэл бүхий Лувсанжамба овогтой Маамсүрэнг эрхзүйн чадамжгүй гэж тооцож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг үндэслэн тэмдэгтийн хураамжаас чөлөөлж зохих шийдвэр гаргаж өгнө үү...” гэжээ.

Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Төмөртогоо шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...иргэн Лувсанжамба овогтой Маамсүрэн нь 1957 онд төрсөн 59 настай (хүнд хэлбэрийн оюуны хомсдол) өвчний улмаас өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох буюу өөрийгөө зөв удирдаж чадахгүй хүний асрамжинд байдаг. Иймд Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.1-д эрхзүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, эрүүл мэндийн байгууллага, шүүхэд гаргана гэж заасныг үндэслэн эрхзүйн чадамжгүй гэж үзэх үндэслэл бүхий Лувсанжамба овогтой Маамсүрэнг эрх зүйн чадамжгүй гэж тооцож өгнө үү...” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь “иргэн Л.Маамсүрэнг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцуулах” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо 3-р баг, Эрдэнэтолгой баг, Сайр 1 гудамж, 6 тоотод оршин суух иргэн Дашдорж овгийн Лувсанжамбаагийн Маамсүрэнг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх сэтгэц гэм судлалын шинжээчийн магадлагаагаар “...Өөрийн биеэр ирж үзүүлэн эмч нарт өөрийгөө танилцуулна. 4 дүгээр анги төгссөн гэх боловч уншиж чадахгүй..., Л.Маамсүрэн нь оюуны хомсдол хөнгөн хэлбэр-сэтгэцийн эмгэгтэй, өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох чадвартай... гэсэн дүгнэлтээс харахад Хархорин сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хүсэлттэй иргэн Л.Маамсүрэнг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцуулах тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1 дэх хэсэгт зааснаар “...эрх зүйн чадамжгүй гэж тооцох тухай хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарах шүүхийн зардлыг төр хариуцна...” гэж заасны дагуу шинжээчийн зардал болох 35.000 төгрөгийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Төрийн сангаас гаргуулан шинжээч Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэхь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар Дашдорж овгийн Лувсанжамбаагийн Маамсүрэнг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцуулахыг хүссэн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн тэргүүлэгчид нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын Төрийн сангаас шинжээчийн зардал болох 35.000 төгрөгийг гаргуулан шинжээч Өвөрхангай аймаг дахь Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвд олгосугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.         

        

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА