Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 0019

 

 

  

   

 

 

 

 

 

Н.Адъяад холбогдох

захиргааны зөрчлийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

           Зөрчил гаргагч                                  Н.Адьяа

Нарийн бичгийн дарга                 Э.Цэнгүүн нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 47 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч гаргасан зөрчил гаргагч Н.Адъяагийн давж заалдах гомдлыг үндэслэн захиргааны зөрчлийн материалыг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Буянгийнхан овогт Нямсүрэнгийн Адъяа, 1975 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг, А хэсэг 7-10 тоотод оршин суух, ГЮ75100514 регистрийн дугаартай,

 Н.Адъяа нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж, ар гэртээ агсам тавьсан зөрчилд холбогджээ.

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 47 дугаартай шийтгэврээр:

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар Буянгынхан овогт Нямсүрэнгийн Адъяад 30 /гуч/ хоног баривчлах шийтгэл ногдуулж, шийтгэврийг нэн даруй биелүүлэхийг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгаж, Шийтгэврийн хувийг зөрчил гаргагч Н. Адъяад гардуулж, хугацааг баривчлах байранд очсон өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

     Зөрчил гаргагч Н.Адъяа давж заалдах гомдолдоо: “...Миний бие архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ар гэртээ агсам тавьсан зөрчил гаргасан. Манай ар гэр өвлийн хүйтэнд түлээ модоо аваагүй идэш хоолоо бэлдэх ажил байгааг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээр 30 хоног баривчлах арга хэмжээ авсныг багасгаж өгнө үү. Би дахин ийм зөрчил гаргахгүй байж чадна...” гэжээ.

 

Зөрчил гаргагч Н.Адъяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний ээжийн биеийн байдал муу байгаа би түүнийг асран хамгаалдаг юм. Би одоо ээжтэйгээ хамт амьдарч байна. Иймд хоногийг багасгаж өгнө үү... ” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Н.Адъяа нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг 6а-7-10 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр С.Булганчимэгийг хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүсгэн улмаар агсам тавьж, гэр бүлийн гишүүдийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан болох нь гомдол гаргагч С.Булганчимэг, зөрчил гаргагч Н.Адъяа нарын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүхээс Н.Адъяад ногдуулсан шийтгэл нь гаргасан зөрчил болон хувийн байдалд тохирсон бөгөөд түүний давж заалдах гомдлын үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул зөрчил гаргагчийн  " ...ар гэрийн байдлыг харгалзан үзэж хоногийг багасгаж өгнө үү... " гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил гаргагч Н.Адъяагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 47 дугаар шийтгэврийг хэвээр үлдээсүгэй.

2. Магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ё.БЯМБАЦЭРЭН

                                      

                                       ШҮҮГЧИД                                           З.ХОСБАЯР        

     

                                                                                                     С.УРАНЧИМЭГ