Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 107

 

                                         Ж.М-т холбогдох эрүүгийн  хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Эрдэнэбалсүрэн  нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 582 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1510 дугаар магадлалтай Ж.М-т холбогдох эрүүгийн 1910003400555 дугаартай хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, Булган аймгийн сум дундын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 226 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан Ө овогт Ж-ийн М.

Ж.М нь 2019 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө фэйсбүкээр танилцсан А.О-ийг “манай гэрт хөдөөнөөс ах, дүүс ирсэн, тэднийг манайхаас явтал караокед сууж байгаад манай гэр лүү явъя” гэж хэлж Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Темп” гэх нэртэй караокед А.О-ийн хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа “дүү ирж байгаа, дүүгээр чиний ачааг гэр лүү түрүүлээд хүргүүлье” гэж хэлж түүний 1,800,000 төгрөгийн үнэ бүхий “Дэлл ай-3” маркийн зөөврийн компьютер, булган шуба зэрэг эд зүйлсийг нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан авч залилсан,  мөн цаг хугацаа, орон зайнд ширээн дээр байсан хохирогч А.О-ийн “Самсунг эс-6” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 582 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан болон зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Ж.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сар, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн 1 жилийн хорих ял оногдуулж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 1 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 5 жил 7 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 жил 7 сар 15 хоногийн хорих ялаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж 1510 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.М гаргасан гомдолдоо: “Миний бие 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн шүүхээр, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхээр тус тус шийтгүүлсэн. Эл хэрэг нь 2013 оноос эрүү үүсгэж шалгуулж эхэлсэн байдаг гол гомдол гаргаж байгаа учир нь:

2014 оны 06 сард Чингэлтэй дүүргийн цагдаагаас дуудсан намайг очих үед шууд барьж хориод, 2015 оны 01 дүгээр сарын 20-нд батлан даалтанд гаргасан. Үүнээс хойш 2015 оны 03 сар гартал мөрдөн байцаалтанд өөрийн биеэр ирж байсан боловч Чингэлтэй дүүргийн мөрдөн байцаагч ахмад Ц-тай утсаар холбогдож уг хэргийнхээ талаар асуутал чи ирээд хэрэггүй би ажилтай байна хэрэв чиний хэрэг болвол би залгаж дуудна “ер нь хэрэг чинь прокурорын шатанд хаагдахаар болж байгаа тухайн үед нь би чамруу өөрөө залгая” гээд тасалсан. Үүнээс хойш 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл миний оршин суух хаяг Булган аймгийн Орхон сумын 5 дугаар баг, 95783348 гэсэн дугаарын утас болон хаягаар дуудах хуудас ирээгүй, холбоо бариагүй. Гэтэл Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах хоолны газар хоол идээд сууж байтал зүс таних эрүүгийн төлөөлөгч таараад намайг гавлан авч явсан. Чингэлтэй дүүргийн цагдаад иртэл 2013 оны 201301051866 тоот дугаартай хавтаст хэрэг маань хаагдаагүй учир баривчилж байна гэж мэдэгдэж хорьсон. 2019 оны 11 дүгээр сарын 22-нд батлан даалтанд гарсан тухайн үед хэрэг прокурор дээр байсан. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр прокурор намайг Чингэлтэй дүүргийн шүүх дээр очиж бай би араас чинь очно гэж хэлсэн. Гэтэл намайг шүүх дээр ирэхэд цагдан хорионы шүүх хурал зохион байгуулж хорих тушаал гаргуулсан.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гэм буруугаар ортол миний хохирлын хэмжээ болох 15,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан алтны үнийг 19,700,000 төгрөг болгон өөрчилсөн. 2014 онд тогтоогдсон 15,000,000 төгрөгийн хохирлыг ямар учир 19,700,000 төгрөг болгон өөрчилсөн юм бэ гэж би хүсэлт тавьсан. Өмгөөлөгч Ж.Батбаяр нь миний хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцож өгнө үү гэж шүүхтэй маргасан өмгөөлөгч намайг шүүхийн эсрэг битгий юм ярь гэж сануулж байсан тул би энэ талаар ярих учраа олоогүй байтал шүүхээс 7 жилийн хаалттай дэглэмд ял оноосон. Тус шүүхүүдээр хянагдсан боловч миний эрх зүйн байдалд тулгуур болох Улсын Их Хурлаас батлагдсан байнгын ажиллагаатай парламенттай болсны 25 жилийн ойд зориулсан Өршөөлийн хуульд тухайн үед 2015 оны 06 дугаар сард эдийн засгийн өршөөл, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан өршөөлд Эрүүгийн хуулийн 148.3 дугаар зүйл хамрагдаж байсан тул миний ялаас хөнгөлж /2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн өөрчлөлт г.м/ өгнө үү. Эдгээр 2015 оноос эхлэн Эрүүгийн хуульд орсон өршөөл хөнгөлөлт, хуулийн тэгшитгэлд аль алинд нь хамрагдаж байгаагүй тул эрх зүйн байдлыг минь харгалзан үзэж эдгээр зүйл заалтуудад хамруулж өгнө үү гэж хүсч байна” гэжээ.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүхүүд Ж.М-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан ялуудыг нэгтгэж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй. Шүүгдэгчийн өмнөх хийсэн гэмт хэргүүд нь анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх шатанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байдаг. Энэ хэргүүдийг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь эрх зүйн байдлыг дордуулсан байна гэж гомдол гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.М нь 2019 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө хохирогч А.О-ийн 1,800,000 төгрөгийн үнэтэй зөөврийн компьютер, булган шуба, 800,000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс-6” загварын гар утас зэргийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйл баримтыг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтанд тулгуурлан хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлон тогтоожээ.

Дээрх хууль бус үйлдлийг хийхдээ шүүгдэгч нь хохирогчийг “дүүгээрээ ачааг гэрт хүргүүлж байя” гэж худал хэлж хуурснаас гадна түүний гар утсыг нууцаар, далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр авсан байх тул эдгээр шинжээр нь хоёр шатны шүүх шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хулгайлах, залилах гэмт хэргийг үйлдсэн гэсэн хэргийн бодит байдалтай нийцсэн хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг зөв зүйлчилсэн байна.

Мөн хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж уг хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц ялыг шүүгдэгчид оногдуулснаас гадна түүний ялуудыг нэгтгэхдээ хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд болон хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах тухай дээрх хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн гомдолд дурдсан “2015 оны Өршөөлийн хууль болон 2017 оны Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамааруулан ялаас хөнгөлж өгөх“ хүсэлт нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 226 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 650 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 404 дүгээр тогтоолоор тус тус хянан шийдвэрлэсэн, түүнд холбогдох 2012 оны 07 дугаар сараас 2018 оны 03 дугаар сарын хооронд 15 удаагийн үйлдлээр бусдын 88,015,000 төгрөгийг эд хөрөнгийг залилсан гэмт хэргүүдэд хамааралтай байна.

Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 582 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1510 дугаар магадлалтай холбоогүй асуудлаар гаргасан шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 582 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1510 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.М-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН