Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 0187

 

           Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9, Скайтел плазад байрлах “Скайтел”ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 26 дугаар байрны 16 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, Чингүүнжав овогт Нямжавын Энхцэцэгт /РД:ТГ61082506/-т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 531.500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг  2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсанаар хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Соронзонболд оролцов.

 
   

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч “Скайтел”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Энхцэцэг нь манай “үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр манай “үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч 396.000 төгрөгний Х5 2 ширхэгийг зээлээр худалдан авч төлбөр 792.000 төгрөгийг 12 сар хуваан төлөхөөр харилцан тохирсон. Н.Энхцэцэг нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн гар утасны төлбөрийн үлдэгдэл 528.000 төгрөгийг төлөөгүй байна. Н.Энхцэцэгээс гар утасны төлбөрийн үлдэгдэл 528.000 төгрөг, нотариатын зардал 3.500 төгрөг, нийт 531.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           Хариуцагч Н.Энхцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.Энхцэцэг нь 2012 оны 04 дүгээр сард танай байгууллагаас 396000 төгрөгийн Х5 утас 2 ширхэгийг зээлээр худалдан авч төлбөрөө 12 сард хуваан төлөхөөр харилцан тохиролцсон. Тухайн үед Скайтел компанид Ундармаа ажиллаж байсан. Би сар бүр төлбөрөө төлж байсныг нотлох баримтыг хавсаргав. “Скайтел”ХХК-нд маш гомдолтой байна. Төлбөрийг танай компанийн ажилтан Ундармаа маш хариуцлагатай сар бүр авч байсан. Яагаад баримтаа сайн нягтлан үздэггүй хариуцлагагүй хүмүүс вэ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Хүний нэр хүндэд халдсан тул зохих хуулийн дагуу гомдол гаргана гэжээ.

        Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Тус шүүх хуралдааны товыг зохигчдод мэдэгдсэн боловч хэн аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Даарийжав нь шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй шалтгаанаар өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар бичгээр хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар  зохигчдын эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Н.Энхцэцэгээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 528000 төгрөг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргаж өгсөн төлбөр төлсөн баримтуудыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа багасган 201.500 төгрөг шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

          Зохигчдын хооронд 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гар утас худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч Н.Энхцэцэг нь 792000 төгрөгийн Х5 маркийн 2 ширхэг гар утсыг  12 сарын хугацаатай, сард 33000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр худалдаж авсан байх ба уг утасны төлбөрт  594000 төгрөгийг төлж, үлдэгдэл 198000 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

          Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа  “Скайтел”ХХК-ийн салбарт тухайн үед ажиллаж байсан ажилтан Б.Ундармаад  болон банкинд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан боловч төлбөрийн үлдэгдлийн баримт, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, төлбөр төлсөн баримтууд зэрэг баримтуудаар  үгүйсгэгдэж байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардсан 198000 төгрөг болон нотариатын зардал 3500 төгрөг, нийт 201500 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

          Гэвч дээрхи төлбөрийг нэхэмжлэгч байгууллага шаардах эрхгүй болсон байна.

          Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг бөгөөд нэхэмжлэгч байгууллагын шаардах эрх үүссэн 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс тооцоход хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

          Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

          Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэгч байгууллагын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Энхцэцэгээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 201.500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчСкайтел” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 16595 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР