Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 150/2016/00159/и |
Дугаар | 0189 |
Огноо | 2016-06-27 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 0189
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр баг, Цагаан тохой гэх газар оршин суух, 1963 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, Шандас овогт Нанзадын Мягмардорж /РД: МК63050117/-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Бямбацэрэн, нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Н.Мягмардоржийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Н.Мягмардорж 1981-1991 онуудад Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын сангийн аж ахуйд тракторчноор ажиллаж байгаад одоо тэтгэвэртээ гарах гээд Нийгмийн даатгал дээр очтол ажилд орсон тушаал нь Н.Мягмарсүрэн гэсэн нэрээр гарсан байсан тул Нийгмийн даатгалын газраас тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн тул шүүхэд хандсан. Тиймээс хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг холбогдох бичгийн баримтуудыг үндэслээд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Сангийн аж ахуйн даргын 1981 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 162 тоот тушаалын хавсралтын 3 дугаарт Нанзадын Мягмарсүрэн гэж буруу бичигдсэнийг залруулан Н.Мягмардорж мөн болохыг тогтоож, мөн 1981 он 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Орхонтуул Сангийн аж ахуй, Хөгжил пүүсд тракторчноор ажиллаж байсныг тус тус тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Н.Мягмардоржийн ажиллаж байсан байдал болон бичиг баримтын жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийн зарим хэсгийг хангах үндэстэй гэж үзлээ.
Учир нь нэхэмжлэгч Н.Мягмардорж нь 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус Сэлэнгэ аймгийн Орхонтуул Сангийн аж ахуйд тракторчноор, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Хөгжил” пүүсийн хадлангийн салаанд 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторчноор ажиллаж байсан болох нь түүний 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр дэх бичилтүүд, Сэлэнгэ аймгийн Орхонтуулын Сангийн аж ахуйн даргын 1981 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ажилд томилох тухай 162 дугаар тушаалын хуулбар болон түүний хавсралт, 1981 оны цалингийн тооцооны хүснэгт, Сэлэнгэ аймгийн Орхонтуулын Сангийн аж ахуйн даргын ажлаас чөлөөлөх тухай 1982 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 134 дүгээр тушаалын хуулбар болон түүний хавсралт, Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний №647046 дугаартай бат илэрхийлэхэд 1985-1990 оны хооронд тасралтгүй төлөгдсөн татварын бичилтүүд таракторч машинчийн үнэмлэхийн хуулбар, Г.Сандагдорж, Б.Мягмаржав, Л.Баттулга нарын тодорхойлолт, зэрэг бичмэл нотлох баримтууд болон гэрч Б.Мягмаржав, Г.Сандагдорж, Л.Баттулга нарын мэдүүлгээр давхар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Н.Мягмардоржийн ажиллаж эхэлсэн болон дууссан хугацааг хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн хугацаагаар тооцож тогтоосон болохыг дурьдах нь зүйтэй бөгөөд хэдийгээр нэхэмжлэгч 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажиллаж байсан байдал нь тогтоогдож байгаа боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн шаардлага гаргасан 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Харин Сэлэнгэ аймгийн Орхонтуулын Сангийн аж ахуйн даргын ажилд томилох тухай 1981 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 162 дугаар тушаал дээр нэхэмжлэгчийн нэрийг Нанзадын Мягмарсүрэн гэж бичсэн байх боловч дээрх ажилд томилсон тушаал нь эрх олгосон ямар нэгэн баримт бичиг биш байх тул түүний эзэмшигч нь мөн эсэхийг тогтоох эрх зүйн үндэслэлгүйгээс гадна дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоосон тул бичиг баримтын жинхэнэ эзэмшигч нь мөн болохоо тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Шандас овогт Нанзадын Мягмардоржийг 1981 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1985 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тус тус Сэлэнгэ аймгийн Орхонтуул Сангийн аж ахуйд тракторчноор, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Хөгжил” пүүсийн хадлангийн салаанд 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тракторчноор ажиллаж байсныг тогтоож, үлдэх Сэлэнгэ аймгийн Орхонтуулын Сангийн аж ахуйн даргын ажилд томилох тухай 1981 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 162 дугаар тушаалын жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР