Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/01692

 

2023 09 01 210/МА2023/01692

 

Япон улсын иргэн И-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/02271 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Япон улсын иргэн И-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч Ц, Л, И.О нарт холбогдох, худал мэдээлэл тарааж, нэр төр гутаасан болохыг тогтоолгож, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч И.О-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г, хариуцагч И.О, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ц, Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Япон улсын иргэн И 2011 оноос хойш Х ХХК-аар дамжуулан Япон улсаас хүнсний бүтээгдэхүүн импортолж Монгол улсад худалдаалах үйл ажиллагаа явуулж байсан. 2021 оны 03 сарын 29-ний өдөр Л сайтаар ...Япон улсын иргэн, Монгол улсын иргэнд ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг, хөдөлмөрийн мөлжлөг хийдэг, хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүн оруулж ирж зардаг... гэсэн утга бүхий мэдээ цацагдсан. Энэхүү мэдээ нь ямар ч эх сурвалж, нотлох баримтад үндэслээгүй. Мөн 2021 оны 04 сарын 01-ний өдөр Ц сайтаар ...И ажлын байрны бэлгийн дарамт учруулж, залуу охидыг Япон хүмүүст зуучилдаг... гэх сэтгэгдэл төрүүлэхүйц нийтлэл мэдээллийг цацаж худал мэдээ, мэдээлэл гаргасан. Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс ажлын байрны бэлгийн дарамт учруулж байсан эсэхийг шалгаад зөрчлийн хэргийн шинжгүй болон бусад холбогдох байгууллагаар буруугүй гэдэг нь нотлогдсон. Иймд И.О болон худал мэдээлэл тараасан сайтуудыг үндэслэлгүй худал мэдээлэл тарааж, нэр төр гутаасан болохыг тогтоолгож, тараасан аргаараа залруулахыг даалгах хүсэлттэй байна гэжээ.

 

2.   Хариуцагч И.О хариу тайлбартаа: Миний бие Х ХХК-д 2012 оны 09 сард бараа борлуулагчаар ажилд орсон. И цалингаа бэлнээр олгодог, нийгмийн даатгал төлдөггүй байсан. Миний цалингаас үндэслэлгүйгээр суутгадаг, гадуур гарах болгондоо намайг дуудаж ирэхгүй бол дараа нь ажил дээр дарамталдаг. 2018 онд Япон улсаас И ажлыг шалгахаар Т гэх хүн ирээд ажлын охидыг дуудаж, архи согтууруулах ундаагаар шахаж, үүний дараагаар хамт олноороо ресторанд үйл ажиллагаа зохион байгуулж, гарын бэлэг тараахад И надад бэлгийн дарамт үзүүлж үнсэхээр дайрахад бэлгийг нь авахгүй холдоод явах үед араас ирээд намайг өвдөглөсөн. Залуу охидыг хоолонд оруулах нэрийдлээр дуудаж, эсвэл машиндаа дуудаж бэлгийн дарамт үзүүлдэг байсан. Миний тайлбарлаж буй ажилчдад ажлын байрны бэлгийн дарамт учруулж, цалин мөнгийг хасаж, өгөхгүй хохирол учруулдаг талаарх ярьсан мэдүүлэг бүгд баримттай, хэрэгт авагдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагч Ц тайлбартаа: Ц сайт өөрийн сайн дурын үндсэн дээр мэдээллийг тараагаагүй, иргэн И.О өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа талаарх мэдээлэл өгсөн. Иймд Ц сайтад холбогдуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.   Хариуцагч Л тайлбартаа: Манайх энэ хэрэгт хариуцагч биш, хариуцагч И.О-ийн яриаг дамжуулсан гуравдагч этгээд юм. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд зааснаар И.О-ийн яриа нь үнэн зөв эсэхийг нягталж байж нэвтрүүлэх хууль зүйн зохицуулалт байхгүй тул шүүх хуралд оролцохоос татгалзаж байна гэжээ.

 

5.   Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Япон улсын иргэн И нэр төрөө сэргээлгэхээр гомдол гаргасан нь зүй ёсны хэрэг боловч Монгол улсын хууль тогтоомжийг үл ойшоож, ажилчидаа хүндэлдэггүй нь харагдлаа. Хариуцагч И.О-ийн ёс зүй, харилцаа, хандлага тааруухан байна. И.О хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

6.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч И.О нь Л сайт, Ц сайтаар ярилцлага өгч, нэхэмжлэгчийн нэр төрийг гутаасан болохыг тогтоож, мэдээллийг тараасан хэлбэр болох сайтаар дамжуулан няцаалт хийхийг хариуцагч И.О-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Ц, Л мэдээллийн сайтад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийн 70,200 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч И.О-с улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

7.   Хариуцагч И.О давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

7.1. Нэхэмжпэлийн шаардлагын үндэслэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж бичсэн байхад иргэний шүүх нэр төр гутаасан иргэний хэрэг гэж хүлээн авсан нь учир дутагдалтай болжээ. Нэхэмжлэгч И нь нэр төр гутаасан гэж байгаа боловч нэр төр нь хэрхэн гутаагдсан талаараа нэхэмжлэлдээ тодорхой бичээгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт хуульд заасан шаардлага хангаагүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь үндэслэлгүй.

7.2. Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас 2 удаа хэрэг бүртгэлтийн хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан байтал шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн үндэслэлтэй байсан. И нь И.О гэдэг хүнийг ингэж эрүүгийн болон иргэний шүүхээр дахин дахин шалгуулах, хүний эрхийг зөрчих хуулийн үндэслэл байхгүй. Үүгээрээ И.О-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна.

7.3. Шүүх шийдвэрийн үндэслэл хэт товч, агуулга ойлгомжгүй, хуулийн шаардлага хангаагүй байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байх ёстой. Хариуцагч И.О-ийн анхан шатны шүүх дээр хэлсэн Т гэдэг хүний нэрийг шийдвэр дээр П гэж буруу бичсэн, мөн И.О-ийн хэлсэн зүйлийн утгыг буруу бичсэн, И нь хугацаа дууссан бүтээгдэхүүн зарсан хэргээр эрүүгийн хариуцлага хүлээгээд Өршөөлийн хуулиар цагаатсан гэж хэргийн материалд байхгүй, огт хэлээгүй зүйлийг шийдвэр дээр бичсэн байна. Хариуцагч Ц, Л сайт гэж бичсэн боловч хэн гэдэг, ямар хүн оролцсон, юу хэлсэн нь тодорхойгүй байна.

7.4. И.О-ийн өмгөөлөгч болох X.О-ийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, хууль ёсны эрхийг ноцтой зөрчсөн. Миний өмгөөлөгч Д.Ц энэ шүүх хуралдаанд оролцсон боловч хэлсэн үг, хийсэн өмгөөлөл, нотлох баримтын талаар ярьсан зүйл шийдвэрт огт тусгагдаагүй, шүүхэд нотлох баримтаар оруулах санал гаргаж хийлгэсэн болон бусад нотлох баримтуудад шүүх няцаасан дүгнэлт огт хийгээгүй, хэт нэг талыг барьсан, ашиг сонирхолын зөрчил гаргасан гэж үзэхээр байна.

7.5. И өмгөөлөгч н.Г, нягтлан Ө.Г, менежер Э.Ц гэсэн нэр бүхий хүмүүс И.О-ийн өмгөөлөгч X.О-ийн баруун 4 замд байрлах оффист ирж уулзан таны хохирлыг барагдуулж өгье гээд хохирлын хэмжээ хэдэн төгрөг нэхэмжилж байгаагаа шуудангаар явуулахыг хуссэн. Улмаар И.О өмгөөлөгч X.О нар нэхэмжлэлээ өөрийнх нь хүсэлтийн дагуу явуулсныг одоо буруугаар ашиглан шантаажилсан гэж хэлж. Түүнчлэн, уг хэрэг 2022 оны 04 сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш 2023 оны 05 сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд шүүх хуралдаан нийт 12 удаа хойшилсон нь хэрэг хянан шийдвэрлэх хууль ноцтой зөрчсөн байна.

Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Бусдын нэр төрд халдсан этгээд тухайн бодит байдлыг нотлох үүрэгтэй. Гэвч хариуцагч холбогдох мэдээллийн сайтуудаар И талаар мэдээлсэн үйл баримтыг нотлоогүй. Прокурорын тогтоолоор И.О-ийн гаргасан үйлдэл нь худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Худал мэдээлэл тараах гэмт хэрэг болон бусдын нэр төрд халдах нь хоёр тусдаа харилцаа юм. Гэрч З.П-ийн мэдүүлэг нь дамжмал нотлох баримт буюу нотлох баримтын шаардлага хангахгүй. Учир нь И.О-с сонссон зүйлийг мэдүүлсэн. Мөн өөр этгээдүүдтэй харилцсан цахим харилцааг нотлох баримтаар үнэлэх боломжгүй бөгөөд И.О өөрөө фейсбүүк хаяг нээж харилцсан ч байж болох юм. Нэхэмжлэгч И хариуцагчийн болон бусдын эрхийг зөрчсөн гэх мэдээлэл тараасан боловч тус үйл баримтыг нотлоогүй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2.  Япон Улсын иргэн И нь худал мэдээлэл тарааж, нэр төр гутаасан болохыг тогтоолгож, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг даалгах тухай нэхэмжлэлийг И.О-д холбогдуулан анх гаргаж /1хх 1-2, 55/, улмаар хамтран хариуцагчаар Ц, Л цахим хуудсыг тодорхойлсон байна. /1хх 58, 60/

3.  Анхан шатны шүүх Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан ...өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, ... нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, ... зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэсэн зохицуулалтыг анхаараагүй байна.

Ц, Л нь цахим хуудасны оноосон нэр буюу шүүхэд хариуцагч байж чадахгүй болох нь тодорхой байхад анхан шатны шүүх дээрх Ц, Л цахим хуудаст холбогдуулан ажиллагаа хийсэн нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан үндэслэлээр Ц, Л цахим хуудаст холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл хариуцагчаа зөв тодорхойлсон эсэхийг нэхэмжлэгчээс тодруулах боломжтой байжээ.

4.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л цахим хуудсыг Н ХХК, Ц цахим хуудсыг В ХХК тус тус эрхэлдэг болох нь тогтоогдсон. /1хх 110-111, 113/

Энэ тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар солих боломжтой тухай тайлбарлах боломжтой байсан гэж үзнэ.

5.  Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулж байгаагийн хувьд дээрх байдлаар ажиллагааг зөвтгөх боломжтой байтал зөвтгөөгүй атлаа ...Л, Ц сайтууд нь хариуцагчаар оролцох иргэний эрх зүйн чадваргүй... гэж дүгнэн тэдгээрт холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

6.  Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдагдсан зүйлүүд аль нь Япон улсын иргэн И нэр төртэй холбоотой, аль нь түүний ажиллуулдаг гэх Х ХХК-ийн ажил хэргийн нэр хүндтэй холбоотой болохыг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

7.  Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасан тул хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/02271 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч И.О-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 сарын 20-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 Д.НЯМБАЗАР