Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 146/ШШ2016/00191

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг даргын өрөөнд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Есөнзүйл сум, 4 дүгээр баг, “Эрээн” гэх газар оршин суух Өндөрийнхөн овоггтой Ишээгийн Эрдэнэцэцэгийн /РД:ЙЗ67071706/ хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч И.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч И.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

И.Эрдэнэчимэг миний бие нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү... Би 1983 онд 8 дугаар анги төгсөөд  Есөнзүйл сумын Хөгжил нэгдэлд 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул ажилласан байдал тогтоогдохгүй байна. Иймд миний дээрх жилүүдэд нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч И.Эрдэнэцэцэг нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

И.Эрдэнэцэцэг нь 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 946 дугаартай архивын лавлагааны хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.

Түүнчлэн Боржигон овогтой Чимэдийн Буман-Аюуш нь “...Би 1980 онд 8 дугаар анги төгссөн. Тэгээд 1980-1984 он хүртэл Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байсан. 1984-1987 оны хооронд цэргийн алба хаасан. Эрдэнэцэцэгтэй 1989 онд гэр бүл болж үхэр маллаж байсан. Эрдэнэцэцэг нэгдэл тартал малчнаар ажиллаж байсан Тухайн үед цалинг янз бүр л авч байсан. Ихэвчлэн хийснээрээ авч байсан...” гэж, мэдүүлсэн тул гэрчийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.  

Дээрх нотлох баримтуудаар И.Эрдэнэцэцэг  нь 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч И.Эрдэнэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                           

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өндөрийнхөн овоггтой Ишээгийн Эрдэнэцэцэгийг 1983 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын “Хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч И.Эрдэнэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

              

                                                      ДАРГАЛАГЧ                           Б.САРАНТУЯА