Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 0184

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч  Б.Мөнхбаяр би,

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах “Скайтел” ХХК-гийн нэхэмжлэлтэй,

   Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 10 дугаар байрны 54 тоотод оршин суух Монгол овгийн Энхболдын Батмөнх /РД:МФ82091511/-д холбогдох худалдах,  худалдан авах гэрээний үүрэгт 288.500 гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Батмөнх нь манай “үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр манай “үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч 180.000 төгрөгний Х3 2 ширхэгийг зээлээр худалдан авч төлбөр 360.000 төгрөгийг 12 сар хуваан төлөхөөр харилцан тохирсон. Э.Батмөнх нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн гар утасны төлбөрийн үлдэгдэл 285.000 төгрөгийг төлөөгүй байна. Э.Батмөнхөөс гар утасны төлбөрийн үлдэгдэл 285.000 төгрөг, нотариатын зардал 3.500 төгрөг, нийт 388.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Э.Батмөнх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Энхболд овогтой Батмөнх нь 2012 оны 04 дүгээр сард “Скайтел” ХХК-наас нэг бүр нь 180.000 төгрөгний үнэтэй 2 ширхэг гар утас худалдан авсан. Уг утсыг 12 сарын хугацаатай өөрийн цалин дээрээсээ төлөхөөр авсан. Одоогоор надад байгаа баримтаар 2012 оны 10, 11, 12 сар, 2013 оны 02, 03 дугаар сард тус бүр 30.000 төгрөгийг тус тус төлсөн. Энэ баримт нь Засаг даргын тамгын газрын санхүүгийн баримтанд байгаа болно. Үлдсэн төлбөрийг сар сард нь төлсөн. Иймд Скайтел ХХК-ны санхүүгийн албатай тооцоо нийлэх хүсэлтэй байна гэжээ.

   Зохигчид хоорондоо:…Нэг талаас нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн Хөтөл тооцооны төвийн захирал Д.Даарийжав нөгөө талаас хариуцагч Э.Батмөнх нар харилцан тохиролцож нэхэмжлэлийн анхны шаардлага болох 288.500 төгрөгийн шаардлагын зарим хэсэг болох 152.000 төгрөгөөс татгалзаж, 136.500 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Э.Батмөнх нь 2016 оны 08 дугаар сарын 01-ний дотор төлнө гэснийг нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даарийжав хүлээн зөвшөөрч байх тул эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хариуцагч Э.Батмөнхөөс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 288.500 төгрөгийг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргаж өгсөн төлбөр төлсөн баримтуудыг үндэслээд зохигчид 136.500 төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нь 136.500 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцож талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.

   Дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

          Иймд зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 4.745 төгрөгийн 50 хувь болох 2372 төгрөгийг хариуцагчаас, төрийн сангийн орлогоос үлдсэн  50 хувь болох  2372  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

    ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Нэхэмжлэгч “Скайтел” ХХК, хариуцагч Э.Батмөнх нар нэхэмжлэлийн шаардлагаас 136.500 /нэг зуун гучин зургаан мянга таван зуу/ төгрөгийн хэмжээнд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Э.Батмөнх нь 136.500 төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд хариуцагч Э.Батмөнхөөс 2372 төгрөг, төрийн сангийн орлогоос 2372 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

    3. Хариуцагч тохирсон хугацаандаа үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасны дагуу захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

    4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

              ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР