Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 91

 

 

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

                   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,

шүүгдэгч Ц.О-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Ц-ийн О-д холбогдох 000000000000 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бага  боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгчийн хамт Төв аймгийн Зуун мод хот, 5 дугаар баг, Нацагдоржийн 000  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

          1. Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 000 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123  дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн  хугацаагаар хорих ялаар,

          2. Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 00-ний өдрийн 219 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 000 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар  хорих ялаар,

          3. Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 00ний өдрийн 00 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 000 дугаар зүйлийн 3, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

          4. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 00ний өдрийн 000 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,

          5. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 00 өдрийн 00 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, Б- овогт Ц-ийн О-,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

          Шүүгдэгч Ц.О- нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 08 дугаар хороо Дэнжийн 0000 тоотод оршин суух иргэн С.Д-ийн  гэрийн үүдний амбаарыг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтрэн орж “Асер” маркийн зөөврийн компьютер, “Самсунг трэнд” загварын гар утас зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 486.000 төгрөгний хохирол учруулсан,

 

           Мөн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо задгайд оршин суух иргэн Ж.М- монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтэрч 39 инчийн “MNBC” маркийн зурагтыг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ц.О-ын: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн.Нэмж ярих зүйлгүй...” гэв.

 

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч С.Д-ийн: “...Би Хан-Уул дүүргийн 08 дугаар хороо Дэнжийн 11-49б тоотод өөрийн эх Номинцэцэг болон төрсөн ах Дашням түүний эхнэр Ганцэцэг, хүү Ананд нарын хамт оршин суудаг. ...Орой намайг хичээл дээр байж байхад 18 цаг 55 минутад манай эх Номинцэцэг над руу утсаар яриад гэрт хулгай ороод чиний зөөврийн компьюер болон гар утас алдагдсан байна гэж хэлсний дагуу би цагдаад ирж өргөдөл гаргаж байна. Би мэдэхгүй, харин МАС кодыг мэдэж болно. Би сайн мэдэхгүй байна. Миний зөөврийн компьютер нь хар өнгийн корпустай гадна дээд хэсэгтээ 2 ширхэг Amazon-ны лого болон I Love cloud гэсэн лого бүхий хуулга наасан байгаа. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Манай гудамжинд хяналтын камер байхгүй. Миний алдагсан зөөврийн комьпютер дотор диплом хамгаалалтын программ байгаа учраас олж өгч тусална уу...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

Хохирогч Ж.М-ийн:“...2017 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 07 цагийн үед ажил сургуульдаа гарцгаагаад гэрийнхээ хаалгыг цоожлоод, амбаараа мөн цоожлоод явсан юм. Тэгтэл манай хөрш Батаа над руу 16 цагийн үед утсаар яриад “танай гэрээс хүн зурагтыг чинь аваад явж байхад нь араас нь дагаад барьж аваад 5 шарын ойролцоогоос барьж авлаа” гэж ярьсан. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр мэдүүлэг өгчихөөд гэртээ орсон чинь хаалганы цоожийг эвдэлчихсэн гэрт байсан  39 инчийн “МНБС” маркийн зурагтыг авсан байсан. Миний хувьд зурагтаа хүлээгээд авсан. Зурагтаа 2 жилийн өмнө 800.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 148 дугаар хуудас/,

Гэрч Н.Н-ийн:  “...17 цаг 30 минутын үед гэртээ ирсэн чинь гэр амбаар хоёрын зайгаар хулгай ороод манай охины нөүтбүүк, гар утас хулгайд алдсаныг мэдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Манай ширээн дээр байсан хар өнгийн нөүтбүүк, хажууд нь байсан “Самсунг трэнд” гар утас тус тус хулгайд алдагдсан байна... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

Гэрч С.Ч-ын: “...Гэрээс гартал манай баруун талын 3 дахь айлын хашаанаас нэг намхан нуруутай шар царайтай залуу зурагт тэврээд хашааных нь хажууд зогсоосон байсан 18-25 УНӨ улсын дугаартай цагаан өнгийн “Сонота 5” маркийн автомашины арын суудал дээр хийж байсан. ...Би чи яахаараа манай эгчийн зурагтыг авдаг юм бэ гэж хэлээд байж байтал тэр залуу хоёулаа тохирчихье гээд байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 157 дугаар хуудас/,      

      Гэрч С.Ү-ын: “... Сэлбэ 10 буюу төвөөс “манай хажуу айлын хүний зурагтыг нэг хүн хулгайлаад зугтчихлаа, тухайн хүн цагаан өнгийн “Сонота 5” маркийн автомашинтай явсан урдаас нь бариад аваач гэх дуудлага өгсөн... тухайн жолоочийг зогсоож шалгахад Ц-ийн О- гэх хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 158 дугаар хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 24-25, 145 дугаар хуудас/

Шүүгдэгч Ц.О-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 26-28 дугаар хуудас/

“Дамно” ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ХУ-2-18-294 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, / хх-ийн 50-51 дүгээр хуудас/

“Дамно” ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 312 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан / хх-ийн 218 дугаар хуудас/

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 13-14 дүгээр хуудас/

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 130-139-р хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд                                                    

Яллагдагч Ц.О-ын“...Би 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр фэйсбүүк цахим хуудсанд хроп эвдэрсэн машин хямдхан зарна гэхээр нь зарын дагуу утсаар нь ярьж байгаад очиж үзсэн. Уг машин нь хар өнгөтэй, Соната-5 загварын машин байсан бөгөөд 04-05 ДАХ гэсэн улсын дугаартай машин байсан. Уг машиныг Дархан-Уул аймагт очиж үзээд хот руу хүний машин гуйж байгаад чирж авчирсан. Тэгээд хроп авч тавиад машинаа янзалсан. Гадуур хувиараа таксинд явж эхэлсэн... Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гадуур таксинд явж байгаад таван шарын автобусны буудал дээрээс хүн аваад Яармагийн дэнж дээр ирж буулгасан. Тэгээд бие засмаар санагдаад машинаа урд зүгт хулгай хийсэн айлаас 2 гудамжны урд тавиад хойшоо бие засах газар хайгаад алхаад явсан. Тэгээд жижиг уул байсан бөгөөд тэрний хадны завсараар орж бие засаад сууж байхдаа гудамжны хамгийн зүүн талын хашаанд байх гэр цоожтой байсныг харсан. Бие засаж дуусчихаад нөгөө айл руу алхаж очоод хашааны хаалга онгорхой байхаар нь яваад орсон. Уг айл нь бусад айлуудаасаа арай зайтай тусдаа байршилтай байсан. Гэр нь үүдэндээ модоор хийсэн таамбартай байсан бөгөөд зүүдэг цоожоор цоожилсон байхаар нь хашаанд байсан жижиг төмрийг аваад цоожийг нь цохиод онгойлгосон. Гэрт ороход ширээн дээр одоо миний санаж байгаагаар улаан өнгөтэй байсан байх зөөврийн компьютер, мөн Самсунг трэнд гэсэн бичигтэй гар утас байхаар нь аваад гарсан.... Тэгээд маргааш нь зөөврийн компьютерийг “Компьютер ланд” дэлгүүрийн гадна очоод танихгүй эхнэр, нөхөр хоёрт 100.000 төгрөгөөр зарчихсан. Гар утсыг нь машиныхаа голын хайрцаганд хийчихсэн явж байсан санагдаж байна. Сүүлд цагдаад баригдахад хурааж авсан байхаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/

 “...Би  2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ах М-н 1636УНЭ улсын дугаартай цагаан өнгийн соната-5 маркийн машинтай такси үйлчилгээнд явж байгаад СХД-ийн орбитын тойрог гэх газраас 15 цагийн үед нэг хүн аваад тахилтын МТ клонкийн урдуур салаад баруун энгэр дээр байх гэр хорооллын орчимын гудамжинд хүнээ буулгаад буцаад доошоо гудамжаар явж байхад хашаан дотор нэг гэр гаднаасаа ил цоожтой харагдахаар нь машинаа хол байрлуулаад бууж буцаж нөгөө цоожтой гэр лүү явган очиж хашааг нь давж ороод гэрийн гадна байх амбаарын хаалгыг хашаан дотор байсан жижиг төмрөөр эвдэж ороход гэрийн хаалга цоожгүй байхаар нь гэр рүү нь ороод гэрийн хойморт байх хар өнгийн маркийг нь мэдэхгүй 39 инчийн зурагтыг удирдлагын хамт авч гараад эргээд машиндаа очиж ачаад машинаа унаад Сонгинохайрхан дүүргийн Орбитын орчим явж байхад цагдаагийн машин зогсоож баригдсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 229 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 171 дүгээ хуудас/,

-Захиргааны зөрчлийн тэмдэглэл /хх-ийн 74-78 дугаар хуудас/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 189 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.О-ын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

          Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

          Шүүгдэгч Ц.О-нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 08 дугаар хороо Дэнжийн 11-49б тоотод оршин суух иргэн С.Д-ийн гэрийн үүдний амбаарыг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтрэн орж “Асер” маркийн зөөврийн компьютер, “Самсунг трэнд” загварын гар утас зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 486.000 төгрөгний хохирол учруулсан,

     Мөн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын задгайд оршин суух иргэн Ж.М-ийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж нууцаар, хууль бусаар нэвтэрч 39 инчийн “MNBC” маркийн зурагтыг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч С.Д-ийн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/, хохирогч Ж.М-ийн мэдүүлэг /хх-ийн 148 дугаар хуудас/,гэрч Н.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч С.Ч-ын мэдүүлэг /хх-ийн 157 дугаар хуудас/,гэрч С.Ү-гын мэдүүлэг /хх-ийн 158 дугаар хуудас/, “Дамно” ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ХУ-2-18-294 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 486.000 /дөрвөн зуун наян зургаан мянган/-р үнэлэгдэв” / хх-ийн 50-51 дүгээр хуудас/,“Дамно” ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 312 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан “ нийт хохиролын дүн нь 500.000/таван зуун мянган төгрөг/-өөр тогтоогдож байна” / хх-ийн 218 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилан тогтоосон бөгөөд уг гэмт хэргийг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор мөн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заажээ.

Шүүгдэгч Ц.О- нь дээрх нэр бүхий хохирогч нарын байнга амьдрах зориулалттай орон байранд буюу монгол гэрт нь нэвтэрч эд зүйлийг нь хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1  дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Түүнчлэн энэ хэргийн шүүгдэгч Ц.От-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Ц.Отгонжаргалыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

       Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.О- нь 112 /нэг зуун арван хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  

            1. Б- овогт Ц-ийн О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ц.О-ыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Ц.О- оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.О-ын цагдан хоригдсон 112 /нэг зуун арван хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

5. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, Ц.О- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ц.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ