Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 00017

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах 

             Улсын яллагч                                 Э.Гантулга

              Шүүгчдэгчийн өмгөөлөгч                С.Сувдаа

              Гэрч                                                     Б.Ас

                         Шүүгдэгч                                         Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.Эт холбогдох 1832002300002 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, халх, 1989 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, * тоотод оршин суух хаягтай, урьд хоёр удаа ял шийтгүүлж байсан. 1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №41 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. 2. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №49-А дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 05 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Халх овогт Энхдаваагийн Э.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Э.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн 4-р хэсгийн 5-3 тоотод оршин суух А.Ббын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар орж дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй монетон бөгж 2 ширхэг, эмэгтэй мөнгөн бөгж 2 ширхэг, эрэгтэй, эмэгтэй дуураймал монетон бөгж 1 хос, дуураймал гинж кулонтой 1 ширхэг, шармал цаг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 893000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э мэдүүлэхдээ: ... 2018 оны 11 дүгээр сарын 20-нд би Баруунхараагийн төв рүү хар зүрх гэдэг газраас гэрээсээ ирсэн юм. Ас ах, Мс ах, Батцэнгэл ах бид нар архи уусан. Би нэг ямаа айлаас авч зараад хоёр гурван өдөр архи уусан. Хэрэг болдог 24-ний өдөр өглөө нь бид хэд босож урд талынхаа айлд нэг шил архи уугаад үхрийн мах, сүү байсныгаа зараад 2 шил архи авч уусан. Тэгээд би согтуу тасраад унасан байсан. Тэрнээс хойш яг юу болсонг би мэдэхгүй. Хамгийн сүүлд Ас ах хэлэхдээ чи тэр айлын хашааны тэнд тасраад унасан байсан. Чамайг Мс ах хараад сууж байсан шүү дээ гэж хэлсэн. Сэрээд харсан чинь миний халаасанд мөнгөн аяга хоёр дуураймал бөгж, шаргал шар өнгийн цаг байсныг би цагдаад очихдоо бүгдийг нь буцааж өгсөн. Харин би Бб ахынхаас алга болсон гэдгийг сүүлд цагдаа дээр очоод мэдсэн. Тэрнээс бусдыг нь сайн мэдэхгүй байна, би архи ууж согтохоороо зүгээр юм шиг яваад байдаг, тэгэж байгаад нэг газар очоод унтаад өгдөг юм. Хулгайд алдагдсан эд зүйл миний халааснаас гарсан нь үнэн, гэм буруугаа хүлээж байна миний буруу... гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Ас мэдүүлэхдээ: ... Өглөө бид нар босоод Алтанзагас гэдэг хүүхнийх рүү ороод нэг шил архи уусан. Тэгээд мах, сүү байсныг нь зараад хот явна зардал хэрэгтэй гэхээр нь тэрийг нь зарж өгчихөөд  машины дугуй засвар дээр нэг шил архи уугаад зогсож байхад манай тэндхийн нэг залуу намайг нүүрс ачаад өг 20000 төгрөг өгье гэхээр нь за тэгье гээд явахад Мийгаа ах үлдсэн юм. Тэгээд өдөр гурван цагийн үед би нүүрс буулгачихаад ажлаа дуусгаад явж байтал хамт архи ууж байсан Батцэнгэлтэй сумын төвд таарсан. Тэгээд надаас нэг шил архи нэхээд байхаар нь би нэг шил архи авч өгсөн юм. Тэгээд надад 5000 төгрөг үлдсэн байсан. Тэгээд хамт архиа уучихаад тал шил архийг нь аваад урагшаа гэртээ харихаар явсан. Намайг гэртээ харьж явтал замд Мийгаа /Ч.Мс/ ах сууж байсан, хажууд нь нэг танихгүй нохой харчихсан сууж байсан юм. Тэгэхээр нь би  “хөөе Мийгаа ахаа та юугаа хийгээд нохойтой яриад суугаад байгаа юм бэ, тэнэг юм уу” гэж хэлчихээд Э хааччихсан юм бэ гэхэд “тэр тасарчихсан унтаж байна” гэж хэлсэн. Тэгээд би Мийгаа ахыг “архи уух уу хоёулаа манайд оръё” гэж хэлээд дагуулаад гэртээ ороод нүүр гараа угаагаад нүүрстэй хувцасаа солиод 30-40 минут болсон байх. Тэгээд 5000 төгрөгөөрөө нэг жижиг архи авч ууя гэж бодоод гэрээсээ гараад “Ган-зам” дэлгүүр орсон юм. Э нөгөө хэвтэж байсан газраа байхгүй байсан. Тэгээд Мс ах бид хоёр “Ган-зам” дэлгүүр ороод архи авах гээд байж байтал бид хоёрын араас Э ороод ирсэн. Тэр дэлгүүрийн худалдагч Бор эгч надад “наад Эын чинь халаасанд мөнгөн аяга байна” гэж хэлсэн юм байна лээ. Тэрийг нь согтуудаа анзаараагүй. Тэгээд Эыг гараад явсан гэж байсан. Тэрнээс тэр мөнгөн аягыг бол би хараагүй, Э Ганзам дэлгүүр дотор орж ирээд Мийгаа ах бид хоёртой юм яриагүй байж байгаад гараад явсан байсан гэв.

Хохирогч А.Бб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Намайг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байтал манай эхнэр Об миний гар утас руу залгаад манай гэрт хулгай ороод мөнгөн аяга ээмэг, бөгж зэрэг зүйлс хулгай авсан байна гэж хэлж байсан юм. Тэгээд хэд хоногийн дараа намайг эмнэлгээс гараад гэртээ байж байхад байшингийн үүдний довжоон доороос миний монетон бөгж, эхнэрийн монетон бөгж, мөнгөн ээмэг, бөгж зэрэг зүйлс нь олдсон юм. Тухайн үед би хулгайч авч гарч байгаад л унагаад тэр чигээр нь орхиод явчихсан юм байх л гэж бодсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р хуудас/

Гэрч Д.Об мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 20 цагийн үед Сэлэнгэ аймгийн төв ороод нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан нөхөр Ббыг эргэчихээд гэртээ ороод иртэл манай гэрт манай дүүгийн хүүхэд болох Пүрэвсүрэн, Улаанбаатар хотод сургуульд сурдаг манай оюутан хүү болох Пүрэвбаатар, манай хамаатны ах Болдоо гурав сууж байсан. … Гал тогооны өрөөгөөр ороод том өрөө рүү шагайтал том өрөөний буйдангийн урд талын ширээн дээр боодолтой 20 төгрөгийн дэвсгэрт, нэрийн хуудаснууд гаргаад хаячихсан байсан юм. Уг мөнгө, нэрийн хуудаснууд манай гэрийн ханын сервантан дотор байсан ээмэг бөгжний хайрцаг дотор байсан юм. Тэгээд би нөгөө гураваас энэ мөнгө төгрөг нэрийн хуудас зэргийг яагаад гаргачихсан юм бэ гэж асуухад мэдэхгүй гэж хариулсан. Тэгэхээр нь сервант руу очоод юм аа бүртгээд хартал манай сервантны дунд талын тавиур дээр байсан дунд гарын мөнгөн аяга алга байсан ба ээмэг бөгжний сав дунд тавиур дээр байсныг дээд талын тавиур дээр гаргаж тавиад дотор нь байсан манай нөхрийн монетон бөгж, мөнгөн бөгж, миний өөрийн хоёр мөнгөн бөгж, гоёлын бөгжнуүд, кулон гинж, мөнгөн товч зэргийг аваад явсан байсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-р хуудас/

 

 

Гэрч Г.Эд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би Баруунхараа төмөр замын дэлгүүрт 13 дахь жилдээ ажиллаж байна. Ер нь бол төмөр замын вокзал, хогийн хонхор чиглэлийн айлууд тэр орчимд байдаг үйлчлүүлэгч нарыгаа нэрийг нь мэдэхгүй ч гэсэн зүс царайгаар нь танина. 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ас хажуудаа 2 залуутай хамт манай дэлгүүрт орж ирээд Ас нь манай дэлгүүрээс тамхи худалдаж аваад нөгөө хоёрыгоо дагуулаад гарсан юм. Би тэр Чанцаагийн нөхөр болох Ас гэдэг залууд хамт явж байгаа залуугийн чинь халаасанд мөнгөн аяга байна шүү гээвээ гэж хэлсэн чинь миний үгийг нэг их тоолгүй гараад явчихсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-р хуудас/

 

Гэрч Б.Ас мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Төмөр замын дэлгүүр орж нэг жижиг архи авч ууя гээд алхсан юм. Замдаа Эыг хартал Э хэвтэж байсан газартаа байхгүй болчихсон болохоор нь Мийгаа ах бид хоёр Эыг босоод явчихсан байна хаачсан юм бол доо гэж ярилцаад Төмөр замын дэлгүүр ортол дэлгүүрийн худалдагч Бор эгч Эын халаасанд мөнгөн аяга байна шүү дээ гэж хэлсэн юм. Тухайн үед би согтуу байсан болохоор үгийг нь сайн ойлгоогүй ээ гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-р хуудас/

Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 23-р хуудас/

Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /ХХ-ийн 8-9-р хуудас/

Э.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр архи уучихсан байх үедээ халаасандаа мөнгөн аяга бусад зүйлийг хийж яваад Улаанбаатар хотод аваачаад ломбарданд тавьчихсан байж байгаад баригдсан юм. Тухайн өдөр архи их уугаад тасраад хийсэн үйлдлээ огт санахгүй байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Э.Эын талаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 32 дугаар хуудас/, Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /35 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /ХХ-ийн 38-44 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн 4-р хэсгийн 5-3 тоотод оршин суух А.Ббын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар орж дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй монетон бөгж 2 ширхэг, эмэгтэй мөнгөн бөгж 2 ширхэг, эрэгтэй, эмэгтэй дуураймал монетон бөгж 1 хос, дуураймал гинж кулонтой 1 ширхэг, шармал цаг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 893000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч А.Ббын мөрдөн байцаалтанд өгсөн “... манай эхнэр Об миний гар утас руу залгаад манай гэрт хулгай ороод мөнгөн аяга ээмэг, бөгж зэрэг зүйлс хулгай авсан байна гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14-р хуудас/, Гэрч Д.Обын мөрдөн байцаалтанд өгсөн “...Гал тогооны өрөөгөөр ороод том өрөө рүү шагайтал том өрөөний буйдангийн урд талын ширээн дээр боодолтой 20 төгрөгийн дэвсгэрт, нэрийн хуудаснууд гаргаад хаячихсан байсан юм. Уг мөнгө, нэрийн хуудаснууд манай гэрийн ханын сервантан дотор байсан ээмэг бөгжний хайрцаг дотор байсан юм. Тэгээд би нөгөө гураваас энэ мөнгө төгрөг нэрийн хуудас зэргийг яагаад гаргачихсан юм бэ гэж асуухад мэдэхгүй гэж хариулсан. Тэгэхээр нь сервант руу очоод юм аа бүртгээд хартал манай сервантны дунд талын тавиур дээр байсан дунд гарын мөнгөн аяга алга байсан ба ээмэг бөгжний сав дунд тавиур дээр байсныг дээд талын тавиур дээр гаргаж тавиад дотор нь байсан манай нөхрийн монетон бөгж, мөнгөн бөгж, миний өөрийн хоёр мөнгөн бөгж, гоёлын бөгжнуүд, кулон гинж, мөнгөн товч зэргийг аваад явсан байсан юм ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-р хуудас/

 

, Гэрч Г.Эдийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би тэр Чанцаагийн нөхөр болох Ас гэдэг залууд хамт явж байгаа залуугийн чинь халаасанд мөнгөн аяга байна шүү гээвээ гэж хэлсэн чинь миний үгийг нэг их тоолгүй гараад явчихсан юм…” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-р хуудас/, Гэрч Б.Асийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Төмөр замын дэлгүүр орж нэг жижиг архи авч ууя гээд алхсан юм. Замдаа Эыг хартал Э хэвтэж байсан газартаа байхгүй болчихсон болохоор нь Мийгаа ах бид хоёр Эыг босоод явчихсан байна хаачсан юм бол доо гэж ярилцаад Төмөр замын дэлгүүр ортол дэлгүүрийн худалдагч Бор эгч Эын халаасанд мөнгөн аяга байна шүү дээ гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 17-р хуудас/, Эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 23-р хуудас/, Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /ХХ-ийн 8-9-р хуудас/, Э.Эын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 29-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Э.Эыг 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн 4-р хэсгийн 5-3 тоотод оршин суух А.Ббын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар орж дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эрэгтэй монетон бөгж 2 ширхэг, эмэгтэй мөнгөн бөгж 2 ширхэг, эрэгтэй, эмэгтэй дуураймал монетон бөгж 1 хос, дуураймал гинж кулонтой 1 ширхэг, шармал цаг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 893000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Эын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг баримтлан шүүгдэгч Э.Эт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах, мөн оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч А.Бб нь эд зүйлээ бүрэн хүлээн авсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй /ХХ-н 45-р хуудас/ гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Халх овогт Энхдаваа овогтой Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах  зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  Э.Эыг 01 / нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Эт оногдуулсан 01 жил 02 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Эт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.