Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
Хэргийн индекс | 129/2016/00422/И |
Дугаар | 406 |
Огноо | 2016-07-26 |
Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 406
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай баг Хөхдаваа хороололд оршин суух, Муумайхан овогт Насанбуянгийн Оюун-Эрдэнэ /РД:АЙ90021904/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй баг Хануйн гол гэх газар оршин суух, Намсрай овогт Сүхбаатарын Нэргүй /РД:АД91052731/-д холбогдох
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Н.Оюун-Эрдэнэ,
нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал,
хариуцагч С.Нэргүй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч С.Нэргүйтэй 2014 оны 9-р сард танилцан улмаар үерхэж дотносож 2014 оны 10-р сард намайг аав, ээжээс гуйлга хийж, 2015 оны 8-р сарын 19-ний өдөр хуримаа хийж Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багт очиж нөхөртэйгөө амьдрах болсон. Бид хамтран амьдрах хугацаандаа жирэмсэн болж 2016 оны 3-р сарын 25-ны өдөр би өөрийнхөө ээж дээр байж байгаад төрөхөөр Архангай аймгийн Хангай сум руу ирсэн. Намайг Хангай суманд ирсэн цагаас хойш нөхөр надтай нэг ч удаа утсаар утсаар яриагүй. Би С.Нэргүйг надтай утсаар ярихгүй, ирэхгүй болохоор нь сэтгэл санаагаар унаж улмаар төрөх цагаасаа өмнө дутуу төрж охин Нандин-Эрдэнийг 2016 оны 5-р сарын 5-ны өдөр төрүүлсэн. Ингээд “Төрчихлөө, охинтой болчихлоо” гэдгээ өөрт нь хэлэхээр утсаар ярих гэхээр ярихгүй, ирээч гэж хэлүүлэхээр ирэхгүй байгаад байна.
Хурим найраа хийгээд авч суусан эхнэр нь төрөхөөр өөрийнхөө аав, ээж дээр байж байгаад төрчихөөд, охинтой болчихоод байхад нэг ч удаа ярихгүй, ирэхгүй байгаа учраас цаашид амьдрахгүй гэсэн бодолтой байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Бид хурим найраа хийж хамтран амьдрах хугацаандаа албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан болохоор охин Нандин-Эрдэнийг би өөрөөрөө овоглосон.
Хуульд заасан эцэг хүний үүргээ биелүүлэхгүй байх тул хариуцагч С.Нэргүйг охин Нандин-Эрдэнийн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Нэргүй шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Нэргүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 5-р сарын 5-ны өдөр төрсөн охин О.Нандин-Эрдэнэ нь миний хүүхэд мөн тул хуульд зааснаар тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Н.Оюун-Эрдэнэтэй цаашид хамтран амьдрах хүсэлгүй, хамт байхад зан харилцааны хувьд таардаггүй. Охин О.Нандин-Эрдэнэ нь миний охин мөн, хуульд заасан тэтгэлэг төлнө. Өөр тайлбар байхгүй гэв.
Хэрэгт авагдсан, шинжлэн судласан нотлох баримтууд:
- Муумайхан овгийн Оюун-Эрдэнийн Нандин-Эрдэнэ /РД:АД16250526/-ийн төрсний гэрчилгээний хуулбар /ХХ-н 3-р тал/,
- 2016 оны 6-р сарын 17-ны өдрийн эмчийн тодорхойлолт /ХХ-н 4-р тал/,
- Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 5-р тал/,
- Н.Оюун-Эрдэнийн “Төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ” /ХХ-н 6-р тал/,
- Муумайхан овгийн Насанбуянгийн Оюун-Эрдэнэ /РД:АЙ90021904/-ийн иргэний үнэмлэхийн хуулбар /ХХ-ын 7-р тал/.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Оюун-Эрдэнэ нь С.Нэргүйд холбогдуулж эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
О.Нандин-Эрдэнэ нь С.Нэргүйгийн хүүхэд мөн эсэх дээр болон хүүхдийн тэтгэлэг төлөх, гэрлэлтээ бүртгүүлээгүй асуудал дээр талууд маргаагүй болно.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар эцэг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцгийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагч хуульд зааснаар хүлээж байгаа тул охин О.Нандин-Эрдэнийг эцэг С.Нэргүйгээр нь тэжээн тэтгүүлэхээр тогтоож байна.
Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр охин О.Нандин-Эрдэнийг сар бүр эцэг С.Нэргүйгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь нээлттэй, мөн уг шийдвэрээр хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Нэргүйгээс 98 827 төгрөг гаргуулж, 70 200 төгрөгийг нэхэмжлэгч Н.Оюун-Эрдэнэд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 28 627 төгрөгийг орон нутгийн орлогод тус тус олгов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2016 оны 5-р сарын 5-ны өдөр төрсөн охин Оюун-Эрдэнийн Нандин-Эрдэнийн эцгээр Сүхбаатарын Нэргүйг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар О.Нандин-Эрдэнийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Нэргүйгээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Оюун-Эрдэнэд даалгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 98 827 төгрөг гаргуулан 70 200 төгрөгийг Н.Оюун-Эрдэнэд, 1 жилийн хугацаанд төлбөл зохих 1 хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 28 627 төгрөгийг орон нутгийн орлогод тус тус олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүл бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ