Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 005

 

Н.Ерланы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 98 дугаар шийдвэртэй, Уах овогт Навейханы Ерланы нэхэмжлэлтэй, тус аймгийн Статистикийн хэлтэст холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг, нэхэмжлэгч Н.Ерлан, хариуцагчийн төлөөлөгч Х.Бахыт нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсийн өрхөд суурилсан нийгэм эдийн засгийн судалгааны хөдөөгийн тоологч-судлаачийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Намайг ажлаас чөлөөлсөн Аймгийн Статистикийн хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Н.Ерлан миний бие Үндэсний статистикийн хорооны даргын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаар тушаалаар батлагдсан судлаач нарт тавигдах ерөнхий шаардлагыг бүрэн хангаж байгаа ба 2007 оноос хойш тухайн албан тушаалд тогтвор суурьшилтай ажиллаж, ямар нэгэн зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй.

2. Х.Бахыт намайг ажлаас чөлөөлөхдөө нэгдсэн сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй гэсэн үндэслэлээр Үндэсний статистикийн хорооны 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн албан тоотыг үндэслэл болгожээ. Гэтэл би тухайн албан тушаалд 2007 онд томилогдсон бөгөөд Судалгааны мэдээлэл цуглуулах, судлаачийг сонгон шалгаруулж ажиллуулах журам нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаар тушаалаар батлагдсан гэдгийг ажил олгогч анхаарч үзээгүй.

3. 2007 оноос 2 судлаачийн орон тоо хэвээр хадгалагдаж байгаа нь Үндэсний статистикийн хорооны даргын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1/334 дүгээр албан бичгээр батлагдаж байхад орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн үндэслэлгүй юм. Иймд намайг Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсийн өрхөд суурилсан нийгэм эдийн засгийн судалгааны хөдөөгийн тоологч-судлаачийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Өрхийн судалгааны судлаачийг Үндэсний статистикийн хороо шалгаруулан авч, цалинжуулдаг журамтай. Н.Ерлан нь Статистикийн хэлтсийн үндсэн ажилтан биш юм. Үндэсний статистикийн хорооны ерөнхий менежерийн 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 3/66 албан бичигт тодорхойлсноор үндэсний хэмжээнд орон даяар хийгддэг өрхийн нийгэм эдийн засгийн тоологч судлаачаар 2007 оны 07 сараас 2012 оны 9 сар хүртэл ажиллах гэрээгээр гүйцэтгүүлэх ажил бөгөөд судлаачийг аймгийн статистикийн хэлтэс болон Үндэсний статистикийн хороо харилцан тохиролцож сонгон шалгаруулж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулна гэж Үндэсний статистикийн хорооны даргын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/193 дугаар тушаалаар тодорхойлсон. Н.Ерлан нь мэдлэг чадвар муутай, удаа дараа ажлын хариуцлага алдаж, арга хэмжээ авагдаж байсан хүн юм.

Үндэсний статистикийн хорооны ажлын хэсэг Н.Ерланы мэдээллийн дагуу манай хэлтэст 7 хоног ажиллан шалгаж, миний арга хэмжээ авсан тушаалуудыг эрх зүйн үндэслэлтэй гарсан гэж шийдвэрлэсэн. Өрхөд суурилсан нийгэм эдийн засгийг судалгаа нь 2015 оноос хойш хураангуй хэлбэрээр явагдахаар болсонтой холбогдуулан судалгааны нэгжийн тоо багассан учраас 2013 оны 01 дүгээр сард тоологч-судлаачийн нэгдсэн сургалтад хамрагдсан, шалгалт өгч тэнцсэн хүнийг ажиллуулж байгаа.

Бид шүүхийн шийдвэрийг үндэслэж Н.Ерлантай 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан 2 судлаачийн ажлыг 3 хүнээр 3 сар хийлгүүлсэн бөгөөд цаашид хийлгэх боломжгүй тул Н.Ерланыг ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 98 дугаар шийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Уах овогт Навейханы Ерланыг Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсийн өрхөд суурилсан нийгэм эдийн засгийн судалгааны хөдөөгийн тоологч-судлаачийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Ерлан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Н.Ерланы өмнө эрхэлж байсан албан тушаал нь манай хэлтсийн орон тоо, бүтцэд байхгүй. Тоологч-судлаачийг Үндэсний статистикийн хорооноос томилж, цалинжуулдаг. Өрхөд суурилсан нийгэм эдийн засгийн судалгаа нь 2015 оноос хойш хураангуй хэлбэрээр явагдаж судалгааны нэгжийн тоо багассан. Би Н.Ерланыг ажилд авах эрх бүхий хүн биш. Үндэсний статистикийн хорооны даргын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаар тушаалд Үндэсний статистикийн хорооны судалгаа мэдээлэл цуглуулах багийн ажиллах журам батлах тухай Үндэсний статистикийн хорооны даргын 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/193 дугаар тушаалаар батлагдсан журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг зөрчиж гаргасан Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Ажилд эгүүлэн тогтоох тухай 05 дугаар тушаалыг хүчингүй болгохыг Х.Бахытад үүрэг болгосугай, нийслэл, аймгийн Статистикийн хэлтсийн дарга судлаачийн сонгон шалгаруулж, Үндэсний статистикийн хороотой зөвшилцсөний үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулна гэснийг мөрдөж ажиллахыг даалгасугай гэж тодорхой заасан.

Н.Ерлан Үндэсний статистикийн хороонд холбогдуулж нэхэмжлэлээ гаргах ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Х.Бахыт давж заалдах гомдолдоо тоологч-судлаачийг би томилдоггүй гэжээ. Гэтэл намайг Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтэст дарга Х.Бахытын тушаалаар томилж, чөлөөлж байсан. Уг тушаалууд нь өмнөх шүүх хуралдаануудад нотлох баримтаар үнэлэгдэж байсан.

Үндэсний статистикийн хорооноос намайг ажилд томилсон талаар ямар нэгэн шийдвэр гарч байгаагүй. Үндэсний статистикийн хорооны даргын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/122 дугаар тушаалаар батлагдсан журамд намайг ажлаас чөлөөлөхийг Х.Бахытад үүрэг болгосон заалт байхгүй. Намайг нэгдсэн сургалтад хамрагдаагүй, шалгалт өгөөгүй тул ажиллуулах ёсгүй гэжээ. Үндэсний статистикийн хорооны даргын 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн албан бичиг намайг мэргэжил арга зүйн хувьд тухайн албан тушаалд тэнцэхгүй гэсэн дүгнэлт гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын Дээд шүүхийн тогтоолууд хүчинтэй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Н.Ерлан нь ажил олгогч Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар Судлаачийг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргасан бөгөөд тус хэлтэст өрхөд суурилсан нийгэм, эдийн засгийн судалгааны хөдөөгийн тоологч-судлаачаар ажиллаж байсан Н.Ерланыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн г, ё-д зааснаар, судлаачийн тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

 

Дээрх тушаалаар ажил олгогчийн санаачилгаар, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хариуцагч судлаачийн орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч шүүхэд уг үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар хариуцагч шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн шаардлага, түүний үндэслэлийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой эрх, үүргийг тайлбарлаж, баримтыг хэрэгт хавсаргажээ.

 

Хариуцагчийн татгалзлаа нотлохоор шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь (хэргийн 18-28, 33, 44 дүгээр тал) ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасан ...орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн. үндэслэлийг нотлох үйл баримтыг тогтоохгүй, хэрэгт ач холбогдолгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүйг дурдах нь зүйтэй байна. Түүнчлэн, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан журмыг хэрэгжүүлсэн эсэхээ шүүхэд баримтаар нотлоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг дээр дурдсан үндэслэлүүдээр хүлээж авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх ажилтны гомдлыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагчид улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан шийдвэрлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтад зохих өөрчлөлтийг орууллаа.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 98 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Н.Ерлан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсээс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Статистикийн хэлтсийн дарга Х.Бахытын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

С.ӨМИРБЕК