| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2019/00021/Э |
| Дугаар | 00018 |
| Огноо | 2019-02-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 00018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Бд холбогдох 1932000130032 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, 1967 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто техникийн инженер механикч мэргэжилтэй,*тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигин овогт Дамдиндоржийн Б.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Д.Б нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цагийн үед BMW-маркийн “37-50” УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” .. мөн 11.-т Эсрэг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гарган уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 15 настай Б.Снын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажлын журмаар Орхон аймаг руу явсан. Явахдаа эхнэрийнхээ нэр дээр байдаг BMW-маркийн “37-50” УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 2 хүүхдийнхээ хамт явсан. Тэгээд Баруунхараагийн тэр хавьд явж байхдаа би хөгжим сонсох гээд флашаа хөгжимний оролт руу хийх гэж байгаад унагаачихсан. Тэгээд доошоо тонгойж флашаа аваад өндийтөл нилээн ойрхон машин тулж мөргөлдсөн. Тэгээд арын суудал дээр явж байсан хүү маань уйлж, охин маань ухаангүй байсан. Тэгтэл мөргөлдсөн машины жолооч залуу та хүүхдүүдээ аваад эмнэлэг яв, би цагдаа иртэл байж байя гэсэн. Анхаарал болгоомжгүй байдлаас ийм гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарын хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гэв.
Насанд хүрээгүй хохирогч Б.Сн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... би 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр аав Б, дүү Тэнгис нарын хамт машинтайгаа Орхон аймаг руу явсан. Замдаа аав, дүү бид гурав Урьхан зоогийн газарт хоол идсэн хоол идсэний дараа би машиндаа суугаад унтаад өгсөн юу болсон талаар мэдэхгүй байна. Ухаан ороод нэг сэртэл би Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд ээжээсээ замдаа Баруунхараад зам тээврийн осолд орж толгойдоо гэмтэл авч гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж ирсэн гэж мэдсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-р хуудас/
Гэрч Л.ДО мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгаас Улаанбаатар хот орохоор тендерийн таксинд сууж явсан. Тэгээд Баянгол сумын төвөөс нэг хүүхэдтэй хүн аваад дөнгөж хөдлөөд замын цагдаагийн пост дөхөж явтал өөдөөс эсрэг урсгалаас нэг машин гарч ирээд миний сууж явсан машиныг жолооч талаас мөргөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 39-р хуудас/
Гэрч, иргэний нэхэмжпэгч А.Бс мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгаас Улаанбаатар хот орохоор өөрийнхөө Соната-7 загварын “16-65” ОРО улсын дугаартай машиныг жолоодон Орхон аймгаас 4 хүн аваад гарсан. Ингээд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт явж байгаад замаасаа 1 хүүхэдтэй хүн нэмж аваад Баянгол сумын Монгол зоог гэх хоолны газар өнгөрөөд хурд сааруулагчаар гараад Замын цагдаагийн пост руу ойртоод явж байтал эсрэг талын урсгалаас машин гэнэт гарч ирээд намайг чиглээд ирэх үед би замаа чөлөөлж зогсох үед миний машиныг зүүн урд хэсгээс ирээд мөргөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-р хуудас/
2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Шинжээчийн №966 дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: …
1. Б.Снийн биед зулайд шарх, зулайн хуйханд цус хуралт, аксоны тархмал гэмтэц гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 58-р хуудас/
2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн №02 Замын цагдаагийн Шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...
1. “ВМВ маркийн 37-50 УНА улсын дугаартай машины жолооч Д.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.
2. Н.Сонота 7 маркийн 16-65 ОРО улсын дугаартай машины жолооч А.Бс нь замын хөдөлгөөний заалт зөрчөөгүй байна.
3. ВМВ маркийн 37-50 УНА улсын дугаартай машины жолооч Д.Б нь замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.3 заалтуудыг зөрчсөнөөс осол гарсан гэж үзэж дүгнэлт гаргав гэх дүгнэлт /ХХ-ийн 50-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-7-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Д.Бы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 101 дүгээр хуудас/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ХХ-ийн 104 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Д.Б нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цагийн үед BMW-маркийн “37-50” УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” .. мөн 11.-т Эсрэг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гарган уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 15 настай Б.Снын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Б.Снын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 27-р хуудас/, Гэрч Л.ДОы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 39-р хуудас/, Гэрч, иргэний нэхэмжпэгч А.Бсгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 29-р хуудас/, 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Шинжээчийн №966 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 58-р хуудас/, 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн №02 Замын цагдаагийн Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 50-р хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-7-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Быг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Бг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 18 цагийн үед BMW-маркийн “37-50” УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” .. мөн 11.-т Эсрэг хөдөлгөөнтэй гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гарган уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 15 настай Б.Снын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь тогтоогдож байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Иймд энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигин овогт Дашдоржийн Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Бы №88107 дугаартай жолоочийн “B.C.D” ангилалын үнэмлэхийг эрх хасах тухай шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.