| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2019/0069/Э |
| Дугаар | 77 |
| Огноо | 2019-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,
улсын яллагч Ш.Алтанцэцэг,
шүүгдэгч Ч.О-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А- овогт Ч-ийн О-д холбогдох 000000000000 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүүхүүдийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 00 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, А- овогт Ч-ийн О
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.О- нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 12 цаг 40 минутын орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 39 дүгээр байрны 66 тоотод өөрийн гэртээ дуудлагаар ирсэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Хан-Уул дүүргийн салбарын дуудлагын эмч Т.А-тай “ээжийг эмнэлэг рүү авч явсангүй, эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлсэнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь 2 удаа цохих, маажих, үсдэх зэргээр зодож биед нь зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дух хамрын нуруу, баруун сарвууны зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Ч.О-оос: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн үед дэлгүүр орчихоод гэртээ ирэхэд манай хүүхэд “эмээ доошоо хараад уйлаад, дээш харахгүй байна” гэсэн. Тэгээд би “та зүгээр үү яасан бэ” гэж асуухад манай ээж “дотор муухайраад бөөлжих гээд байх шиг байна, эмнэлэг рүү дуудлага өгье” гэсэн. Би дуудлага өгсөнөөс хойш 30-40 минутын дараа дуудлагын эмч ирсэн. Манай ээжийн даралтыг үзээд даралт нь 210-тай байна гэсэн. Би эмнэлэг рүү хүргээд өгчих гэхэд дуудлагын эмч бид нар эмнэлэг рүү хүргэдэггүй юм гэсэн. Би ядаж тариа хийлгэе гэхэд “тариа хийхгүй, уудаг эмийг нь өгөөд өрхийн эмчээс зөвлөгөө ав” гэсэн. Тэгээд би миний ээж одоо 87 настай хүн өрхийн эмнэлэгт очиж зөвлөгөө авах боломжгүй, эмнэлэгт хүргэхгүй гэж байгаа бол яагаад тариа хийж болохгүй байгаа юм бэ? Би “1111 гэх дугаарт гомдол мэдүүлнэ” гэж хэлсэн. Танай 103-н даргад мэдэгдэнэ” гэж хэлсэн. Харин интернетэд мэдээлэл тавина гэсэн талаар ярьсан зүйл байхгүй, манай гэрт интернет байдаггүй. Гэтэл дуудлагын эмч над руу “чи надад гомдол мэдүүлдэг хэн бэ?” гээд миний толгой руу чагнуураар цохисон. Намайг хүн цохиж байхад би зүгээр байхгүй урдаас нь сарвалзсан. Тэгээд би “чи манайхаас гар” гэхэд дуудлагын эмч “чи намайг хөөдөг юу юм бэ?” гээд намайг 2 гараараа түлхээд, гэдэс рүү өшиглөөд, түлхээд гараад явсан. Тухайн үед зодоон болоогүй. Удалгүй 5-10 минутын дараа буцаж ирээд над руу “чи ингээд намайг зод” гэж дайрсан. Би “бид хоёрыг зодолдож, маргалдах хооронд ээжид маань ямар нэгэн муу зүйл тохиолдвол яах вэ?, магадгүй ямар нэгэн муу зүйл тохиолдоход миний буруугаас болсон гэх юм байна” гэж хатуу үг хэлсэн байх. Гэтэл над руу чи намайг ингэж хэллээ гээд миний үснээс зулгааж, 2 хүүхдийг минь айлгасан. Тухайн үед дуудлагын эмч бид хоёр хоёулаа бие биенийхээ үсийг зулгааж байсан. Гэхдээ би санаатайгаар цохиогүй. Шалны модоор цохиогүй. Тухайн үед манайд шалны мод байсныг ажиглаж харсан байх. Надад шалны модоор цохих шаардлага байгаагүй. Би жолоочийг нь гал тогооныхоо өрөөний цонхоор “эмчээ ав” гэж дуудсан. Жолооч орж ирээд бид хоёрыг салгах гэсэн. Тэгээд эмч, жолооч нар гараад явцгаасан. Манайд 2 цагдаа ирсэн...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Т.А-ын: “...2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 12 цаг 24 минутын үед “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 39-66 тоотод 87 настай О-баяр гэх эмэгтэй хүний даралт ихсээд байна” гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход 12 цаг 40 минутын үед дуудлага өгсөн хаягт очиход О-баяр гэх настай эмэгтэйн даралт 210/100 байсан. Тухайн үед О-баяр гуайн хэвийн даралт нь 180-тай байдаг гэж түүний охин нь бололтой 40 гаран насны эмэгтэй надад хэлсэн. Тэгэхээр нь би З.О-баяр гуайд даралт бууруулах тариа хийгээд өгье, даралтны эмийг өрхийн эмнэлэгтээ үзүүлж байгаад сольж уугаарай” зөвлөгөө өгсөн. Тэгтэл О-баяр гуайн охин болох эмэгтэй “манай ээжийг эмнэлэг рүү авч яв, угаасаа та нар эмнэлэг рүү авч явах ёстой байдаг, би чамайг фэйсбүүкт тавина, чи нэр усаа хэл” гээд над руу дайрч давшлаад эхэлсэн. Би тэр эмэгтэйд “ даралт ихэссэн дуулага дээр тухайн үйлчлүүлэгчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх удирдамж байдаг, би танд ингэж доромжлуулж чадахгүй” гэж хэлтэл тэр эмэгтэй миний нүүр рүү нулимаад, баруун хацар руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би тэр айлаас гараад орцны үүдэнд зогсож байсан машинаасаа гар утсаа аваад, өөрийн 99960706 дугаараас 102 дугаарт дуудлага өгчихөөд жолооч Анхбаярын хамт зогсож байхад нөгөө эмэгтэй гэрээсээ шалны мод барьж гарч ирээд намайг цохих гэхэд нь Анхбаяр ах шалны модыг тэр эмэгтэйгээс булааж авсан. Тэгтэл нөгөө эмэгтэй миний үснээс зулгааж, чирээд гэр рүүгээ оруулахад нь би ч гэсэн тэр эмэгтэйн үснээс зулгаасан. Анхбаяр ах тэр эмэгтэй бид хоёрыг салгах гээд дундуур орох хооронд нөгөө эмэгтэйн үснээс зулгаасан. Анхбаяр ах тэр эмэгтэй бид хоёрыг салгах гээд дундуур орох хооронд нөгөө эмэгтэй, зүүн хацар руу гараараа нилээн хэдэн удаа цохиод, зүүн дух, зүүн нүдний доод хэсэгт, эрүүний баруун хэсэгт самардчихсан. Анхбаяр ах намайг тэр эмэгтэйгээс арай гэж салгаад, нөгөө эмэгтэйг коридорын буланд хашиж зогсоод “одоо болно та хоёр “ гэж хэлтэл гаднаас 2 эмэгтэй орж ирээд, цагдаад дуудлага өгсөн. Нөгөө эмэгтэй тухайн үед гаднаас орж ирсэн 2 эмэгтэйг хараад “энэ хоёр нийлээд намайг зодчихлоо” гэж худлаа яриад байсан. Гаднаас орж ирсэн 2 эмэгтэй хоорондоо “хүүхдүүдээ зодоод байгаа юм байх гэж бодсон чинь 103-ын эмчийг зодсон байна” гэж ярилцаж байсан. Тухайн үед би үсээ цэгцэлж боотол шалан дээр миний үс туг тугаараа унаад, зүүн хацар хавдаж, маажигдсан шархнуудтай болсон байсан. Би цагдаа руу явахаас өмнө О-баяр гуайд даралт бууруулах тариа хийтэл, тэрээр “муухай юм боллоо, манай охин уурлаад чам руу дайрчихлаа, уучлаарай” гээд байсан. Би тэр эмэгтэйд зодуулсны улмаас сорвины тос 2 ширхэг тосыг 38500 төгрөгөөр, өвчин намдаах Налгезин нэртэй эмийг 30.000 төгрөгөөр, Шүүх эмнэлэгт 8.000 төгрөгөөр үзүүлсэн. Эмчилгээнд 76.500 төгрөгийн зардал гарсан ба энэ зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч Б.Анхбаярын: “...Дуудлагын дагуу эмч А-ын хамт очсон ба эмч А-дуудлага өгсөн айл руу ганцаараа орсон. Дуудлага дээр хүнд буюу осол аваарын дуудлага дээр жолооч хамт ордог, түүнээс даралт ихсэх, хордлого гэх мэт хөнгөн дуудлага руу эмч ганцаараа ордог юм. Ариунжаргал эмч дуудлага агсан айл руу ороод 5-10 орчим минут болоод гарч ирсэн ба тэрээр “би зодуулчихлаа” гэж хэлээд машинаас гар утсаа аваад гарч ирсэн орц руугаа буцаад явсан. Би түүний хойноос очоод юу болсон тухай асуухад “дуудлага өгсөн айлын эмэгтэй намайг зодчихлоо, цагдаад дуудлага өгье” гээд 102 дугаар руу залгасан. Тэгтэл уг орцны зүүн гар талын эхний хаалганаас 40 гаран насны эмэгтэй шалны мод барьж гарч ирсэнээ Ариунжаргалыг “манай ээжийг эмнэлэг рүү зөөсөнгүй” гээд маргалдаж байгаад нөгөө эмэгтэй Ариунжаргалын хамтаар гэр рүүгээ орсон. Би тэдний хойноос дагаад ортол нөгөө эмэгтэй Ариунжаргалын баруун гарын сарвуу хэсэг рүү шалны модоор нэг удаа цохисон. Тэгэхээр нь би тэр эмэгтэйгээс шалны модыг нь булааж авах гэтэл нөгөө эмэгтэй Ариунжаргалын үснээс зулгаасан. Ариунжаргал ч гэсэн тэр эмэгтэйн үснээс зулгаасан. Би тэднийг салгах гэтэл тэр хоёр бие биенийхээ үснээс зулгаачихаад тавихгүй байсан. Намайг тэднийг арай гэж салгаж байх хооронд гаднаас уг орцны 2 дугаар давхарт амьдардаг гэх 40 орчим насны эмэгтэй орж ирээд цагдаад дуудлага өгсөн үү гэж асуугаад байсан. Тэгтэл нөгөө 40 орчим насны эмэгтэй орилоод “эд нар нийлээд намайг зодчихлоо” гээд худлаа яриад байсан. Ингээд бид гарсны дараа төд удалгүй цагдаа нар ирсэн. Дараа нь харахад Ариунжаргалын зүүн хацар орчимд 3-4 газар маажигдаад, хөхөрч хавдсан байсан. Мөн баруун гарын сарвууны ар хэсэгт хөхөрсөн байсан. Мөн түүний үс нь унаж байсан. Ариунжаргалыг зодсон эмэгтэйг цагдаа аваад явсан хойно Ариунжаргал эмч бид хоёр нөгөө айл руу буцаж ороод даралт ихэссэн гэх хөгшинд тариаг нь хийж өгөөд явсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Гэрч Б.Мөнхсувдын: “...Тэгэхээр нь доошоо буугаад 1 дүгээр давхарт ирэхэд тус давхрын 66 тоот айлын хаалга нээлттэй, дотор нь хүмүүс маргалдаад хэрэлдээд байсан. Би тэр айл руу ортол 40 гаран насны туранхай хүүхэн булан хагас суугаад хоёр гараараа толгойгоо хааж халхалсан байдалтай, наад талд нь 103 гэсэн бичиглэл бүхий улаан өнгийн хантааз өмссөн өндөр залуу нөгөө эмэгтэйг хааж халхалсан байдалтай, наад талд нь ногоон өнгийн хувцастай, үсээ задгай тавьж, үсний боолтоо гартаа барьсан 30 орчим насны эмэгтэй нөгөө 40 орчим насны эмэгтэйг цохих гээд дайрч байсан. Хажуу талын өрөөнөөс 2-5 насны 2 хүүхэд уйлчихсан, тэдний хажууд 80 орчим насны халимаг, цагаан үстэй эмээ “болиоч ээ, манайхаас гараад өг, би үзүүлэхгүй, эмнэлэг явахгүй” гээд байсан. Би тэднээс юу болоод байгаа юм, яагаад хүүхдүүд уйлалдаад байгаа юм бэ гэтэл нөгөө 40 орчим насны эмэгтэй манай ээжийн даралт ихсээд 103 дуудсан чинь энэ эмч хүүхэн манай ээжийг эмнэлэг рүү авч явахгүй гээд зодоод байна гэж хэлсэн. Харин ногоон өнгийн хувцастай эмч хүүхэн нь “даралт нь 200 хүрсэн хүнийг манай журмаар эмнэлэг авч явдаггүй юм, би энэ талаар хэлтэл энэ эмэгтэй над руу нулимчихлаа” гэж хэлсэн. Би тэдэнд “та нар больцгоо, битгий хүүхдүүд уйлуулаад бай” гэж хэлээд эмч боолн түүнтэй хамт явж байсан жолооч залууг аваад гарсан. Эмч эмэгтэй тухайн үед надад “энэ эмэгтэй намайг дөрвөлжин эрүүтэй шар хүүхэд гээд над руу нулимж, үснээс зулгаагаад, нүүр самардчихлаа” гэж хэлэхээр нь би түүнд “цагдаа иртэл энэ айл руу битгий буцаж ороорой” гэж хэлчихээд гэр рүүгээ орсон. Тухайн эмчийн нүүр нь улайчихсан харагдаж байсан. Харин доод давхрын 30 орчим насны эмэгтэйн биед ил харагдах гэмтэл шарх гэх зүйл ажиглагдаагүй. Мөн шалан дээр нь хэнийх нь мэдэгдэхгүй эмэгтэй хүний урт үснүүд бага зэрэг унасан харагдаж байсан. Намайг тэр айлд орсноос хойш ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй...”гэх мэдүүлэг /хх-ийн19-20 дугаар хуудас/,
Гэрч Г.Мөнхбаярын: “...хаяг дээр очиход Түргэн тусламж 103 гэсэн ногоон өнгийн хувцастай 30 орчим насны эмэгтэйн зүүн нүд, дух эрүүний зүүн хэсэгт маажигдсан шархтай, үс нь сэгсийсэн, мөн 40 орчим насны эмэгтэйн үс нь сэгсийсэн байдалтай байсан. Эмч эмэгтэй нь биднийг очиход нөгөө 40 орчим насны эмэгтэйг заагаад “энэ эмэгтэй намайг ээжийг нь эмнэлэгт хүргэж өгсөнгүй гээд зодчихлоо” гэж хэлж байсан. Харин нөгөө 40 орчим насны эмэгтэй “энэ эмч надтай дүрмийн бус харьцсан, бие муутай ээжийг минь эмнэлэг рүү хүргэж өгсөнгүй” гэж хэлж байсан. Тухайн үед 40 орчим насны эмэгтэйн үс нь бага зэрэг сэгсийсэн байснаас өөр ил харагдах гэмтэл шарх гэх зүйл ажиглагдаагүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Гэрч Г.О-баярын: “...2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бие өвдөөд байхаар нь охин О- эмнэлгийн түргэн тусламж дуудсан. Тэр үед түргэн туслажийн эмч эмэгтэй орж ирээд миний даралтыг үзчихээд “210 байна” гэж хэлсэн. Тэгтэл О- нь эмч эмэгтэйд “даралт нь их байгаа юм бол эмнэлэг рүү аваад яваач” гэтэл эмч эмэгтэй “даралтын эмээ уу, эмнэлэг рүү авч явахгүй” гэхээр нь би эмч охиноос “миний дотор муухай оргиод байна, тариа хийгээд өгөөч” гэтэл О- намайг “энэ хүний бие муудвал хэн хариуцах юм бэ, битгий гуй, би энэ хүнд гомдол гаргана” гэж хэлсэн юм. Тэгтэл эмч эмэгтэй О-ыг “чи гомдол гаргана гэнээ” гээд чагнуураараа О-ы толгой руу цохисон. Би эмч эмэгтэйг “эмч хүн ухаантай шүү, битгий” гэж гуйгаад тэр хоёрын дундуур орсон. Түүнээс хойш юу болсныг би айгаад хараагүй. Сүүлд нь л эмч эмэгтэй О-ы үснээс зулгаасан гэдгийг мэдсэн. Харин О- нь эмч эмэгтэйн үснээс зулгаасан эсэхийг мэдэхгүй. Биеэ хамгаалж О- зүгээр байгаагүй л байх. Эмч хүүхэн манайхаас гарч явчихаад жолооч эрэгтэйн хамтаар манай гэр рүү орж ирчихээд О-ыг зодох гээд дайраад байсан ба жолооч залуу нь О-ыг эмч хүүхэнээс хамгаалаад байсан. Удалгүй цагдаа нар орж ирээд О- болон эмч эмэгтэйг аваад явсан. Би хараа муутай хүн. Тэдний биед ямар гэмтэл шарх учирсан эсэхийг мэдэхгүй байна. эмч болон О- нар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн №10789 дугаартай дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн №13762 дугаартай дүгнэлт /хх-ийн 28 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч Ч.О- нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 14 цагийн үед би Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 39 дүгээр байрны 66 тоот дахь гэртээ гаднаас ороод иртэл 6 настай Алтангэрэл, 4 настай Амартүвшин нар уйлчихсан, 87 настай ээж Гаржавын О-баяр ээж дээшээ хараад хэвтэж байсан. Ээж надад “нүд эрээлжлээд, дотор муухай оргиод байна, түргэн тусламж дуудаад өгөөч” гэж хэлэхээр нь 103 дугаарт дуудлага өгтөл 30-40 минутын дараа түргэн тусламжийн эмч А- ганцаараа орж ирсэн. А- ээжийн даралт, зүрхний цохилтыг үзээд “даралт 210, зүрхний хэм алдагдсан байна” гэж хэлэхээр нь түүнд “ээжийг тариад өг эсвэл эмнэлэг рүү авч яв” гэтэл тэр эмч “та даралтныхаа хуучин эмийг уу, бид хүргэлт хийдэг машин биш” гэж хэлээд явах гээд босохоор нь “би чамд гомдол гаргана” гэж хэлэхэд А- “чи надад гомдол гаргадаг хэн бэ” гээд миний баруун чамархай орчимд чагнуураараа нэг удаа цохихоор нь би тэр эмчийн нүүр рүү нулимаад “гар, зайл” гээд гэрээсээ хөөтөл тэрээр “чи намайг зод, зод” гээд миний цээж рүү гараараа 1-2 удаа түлхсэнээ, миний хэвлий рүү нэг удаа өшиглөөд манайхаас гараад гүйсэн. А- ганцаараа төд удалгүй буцаж орж ирээд над руу дайраад хоёр гараараа цээж рүү 2-3 удаа түлхээд, 2-3 удаа гэдэс рүү өшиглөсөн. Тэр үед ээж “миний охин боль” гээд А- бид хоёрын дундуур орсон. Бид хоёр бие биенийхээ үснээс зулгаалцаж байхад Ариунжаргал миний цээж, хэвлий орчимд 1-2 удаа өшиглөсөн. Жолооч А- бид хоёрыг салгах явцад л А-ын нүүр маажигдсан. Жолооч залуу эмч бид хоёрыг салгаад, бидний дундуур ороод зогсчихсон байж байхад дээд давхарт амьдардаг эмэгтэй “юу болсон бэ, яагаад хүүхдүүд уйлаад байгаа юм бэ” гээд ороод ирсэн. Тэр хүүхэнд “ээжийн даралт ихсээд байхад нь түргэн тусламж дуудсан юм, түргэний эмч нь ээжид тариа ч хийж өгөлгүй, намайг зодчихлоо” гэж хэлтэл тэр эмэгтэй цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ч төд удалгүй ирээд А- бид хоёрыг цагдаагийн гомдолтой гэдгээ хэлчихээд, унасан үсээ үзүүлсэн. Тэгтэл тэр ахлах цагдаа миний гэрийн хаягийг тэмдэглэж авах шиг болсон ба ээж чинь хэцүүдлээ, ганцаараа байгаа та яв гэж хэлээд явуулсан. Тэр цагдаа миний үс туг тугаараа унаад, баруун чамархай орчимд хавдсан байхыг харсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ гэж хэлээгүй. Өөр гэмтэл шарх учраагүй... Би яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар хуудас/
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/,
-Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/,
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 47 дугаар хуудас/,
-Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/,
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Ч.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Ч.О- нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 12 цаг 40 минутын орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 39 дүгээр байрны 66 тоотод өөрийн гэртээ дуудлагаар ирсэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Хан-Уул дүүргийн салбарын дуудлагын эмч Т.А-тай “ээжийг эмнэлэг рүү авч явсангүй, эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлсэнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж” улмаар түүний нүүрэн тус газар нь 2 удаа цохих, маажих, үсдэх зэргээр зодож биед нь зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дух хамрын нуруу, баруун сарвууны зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар хуудас/, хохирогч Т.А-ын мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,гэрч Б.Анхбаярын мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Б.Мөнхсувдын мэдүүлэг /хх-ийн19-20 дугаар хуудас/,гэрч Г.Мөнхбаярын мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,гэрч Г.О-баярын мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн №10789 дугаартай
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.О-г нь хохирогч Т.А-ын биед зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, дух, хамрын нуруу, баруун сарвууны зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад заасан “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Энэ хэргийн шүүгдэгч Ч.О- нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн хохирогч Т.А-д эмчилгээний зардалд 76500 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байна.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Ч.О- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал
Хохирогч Т.А- нь хавтаст хэргийн материалтай танилцаад ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул Ч.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ч.О- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А- овогт Ч-ийн О-ыг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.О-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.О-ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.О-д мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ч.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ч.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ