Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шарын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 147/2016/0270/и |
Дугаар | 273 |
Огноо | 2016-07-28 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 273
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 07 сарын 28 Дугаар 273 Баруун-Урт
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг, Булагийн 6-2 тоот оршин суух Хатгин овогт Сүхийн Алтантуяагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Петровис ХХК-ий Сүхбаатар аймаг дахь Нефть хангамжийн салбарын дарга Амарбатад холбогдох
“ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан үеийн цалин хөлс нөхөн гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Петровис ХХК-д Нефть хангамжийн салбарын харьяа Сүхбаатар салбарт 2013 оны 06 дугаар сарын 01-нд түгээгчээр ажилд орсон. Би 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ээлжийн амралтаа авсан. Ээлжийн амралтаа авахдаа ахлан нягтлан бодогч Мөнхчимэгээс зөвшөөрөл авсан бөгөөд ажлын 15 хоног амрах ёстой байсан. Миний ээлжийн амралт хэзээ дуусах вэ? хэзээнээс ажилдаа орох вэ? гэж би Мөнхчимэгээс асуухад эргээд хэлье гэсэн. Тэгээд ярихгүй болохоор нь би 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр салбарын дарга Амарбаттай утсаар ярьсан. Гэтэл бүтцийн өөрчлөлт ороод чамайг амраагч түгээгч болгосон гэж хэлсэн. Амарбат дарга чи удаа дараа зөрчил гаргаж, бензин, түлш дутааж байсан учраас амрагч түгээгч болгож байна, чамайг бараг ажлаас халах байсан гэж хэлсэн. Миний хувьд 2015 оны 11, 12 сард бензиний хэмжилт хийлгэхэд 200 гаруй мянган төгрөг дутаасан гэж цалингаасаа төлж байсан. Амарбат дарга намайг ээлжийн амралттай байх үед надтай хуульд заасны дагуу зөвшилцөж, миний саналыг асуулгүйгээр түгээгч гэсэн үндсэн ажлын байрыг минь өөрчилж, амраагч түгээгч болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймээс намайг түгээгчийн ажилд эргүүлэн тогтоож 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс ажилгүй байсан хугацааны цалинг анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Алтанхуяг нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амраагч түгээгчээр ажиллахаар болсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч : Хатгин овогт Сүхийн Алтантуяа хариуцагч Петровис ХХК-ий Сүхбаатар аймаг дахь Нефть хангамжийн салбарын дарга Амарбатад холбогдуулан “ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан үеийн цалин хөлс нөхөн гаргуулах” тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Алтантуяа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Алтантуяа нь Петровис ХХК-ий Сүхбаатар аймаг дахь Нефть хангамжийн салбарын дарга Амарбатад холбогдуулан гаргасан “ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан үеийн цалин хөлс нөхөн гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Алтантуяа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ