Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01720

 

2023 09 06 210/МА2023/01720

  

О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 184/ШШ2023/02631 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Т, Г.Э нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 10,767,955 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Зээлдэгч С.Т, Г.Э нар О ББСБ ХХК-тай 2021 оны 05 сарын 13-ны өдөр *** дугаартай Зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэй 731 хоногийн хугацаатай зээлдэж авсан. Зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээний хугацааг шинэчилж, зээлийн гэрээнд 2021 оны 07 сарын 02-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан. Зээлийн гэрээнүүдийг Иргэний хуульд нийцүүлэн бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл зээлдэгч С.Т, Г.Э нар авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Манай байгууллагын зүгээс зээлдэгчээс зээл, хүүгийн төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа шаардаж, үүргээ биелүүлэх хугацаа олгосон. Иймд зээлийн гэрээний 2.5, 3.2.1, 3.2.2, 2.4-т тус тус зааснаар зээлдэгч С.Т, Г.Э нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,984,898 төгрөг, зээлийн хүү 703,657 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,399 төгрөг, нийт 10,767,955 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч нар хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. О ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, зээл авсан нь үнэн. Зээл авснаас хойш Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хугацаа алдсан нь үнэн боловч бид ор тас алга болчихоогүй, очиж уулзаад, ярилцаж, зээлийн хугацаагаа сунгуулж байсан. Зээлээ төлөхгүй гэж маргаагүй, төлнө. Гэхдээ хүүгийн тооцоолол эргэлзээтэй байна. Хариуцагч нарын хувьд 9,000,000 гаруй төгрөг төлсөн. Хариуцагчийн тооцооллоор 7,614,404 төгрөг байгаа. Энэ үнийн дүнг 2023 оны 03 сарын 16-ны өдрийн мэдэгдэлд тусгасан гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч С.Т, Г.Э нараас 10,767,955 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187,237 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Т, Г.Э нараас 187,237 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт хариуцагч нар нь нийт 10,767,955.16 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй, хэргийн 15-р талд авагдсан хүү тооцооллын хүснэгтэд 8,937,998 төгрөг төлсөн талаар маргаагүй, талууд зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг буруу тооцоолсон эсэхэд маргаж байна гэжээ. Гэтэл хариуцагчийн гол маргаж байгаа зүйл бол төлбөрийн дүн юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээний дагуу төлбөл зохих нийт 7,614,404.69 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, харин нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон 10,767,955.16 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа болно.

4.2. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт талуудын хооронд байгуулсан гэрээний нэмэлт, өөрчлөлтийн 2.1-д 2019 оны 07 сарын 0-ны өдрийн гэснийг, мэдэгдэлд нийт 7,614,404.69 төгрөг гэснийг, нэхэмжлэлийн үндэслэлд Б.У-аас гэснийг нэхэмжлэгч техникийн алдаа гэж тодруулсан, мөн харилцааны менежер Ц.А-ийн гаргасан тооцооллыг хариуцагч баримтаар няцааж чадаагүй, энэхүү ажилтны гаргасан тооцооллыг эдлэх эрх, хүлээх үүргээр нь хязгаарлах үндэслэл болохгүй гэжээ. Гэтэл нэхэмжлэгчийг хуульд заасны дагуу төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх захирлын гарын үсэгтэй нэхэмжлэлийн шаардлагыг, уг нэхэмжлэлтэй холбоотойгоор төлөөлж оролцож байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч техникийн алдаа гэж тайлбарлан өөрчилж, өөр этгээдээс төлбөр шаардах эрхгүй. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлснээр ажилд орохоос нь өмнө хийгдсэн зээлийн гэрээний заалт, зээлийн газрын захирлын гаргасан зээлийн тооцооллыг бүхэлд нь техникийн алдаа гэж тодорхойлох эрхгүй. Түүнийг нь шүүх хүлээн зөвшөөрч, гол нотлох баримтыг хэрэгсэхгүй орхих үндэслэлгүй.

4.3. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Хариуцагч цар тахалтай холбоотой цалин хөлсөө цалин аваагүй, олгоогүй, эрүүл мэндийн шалтгааны улмаас зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн гэх тайлбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т заасан үнэн зөв тайлбар гаргах үүрэгт нийцэхгүй байна гэжээ. Гэтэл хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбараа нотлох баримтыг гаргаж өгөөгүй, гаргаж өгдөгийг мэдээгүй, гарган өгөх боломжгүй байсны төлөө түүнийг шүүхэд худал мэдүүлсэн гэж дүгнэх, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж буй мэтээр үзэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 10,767,955 төгрөг гаргуулж гэснийг 7,614,404 төгрөг гаргуулж гэж өөрчилж өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч талаас мэдэгдэлд заасан үнийн дүнг зөвшөөрсөн. Харин шүүхэд гаргасан үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй маргадаг. Тус мэдэгдлээс хойш 2 сар 6 хоногийн дараа зээлийн гэрээгээ цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь зээлдэгч, хамтран зээлдэгч нараас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээ нь С.Т, Г.Э, О ББСБ ХХК-ийн хооронд үүссэн зээлийн гэрээний харилцаа байсан. Тухайн нэхэмжлэлд бичигдсэн н.Уртнасан гэдэг хамааралгүй хүний нэрийг бичсэн нь техникийн алдаа байсан талаар тайлбарласан. Энэ талаар хариуцагч нар маргадаггүй. Санхүүгийн тэмдгээр зээл, хүүгийн тооцооллыг баталгаажуулсан учир тухайн зээлийн тооцоолол нь нотлох баримтын шаардлага хангасан. Иймд хариуцагч нарын гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй. Зөрүү дүн болох 2,930,170 төгрөгийг зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээний хавсралтын 2023 оны 03 сарын 08-ны өдрийн байдлаар тооцоолсон зээлийн үлдэгдэл дүн байдаг. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шүүхэд нэхэмжлэл гаргаж шаардсан. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдсон тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь хариуцагч С.Т, Г.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,984,898 төгрөг, зээлийн хүү 703,657 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,399 төгрөг, нийт 10,767,955 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ. /хх 1-2/

Хариуцагч нар дээрх шаардлагаас 7,614,404 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг ...зээлийн тооцоолол эргэлзээтэй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 44-47/

 

3.   Талууд 2021 оны 05 сарын 13-ны өдөр *** тоот Цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр О ББСБ ХХК нь 15,000,000 төгрөгийг сарын 1,7 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлдүүлэх, С.Т, Г.Э нар гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 9-11/

Улмаар талууд 2021 оны 07 сарын 02-ны өдөр *** тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, уг гэрээгээр өмнө байгуулсан *** тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 2 сараар сунгасан байна. /хх 12-13/

Зээлдүүлэгч О ББСБ ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, 15,000,000 төгрөгийг 2021 оны 05 сарын 13-ны өдөр зээлдэгч нарын өмчлөлд шилжүүлэн өгсөн байна. /хх 14/

Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй, харин нэхэмжлэгчийн шаардсан мөнгөн дүн үндэслэлтэй эсэх талаар маргасан байна.

 

4.   Хэрэгт О ББСБ ХХК-аас иргэн С.Т, Г.Э нарт хаягласан албан мэдэгдэл авагдсан, уг мэдэгдэлд зээлийн гэрээний дагуу зээлдэгч нарын хүлээх үүрэг 2023 оны 03 сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 7,054,728 төгрөг, зээлийн хүү 502,756 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 56,920 төгрөг, нийт 7,614,404 төгрөг байгаа талаар, мөн уг төлбөрийг 2023 оны 03 сарын 20-ны өдөр төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар тус тус дурджээ. /хх 16/

 

5.   Иймд дээрх хугацаанаас хойш 2 сар 6 хоногийн дотор зээлийн гэрээний үүрэг нийт 10,767,955 төгрөг буюу үндсэн зээл 9,984,898 төгрөг, зээлийн хүү 703,657 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,399 төгрөг болж нэмэгдсэн нь үндэслэл муутай байна.

Энэ талаарх хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

6.   Давж заалдах шатны шүүхээс албан мэдэгдэл хүргүүлсэн 2023 оны 03 сарын 16-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 05 сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн хүүг тооцоход (7,054,728 х 1.7% х 2) + (7,054,728 х 1.7% : 30 х 6) = 239,860 + 23,986 = 263,846 төгрөг болж байна.

Үүнээс зээлийн гэрээний 2.5-д заасан нэмэгдүүлсэн хүүг тооцоход 263,846 х 20% = 52,768 төгрөг гарч байна.

Иймд хариуцагч С.Т, Г.Э нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,054,728 төгрөг + зээлийн хүү 502,756 + 263,846 төгрөг + нэмэгдүүлсэн хүү 56,920 + 52,768 төгрөг, нийт 7,931,018 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.

 

7.   Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул анхан шатны шүүх хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийн зохицуулалт болох Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримталж маргааныг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. Түүнчлэн, анхан шатны шүүхийн баримталсан Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д заасан зохицуулалт нь зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болохыг тодорхойлсон буюу шаардах эрхийг агуулаагүй зохицуулалт тул зохигчдын маргаанд шууд хамааралгүй байгааг дурдах нь зүйтэй.

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч нараас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 05-ны өдрийн 184/ШШ2023/02631 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Т, Г.Э нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 7,931,018 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгож, үлдэх 2,836,937 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай... гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...хариуцагч нараар 187,237 төгрөгийг нөхөн төлүүлж... гэснийг ...хариуцагч нараас 187,237 төгрөгийг гаргуулан... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч С.Т-с давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 187,237 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 Д.НЯМБАЗАР