Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 00019

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга С.Төртулах

Улсын яллагч Э.Гантулга

Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лд холбогдох 1932000040022 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймаг Гуулин суманд 1983 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, * тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтэлтэй

-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн № 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бэсүд овогт Баасанхүүгийн Л. /РД: */

 

           Шүүгдэгч Б.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Гүн худгийн № 31 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Э.Сгтэй маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Лын өгсөн…. ... 2018 оны 12 дугаар сарын 28-ны өглөө 09-10 цагийн үед эхнэр Сгийн утас руу хадам ээж залгаад эхнэрийг Манал сумын төв рүү машинаараа хүргээд өг гэсэн гээд эхнэр гараад явсан. Тэгээд би гэртээ байж байтал хөдөөнөөс хүн залгаад нэг адуу зарах гэсэн юм ирээд үзээдхээч гэхээр нь би эхнэр лүүгээ залгаад хэлсэн чинь хүрээд ирсэн. Тэгээд эхнэр шүүгээн дотор байсан жижиг цүнхтэй мөнгө аваад гарах гэхээр нь би наад мөнгөөр чинь мал авах гэж байна гээд бид хоёр мөнгөө булууцалдаж маргалдсан. Тэгсэн би хоол хийж байсан чинь эхнэр хоолыг маань түлхээд цацаад тэр нь гар дээр дусахаар нь би уурандаа эхнэрийнхээ нүүр лүү 2-3 удаа цохисон юм гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 Хохирогч Э.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ....  2018 оны 12 дугаар сарын 28-ны өглөө ээж, эгч хоёр утсаар залгаад манай машинаар Хараа явчаад ирье гэж надаас гуйсан. Тэгээд би машинтайгаа ээжийнд очсон. Тэгээд ээжийнд очоод 40 минут орчим болж байх үед манай нөхөр ардаас гар утсаар залгаж яриад хөдөө явах ажилтай болчихлоо хурдан хүрээд ир хоол хийсэн гэж хэлсэн. Тэгээд би Хараа явахаа болиод шууд гэртээ харьсан чинь манай нөхөр Л гэртээ согтуу хоолоо ч хийгээгүй байж байсан. Дөнгөж хоол хийх гээд халуун тогоон дээр мах ногоогоо хийж байсан. Тэгэхээр нь би хоолоо хийгээгүй байж худлаа яриад архи уучаад хаашаа явах гээд байгаа юм гээд тогоотой хоолыг хажуу тийш түлхсэн. Би шүүгээндээ 5 сая төгрөг далд хийсэн байсан юм. Тэгээд би хүний хадгалсан мөнгөнөөс архи уулаа гээд хэрүүл маргаан гарсан. Тэгээд би мөнгөө хайж олоод аваад гарах гэсэн чинь мөнгө авч гарах гэлээ гээд над руу уурласан. Тэгээд надтай жижиг цүнхтэй мөнгө булаацалдаж байгаад чи энэ мөнгийг авдаг хэн бэ гээд миний нүүр лүү хэд хэдэн удаа гараараа цохисон. Тэр үед бөгжтэй гар нь таараад миний хамрыг хугалж шүд хөдөлгөж духыг минь язартал цохисон. Намайг орон дээр дарж байгаад цохисон. Тэгээд би нөхрөөсөө аргадаж гуйж байгаад утсыг нь аваад ээж рүүгээ залгаад Л намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд ээж эгч хоёр ирээд цагдаа дээр ирсэн... Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 10-11 дүгээр хуудас/

Гэрч П.Нцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Тэр өдөр манай том охин Сц бид хоёрыг хамт байх үед миний гар утас дуугараад авсан чинь охин Сг ээж манай нөхөр намайг зодоод хамар, нүд аймар болчихлоо гэхээр нь шууд яваад очсон чинь байшингийн хаалга нь цоожтой байсан. Тэгээд хаалгыг нь нүдэж байгаад онгойлгосон чинь манай охин Сгийн хамар нь муруйчихсан хоёр нүд нь хөхөрсөн, духан дээр нь цус гоожсон шархтай байсан. Мөн үс нь сэгсийсэн аймар харагдаж байсан. Уул нь тэд өдөр би Сгийг машинтайгаа хүрээд ир гэж дуудаад Хараа явах гэж байсан чинь нөхөр Л нь малд явахаар боллоо гэж дуудаад охин Сг гэртээ харьсан. Тэгээд удаагүй 30 минутын дараа залгаад манай нөхөр намайг зодлоо гэж хэлсэн гэх мэдүүлэг /Хх-н 14 дүгээр хуудас/

Гэрч Э.Сцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ........ Би хотоос ирээд ээжийндээ хоночоод гэртээ гал түлэх гээд ээжтэй хамт явж байсан чинь ээжийн утас дуугараад ээж утсаар ярингаа намайг гүйгээрэй Сгийг нөхөр нь зодоод байна гэнээ гэж хэлээд бид хоёр Сгийн гэрт очсон. Гэрт нь очсон чинь хаалга нь дотроосоо цоожтой байсан. Тэгээд би хаалгаа онгойлго гэж хэлээд хаалгыг нь 2-3 удаа хүчтэй өшиглөсөн. Тэгсэн чинь Сг үүдээ тайлж өгсөн. Тэгээд ороход Сгийн хамар болон духнаас нь цус гараад нүүр нь битүү цус болчихсон байсан. Тэгээд юу болов гэхэд Л дуугарахгүй байсан. Тэгээд Л гарч зугатаах гээд байхаар нь би хориглоод байж байтал бие заслаа гэж хэлээд гараад тэр чигтээ зугатаасан. Сгээс юу болсон талаар асуусан чинь манай нөхөр согтуу хэрүүл хийж байгаад зодсон гэсэн. Сгийн хамар нь муруйгаад цус гарчихсан урд хоёр шүд нь хөдлөөд гэж ярьж байсан. Мөн бөгжтэй гараараа цохисон гээд духан дээр нь  арьс нь язарчихсан цус гарсан байдалтай байсан гэх мэдүүлэг /Хх-н 16 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт № 17 ...... Дүгнэлт:

1.Э.Сгийн биед хамрын ясны хугарал, хамрын нуруу зүүн тийш муруй, баруун дээд 1 дүгээр шүд хөдөлсөн, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, дээд уруул дотор тал, хамрын нуруунд цус хуралт, духанд зулгаралт, зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 20 дугаар хуудас/

Б.Лын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 28 дугаар хуудас/

Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 29 дүгээр хуудас/ зэрэг болно.

          

             Шүүгдэгч Б.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Гүн худгийн № 31 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Э.Сгтэй маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Б.Лын хохирогч Э.Сгийн нүүрэн тус газарт гараараа  цохисон үйлдэл нь мөнгө авч явах гэлээ гэсэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Лын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Л нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн № 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба уг торгуулийн ялыг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүхээс тогтоосон боловч торгох ялыг биелүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700000 төгрөгөөр торгох ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгох ялыг бүгдийг нэмж нэгтгэн нийт ялыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1200000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Лын сарын өрхийн орлого болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд 4 хувааж сард 300000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Э.Сг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Лын эзэмшлийн Г-1307004016 дугаарын гэрчилгээтэй Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Гүн худгийн № 31 тоотод байрлах 1598 квм талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Бэсүд овогт Баасанхүүгийн Лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Лыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Лд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 700000 төгрөгийн торогох ял дээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн № 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1200000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Л нь 1200000 төгрөгийн торгох ялыг 04 сарын хугацаанд 4 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

            7. Энэ хэргийн улмаас Б.Лын эзэмшлийн Г-1307004016 дугаарын гэрчилгээтэй Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Гүн худгийн № 31 тоотод байрлах 1598 квм талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

            8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Лд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН