Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 106

 

                                                                  Д.Ж-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын тогтоол, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 159 дүгээр магадлалтай Д.Ж-т холбогдох 4/131 дугаартай хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

42 настай, Архангай аймгийн Чулуут сумын 4 дүгээр баг, ам бүл 8, ард монгол, лам, хөрөнгө гэр, хашаа байшин, бод 100 шахам, маарамба мяндагтай, гэвхүй тушаалтай, төвд ном мэднэ, эм барих ба хурал номын ажилтай, гадаадад явж байгаагүй, ял шийтгэлгүй, Хан-Өндрийн хүрээнд сууж байсан Д овогтой Ж нь

“Лам нарын төв” хэмээх эсэргүү байгууллагад 1936 онд элсэгдсэн идэвхтэй гишүүн, мөн хэргийн бэлтгэл хөрөнгөд өөрийн хөрөнгийг бүрэн тушаасан, эсэргүү цуурхлыг тарааж байсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын тогтоолоор шийтгэгдсэн Д-ын Ж нарын 216 хүнд холбогдох хэргийг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр бичсэн 2/186 тоот эсэргүүцлээр хянаад Бүгд Найрамдах Монгол Ард Улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 159 дүгээр магадлалаар 216 хүнд холбогдох хэсгийг хүчингүй болгон, тэднийг цагаатгасан байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Д.Ж-ыг “Лам нарын төв” хэмээх эсэргүү байгууллагад элсэж, цуурхал тараасан гэх улс төрийн хэрэгт холбогдуулан байцааж байгаад ялын төлөвлөгөө үйлдэхдээ түүний нэрийг “Д-ын Ж” гэж бичсэнээс болж, Д-ын Ж-ыг Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын тогтоолоор буудан алах ялаар хилсээр шийтгэсэн, улмаар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн 1993 оны 06 дугаар сарын 01-ний өдөр бичсэн 2/186 тоот эсэргүүцлийн дагуу хянаад, Монгол Улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 159 дүгээр магадлалаар “Д-ын Ж” гэсэн нэрээр цагаатгасан болох, Д-ын Ж, Д-ын Ж нь нэг хүн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Д-ын Ж, Ш-ын Т, Б-ын Л, М-н Ө У-ийн Ч нарын 6 хүнд холбогдох ц-7147 дугаартай хэрэгт Д-ын Ж-ыг 1938 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Дотоод явдлын яамны албан хаагч Г дайчлан баривчилсан тогтоол /хэргийн 1-р хуудас/.

2. 1938 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төлөөлөгч С төлөвлөж, хэлтсийн дарга Б баталсан лам Ж-ыг хорих тогтоол /хэргийн 2-р хуудас/.

3. Дотоод явдлын яамны Архангай аймаг дахь хэлтсийн ажилтан Г, У нараас 1938 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр эд хогшлыг нэгжсэн актад: овог Д, нэр Ж-ын эд зүйлүүдийг нэгжин дансалж авсан гэж бичжээ. Актын төгсгөлд суулцсан Д, Т, Ц нар гээд эл данслуулсан зүйлүүдийг нуун дарагдуулсан бол үүнд ял төлмой хэмээн нэгжүүлсэн гээд төвдөөр /Ж/ гэж бичсэн акт /хэргийн 3-4-р хуудас/.

4. 1938 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн мэдүүлгийн биеийн байцаалтын хэсэгт: нэр Ж, овог Д, ам бүл 8 /нэрсийг нь бичээгүй/, ард монгол, лам, хөрөнгө гэр, хашаа, байшин, бод 100 шахам, маарамба, гэсхүй тушаалтай, төвд ном мэднэ, эм барих ба хурал номын ажилтай, гадаадад явж байгаагүй, урьд ял шийтгүүлж байгаагүй. Баригдахын өмнө Хан-Өндрийн хүрээнд байсан. Төвдөөр гарын үсэг зурсан /хэргийн 7-10-р хуудас/.

5. Дотоод явдлын яамны Архангай аймаг дахь хэлтсийн дарга, энхжүүлэгч Б-ын баталсан ялын төлөвлөгөөнд: Бүгд найрамдах Монгол Ард Улсын Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн лам Жанчивын биеийг мөрдөн байцаасан 126 тоот хэргийг хянан үзэхэд: ... Өдүүлсэн хэрэг нь: “Лам нарын төв” хэмээх эсэргүү байгууллагад 36 онд ...-нд элсэгдсэн идэвхтэй гишүүн. Мөн хэргийн бэлтгэл хөрөнгөд өөрийн хөрөнгийг бүрэн тушаасан, эсэргүү цуурхлыг тарааж байсан зэргүүд нь тус улсын Шүүх цаазын бичгийн 43, 47, 48 дугаар зүйлд заасан ёсоор яллагдмой. Иймд хэрэгтэн лам Ж-ын байцаалтын хэргийг дууссанд үзэж, уг хэргийг харьяат Дотоод явдлын яамны дэргэдэх Онцгой бүрэн эрхт тусгай комиссын эрх мэдлийн дор шилжүүлэн шийтгүүлэх саналыг төлөвлөв гэх баримт. /хэргийн 11-14-р хуудас/.

6. Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын тогтоол /2 дугаар дэвтэр, /15726-16401/-д хийсэн үзлэгээр. 135 дугаар хуудасны 16008 дугаарт: ард олны дотор эсэргүү цуурхлыг хүчтэйгээр тарааж байсан Д-ын Ж, нас 42, Архангай аймгийн Чулуут сум, бод 100 шахам, гэр, хашаа, байшин нэжгээд, маарамба мяндагтай, гэвхүй тушаалтай, эм барих, ялгүй, Хан-Өндөрийн хүрээнд сууж байсан, хэргээ хүлээсэн.

Өдүүлсэн хэрэг нь “Лам нарын төв” хэмээх эсэргүү байгууллагад 36 онд ...-нд элсэгдсэн идэвхтэй гишүүн. Мөн хэргийн бэлтгэл хөрөнгөд өөрийн хөрөнгийг бүрэн тушаасан, эсэргүү цуурхлыг тарааж байсан гээд доор нь мөн буудах  гэж гараар бичсэн баримт. /хэргийн 23, 30, 31-р хуудас/.

Мөн тогтоолын 16009 дугаарт: Шагдарын Тогтох, нас 65, Архангай аймгийн Буянтцагаан гол сум /энэ хэргийн/, 16010 дугаарт: Д-ын Н, нас 55, Архангай аймгийн Бүрд сум гэж бичигдсэн байна.

7. Монгол Улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 159 дүгээр магадлалын 87. Мөн аймгийн Чулуут сум, 42 настай, халх, маарамба, Д-ын Ж гэсэн нэрээр цагаатгасан байна /хэргийн 10-р хуудасны ар тал/.

Тус магадлалын 77-д энэ хэргийн У-ийн Ч /Архангай аймгийн Хотонт сум, 52 настай, халх, маарамба/, 79-д энэ хэргийн Б-ын Л /мөн аймгийн Хашаат сум, 35 настай, халх, гавж/, 89-д энэ хэргийн Ш-ын Т / Архангай аймгийн Буянтцагаан гол сум, 65 настай, халх, гавж/, 90-д Д-ын Н, нас 55, Архангай аймгийн Бүрд сум, 55 настай, халх, гавж/ гэж бичигдэж цагаатгагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг /... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн .../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Мөрдөн байцаалтын шатанд баривчлагдан, хоригдож байцаагдсан Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Д-ын Ж ял төлөвлөхдөө Д-ын Ж гэж буруу бичсэнээс болж, Д-ын Ж гэсэн нэрээр шийтгэгдэж, цагаатгагдсан нэрийг өөрчлөн зөвтгөх шаардлагатай байх тул Монгол Улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1993 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 159 дүгээр магадлалын 87. Мөн аймгийн Чулуут сум, 42 настай, халх, маарамба, Д-ын Ж гэсэн нэрийг Д-ын Ж болгон өөрчлүүлэхээр Ц-7147 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын дүгнэлт бичив гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр хурлын тогтоолоор буудан алах ял шийтгүүлсэн Архангай аймгийн Чулуут сумын 4 дүгээр багийн иргэн, Хан-Өндрийн хүрээнд шавилан сууж байсан Д овогтой Ж холбогдох хэргийг Бүгд Найрамдах Монгол Ард улсын дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хурлаар 1993 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэж 159 дүгээр магадлалаар дээрх тогтоолын түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгон, цагаатгаж, хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 2-ыг баримтлан хэрэгсэхгүй болгожээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ хяналтын шатны шүүх нь магадлалын удиртгал хэсгийн 87-д Д овогтой Ж-ын нэрийг Д-ын Ж гэж буруу бичсэн болох нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээн шалгасан мөрдөн байцаалтын 4/131 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлон тогтоогдсон байх бөгөөд үүнд хамааралтай, ач холбогдолтой баримтат мэдээллийн талаар Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/01 дугаар дүгнэлтэд тодорхой тусгасан байна.

Иймд Д.Ж-ын нэрийг зөвтгүүлсэн өөрчлөлтийг дээрх магадлалд оруулах талаар бичсэн прокурорын дүгнэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 159 дүгээр магадлалын удиртгал хэсгийн 87-д “...Д-ын Ж” гэснийг “...Д-ын Ж” гэж зөвтгөн өөрчилсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН