Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2016/00150/И |
Дугаар | 146/ШШ2016/00189 |
Огноо | 2016-06-23 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 146/ШШ2016/00189
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Есөнзүйл сум, 4 дүгээр багт оршин суух Бариач овогтой Найдангийн Хаштогоогийн /РД:ЙЗ56102716/ хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Н.Хаштогоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Хаштогоо шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н.Хаштогоо миний бие нь 1981-ноос эхлэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1990 онд ажилаасаа гарсан. Хөдөлмөрийн дэвтэр гээгдүүлсэн тул ажилласан жил тогтоож өгнө үү... Миний бие 1981 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар 1990 оныг дуустал ажилласан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул миний нэгдэлд 1981-1990 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Хаштогоо нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Н.Хаштогоо нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 117 дугаартай архивын лавлагааны хуулбар, 1988 онд авсан баярын бичиг, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн Дарханжигжид овогтой Содномийн Мягмарсүрэн нь “...Би 1977 онд цэргээс халагдаж ирээд 1978 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хөгжил нэгдэлд тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Н.Хаштогоо нь 1980 оноос 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. 1987 онд сумын аварга малчин болж байсан...” гэж, Мөн Шавьлан овогтой Чогсомжавын Баатархүү “...Би Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хөгжил нэгдэлд 1978 оноос адуучнаар 1990 оныг дуустал ажилласан. 1978 онд надтай хамт “Хөгжил” нэгдэл тартал хамт ажиллаж байсан. Н.Хаштогоо нь “Хөгжил” нэгдэлд адуучнаар ажиллаж байсан. Тухайн үед цалин янз бүр л авч байсан. 1 удаа сумын аварга малчин болж байсан ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Дээрх нотлох баримтуудаар Н.Хаштогоо нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч Н.Хаштогоо нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бариач овогтой Найдангийн Хаштогоог 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч Н.Хаштогоо нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА