Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 0182

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч  Б.Мөнхбаяр би,

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах “Скайтел” ХХК-гийн нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг, 2 дугаар гудамж 45 тоотод оршин суух Хурлаад овгийн Намсрайн Нарантуяа /РД:ТГ74021701/-д холбогдох худалдах,  худалдан авах гэрээний үүрэгт 104.000 гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Нарантуяа нь манай “үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай “үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч 350.000 төгрөгний үнэтэй  Аlcatel D668 гар утас 1 ширхэгийг зээлээр худалдан авч төлбөр 300.000 төгрөгийг 6 сар хуваан төлөхөөр харилцан тохирсон. Н.Нарантуяа нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн гар утасны төлбөрийн үлдэгдэл 50.000 төгрөгийг төлөөгүй байна. Н.Нарантуяад төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч одоо болтол төлөөгүй байна. Н.Нарантуяагаас гар утасны төлбөрийн үлдэгдэл 50.000 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг, нийт 54.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

            Нэхэмжлэгч “Скайтел”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Н.Нарантуяа нь манай үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 350000 төгрөгийн үнэтэй Алкател D668 маркийн гар утас 1 ширхэгийг зээлээр худалдан авч төлбөрийг 6 сар хуваан төлөхөөр харилцан тохиролцсон. Төлбөрийн үлдэгдэл 100000 төгрөг байсныг Б.Нарантуяатай андуурагдан 50000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж нэхэмжлэл гаргасан. Н.Нарантуяа нь 100000 төгрөгийн үлдэгдэлтэй байснаас нотариатын зардал 4000 төгрөг, нэхэмжлэлийн тал төлбөр болох 50000 төгрөг, нийт 54000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо үлдэгдэл төлбөр болох 50000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Нарантуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.Нарантуяа нь нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ний 50.000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах болно. Мөн 54.000 төгрөгийг Хаан банкны “Скайтел” компанийн дансанд шилжүүлсэн болно гэжээ.

    Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даарийжав шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн тайлбартай танилцлаа. Н.Нарантуяагийн хэлсэн хугацаанд төлбөрийг барагдуулах хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Н.Нарантуяагаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 54000 төгрөг гаргуулах шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 50000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 104000 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

   Уг нэхэмжилсэн 104000 төгрөгөөс хариуцагч нь 54000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 50.000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч мөн хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

     Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4.550 төгрөгийг 50 хувиар бууруулан тогтоож хариуцагчаас 2.275 төгрөг, орон нутгийн төсвөөс үлдсэн  50 хувь болох 2.275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон   

                                                                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт шаардсан 104.000 /нэг зуун дөрвөн мянга/ төгрөгөөс 54000 төгрөгийг төлж барагдуулан үлдэгдэл 50000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагч Н.Нарантуяагийн  зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч Н.Нарантуяагаас 2.275 төгрөг, орон нутгийн төсвөөс 2.275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          3. Хариуцагч нь тохирсон хугацаандаа үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР