| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2019/0044/Э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2019-01-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Г.Эсэн,
хохирогч Д.Н-,С.Г-,
гэрч Р.М-,
шүүгдэгч Г.Б-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Г-ийн Б-т холбогдох эрүүгийн 0000000 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Соёмботын 000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Г-ийн Б-,
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Г.Б-нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт “Улсын цэцэрлэгт хүүхэд 500.000 төгрөгөөр оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Р.М-аар дамжуулж С.Г-, Д.Н- нараас тус бүр 500.000 төгрөг нийт 1.000.000 сая төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.Б-ээс: “...Би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд хэсгийн ахлагч ажилтай. Би сарын 298.000 төгрөгийн цалинтай гэрээт ажилтан. Би санаатай бусдыг залилна гэж бодоогүй. 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Мөнхзул нь надад 2 хүүхэд цэцэрлэгт оруулаад өг гээд материалыг нь мөнгөтэй нь хамт өгсөн. Би тухайн мөнгийг аваад хувьдаа хэрэглэсэн. Гэхдээ Мөнхзулын цэцэрлэгт оруулаад өг гэсэн 2 хүүхдийг цэцэрлэгт оруулж өгч чадаагүй. Надад 2 хүүхдийг цэцэрлэгт оруулахад өгсөн мөнгийг нь буцааж өгч чадаагүй. Би авсан мөнгөө 14 хоногийн дотор буцааж төлнө. Өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Д.Н-гаас: “...Би 2 жилийн турш хүүхдээ цэцэрлэгт оруулах гээд чадаагүй. Би 2017 оны 08 дугаар сарын үед хүүхдээ цэцэрлэгт оруулах арга байна уу гэж хүмүүсээс асуухад манай ажлын газрын хүн “Р.М- хороонд ажилд орсон. Хүүхэд цэцэрлэгт оруулж өгч чадна” гэж хэлсэн. Тэгээд Р.М-тай ярихад “мөнгөө бэлнээр аваад ир” гэсэн. Би цайны цагаар нь хороон дээр очиж мөнгөө бэлнээр өгсөн. Тэгээд надад хариу өгөхгүй 9 сар гарсан. Гэтэл Р.М- нь надад “хүүхдийг чинь Улсын цэцэрлэгт оруулж чадахгүй боллоо”, Хорооноос Зайсангийн ойролцоо шинээр байгуулагдсан хувийн цэцэрлэгт хүүхдүүд авна гэсэн. Танай хүүхдийг хорооноос тухайн цэцэрлэгт оруулах хүүхдийн нэрэнд оруулаад явуулчихна” гэж хэлсэн. Тэгээд тухайн цэцэрлэгт нь очиход бүртгэлийн хураамж 50.000 төгрөг авсан. Би хүүхдээ 1 сар тухайн цэцэрлэгт явуулсан бөгөөд 2 дахь сараас нь цэцэрлэгээс “манайх цэцэрлэгтээ хүүхэд үнэгүй явуулж чадахгүй. Манай цэцэрлэг сарын 450.000 төгрөгийн төлБ-й цэцэрлэг тул та хүүхдээ тал үнээр нь буюу 200.000 төгрөгөөр явуул гэсэн. Би хүүхдээ цэцэрлэгт 200.000 төгрөгөөр 2 сар явуулсан. Миний хүүхдүүдийн сургууль Улаанбаатар сувилалын ойрхон байдаг. Би Г.Б-ээс нөгөө хүүхдээ цэцэрлэгт оруулж чадах уу гэхэд Г.Б-нь “өвөл оруулж болох байх” гэж хэлсэн. Тэгэхээр нь Шинэ жил, Цагаан сарын баяр өнгөрөөд бүтээгээд өгөх байх бодсон. Гэвч хавар болж хүүхдийн хичээл сургууль тарах болсон. Би хүүхдийг маань цэцэрлэгт оруулж чадахгүй юм байна гэж бодоод Г.Б-ээс мөнгөө буцааж авъя, хуваагаад ч гэсэн буцааж төлөөрэй гэж хэлэхэд Г.Б-“за “ гэж хэлсэн. Би сард 100.000 төгрөгөөр цэцэрлэгт өгөхөд 5 сард төлөөд дуусчихна. Би хүүхдийнхээ цэцэрлэгийн төлбөрийг төлөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Г.Б-надтай 2-3 удаа уулзаад дахин уулзаагүй. Сүүлд нь Г.Б-“ би мөнгийг чинь хэрэглээгүй” гэдэг асуудал гарч мөнгө өгсөн нь миний буруу болсон. Тухайн үед Б- “чи хандах газраа ханд надаас юу олж авахыг чинь харна” гэж заналхийлсэн тул би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Би Г.Б-ээс 500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
Хохирогч С.Г-ээс: “...Би ажил хөдөлмөр эрхлэх шаардлагатай болоод хүүхдээ цэцэрлэгт оруулах гээд 2, 3 жил бүртгүүлсэн. Гэтэл манай хүүхдийг цэцэрлэгт аваагүй. Надад Мөнхзул нь хүүхэд цэцэрлэгт оруулж өгнө гэсэн санал тавьсан. Би хүүхдээ цэцэрлэгт оруулчихвал ажил хөдөлмөр эрхлэх боломжтой болох учраас хүүхэд цэцэрлэгт оруулахад шаардлагатай 500.000 төгрөгийг Мөнхзулд өгсөн. Би Б-ээс 500.000 төгрөг нэхэмжилж байна. Өөр гомдол саналгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
-Хохирогч С.Г-ийн: “...Би хүүхдээ цэцэрлэгт оруулахаар хамаатны эгч Р.М-д 500.000 төгрөг өгсөн. Мөнхзул эгч миний 500.000 төгрөгийг Б- гэж хэсгийн ахлагчдаа өгсөн гэж хэлсэн. 2018 оны 04 дүгээр сард Б-тэй 500.000 төгрөгөө авъя гэж уулзахад өгнөө гэж хэлж байсан. Би Б-ээс 14 хоног мөнгөө нэхэхэд өгнө ш дээ цалин буугаагүй байна гэж хэлдэг байсан. Сүүлдээ би чи дээрээ тулаад би ямар чиний мөнгийг ямар өөрөө авсан биш хүнээс авч өгнө ш дээ гэж хэлсэн. Чи хэнд өгсөн юм тэр хүнтэй чинь уулзъя гэхэд хэлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21,22 дугаар хуудас/,
-Хохирогч Д.Н-гийн: “...Би өөрийн хүү болох 3 настай Дөлгөөнмөрөнг улсын цэцэрлэгт оруулъя гэж бодож байсан. Нэг хашаанд байдаг эгч Мөнхзул эгч надад Б- улсын цэцэрлэгт хүүхэд 500.000 төгрөгөөр оруулна оруулах хүүхэд байна уу гэж асуусан гэж хэлсэн. Тэгэхээр нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөртөө байсан 470.000 төгрөг дээр үлдсэн 30.000 төгрөгийг Мөнхзул эгчээс аваад 500.000 төгрөг болгож Мөнхзул эгчид өгсөн. Мөнхзул Б- рүү ярьсан чинь мал эмнэлэг дээр байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Мөнхзул эгч Б-т канверттэй зүйл болон манай хүүхдийн бичиг баримтыг бас хуулбарлаж авсан байсан. Гэхдээ канвертан дотор юу байгааг мэдэх боломжгүй алсаас харж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25,26 дугаар хуудас/,
-Гэрч Р.М-ын: “...2017 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны хэсгийн ахлагч Б- надад 500.000 төгрөгөөр хүүхэд улсын цэцэрлэгт оруулах хүн байна уу гэж асуухаар нь Ганчимэг, Нарантуяа гэх танилууддаа хэлэхэд тэр 2 зөвшөөрсөн. Ганчимэг надад манай ажил дээр 500.000 төгрөг авчирч өгсөн. Нарантуяа өөрийнхөө гэрт надад өгсөн. Тэгээд би тухайн 1 сая төгрөгийг бичиг баримтын хуулбарын хамт Б-ийн гэрийнх нь гадаа аваачиж өгсөн. Ажил дээрээ өгөх гэсэн боловч Б- энд авч болохгүй гэж надад хэлсэн. 2018 оны 06 дугаар сарын эхээр Б-ийн гэрт нь очиход эхнэр нь байсан тэгэхээр нь болсон явдалаа хэлэхэд Билгээ надад ийм зүйл ярьсан гэхдээ мөнгийг Эрдэнэмөнх гэдэг хүнд өгсөн гэж хэлсэн. Намайг өгдөг газраа өгөөд мөнгөө олж аваарай гэсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 27-29,30 дугаар хуудас/,
-Гэрч Т.Бямбахоролын: “...Б- гэж хэсгийн ахлагчийг танина Б- надтай хүүхэд оруулах гэсэн юм гэж нэг ч удаа уулзаж байгаагүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
-Гэрч Г.Эрдэнэмөнхийн: “...Манай хороонд шинээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн Поророгийн найзууд нэртэй цэцэрлэг байгуулагдаад хорооноос хүүхэд авъя гэж хүсэлт ирсэн. Зорилтот бүлгийн 20 хүүхдийн нэр өгсөн. Уг цэцэрлэг ямар ч үнэгүй 20 хүүхэд авъя гэж нэрс авч байсан. Б- надаас хүүхэд гуйгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/
Р.М-, Г.Б-нараас нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Яллагдагч Г.Б-ийн: “...2017 оны 08 дугаар сард манай ажлын газрын хэсгийн ахлагч Мөнхзул нэг хүүхэд 35 дугаар цэцэрлэгт оруулаад өгөөч гэж гуйсан. Тэгээд би тухайн хүүхдийг цэцэрлэгт оруулж өгөхөөр 35 дугаар цэцэрлэгийн эрхлэгчтэй нь уулзсан чинь тухайн хүүхдийн ээж нь цэцэрлэг дээр очоод ажилчдыг нь хэл амаар доромжлоод манай хүүхдийг авсангүй гэсэн гээд авахгүй гэсэн. Тэгээд засаг дарга Эрдэнэмөнхөөс асууж байгаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байх Пороро цэцэрлэгт зарын самбарыг нь харж байгаад утас руу нь залгаж оруулсан. Би Мөнхзулаас мөнгө аваагүй. Мөнхзул надаас гуйгаад байсан тэгээд хамт ажилладаг байсан юм. Урд өмнө нь хүүхэд цэцэрлэгт оруулж байгаагүй. Миний хариуцсан газарт 35 дугаар цэцэрлэг ордог юм тэгээд хэсгийн ахлагч учраас 35 дугаар цэцэрлэгт оруулахаар болж гуйсан юм... би 2017 оны 08 дугаар сарын сүүлээр санагдаж байна өдрийг нь тодорхой сайн санахгүй байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 32 дугаар сургуулийн ойролцоо Мөнхзултай уулзаад 1.000.000 төгрөгийг бэлнээр авсан юм. С.Г-, Д.Н- нарын хүүхдүүдийг цэцэрлэгт оруулж өгнө гэх нэрийдлээр 1.000.000 төгрөг бэлнээр авсан.Улсын цэцэрлэгт оруулж өгч чадаагүй, хоёулангийнх нь хүүхдийг нь хувийн цэцэрлэгт оруулж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 35,46 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 59 дүгээр хуудас/,
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 50 дугаар хуудас/
-Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/
-Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/
-Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийн лавлагаа /хх-ийн 57 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Г.Б-нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутагт “Улсын цэцэрлэгт хүүхэд 500.000 төгрөгөөр оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Р.М-аар дамжуулж С.Г-, Д.Н- нараас тус бүр 500.000 төгрөг нийт 1.000.000 сая төгрөг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч С.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 19-21,22 дугаар хуудас/, хохирогч Д.Н-гийн мэдүүлэг /хх-ийн 23-25,26 дугаар хуудас/, гэрч Р.М-ын мэдүүлэг /хх-ийн 27-29,30 дугаар хуудас/, гэрч Т.Бямбахоролын мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч Г.Эрдэнэмөнхийн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/, гэрчүүдийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Б-ийн бусдыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилан авч хувьдаа захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Г.Б-ийг бусдыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал
Шүүгдэгч Г.Б-нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирогч С.Г-ийн 500.000 төгрөг, хохирогч Д.Н-гийн 500.000 төгрөгийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Шүүх шүүгдэгч Г.Б-тэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б-нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б- овогт Г-ийн Б-ийг бусдыг хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-ийг 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б-нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Б-нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Б-ээс 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Г-т, 500.000 төгрөгийг гаргуулж Д.Н-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээрзүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Г.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ