Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/0007

 

“Х банк” ХХК дахь Банкны эрх

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Багануур дүүрэг дэх

Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн

хяналтын улсын байцаагчид холбогдох

захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   Д.Мөнхтуяа

Танхимын тэргүүн: Ч.Тунгалаг

Шүүгчид:                 Х.Батсүрэн

                                 П.Соёл-Эрдэнэ        

Илтгэгч шүүгч:         Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2021/0365 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 552 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагч Н.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Нэхэмжлэгч “Х банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан “барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-265/206 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, дахин шинжилгээ хийж дүгнэлт гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хэргийн нөхцөл байдал:

2. “М д” ХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу Багануур дүүргийн 3 дугаар хороо үйлдвэрийн хэсэгт байрлалтай “М м” ХХК-ийн мах бэлтгэх үйлдвэрийн барилгад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Б төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-265/206 дугаар дүгнэлтийг гаргажээ.

- “М д” ХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/1864 дүгээр албан бичгээр “... 02-07-265/206 албан тоотод барилгын төлөв байдлын тухай дүгнэхдээ “М м” ХХК-ийн “... барилгын дээврийн бин битүү байдал алдагдсан ...” гэж тодорхойлсон байна. Мөн тус газрын 02-03/5060 албан тоотод “Барилгын “А”, “В” хэсгийн дээврийн ашиглалтын явцад нэмж хийсэн хучлагыг барилын норм ба дүрмийн шаардлагын дагуу хийгээгүй ...” талаар дурдсаныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг “Х банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид мэдэгдсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2021/0365 дугаар шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-265/206 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, дахин шинжилгээ хийж дүгнэлт гаргахыг даалгах” тухай “Х банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал:

4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 552 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн хяналт шалгалтын утхай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.10, Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар “Х банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг хангаж, Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-265/206 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

5. Гуравдагч этгээд “М” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргажээ. Үүнд:

5.1. “... анхан болон давж заалдах шатны шүүх зохих хуулиудыг өөрөөр тайлбарлан хэрэглэж энэхүү хэргийг шийдвэрлэсэн.

Давж заалдах шатны шүүхээс тус хэргийг шийдвэрлэхдээ хэд хэдэн үндэслэлгүй дүгнэлтийг өгч, хуулийг буруу хэрэглэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн болно. Тодруулбал,

“... хариуцагч улсын байцаагч нь ... даатгалын тохиолдол мөн эсэхтэй холбоотой дүгнэлт гаргажээ ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тухайд:

“М” ХК болон “Х банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан “Даатгалын гэрээ”-ний 9 дүгээр зүйлийн 9.1.5 дахь хэсэгт “шаардлагатай тохиолдолд мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолтыг үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг олгоно” хэмээн заасан.

Дээрх даатгалын гэрээгээр талууд “Б м м” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө болох барилгыг даатгалын зүйл байхаар тохиролцсон бөгөөд даатгалын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхдээ шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэх эрх нь даатгагчид олгогдсон.

Манай компанийн зүгээс нэхэмжлэгчийн даатгалын нөхөн төлбөр авах хүсэлтийг хүлээж аваад даатгалын нөхөн төблөрийн асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн байгууллага буюу барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт зайлшгүй шаардлагатай гэж үзэж Мэргэжлийн хяналтын газарт барилгын төлөв байдлын талаар дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргаж, тус хүсэлтийн дагуу барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-265/206 дугаар дүгнэлт гарсан.

5.2. Тус дүгнэлтийг улсын байцаагч хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ”, 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэж тус тус заасны дагуу “М д” ХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу улсын байцаагч нь эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус шалгалтыг хийсэн.

5.3 Ийнхүү хяналт шалгалтыг хийхдээ хариуцагч улсын байцаагч нь өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд буюу Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4 дэх хэсэгт заасан “барилга байгууламжийн ашиглалтад” хяналт шалгалт хийх эрхийнхээ хүрээнд хяналт шалгалтыг хийж дүгнэлт гаргасан. Улсын байцаагчийн дүгнэлтэд даатгалын тохиолдол үүссэн эсэх, даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл байгаа эсэх талаар огт дурдаагүй бөгөөд зөвхөн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд барилгын төлөв байдал, ашиглалтад буюу хяналт шалгалт хийх тухайн цаг үед маргаан бүхий барилга ямар шинж чанар, нөхцөл байдалтай байсан талаар бодит дүгнэлтийг өгсөн.

5.4. Гэтэл давж заалдах шатны шүүхээс улсын байцаагч дүгнэлтдээ даатгалын тохиолдлын талаар огт дурдаагүй, дүгнэлт өгөөгүй байхад улсын байцаагчийг даатгалын нөхөн төлбөрийн асуудлыг дүгнэлтээрээ шийдвэрлэсэн мэтээр тайлбарлаж, улсын байцаагч нь даатгалын гэрээний нэг тал болох “М д” ХК-ийн хүсэлтээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж дүгнэлт гаргаж байгаа нь иргэний эрх зүйн харилцааны асуудалд хөндлөнгөөс оролцсон явдал гэж дүгнэж байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээг буруу тодорхойлж, аж ахуйн нэгжийн төрийн эрх бүхий байгууллагаас дэмжлэг авах, хүсэх хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж байна.

5.5. “... даатгалын гэрээний нэг талын хүсэлтээр нөгөө талыг оролцуулалгүй дүгнэлт гаргасан нь зорилгодоо нийцээгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тухайд:

Хариуцагч улсын байцаагч нь “Б м м” ХХК-ийн мах бэлтгэх үйлдвэрийн дарга Т.Б-г байлцуулан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж дүгнэлтээ гаргасан байдаг. Т.Б нь тухайн үйлдвэрийн барилгыг хариуцан ажилладаг гэдэгт нэхэмжлэгч маргаагүй бөгөөд улсын байцаагчийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийг хариуцсан этгээдийг байлцуулан хяналт шалгалт хийснийг хууль зөрчсөн гэж үзэх боломлжгүй. Учир нь улсын байцаагч нь даатгалын тохиолдол бий болсон эсэхэд дүгнэлт өгөх зорилгоор хяналт шалгалтыг хийгээгүй, зөвхөн барилгын төлөв байдал, ашиглалтад хяналт шалгалт хийсэн учир даатгалын гэрээний нэг тал болох “Х банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн төлөөллийг байлцуулах шаардлагагүй байсан болно.

5.6. Ийнхүү барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-265/206 дугаар дүгнэлт нь хууль зөрчөөгүй, зорилгодоо нийцсэн, улсын байцаагчийн эрх хэмжээний хүрээнд гарсан тул 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 552 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 365 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

7. “Х банк” ХХК-ийг төлөөлж тус банк дахь Банкны эрх хүлээн авагч болон гуравдагч этгээд “Монгол даатгал” ХХК нар 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Б м м” ХХК-ийн мах бэлтгэх үйлдвэр, үйлдвэрийн тоног төхөөрөмж, хөрөнгийг даатгах” даатгалын гэрээг байгуулсан байна.

8. “М д” ХХК[1]-ийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 01/1227 дугаар албан бичгээр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт “... үйлдвэрийн барилгад борооны ус орсны улмаас дусаал гоожиж барилгад хохирол учирсан гэх тохиолдлыг шийдвэрлэхэд танай байгууллагын дүгнэлт шаардлагатай байх тул шалтгааныг тогтоож бидний ажилд тусална уу” гэх хүсэлтийг гаргажээ.

9. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-265/206 дугаар дүгнэлтээр “тус үйлдвэрийн барилгын дээврийн бин битүү байдал алдагдсанаас борооны ус дээврийн хавтан хооронд нэвчин орж дотор хана, таазын заслыг эвдсэн, дээврийн усны хаялга эвдэрснээс гадна фасадны өнгө үзэмж муудсан” гэж үзэн, “нэн даруй их засвар, дээврийн их засвар хийх, Барилгын тухай хуулийн 11.1.1 дэх заалтыг хангах” талаар дүгнэжээ.

10. “М д” ХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/1864 дүгээр албан бичгээр дээрх дүгнэлт болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02-03/5030 дугаар албан бичигт “Барилгын “А”, “В” хэсгийн дээврийн ашиглалтын явцад нэмж хийсэн хучлагыг барилгын норм ба дүрмийн шаардлагын дагуу хийгээгүй ...” талаар дурдсаныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.

11. Гуравдагч этгээдээс ийнхүү улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэл болгон нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хооронд байгуулсан даатгалын гэрээний тохиолдол үүсээгүй гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснээр уг акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шууд нөлөө үзүүлсэн байна.

Хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь:

- Даатгалын харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэхэд захиргааны байгууллага оролцох хууль зүйн боломжтой эсэх,

- Мэргэжлийн хяналтын байцаагч даатгалын гэрээний талуудын хүсэлтээр хяналт шалгалт хийх нь Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1-д заасан чиг үүрэгт хамаарах эсэх,

- Тухайн тохиолдлыг барилгын техникийн хяналт, эсхүл барилга байгууламжийн ашиглалтын хяналт гэж үзэх эсэх (Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3) тухай байна.

12. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1-д зааснаар “хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих” бүрэн эрхийг мэргэжлийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлэх бөгөөд мөн зүйлийн 10.10-т “Улсын байцаагчийн тодорхой бүрэн эрхийг захиргааны тухайн хяналтын хууль тогтоомжоор тогтооно” гэж заажээ.

13. Үүнээс үзвэл, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн бүрэн эрх нь хууль тогтоомж, журмын биелэлтэд хяналт тавихаар хязгаарлагдах бөгөөд тодорхой (салбарын) бүрэн эрхийг захиргааны тухайн хяналтын хууль тогтоомжоор олгох боломжтой боловч энэ нь дээрх ерөнхий хязгаарын хүрээнд байх зохицуулалттай байна.

14. Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Барилга байгууламжийн техникийн улсын хяналтыг барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ”, 47.2-т “Барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан чиг үүргээс гадна дараахь хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ” гэж тус тус зааж барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын хэрэгжүүлэх хяналт шалгалтын төрлийг жагсаан хуульчилжээ.

15. Хариуцагч барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан хяналт шалгалтын төрлүүдэд тухайлбал, уг хуулийн 47.2.4-т заасан “барилга байгууламжийн ашиглалтад” хийх хяналт шалгалтад хамаарна гэж үзэхээргүй байна.

16. Учир нь Барилгын тухай хуульд заасан хяналт шалгалтын төрлүүд нь барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны ажилд хяналт тавих, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх, ашиглалт, шинэчлэл, их засвар зэрэг цогц үйл ажиллагаа хууль тогтоомжоор тогтоосон стандарт, шаардлагад нийцсэн эсэхийг тогтоох хүрээгээр хязгаарлагдана.

17. Уг хуульд барилгад учирсан даатгалын тохиолдлыг тогтоох зорилгоор хяналт шалгалт хийх харилцааг зохицуулаагүй байна. Гэтэл маргаан бүхий дүгнэлт нь барилгын төлөв байдалд бус барилгад гарсан гэмтлийн шалтгааныг тогтоосон агуулгатай болжээ.

18. Энэ тохиолдолд хариуцагч Барилгын тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд барилга байгууламжийн ашиглалт холбогдох хууль тогтоомжид (норм, дүрэм, стандарт зэрэг) нийцэж байгаа эсэх талаар бус харин барилга байгууламжид гарсан гэмтлийн үндэслэл, шалтгааны талаар дүгнэлт гаргасан нь өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

19. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Даатгалын нөхөн төлбөрийг дараахь баримтыг үндэслэн олгоно”, 8.4.4-д “шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт” гэж тус тус заажээ.

20. Нэхэмжлэгч гуравдагч этгээдийн хооронд байгуулсан даатгалын гэрээнд “шаардлагатай тохиолдолд мэргэжлийн холбогдох байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт”-ыг үндэслэн нөхөн төлбөрийг олгохоор заасны дагуу гуравдагч этгээдээс хариуцагчид хүсэлт гаргасан гэх боловч энэхүү үндэслэл нь захиргааны байгууллагад хууль тогтоомжоор олгогдсон хяналт шалгалт хийх бүрэн эрхийн хүрээнд хамаарах эсэхийг тодорхойлох нь зүйтэй байжээ.

21. Дээрх “холбогдох мэргэжлийн байгууллага” гэдэгт барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хамаарахгүй гэж үзэхээр байна. Учир нь Төрийн хяналт шалгалтын тухай болон Барилгын тухай хуульд зааснаар барилга байгууламжид гарсан аливаа гэмтлийн шалтгааны талаар даатгалын тохиолдлыг шийдвэрлэх үүднээс дүгнэлт гаргах эрх хэмжээ барилгын техникийн хяналтын улсын байцаагчид олгогдоогүй байна.

22. Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4-т “барилга байгууламжийн ашиглалтад”, 47.2.7-д “барилга байгууламжийн нуралт, эвдрэл, өргөх байгууламжид гарсан ослын шалтгаанд” хяналт шалгалт хийх эрхийг барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад олгосон боловч энэ нь I) иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын даатгалын тохиолдлыг шийдвэрлэхэд аль нэг талын хүсэлтээр хяналт шалгалт хийх эрх олгосон заалт биш бөгөөд хяналт шалгалтын зорилго нь II) аливаа этгээдийн холбогдох норм, дүрэм, стандартыг зөрчсөн үйлдлээс шалтгаалан барилга байгууламжийн ашиглалтад сөргөөр нөлөөлсөн, нуралт, эвдрэл үүссэн зэрэг захиргааны хууль тогтоомжийн шаардлага хангахгүй болсон эсэхийг тогтоохоор хязгаарлагдана.

23. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд “... дүгнэлтэд даатгалын тохиолдол үүссэн эсэх, даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл байгаа эсэх талаар огт дурдаагүй бөгөөд зөвхөн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд барилгын төлөв байдал, ашиглалтад буюу хяналт шалгалт хийх тухайн цаг үед маргаан бүхий барилга ямар шинж чанар, нөхцөл байдалтай байсан талаар бодит дүгнэлтийг өгсөн” гэж дурдсан боловч маргаан бүхий дүгнэлтэд “дээврийн бин битүү байдал алдагдсанаас ...” гэж дурдагдсан нь барилгын гэмтлийн шалтгааны талаар заасан шинжтэй байхаас гадна, уг үндэслэлээр гуравдагч этгээд нөхөн төлбөр олгохоос татгалзсан зэргээс үзвэл уг дүгнэлт нь хоёр талын оролцож буй иргэний эрх зүйн харилцаанаас үүдсэн маргааныг шийдвэрлэхэд шууд нөлөөлөх шинжтэй байна.

24. Түүнчлэн, гуравдагч этгээдээс Мэргэжлийн хяналтын газарт гаргасан хүсэлтэд “... тохиолдлыг шийдвэрлэхэд танай байгууллагын дүгнэлт шаардлагатай байх тул шалтгааныг тогтоож бидний ажилд тусална уу” гэж дурдсан, дүгнэлтэд барилгын гэмтлийн “шалтгаан”-ы талаар тусгагдсан, энэхүү дүгнэлтийг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гаргасан гомдлын “... давж заалдах шатны шүүхээс улсын байцаагч дүгнэлтдээ даатгалын тохиолдлын талаар огт дурдаагүй, дүгнэлт өгөөгөгүй байхад улсын байцаагчийг даатгалын нөхөн төлбөрийн асуудлыг дүгнэлтээрээ шийдвэрлэсэн мэтээр тайлбарлаж, ... төрийн эрх бүхий байгууллагаас дэмжлэх авах, хүсэх хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж байна” гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй.

25. Нөгөө талаар, Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулна” гэж заасан байх бөгөөд тухайн гэрээтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлэхэд захиргааны байгууллага тэдгээрийн аль нэг талын хүсэлтээр оролцох боломжгүй иргэний эрх зүйн харилцаа байна.

26. Даатгалын тухай хуулиар даатгагч, даатгуулагчийн хооронд үүссэн гэрээний үүргийн биелэлтийн талаарх маргааныг урьдчилан шийдвэрлэх, гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр зохицуулсан гэж үзэхээр байна.

27. Маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан давж заалдах шатны шүүх эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 552 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “М д” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                  Х.БАТСҮРЭН

  П.СОЁЛ-ЭРДЭНЭ

  Ц.ЦОГТ

 

[1] Санхүүгийн Зохицуулах Хорооны 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 372 тоот тогтоолоор "М д" ХХК-ийг "Х Х" ХК-д нэгтгэх замаар өөрчлөн байгуулахыг зөвшөөрч, оноосон нэрийг "М д" ХК болгон өөрчлөхөөр болсон. www.mse.mn