Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/01721

 

2023 09 06 210/МА2023/01721 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/01575 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Э, Э ХК-ийн Э Үйлдвэрчний эвлэл, Б.О нарт холбогдох, компанийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А, хариуцагч Э ХК-ийн Э Үйлдвэрчний эвлэл болон Б.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус компани 2011 онд гадаад худалдаа, гэрээгээр уул уурхайн туслан гүйцэтгэгчийн үндсэн чиглэлээр үүсгэн байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай компани юм. Манай компани 2015 онд Э ХК-тай Таван толгойн нүүрсний ордын Цанхийн зүүн хэсэгт гэрээт олборлолт явуулахаар уул уурхайн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан ба үндэсний хэмжээний төсөлд хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж юм. Гэтэл бидний явуулж буй ажил хөдөлмөрийг, 1,000 гаруй ажилчдын хөдөлмөр, үнэ цэнээр боссон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хууль бус мэтээр байнга мэдэгдэл хийж, түүнчлэн ажилчдынхаа амь нас, эрүүл мэндийг үл хайхардаг мэтээр С.Э Э.Э гэх нэртэй фейсбүүк хуудсаараа дамжуулан нийтэлж, компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээ, мэдээллийг тараасаар байна. Тухайлбал, С.Э нь 2018 оны 10 сарын 25-ны өдөр дээрх фейсбүүк цахим хуудсаараа ...Э ХК-ийн гэрээт компани болох Т ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдпын журмыг баримтлахгүй явж, 203 ажилчдын эрүүл мэнд, амь насыг хохироож байна... гэж, 2019 оны 05 сарын 01-ний өдөр ...Монгол Улсад ажлын байрны хомсдол үүссэнийг далимдуулж зөвхөн ашгийн төлөө ажилчдын амь нас, эрүүл мэндийг үл огоорон ажиллуулж байгаа нь шүүхээр тогтоогдсон, энэ компани ажилчидтайгаа мал мэт харьцдаг... хэмээн илт үндэслэлгүй худал мэдээллийг олон нийтэд тараасан. 2019 оны 05 сарын 07-ны өдөр ...Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн Т ХХК-ийн үйл ажиллагааг яагаад зогсоохгүй байна вэ?... гэж, мөн 2019 оны 05 сарын 28-ны өдөр ...Э ХК-ийн ашгийг хумсалж байгаа Хятадын Т ХХК-ийг ярихгүй байна вэ... гэж манай компанийг хууль зөрчигч болгож харуулсан худал мэдээллийг түгээсэн. 2019 оны 08 сарын 31-ний өдөр ...хууль бус олборлолт явуулдаг Т ХХК-ийн үйл ажиллагааг яаралтай зогсоож, сонгон шалгаруулалт зарлах шаардпагатай... гэх мэтээр компанийн үйл ажиллагааг хууль бус болгож харагдуулах худал мэдээллийг тарааж, компанийн ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар халдсан. Энэ талаараа мөн 2018 оны 02 сарын 08-ны өдөр М-д хэвлэлийн бага хурал хийж, хурлын төгсгөлд ...Т ХХК-тай байгуулсан гэрээг өнөөг хүртэл олон улсын гэрээ гэж ташаа ойлголтоор төөрөгдүүлэн, тендерийн болон санхүүгийн хууль зөрчсөн нь Э ХК-ийг санхүүгийн алдагдалд оруулах санааг агуулж, зохион байгуулалттайгаар хууль бусаар орлого олох гэмт бүлэглэлийн шинж байгааг мэргэжлийн байгууллагууд үндэсний аюулгүй байдлын үүднээс хандаж, анхаарлаа хандуулна гэдэгт итгэлтэй байна... гэж манай компанийг олон нийтэд гэмт хэрэгтэн болгож харагдуулан, компанийн нэр хүндийг гутаан доромжилсон. С.Э хамгийн сүүлд л гэхэд 2020 оны 03 сарын 20-ны өдөр ...Т ХХК нь монгол хүний хөдөлмөрлөх эрхийн эсрэг үйлдлээ зогсоо... гэх гарчиг бүхий нийтлэлийг цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд түгээж, иргэдийг худал мэдээ, мэдээллээр төөрөгдүүлсээр байна. Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-т зааснаар дээрх худал мэдээллийг тараасан арга хэлбэр, хэрэгслээр няцаалт хийн уучлалт гуйхыг хариуцагч нарт даалгаж өгнө ү гэжээ.

 

2.   Хариуцагч С.Э хариу тайлбартаа: Э ХК-ийн Э Үйлдвэрчний эвлэлийн Э фейсбүүк хуудас нь ажилчид өөрсдийн санаачилгаар нээж, ямар нэгэн хэмжүүр тавилгүй чөлөөтэй үг хэлэх эрхээр хангадаг групп бөгөөд зөрчигдөж байгаа үйлдлийг нийтэлдэг. С.Э миний бие тухайн фейсбүүк хуудсыг эзэмшдэггүй. Тус компанийн ажилчид өөрсдөө нэгдэн Э йлдвэрчний эвлэлийг байгуулсан. Тус үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилчид болох 10 ажилчдыг нэгэн зэрэг ажлаас халсан нь Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг зөрчсөн, уг маргаан шүүхээр шийдвэрлэгдэж, тухайн ажилчид ажилдаа эгүүлэн томилогдсон. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар Э ХК-ийн ажилчид, эсхүл Т ХХК-ийн ажилчид ямар нэгэн байдлаар хэвийн үйл ажиллагааг зогсоох жагсаал, ажил хаялт зарлаагүй. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 сарын 09-ний өдрийн *** дугаартай Э ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор *** дугаартай Цанхийн зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг Э ХК-ийн охин компани болох Э майнинг ХХК-д шилжүүлэхээр болж, нийт хувьцааны 30 хүртэл хувийг гадаад улсын хөрөнгийн биржээр дамжуулан худалдах болсон. Энэ нь нийт Монгол Улсын иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар 96,480 төгрөг авахаар байтал 30 хувийн хувьцааг зарсан тохиолдолд 70 хувийн хувьцааг Монгол Улсын нийт иргэдэд хуваахад нэг иргэнд 67,536 төгрөг ногдох байсан. Энэ нь Монгол Улсад ашиггүй, хэт их хохиролтой байсан тул С.Э, Э ХК-ийн Э Үйлдвэрчний эвлэл олон нийтэд мэдээлэл хүргэсний үр дүнд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 146 дугаар тогтоолоор хүчингүй болгосон. Хариуцагчийн зүгээс ямар нэгэн худал мэдээлэл тараагаагүй. Нэхэмжлэлд дурдсан 2018 оны 02 сарын 08-ны өдөр М-д хэвлэлийн бага хурал хийж, яриа өгсөн нь үнэн. Нэхэмжлэлийн бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Хариуцагч Б.О өөрийн фэйж хуудсыг ажиллуулж, тус хуудаст Э ХК-ийн Э Үйлдвэрчний эвлэлийн ажилчид сайн дураараа нэгдэж ордог. Цахим хуудас нийт 8 админтай бөгөөд аль ч админ мэдээлэл оруулах боломжтой. Монгол Улс Э ХК-ийг БНХАУ-д 100 жилийн хугацаатай үнэ төлбөргүй эзэмшүүлэх гэж байхад С.Э өөрийгөө шатааж энэ үйлдлийг зогсоосон. Үүний дараа Б.О өөрөө хэлсэн гэдгээ шүүх хуралдааны явцад болон бусад байдлаар тайлбарласан. Үндэслэл болсон баримтуудад үзлэг хийж, тухайн цахим хуудаст байхгүй болохыг тогтоосон. С.Э тухайн зүйлийн талаар тайлбарлаж, хэвлэлийн бага хуралд хэлсэн дээрээ маргадаггүй. Хэвлэлийн бага хурал дээрээ зөвхөн нэхэмжлэгч Т ХХК-тай холбоотой зүйлийг яриагүй, Э ХК-ийн бүх туслан гүйцэтгэгч компаниудыг ярьсан. Гэхдээ Т ХХК-тай холбоотой гэмт хэргийн шинжтэй зүйл байж магадгүй учраас хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж хэлсэн. Түүнээс биш ийм гэмт хэрэг хийсэн гэж яриагүй. Үүнийг 2019 оны Монголын аудитын газрын дүгнэлтээр А/04 тоот нэгдүгээр хавтаст хэргийн 124-163-р талд авагдсан баримтуудаар алдаа, дутагдалтай байгаа болох нь гардаг. С.Э ...Монгол хүний хөдөлмөрлөх эрхийн эсрэг үйлдлээ зогсоо, Э ХК-ийн туслан гүйцэтгэгч компаниуд аюулгүй байдал алдагдаж байна, Монгол хүний үнэ цэнэ унаж байна... гэдэг яриандаа Т ХХК нь Монгол хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байгаа талаар тайлбарласан байдаг. Эдгээр тайлбарууд нь нотлох баримт болон бусад зүйлүүдээр нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагч Э ХК-ийн Э Үйлдвэрчний эвлэл болон Б.О нар хариу тайлбартаа: Э ХК-ийн Э Үйлдвэрчний эвлэл тухайн фейсбүүк хуудсыг эзэмшдэггүй, ажилчдын дундын групп байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн фейсбүүк хуудаст үзлэг хийхэд нэхэмжлэгчийн ярьж байгаа мэдээллүүд байхгүй болох нь тогтоогдсон. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т ...иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд няцаах үүрэг хүлээнэ... гэж заасан. Нэхэмжлэгч уучлалт гуйхыг даалгах шаардлага гаргаж байгаа нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлоогүй, шүүхээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Э ХК-ийн Э Үйлдвэрчний эвлэл, Б.О, С.Э нарыг хариуцагчаар татсан боловч эдгээр 3 хариуцагчийн хэн нь юу хариуцах нь тодорхой бус байна. Тухайн мэдээлэлтэй холбоотойгоор байгууллагад ямар хэмжээний хохирол учирч, байгууллагын үнэлэмж хэрхэн буурсан болох нь тодорхойгүй, Т ХХК нь одоог хүртэл Э ХК-д борлуулалтын үйл ажиллагаа эрхэлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.   Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Хоёр тал хангалттай нотлох баримтгүй, хардах эрхийн хүрээнд мэдэгдэл хийж байна гэж үзэж байна гэжээ.

 

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 27 дугаар зүйлийн 27.6, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч С.Э, Б.О, Э ХК-ийн Э Үйлдвэрчний эвлэлд тус тус холбогдох компанийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгох, уг тараасан хэлбэрээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-т тус тус зааснаас үзэхэд хуулийн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд тухайн тараасан мэдээг бодит байдалд нийцсэн эсэхийг нотлох үүрэгтэй ба хэрэв нотолж чадахгүй нөхцөлд эрх нь зөрчигдсөн этгээдийн анхны шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээхээр байна. Гэтэл шүүх эдгээр хуулийн зүйлүүдийг шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т тайлбарлахдаа хуулийн хэм хэмжээг хэт дэлгэрүүлэн тайлбарлажээ. Анхан шатны шүүхээс нэр төр хэрхэн унасан, ямар хэмжээгээр унасан, ямар хор хохирол учирсан зэргээр нэмэлт нөхцөл тогтоож хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

6.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-д Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасныг тайлбарлан бичсэн бөгөөд ...хуулийн зохицуулалтаар хариуцагч нарын хууль бус үйлдэл байх, гэм буруутай нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардана гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба учирсан хохирлыг нөхөн төлүүлэх шаардлага гаргаагүй болно. Гэвч шүүхээс гэм хорын нөхөн төлөх хуулийн зохицуулалтыг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу дүгнэснийг илтгэж байна. Шүүх эдийн гэм хорыг арилгах хууль зүйн хэм хэмжээгээр дүгнэлт хийж, уг дүгнэлт нь шийдвэр буруу, алдаатай гарахад нөлөөлсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7.   Хариуцагч Э ХК-ийн Э Үйлдвэрчний эвлэл, Б.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тэгш эрхийн үндсэнд явагдах учиртай. Нэхэмжлэгч тал гомдолд дурдагдаагүй тайлбар гаргасан нь хариуцагч талын мэтгэлцэх эрхийг зөрчиж байна. Нэхэмжлэгч хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. 1-р хавтаст хэргийн 193-195, 197-205-р талд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэх баримтад үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан бөгөөд тухайн нийтлэл байхгүй байсан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй. Түүнчлэн, С.Э, Б.О, Э ХК-ийн Э Үйлдвэрчний эвлэлийг тус тус хариуцагчаар татан оролцуулсан боловч хариуцагч тус бүрд ямар шаардлага гаргасан нь тодорхойгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй байсан. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргаагүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдсон тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч С.Э, Э ХК-ийн Э Үйлдвэрчний эвлэл, Б.О нарт холбогдуулан компанийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-3, 33, 227, 229-231, 243, /

Нэхэмжлэгчийн тодорхойлсон ...ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан болохыг тогтоолгох... гэх шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин ...ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, уг мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр няцаалт хийхийг даалгах... тухай шаардлагын үндэслэл байна.

 

3.   Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т ... гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн эдгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж тус тус зохицуулжээ.

Иймд дээрх зохицуулалтаас үзвэл хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүнд-ийг хуулиар хамгаалсан байх тул компанийн нэр хүнд-ийг сэргээлгэх шаардлага үндэслэлгүй, мөн гутаасан мэдээ тараасан этгээд уг мэдээг няцаах үүрэг хүлээдэг тул уучлалт гуйлгах шаардлага үндэслэлгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

4.   Шүүхээс үзлэг хийн бэхжүүлж, нотлох баримтын шаардлага хангуулсан Э Э гэх фэйсбүүк хуудаст нийтлэгдсэн 2019 оны 05 сарын 28-ны өдрийн нийтлэл, мөн 2018 оны 02 сарын 08-ны өдөр М-д хэвлэлийн бага хурлаар С.Э-ийн хийсэн мэдээлэл зэргийг шүүхээс үнэлэх боломжтой. /1хх 15-арын нүүр, 193-195, 244-247/

Харин шүүхээс үзлэг хийхэд байхгүй байсан, устгагдсан байсан гэх бусад нийтлэлийг нотлох баримтаар үнэлж, дүгнэлт хийх боломжгүй, тэдгээр нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. /1хх 12-14, 15-урд талын нүүр, 16-18, 193-195, 217-220/

 

5.   Дээр дурдсан 2019 оны 05 сарын 28-ны өдрийн нийтлэлийг Э Э гэх фейсбүүк хуудаст хариуцагч Б.О оруулсан, 2018 оны 02 сарын 08-ны өдрийн хэвлэлийн бага хурлыг С.Э хийсэн үйл баримт өөрсдийнх нь зөвшөөрсөн тайлбараар тогтоогдсон.

Иймд ...хариуцагч тус бүрд ямар шаардлага гаргасан нь тодорхойгүй гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй.

 

6.   Э Э гэх фейсбүүк хуудаст нийтлэгдсэн 2019 оны 05 сарын 28-ны өдрийн нийтлэлийн агуулгаас үзвэл ...Т ХХК нь Э ХК-ийн ашгаас хумсалдаг учираас Э ХК ашигтай ажилдаггүй... гэсэн ойлголтыг, мөн 2018 оны 02 сарын 08-ны өдөр М-д хэвлэлийн бага хурлаар С.Э-ийн хийсэн мэдээллийн агуулгаас үзвэл ...Т ХХК нь хууль бусаар орлого олдог, гэмт бүлэглэлийн шинжтэй, үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байгаа... гэсэн ойлголтыг төрүүлэхүйц байна.

Уг мэдээлэл бодит үнэнд нийцсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх нийтлэл, мэдээллийнхээ үнэн зөвийг хариуцагч Б.О, С.Э нар баримтаар нотолж чадаагүй.

Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар хариуцагч Б.О нь 2019 оны 05 сарын 28-ны өдөр Э Э гэх фейсбүүк хуудаст нийтэлсэн нийтлэлээ, харин хариуцагч С.Э нь 2018 оны 02 сарын 08-ны өдөр М-д хэвлэлийн бага хурлаар хийсэн мэдээллээ тус тус тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүргийг хүлээнэ.

Түүнчлэн, эдгээр асуудлууд нь хэрэв эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзвэл Э ХК, гэмт бүлэглэлийн шинжтэй гэж үзвэл эрх бүхий байгууллага шалган тогтоох асуудлууд байгааг дурдах нь зүйтэй.

 

7.   Анхан шатны шүүхийн хийсэн ...ажил хэргийн нэр хүнд гутаагдсаны улмаас ямар хохирол учирсан, ямар сөрөг үр дагавар бий болсон нь хангалттай нотлох баримтгүй... гэсэн агуулгатай дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүнд гутаасан мэдээлэл тараасан этгээд үнэн зөвийг нь нотолж чадахгүй бол уг мэдээг тараасан этгээд няцаах үүргийг хүлээх ба энэ тохиолдолд хуулийн этгээдэд заавал хохирол учирсан байхыг шаардахгүй.

 

8.   Хариуцагч Э ХК-ийн Э Үйлдвэрчний эвлэл нь нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болох нь тогтоогдоогүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 11-ний өдрийн 183/ШШ2023/01575 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч Б.О, С.Э нарт тус тус даалгаж, компанийн нэр төрийг сэргээлгэх, уучлалт гуйхыг хариуцагч нарт даалгах тухай шаардлага болон хариуцагч Э ХК-ийн Э Үйлдвэрчний эвлэлд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...56.1, ... гэснийг ...56.2, ... гэж, ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагч С.Э-с 70,200 төгрөг, хариуцагч Б.О-аас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 Д.НЯМБАЗАР