Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/01809

 

2023 09 25 210/МА2023/01809

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 31-ний өдрийн 184/ШШ2023/02839 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э ХХК, С.Д нарт холбогдох, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 219,675,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Талууд 2022 оны 09 сарын 16-ны өдөр *** тоот зээлээр бараа материал худалдах-худалдан авах гэрээ байгуулан зээлээр арматур төмөр худалдсан. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2022 оны 09 сарын 16-ны өдөр *** тоот дугаартай барьцааны гэрээ байгуулан Э ХХК-ийн Ерөнхий захирал С.Д-ийн нэр дээрх Баянгол дүүргийн *** тоот хаягт байршилтай 56,04 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Баянгол дүүргийн *** тоот хаягт байршилтай 41 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн *** тоот хаягт байршилтай 26,1 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Баянгол дүүргийн *** тоот хаягт байршилтай 26,1 м.кв талбайтай 1 өрөө орон сууцнуудыг тус тус барьцаанд тавьсан. Зээлээр бараа материал худалдах-худалдан авах гэрээний дагуу Э ХХК нь 2022 оны 10 сарын 05-ны өдрийн дотор 186,450,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан ч 2022 оны 10 сарын 05-ны өдрийн *** дугаартай Э ХХК-аас манай талд гаргасан албан хүсэлтийн дагуу төлбөр төлөх хугацааг 14 хоногоор хойшлуулсан бөгөөд 2022 оны 10 сарын 20-ны өдөр 40,000,000 төгрөгийг төлсөн. Харин үлдэгдэл төлбөр болох 146,450,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Манай зүгээс холбогдох төлбөр тооцоог төлүүлэхээр удаа дараа утсаар болон ажлын байран дээр нь очиж зохих шаардлагыг хүргүүлсэн. Иймд зээлээр нийлүүлсэн арматур төмрийн үлдэгдэл төлбөр болох 146,450,000 төгрөг, гэрээний 2.1.2, 6.4-т заасныг дагуу алданги 73,225,000 төгрөг, нийт 219,675,000 төгрөгийг хариуцагч Э ХХК-аас гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Итгэмжлэлийн хувьд 2 жилийн хугацаанд тухайн хүний нэр дээр байгаа ямар ч үл хөдлөх эд хөрөнгийг өөрөө төлөөлж очиж авах, очиж авсан зүйлээ өөрийнхөө нэр дээр бүртгүүлж, захиалгын гэрээ хийгээд явах эрх нь нээгдсэн гэж үзэхээр байна. С.Д гэх хүний өмнөөс түүний өмчлөлд байгаа бүх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих эрхтэй гэж үзэж байна гэжээ.

 

2.   Хариуцагч Э ХХК хариу тайлбартаа: Тус компани нь зээлийн үлдэгдэл 146,450,000 төгрөг байгаа талаар маргаан байхгүй. Зээлээс 40,000,000 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл төлбөрийг төлж чадаагүй байгаа. Үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч тал алданги тооцохдоо байж болох хамгийн өндөр хувиар алданги тооцсон байгаа тул шүүхээс анхаарч, хасаж өгнө үү. Барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь Д.Б тухайн үед нотариатаар орж итгэмжлэлээр гэрээ хийсэн боловч Д.Б-д тус орон сууцуудыг барьцаанд тавих эрх олгогдоогүй байсан. Д.Б нь 2023 оны 03 сарын 02-ны өдөр компанийн гүйцэтгэх захирал болсон. Зөвхөн С.Д-ийн өгсөн итгэмжлэлийн дагуу гэрээ хийсэн байдаг. Зээлээр худалдах-худалдан авах гэрээнд байгууллагын тамга, тэмдэг дарагдсан байх ёстой гэж үзэж. Мөн эд хөрөнгө барьцаалж байгаа бол байгууллагын нягтлан бодогч нь гарын үсэг зурж, баталгаажуулах ёстой байсан боловч энэ шаардлагуудыг хангаагүй. Иймд 146,450,000 төгрөг дээр алдангийг зохих хэмжээгээр хасаж гаргуулж өгнө үү. Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Алдангийг багасгах эрх хэмжээ нь шүүхэд байгаа учраас алдангийг зохих хэмжээгээр багасгаж өгнө үү, мөн гуравдагч этгээдүүдийн эрх ашиг хөндөгдөж байгааг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.

 

3.   Хариуцагч С.Д хариу тайлбартаа: Э ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай, нэг хувьцаа эзэмшигчтэй. С.Д нь тухайн үед компанийн хувьцаа эзэмшигч болон компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр ажиллаж байсан. С.Д өөрөө бие дааж үйл ажиллагаа явуулах боломжгүй байсны улмаас Д.Б-д зарим эрхүүдийг өгсөн. Тухайн гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй. Нотариатын үйлдэл хийхдээ итгэмжлэлд төлөөлөх эрх нь багтсан байх, бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байх ёстой. Гэвч Д.Б-д итгэмжлэл олгох үед барьцаанд тавигдсан зарим үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй байсан. Хуулийн этгээдээс олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-т заасан шаардлагыг хангаагүй. Мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх гэсэн шаардлагыг хангаагүй итгэмжлэлийн үндсэн дээр зээлээр худалдах-худалдан авах гэрээ, барьцааны гэрээ хийгдсэн тул алдангийг төлөх нь учир дутагдалтай байна. Иймд алдангийг төлөхгүй, үндсэн зээлийг төлөхөөр шийдвэрлэж өгнө үү. Барьцааны гэрээний эд хөрөнгүүдийн хувьд төлбөр дутуу байсан учраас С.Д-ийн нэр дээр түр байсан. Одоогийн байдлаар ихэнх төлбөрийг төлөөд дууссан. Орон сууцныхаа гэрчилгээг гаргуулахаар шаардаж байгаа хүмүүс байгаа. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдээр барьцааг хангуулах боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Э ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 146,450,000 төгрөг, алданги 18,306,250 төгрөг, нийт 164,756,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс 54,918,750 төгрөгийг болон барьцааны гэрээний улсын бүртгэлийн ***, ***, *** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Э ХХК нь 164,756,250 төгрөгийн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч С.Д-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн *** тоот хаягт байршилтай 56,04 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Э ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 981,731 төгрөг, С.Д-ээс 70,200 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1,537,125 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилж байх тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

5.1.  Анхан шатны шүүх алдангийн хэмжээг бууруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 2023 оны 01 сарын 09-ний өдрийн *** дугаартай албан бичиг нь Э ХХК-ийг төлбөр тооцоогоо 2023 оны 01 сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахгүй бол шүүхэд хандах талаар сануулсан мэдэгдэл юм. Гэтэл тус мэдэгдлийг анхан шатны шүүх гэрээ сунгасан үйл баримт гэж буруу дүгнэн хариуцагч талаас 2023 оны 01 сарын 20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 02 сарын 03-ны өдрийг хүртэлх 25 хоногийн алдангийг тооцож, нийт 164,756,250 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

5.2.  Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх нотариатын гэрчилж байгаа үйлдэл, улсын бүртгэлийн байгууллагын барьцааны гэрээ бүртгэж байгаа үйлдэл хүчин төгөлдөр байсаар байхад үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэсэн нь холбогдох хуулийг зөрчсөн үйлдэл болсон. С.Д-ээс Д.Б-д олгосон итгэмжлэлийг үндэслэн нотариатын гэрчлэх үйлдэл хийсэн, улсын бүртгэлийн байгууллага бүртгэсэн. Барьцааны гэрээ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан үндэслэлгүй буюу барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчөөгүй, холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй тул хүчин төгөлдөр байна. Хариуцагчийн зүгээс барьцааны гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх сайн дураар барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх тул холбогдох хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн алдангийн хэмжээг 18,306,250 төгрөгөөр тогтоосон хэсгийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 146,450,000 төгрөг, алданги 73,225,000 төгрөг, нийт 219,675,000 төгрөгийг гаргуулах, хариуцагч С.Д-т холбогдуулан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /1хх 1-2, 89-90/

Хариуцагч нар дээрх шаардлагаас гэрээний үлдэгдэл төлбөр 146,450,000 төгрөгийг зөвшөөрч, алданги 73,225,000 төгрөгийг бууруулан тооцохыг хүсч, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг ...барьцааны гэрээг байгуулах бүрэн эрхийг Д.Б-д олгоогүй, барьцааны гэрээнд байгууллагын нягтлан бодогч гарын үсэг зурж баталгаажуулаагүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 106-107/

 

3.   Талууд 2022 оны 09 сарын 16-ны өдөр Зээлээр бараа материал худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Т ХХК нь 186,000,000 төгрөгийн үнэ бүхий арматур төмөр нийлүүлэх, Э ХХК нь 2022 оны 10 сарын 05-ны өдрийн дотор арматур төмрийн үнэ 186,000,000 төгрөгийг төлөх, уг хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 7-12/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

4.   Худалдан авагч Э ХХК нь 186,450,000 төгрөгийн арматур төмрийг худалдагч Т ХХК-аас хүлээн авсан, үүнээс 40,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 146,450,000 төгрөгийг төлөөгүй байгаа үйл баримтын талаар талууд маргаангүй.

Иймд хариуцагчаас үлдэгдэл төлбөр 146,450,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан зохицуулалтад нийцнэ.

 

5.   Анхан шатны шүүх алданги 73,225,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зохицуулжээ.

Хэрэгт авагдсан Т ХХК-ийн 2023 оны 01 сарын 09-ний өдрийн *** тоот албан бичигт ...арматур төмрийг 2022 оны 10 сарын 05-ны өдөр төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож зээлээр өгсөн. ...Иймд танай компаниас ирүүлсэн 2022 оны 12 сарын 23-ны өдрийн *** тоот албан бичгийг үндэслэн үлдэгдэл төлбөр тооцоог 2023 оны 01 сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулах бөгөөд уг хугацаанд төлбөр тооцоог төлж барагдуулаагүй тохиолдолд бид үлдэгдэл төлбөр болон алдангийн хамт төлүүлэхээр ... хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх болохоо үүгээр мэдэгдэж байна гэжээ. /хх 32/

Дээрхээс үзвэл, хариуцагчийн гаргасан төлбөр төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч хүлээн авч, төлбөр төлөх хугацааг хойшлуулсан, уг хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж дүгнэхээр байна. /хх 30, 32/

Иймд анхан шатны шүүх алдангийг 2023 оны 01 сарын 10-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 02 сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд тооцож, хариуцагчаас 18,306,250 төгрөгийн алданги гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцжээ.

 

6.   Анхан шатны шүүх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг мөн хангах үндэслэлгүй.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т төлөөлөгчийн бүрэн эрх итгэмжлэлийн үндсэн дээр үүсэхээр, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд гуравдагч этгээдтэй хэлцэл хийхээр тус тус зохицуулжээ.

Хэрэгт авагдсан С.Д-ээс 2022 оны 06 сарын 09-ний өдөр Д.Б-д олгосон *** бүртгэлийн дугаартай итгэмжлэлд ...С.Д-ийн өмчлөлийн орон сууцыг бусдад барьцаалах... бүрэн эрхийг Д.Б-д олгоогүй байна. /хх 70/

...Д.Б-д тус орон сууцуудыг барьцаанд тавих эрх олгогдоогүй... гэсэн хариуцагч нарын татгалзал үндэслэлтэй байх тул Д.Б нь өөрт бүрэн эрх олгогдоогүй асуудлаар буюу С.Д-ийн өмчлөлийн 4 ширхэг орон сууцыг Т ХХК-д барьцаалуулсан гэрээг 2022 оны 06 сарын 16-ны өдөр байгуулсан гэж үзнэ. /хх 14-21/

Барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн үйл баримт нь өөрт олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн Д.Б-ий үйлдлийг зөвтгөх үндэслэл биш.

 

7.   Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Т ХХК нь С.Д-ийг төлөөлж Д.Б-ий байгуулсан 2022 оны 09 сарын 16-ны өдрийн Барьцааны гэрээ-г үндэслэн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй.

Гэсэн хэдий ч, анхан шатны шүүх С.Д-ийн өмчлөлийн , Баянгол дүүрэг, *** тоот хаягт байршилтай 56,04 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй тул уг шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй. Давж заалдах гомдол гаргасан талын эрх зүйн байдлыг дордуулж болохгүй юм.

 

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 31-ний өдрийн 184/ШШ2023/02839 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн нийт 502,744 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 Д.НЯМБАЗАР