Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 004

 

Х.Салтанатын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3з дугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух Ители овогт Хадысын Салтанатын нэхэмжлэлтэй, Өлгий сумын 3 дугаар багт оршин суух Жадик овогт Хомшыхын Дулатад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч Х.Салтанат, түүний өмгөөлөгч Т.Бахыт, хариуцагч Х.Дулат, түүний өмгөөлөгч К.Ержан, орчуулагч А.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Х.Дулатаас гэрлэлтээ цуцлуулах, охин Д.Жанеркег өөрийн асрамжид үлдээж, эцэг Х.Дулатаар тэжээн тэтгүүлэх, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 110 м.кв талбайтай өвлийн сууцыг газрын хамт, мөн эсгий гэр зэрэг эд хөрөнгөөс өөрт оногдох хувийг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Би Х.Дулаттай 1989 онд гэр бүл болж, 20 жил нэг гэрт амьдарсан. Энэ хугацаанд 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Х.Дулатын хувьд 1998 оноос эхлэн архи уусан. Би Х.Дулатыг архи уухаа болих байх гэж хүлээцтэй хандсан боловч архи уухаа зогсоогоогүй. Улмаар Х.Дулат бид хоёрын хооронд архины асуудлаас болж таарамжгүй харьцаа үүсэж, гэрлэлтээ цуцлуулахад хүрч, 2013 оны 6 дугаар сараас эхлэн тустай амьдарч байгаа. Х.Дулат нь өөр хүнтэй гэр бүл болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 2002 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Д.Жанеркег миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу гаргуулж, мөн бидний дундын өмч болох Өлгий сумын 3 дугаар багт байрлах 110 м/кв 5 өрөө байшин, 1100 м/кв газар болон 5 ханатай гэрийг гэр бүлийн гишүүдэд хувааж өгөхийг хүсэж байна. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Би Х.Салтанаттай 1989 онд гэр бүл болж, Баяннуур суманд амьдарч байгаад 1994 онд Өлгий суманд нүүж ирсэн. Аймгийн төвд байнгын ажлын байр олдохгүй, улирлын чанартай барилгын ажил хийдэг байсан. Барилгын ажил хийж өөр аймаг, сум руу явсан хойгуур эхнэр Х.Салтанат өөр хүнтэй эр эмийн харилцаатай болсноор бидний гэр бүлийн маргаан эхэлсэн. Бид цаашид нэг гэр бүл болж амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлахад татгалзах зүйл байхгүй. Харин миний эцэг, эхээс өвлүүлэн үлдээсэн эсгий гэр болон 5 өрөө байшин миний хуваарьт хөрөнгө учраас үүнийг гэр бүлийн бүх гишүүдэд хуваарилах боломжгүй. Миний хүүхдүүд болох Д.Ахерке, Д.Төнкерис, Д.Жанерке нарыг миний асрамжид үлдээж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр шийдвэрээр:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ители овогт Хадысын Салтанат Жадик овогт Хомшыхын Дулат нарын гэрлэлтийг цуцалсугай;

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 1990 оны 12 сарын 26-ны өдөр төрсөн Д.Нуржан, 1992 оны 01 сарын 12-ны өдөр төрсөн Д.Төнкерис, 2001 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн Д.Жанерке нарыг эх нь Х.Салтанатын асрамжид үлдээсүгэй;

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2001 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин Д.Жанеркег 11-16 нас/ суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Дулатаар тэжээн тэтгүүлсүгэй;

4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-д зааснаар Өлгий сумын 3-р багт байршилтай, 99 м.кв талбайтай, 5 өрөө амины орон сууцыг газрын хамт гэр бүлийн гишүүд болох Х.Салтанат, Д.Төнкерис, Д.Назерке, Д.Жанерке нараас гаргуулан хариуцагч Х.Дулатад олгож, гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс эсгий гэр 3000000 төгрөг, диван ор нэг ширхэг буюу 60000 төгрөг, телевизор нэг ширхэг буюу 180000 төгрөг, приставка нэг ширхэг буюу 180000 төгрөг, гал тогооны шүүгээ нэг ширхэг буюу 60000 төгрөг, хивс 2х3 харьцаатай нэг ширхэг буюу 30000 төгрөг, цахилгаан тэн нэг ширхэг буюу 30000 төгрөг,цахилгаан индүү нэг ширхэг буюу 80000 төгрөг, угаагуур нэг ширхэг буюу 30000 төгрөг, гал тогооны тавиур нэг ширхэг буюу 50000 төгрөг, хөлдөөгч нэг ширхэг буюу 300000 төгрөг, хивс 2х4 харьцаатай 3 ширхэг буюу 90000 төгрөг, төмөр ор 3 ширхэг буюу 180000 төгрөг, оёдлын машин нэг ширхэг буюу 25000 төгрөг, ус буцалгагч нэг ширхэг буюу 25000 төгрөг, цахилгаан тогоо нэг ширхэг буюу 35000 төгрөг, аяга 10 ширхэг буюу 30000 төгрөг, таваг 50 ширхэг буюу 100000 төгрөг, будаа агшаагч нэг ширхэг буюу 30000 төгрөг, том ширээ хоёр ширхэг буюу 80000 төгрөг, халаалтын зуух нэг ширхэг буюу 300000 төгрөг, хөргөгч /хятад/ нэг ширхэг буюу 450000 төгрөг, хултааз 45 метр буюу 202500 төгрөг, мухар сандал 4 ширхэг буюу 72000 төгрөг, ширдэг 6 ширхэг буюу 540000 төгрөг, аравч 2х4 харьцаатай нэг ширхэг буюу 200000 төгрөг, толь нэг ширхэг буюу 30000 төгрөг, телевизорын тавиур нэг ширхэг буюу 35000 төгрөгийн үнэтэй, нийт 6694500 төгрөгийн эд хөрөнгийг гэр бүлийн гишүүд Х.Салтанат, Д.Төнкерис, Д.Ахерке, Д.Жанерке нарт үлдээж, Х.Дулатаас эд хөрөнгийн зөрүү 3061100 төгрөгийг гаргуулан гэр бүлийн гишүүд Х.Салтанат, Д.Жанерке, Д.Назерке, Д.Төнкерис нарт олгосугай;

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Салтанатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Х.Дулатаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Салтанатад олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Өлгий сумын 3 дугаар багт байрлах 99 м/кв талбайтай, 5 өрөө амины орон сууцыг хариуцагч Х.Дулатад үлдээж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг байрыг 2000 онд бид хамтын хөдөлмөрөөр барьж хүүхдүүдийн хамт амьдарч байсан. Х.Дулат архи ууж, ажил хийхгүй, таарч тохирохгүй байсан учраас аргагүйн эрхэнд хүүхдүүдээ авч тусдаа амьдарсан. Байшинг Х.Дулатад шилжүүлж өгөөгүй. Одоо аавынхаа байшинд амьдарч байгаа, өөрийн гэсэн орон гэр байхгүй. Х.Дулат байшинд зохих байгууллагаар үнэлгээ хийлгэхдээ зах зээлд байхгүй доогуур үнэ болох 5.5 сая төгрөгөөр үнэлүүлсэн. Үндсэн хууль болон Иргэний хууль, Хүүхдийн эрхийн хамгаалах тухай хуульд зааснаар уг амины орон сууцыг нэхэмжлэгч надад үлдээж шийдвэрлэх нь зүй ёсны хэрэг юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Өлгий сумын 3 дугаар багт байршилтай, 99 м/кв талбайтай 5 өрөө амины орон сууцыг газрын хамт гэр бүлийн гишүүд болох Х.Салтанат, Д.Ахерке, Д.Төнкерис, Д.Жанерке нарт шилжүүлсүгэй гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр баталж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Маргаж буй байшин нь миний эцэг, эхээс надад өвлүүлж үлдээсэн байшин юм. Би Х.Салтанаттай гэр бүл болж уг байшинд амьдарч байсан. Х.Салтанат намайг ажилд явсан хойгуур өөр хүнтэй эр эмийн харьцаатай болж, улмаар тэр хүнтэйгээ амьдрахаар явсан. Би Х.Салтанатыг хөөж явуулаагүй бөгөөд өөрийн хүсэл, сонирхлын дагуу явсан. Х.Салтанат явахдаа бүх эд хогшлоо аваад явсан. Надад хоосон байшингаас өөр юу ч үлдээгүй. Уг байшингийн үнэлгээг мэргэжлийн үнэлгээчин хийсэн. Одоогоор Д.Жанерке Х.Салтанатын асрамжид байдаг бөгөөд Д.Төнкерис, Д.Ахерке нар насанд хүрсэн Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, Иргэний хууль, Гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна. Үүнд:

 

1. Нэхэмжлэгч Х.Салтанат нь хариуцагч Х.Дулатад холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, охин Д.Жанеркег өөрийн асрамжид үлдээж, эцэг Х.Дулатаар тэжээн тэтгүүлэх, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох 110 м.кв талбайтай өвлийн сууцыг газрын хамт, мөн эсгий гэр зэрэг эд хөрөнгөөс өөрт оногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт цугларсан баримтууд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзвэл, нэхэмжлэгч Х.Салтанат нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгээгүй байхад анхан шатны шүүх гэрлэгчдийн зарим эд хөрөнгийг (диван ор, телевизор, приставка, гал тогооны шүүгээ, хивс гэх мэт) гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөд тооцож, улмаар гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг тодорхойлон, хувааж шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д заасан Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана. гэсэн журмыг зөрчсөн байна.

Гэрлэгчдийн хооронд дээр дурдсан эд хөрөнгийн талаар маргаан байгаа эсэхийг шүүх тодруулаагүй атлаа Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6.-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.3.-т заасан урьдчилсан нөхцлүүдийг анхаараагүй байна. Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл Х.Салтанат нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг Х.Салтанат, Х.Дулат, Д.Ахерке, Д.Жанерке, Д.Төнкерис, Д.Назерке зэрэг гэр бүлийн гишүүдэд хувааж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй.

 

Х.Салтанат, Х.Дулат нар нь Д.Ахерке, Д.Бижан, Д.Нуржан, Д.Төнкерис, Д.Жанерке гэсэн 5 хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар, төрсний гэрчилгээ, гэрлэгчдийн тайлбараар тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэрээр Д.Назерке-д гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваарилж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

 

Нэхэмжлэгч Х.Салтанат нь охин Д.Жанеркег өөрийн асрамжид үлдээж, эцэг Х.Дулатаар тэжээн тэтгүүлэхээр нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх гэрлэгчдийн насанд хүрсэн хүүхдүүд нь болох Д.Нуржан (анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцэх үед 25 нас 2 сартай), Д.Төнкерис (хэргийг хэлэлцэх үед 24 нас 2 сартай) нарыг эх Х.Салтанатын асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6.-д нийцээгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 63 дугаар зүйлийн 63.1.1, 64 дүгээр зүйлийн 64.1.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн агуулгаас үзвэл, хүүхдийг насны байдлаар нь (а) бага насны /14 нас хүрээгүй/, (б) насанд хүрээгүй /14-өөс 18 хүртэл насны/, (в) насанд хүрсэн гэж ангилах боломжтой ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6.-д заасан хүүхэд гэдэгт бага насны болоод насанд хүрээгүй хүүхэд хамаарахаар байна. Энэ нь Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-т заасан иргэний эрх зүйн бүрэн чадамж /насанд хүрснээр буюу 18 наснаас дээш/, 16 дугаар зүйлийн 16.1.-т заасан иргэний эрх зүйн бүрэн бус чадамж /16-аас 18 нас хүртэлх насны/, 17 дугаар зүйлийн 17.1.-т заасан иргэний эрх зүйн зарим чадамж /7-оос 14 насны/, 18 дугаар зүйлийн 18.1.-т заасан иргэний эрх зүйн чадамжгүй байдал /7 хүртэлх насны/-тай уялдаатай тайлбарлагдах бөгөөд шүүх энэ талаар анхаараагүй, гэрлэгчдийн хүүхдүүдийн насны байдлыг нарийвчлан тогтоохгүйгээр, насанд хүрсэн зарим хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн нь хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.

 

2. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүй байна. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримтаар (хэргийн 7 дугаар тал) өвлийн сууцыг хашаа, газрын хамт 12000000 төгрөгөөр үнэлэгджээ. Харин хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн амины орон сууцыг үнэлсэн тухай тайлангаар (хэргийн 25-27 дугаар тал) маргаж буй өвлийн сууц 5500000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

 

Дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзвэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан өвлийн сууц, газар зэрэг нь тус тусдаа үнэлэгдээгүй, ямар үнэлгээтэй эд хөрөнгө болох нь бодитой тогтоогдоогүй буюу тодорхойгүй байхад анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлд ... 5 өрөө амины орон сууцыг зах зээлийн үнэлгээгээр 5500000 төгрөгөөр үнэлэгдсэн... гэж дүгнэн, шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 дэх заалтаар уг амины орон сууцыг газрын хамт гэр бүлийн гишүүдэд хуваарилан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-т Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ... үнэлнэ. гэж заасан журмыг зөрчжээ.

 

Нэхэмжлэгчийн шаардлагад дурдагдсан, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцуулж, улмаар өөрт ногдох хэсгийг нь гаргуулахаар нэхэмжлэгчийн шаардсан эсгий гэр нь гэрлэгчид хамт амьдрах хугацаанд байсан эсэх, эсхүл бусдад худалдагдсан эсэх талаар талууд зөрүүтэй тайлбарлажээ. Тухайн эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн эсэх талаар бодитой тогтоогдоогүй байхад хариуцагчийн энэ талаар шүүхэд гаргасан Ш.Жакейн 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт-ыг анхан шатны шүүх үнэлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2.-т заасан журмыг зөрчсөн байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй ба нэхэмжлэгч Х.Салтанатын нотлох баримтын үнэлгээтэй холбоотой давж заалдах гомдлыг хүлээж авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж Х.Салтанатад буцаан олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж Х.Салтанатад буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

С.ӨМИРБЕК