Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 74

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

шүүгдэгч Г.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт Г-ын М-д холбогдох 0000000000000  дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр  хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Шинэ жинст сумын 2 дугаар баг Уртын голд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х- овогт Г-ын М-

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.М- нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Г-” гэх газарт Н.М-г зодож эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Г.М-ас: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Н.М-гийн: “...2018 оны 09 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн үед би найз Нямдаваатай хамт мотоциклоор хониндоо явж байсан. Тэр үед нэг согтуу ах /М-/ таараад ахыгаа нэг хашаан дээр буулгаад өгчих гэхээр нь бид хоёр мотоциклдоо  сундалж буулгаад нэг үхрийн фермтэй хашаа дээр очиж буулгатал манай хашаа биш байна гэхээр нь бид хоёр хониндоо явах гээд яараад байна гэж хэлээд явсан. Тэгээд бид хоёр хонио хариулаад уулын цаанаас гарч ирээд гэрлүүгээ явж байх үед хашааны булан дээр буулгасан танихгүй ах гурван танихгүй хүнтэй хамт машин уначихсан бид хоёрыг дайрах шахсан. Тэгээд машинаас тэр залуучууд бууж иртэл хашааны булан дээр буулгадаг шар царайтай, намхан биетэй ах /М-/ та нар намайг ганцаараа гэж бодсон уу гээд миний зүүн талын шанаа руу толгойноос татаж ирээд өвдөглөсөн. Тэгээд мотоциклын жолоог нь түгжээд тогны утсыг нь таслаад мотоциклоо ач гэсэн бөгөөд намайг цохидог ах /М-/, нэг найзтайгаа нийлээд намайг зодсон бөгөөд нөгөө хоёр найз нь манай найз Нямдавааг зодсон. Дүгнэлт дээр тусгагдсан гэмтлүүдийг Нямдаваа бид хоёртой таараад үхрийн фермийн хашаа хүргүүлсэн ах  /М-/ миний толгойноос татаж өвдөгөөрөө баруун талын нүдрүү өвдөглөж учруулсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардал 182.000 төгрөг өгсөн. Би шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 25 дугаар хуудас/,

Гэрч У.Нямдаваагийн: “...2018 оны 09 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн үед М- бид хоёр хонио бэлчээрээс нь туугаад хашаа руугаа оруулж хаших гээд явж байх үед бид хоёрын өөдөөс машинтай 4 танихгүй согтуу залуучууд ирээд машинаасаа бууж ирээд бид хоёрыг шууд зодоод эхэлсэн. Би тэгээд зодуулж байгаад арай гэж зугтаад гэр лүүгээ явтал миний араас нэг залуу нь гүйж ирээд барьж аваад намайг зодсон ба миний мотоциклийн түлхүүрийг булааж аваад жолоог нь түгжээд, сэвчээний утсыг тасалсан ба жолооны хязгаарлагчийг эвдэлсэн. Тэгээд тэр залуучууд мотоциклыг нь ачаад явна гээд байсан. Тэгээд байж байтал Алтансүх гээд манай хажуу талын хашааны ах ирээд тэр залуучуудыг салгах гэтэл Алтансүх ахыг бас зодсон ба араас нь Гансүх ах ирээд тэр залуучуудыг салгасан...”гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Гэрч Э.Мягмарбүүвэйгийн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 18-ны орой 17 цагийн үед Улаанхүү, М- нарыг аваад Кантер маркийн машинтай ажилмруугаа явж байтал М- надад хандаж миний карманаас тамхи гаргаад ир гэж хэлэхээр нь би үзтэл тамхи байхгүй байсан тэгсэн чинь тэгвэл миний түрийвч байна уу гэж асуухаар нь дахин үзтэл байхгүй байхаар нь хэлсэн чинь би наашаа ирж байхдаа хоёр хүүхдээс намайг гэрт хүргээд өг гэж гуйсан тэр хоёрын байсан газар очиж асуух хэрэгтэй байна гэхээр би Улаанхүү, М-, Одонбаяр нарын хамт очтол М- ах та хоёр миний түрийвч тамхи хоёрыг авсан уу гээд асуутал бид хоёр аваагүй гэсэн чинь М- нэгийг нь бариад авсан чинь нөгөө хүн нь доош суусан чинь нүд рүү нь өвдөглөхөөр нь би очиж М- ахыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/

Гэрч Э.Одонбаярын: “...Би архи уугаагүй эрүүл байсан. М- ах М-гийн баруун шанааны урд хэсэгт нэг удаа өвдөгөөрөө өшиглөсөн. М- ах М-гийн мотоциклийн астарчирийн утсыг нь салгачихсан юм. Өөрөөр ямар нэг эвдрэл, гэмтэл учруулаагүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/

   

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №11460 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,

                      

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Г.М- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 08 дугаар сарын 16-наас 09 дүгээр сарын 20 хүртэл Хан-уул дүүргийн 14 дүгээр хороо Г-ад айлын байшин барих ажил хийсэн. Тухайн үед хайрга дуусахаар жалганаас хайрга авах гээд цагаан өнгийн кантер машинтай явсан юм. Би Мягмарбүүвэй, Одонбаяр, Улаанхүү нарын хамтаар хайрга аччихаад Мягмарбүүвэй,Одонбаяр нар хайргаа буулгах гээд машинтайгаа аваад явсан бөгөөд Улаанхүү бид хоёр үлдээд 0,75 литрийн “Соёрхол” нэртэй архи 1 шилийг хувааж уусан. Тэгээд Улаанхүү жалганд үлдээд би ганцаараа гэр рүүгээ явж байгаад мотоцикл унасан 2 залуутай таараад намайг доош нь хүргээд өгчих гэж хэлтэл бид хоёр хониндоо явж байна завгүй явж байна гэж хэлсэн. Тухайн үед миний утас, түрийвч  хоёр байхгүй байхаар нь би Мягмарбүүвэй,Одонбаяр, Улаанхүү нарт хэлээд би түрүүн тэнд явж байгаад хоёр мотоциклтой залуутай таарсан тэр хоёр авсан байж магадгүй очиж асууя гээд өөдөөс нь яваад очиход мотоциклоо хаяад зугтаахаар нь Мягмарбүүвэй, Одонбаяр хоёр араас нь хөөгөөд барьж авахаар нь би очоод М- гэх залууг нь би цохих гэтэл доошоо суухаар нь би баруун талын шанаа хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54  дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа  /хх-ийн 58 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Г.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Д Г.М- нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Г- гэх газарт Н.М-г зодож эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,хохирогч Н.М-гийн мэдүүлэг /хх-ийн 22,25 дугаар хуудас/, гэрч У.Нямдаваагийн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,гэрч Э.Мягмарбүүвэйгийн  мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/, гэрч Э.Одонбаярын мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №11460 дугаартай

  1. Н.М-гийн биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр  үүсгэгдэнэ.
  3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги  алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

    Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.М-  нь хохирогч Н.М-гийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч Г.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын болоод гэм буруугийн талаар маргаагүй болно. Иймд шүүгдэгч Г.М-гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Г.М- нь Н.М-г зодож эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус харвалт, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал:

Шүүгдэгч Г.М- мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Н.М-гийн эмчилгээний зардалд 182.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.М- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний баримт бичиггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.М- нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдах нь зүйтэй.      

     

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

  

1. Х- овогт Г-ын М-гыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М-гыг 450 /дөрвөн зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.М- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ