Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.От холбогдох эрүүгийн 1838001600021 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч А.О нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багийн нутагт оршин суух өөрийн гэртээ эхнэр Н.Ц-н нүүрэн тус газарт нь заазуураар зүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.О нь 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багийн нутагт оршин суух өөрийн гэртээ эхнэр Н.Цасчихэрийн нүүрэн тус газарт нь заазуураар зүсэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тухайн үед эхнэр маань намайг араас цохиод унахлаар нь зүгээр бай гээд заазууртай гараараа түлхэхэд л зүсэгдсэн. Тэрнээс биш санаатайгаар зүсээгүй...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А.О чи яах гэж хөдөө явсан юм, дүүгээ дуудаж явдаг хэн бэ гэж хэрүүл хийгээд над руу дайраад байхаар нь цамцны ханцуйн дээрээс нь бариад автал угз татхад ханцуй нь урагдсан. Цамц урдаг хэн бэ гээд миний нүүр лүү нулимаад эрэгнэгээс заазуур аваад миний нүүрэн тус газар заазуурдсан...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-24 дүгээр хуудас/,

Гэрч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А.О 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Цасчихэрийг зодоод духны хэсэгт нь заазуурдсан байсан...Намайг эмнэлэгт дээр очиход Н.Цухаангүй байсан. Шөнө ухаан ороод Отгоо намайг заазуураар цавчаад мотоциклиос унасан гэж хэл тэгэхгүй бол ална гээд байгаа гэсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Эмнэлгээс хүн яриад Н.Цухаангүй байна гэхээр нь эхнэр бид хоёр эмнэлэг орсон. Намайг очиход А.О Н.Цмотоциклиос унасан гэж байсан. Цасчихэрийн гэмтлийг хархад 8-9 см орчим зүсэгдсэн бололтой шарх байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-28 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч О.Мандахнямын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэртээ очиход ээж толгойгоо боочихсон аав согтуу байсан. Эмчид үзүүлэх үед ээжийн толгойны боолтыг авахад ээжийн толгойны хэсэгт нилээн урт зүсэгдсэн байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 29-30 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 127 тоот дүгнэлтэд:

  1. Н.Цасчихэрийн биед дух болон зүүн сарвуунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу иртэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
  3. Н.Цасчихэрийн биед учирсэн гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 38 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

       Эрүүгийн 1838001600021 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч А.О нь урьд 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол /ХХ-ийн 64-65 дугаар хуудас/-оор тогтоогдож байна.

Шүүгдэгч А.От эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.О нь эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд  тооцлоо.

Хохирогч Н.Цнэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1838001600021 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч А.О гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  А.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1838001600021 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР