Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 0185

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9, Скайтел плазад байрлах “Скайтел”ХХК-ийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 21 дүгээр байрны 30 тоотод оршин суух, 1981 онд Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, Хариад овогт Чулуунбатын Тунгалаг /РД: МЙ81111909/-т холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 123.500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг  2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: хариуцагч Ч.Тунгалаг, гэрч Б.Ундармаа, нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “Скайтел”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Тунгалаг нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 180000 төгрөгийн Х3 маркын гар утас нэг ширхэгийг зээлээр худалдан авч төлбөр 180000 төгрөгийг 12 сар хуваан төлөхөөр харилцан тохирсон. Ч.Тунгалаг нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн гар утасны төлбөрийн үлдэгдэл 120000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Ч.Тунгалагаас гар утасны төлбөрийн үлдэгдэл 120000 төгрөг, нотариатын зардал 3500 төгрөг, нийт 123500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Ч.Тунгалаг шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Миний бие Ч.Тунгалаг нь 2012 онд Скайтел компаниаас 180000 төгрөгийн  гар утас болон 96083032 гэсэн дугаар авсан ч тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулж, 2013 онд дуусгавар болгосон. Ийм байхад тус компани нь надад урьдчилан мэдэгдэлгүйгээр, тухайн асуудлыг нягтлан шалгаж шийдвэрлэлгүйгээр, өөрийн компанийн дансны хуулбарыг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, чирэгдэл учруулсанд гомдолтой байна. Зарим тохиолдолд төлбөрөө тухайн үед ажиллаж байсан ажилтан Б.Ундармаад хүлээлгэж өгдөг байсан. Хэрэглэгчийг шүүхэд өгөхөөс  өмнө дотоод ажлаа сайжруулж тэр ажилтантайгаа асуудлаа шийдэх нь шударга байсан юм. Тайлан тооцоо гаргахгүй 4 жил болдог байгууллага байдаг юм байна. Миний хувьд дугаар л өөрчлөгдсөн болохоос одоо ч Скайтел компанийн хэрэглэгч байсаар л байна. Сар бүр 15000 төгрөг утасны төлбөрт цалин дээрээс суутгуулж байсан ч албан ёсны гэрээ хийгдээгүй гэж удирдлага татгалзсан тул хувиараа банкинд төлбөрөө хийсэн. Мөн Скайтел компанийн салбарт бэлнээр 3 удаа тушааж байсан санагдаж байна. Тэгээд ч 15000 төгрөг төлмөгц утас дагалдуулж урамшуулалд өгсөн 96083032 дугаарт үнэгүй ярих эрх нэгж ирдэг байсан. Төлөөгүй тохиолдолд хаагддаг. 2013 оны 04 дүгээр сард дуусгавар болсон харилцааны талаар 2016 оны буюу 3 жилийн дараа шүүхийн байгууллагад хандаж байгаа нь оновчгүй байна. Мөн миний бие 2012 оны 8 дугаар сараас одоог хүртэл ЗДТГ-ын даргаар ажиллаж байна. Скайтел компанийн ажилтан Б.Ундармаа амаар хүсэлт гаргаж танай байгууллагын ажилтнуудын утасны төлбөрийг цалин дээрээс нь  суутгуулж баймаар байна гэсний дагуу дутуу сарыг гүйцээж сар бүр цалин дээрээс нь суутгал хийлгүүлж барагдуулж байсан болно. Хавсаргасан 5 баримтаар 75000 төгрөг суутгагдсан байна. Мөн Скайтел компанийн салбараас шалгуулахад 2012.05.29, 2012.06.25, 2012.08.28-ны өдөр тус тус 15000 төгрөг төлөгдсөн байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлд 4 сар буюу 60000 төгрөг төлсөн баримт хавсаргасан байсан. Би хамгийн сүүлд 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төлбөрөө төлсөн байгаа. Хэрвээ төлбөр төлөлтийн хугацаа нь дуусаагүй үргэлжлэх байсан бол 3 сараас хойш энэ төлбөр хийгдээд дутуу үлдсэн баримтууд үлдэх байсан. Иймд уг төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв. 

        Шүүх хуралдаанаар хариуцагчийн тайлбар,гэрч Б.Ундармаагийн мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Тус шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчйн төлөөлөгч Д.Даарийжавт мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй шалтгаанаар өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар бичгээр хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Ч.Тунгалагаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 123500 төгрөг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргаж өгсөн төлбөр төлсөн баримтуудыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа багасган 48500 төгрөг шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

          Зохигчдын хооронд 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гар утас худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч Ч.Тунгалаг нь 180000 төгрөгийн Х3 маркийн гар утсыг  12 сарын хугацаатай, сард 15000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр худалдаж авсан байх ба уг утасны төлбөрт  135000 төгрөгийг төлж, үлдэгдэл 45000 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

          Хариуцагч нь үлдэгдэл 45000 төгрөгийг төлсөн, “Скайтел”ХХК-ийн салбарт тухайн үед ажиллаж байсан ажилтан Б.Ундармаад бэлнээр төлж байсан гэж мэтгэлцэж байгаа боловч гэрч Б.Ундармаагийн “...2012 онд манай байгууллагын байгууллага хамтын ажиллагааны албаны хүмүүс Хөтөлд ирээд ихэнх байгууллагад борлуулалт хийсэн. Харин өнөөдрийг хүртэл зарим байгууллага төлбөрийн үлдэгдэлээ төлж барагдуулаагүй байгаа. Засаг даргын Тамгын газар албан ёсоор гэрээгээ бичгээр байгуулаагүй. Тэгээд сар бүр цалин дээрээс нь суутгах гэсэн боловч гэрээ байгуулагдаагүй тул суутгаж чадаагүй. Эхний хэдэн сар биеэрээ утасны төлбөрөө тушаамагц баримт үйлдэн банкинд тушааж байсан. Утасны хувьд 12 сард утсаа авсан байлаа гэж бодоход жилийн үнэгүй ярианы эрх ирдэг байсан тул утасны эрх хаагдана гэсэн ойлголт байгаагүй. Надад бэлнээр төлбөрөө өгсөн тохиолдолд би баримт үйлдээд өгдөг байсан. Тэрнээс баримт өгөхгүйгээр бэлэн мөнгө авч байгаагүй. Тэр мөнгө өгсөн баримтаар төлбөрөөс нь хасагдаж байсан...” гэсэн мэдүүлэг болон төлбөрийн баримт, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлд шаардсан 45000 төгрөг болон нотариатын зардал 3500 төгрөг, нийт 48500 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

          Гэвч дээрхи төлбөрийг нэхэмжлэгч байгууллага шаардах эрхгүй болсон байна.

          Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг бөгөөд нэхэмжлэгч байгууллагын шаардах эрх үүссэн 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс тооцоход хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

          Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

          Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэгч байгууллагын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Тунгалагаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 48500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР