| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0042/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/40 |
| Огноо | 2019-02-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г холбогдох эрүүгийн 1938000300037 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Мөрөн сумын 15-р байрны гадаа Н.Т-ыг согтуугаар зодож эрүүл мэндэд нь баруун богтос ясанд цууралт, хавирганд хугарал, зүүн шуунд цус хуралт болон зулгаралт, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Мөрөн сумын 15-р байрны гадаа Н.Т-ыг согтуугаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би тухайн үед нилээн согтуу байсан. Төгсжаргалтай орцон дотор уулзсан. Түүнийг гараад явчихаар нь араас нь очиж барьж авснаа бүдэг бадагдуу санаж байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэрээсээ гараад орцон дотроо явж байгаад салсан нөхөр болох Ганхуягтай тааралдсан. Тухайн үед Ганхуяг согтуу байсан. Ганхуягтай таарахад чи харанхуй шөнө хаачих гэж байгаа юм бэ? гэж байсан. Тэгэхээр нь би миний бие өвдөөд байна халууны эм авах зорилгоор эмийн сан руу явж байна гэж хэлэхэд Ганхуяг гэрт чинь оръё гэж байсан. Тэгэхээр нь би үгүй, үгүй гэж хэлээд хажуугаар нь зөрөөд гарсан. Намайг гадаа гарсан байхад Ганхуяг араас хүрч ирээд хүзүүндээ зүүж явсан алчуураар маань боогоод унагаачихсан. Тэгээд унасан байхад дээрээс алчуураар маань дараад байсан. Тэр үед миний ухаан балартаж байгаад ухаан алдсан. Нэг ухаан ороод сэрхэд Ганхуяг миний дээр сууж байсан. Би тухайн үед Ганхуягыг өөрөөсөө түлхэж холдуулаад эргээд босох гээд дөрвөн хөллөөд байж байхад Ганхуяг миний цээж рүү нэг удаа хүчтэй өшиглөсөн. Түүнд өшиглүүлээд би газарт унасан. Унасан байхад Ганхуяг миний дээр суучихаад үсээр маань хүзүүг маань боосон. Боож байхдаа чамайг алчихсан байхад хэн ч мэдэхгүй ш дээ гэж хэлж байсан. Би тэгээд зугтаая гэж бодоод байж байхад Ганхуяг миний баруун талын гарны маань бугуй хэсгээс барьчихаад мушгиад байсан. Гарыг маань мушгиж байхад гар эвгүй дуугарсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-12 дугаар хуудас/,
Гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед Н.Тэгчийн үс нь сэгсийчихсэн, куртик нь шороо тоос болчихсон байдалтай байхаар нь та яачихваа гэж хэлэхэд эмийн сан орох гэж явж байгаад Хуягаатай таарлаа. Ганхуяг намайг зодох гэж дайрлаа гэж хэлж байсан. Н.Тэгчийн хүзүү нь боолгуулсан гэмээр улаачихсан баруун гар нь хөхөрчихсөн байсан. Н.Тэгч надад байрныхаа гадаа зодуулсан гэж байсан. Нөхөр бид хоёр Ганхуягийг хайж тэр хавиар явахад хүүхдийн тоглоомын талбай дээр Н.Тэгчийн гар утас уначихсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Г.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...ээж Н.Тнад руу 11 цагийн үед залгаад өчигдөр эмийн сан руу гарах гэж яваад аав Ганхуягтай чинь орцонд таарсан. Түүнтэй таарахад намайг цохиж зодлоо, миний гарыг мушгиж цээж рүү өшиглөсөн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-20 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 41 дугаартай дүгнэлтэд:
1.2. Н.Т-ын биед баруун богтос ясанд цууралт, 1,0 ширхэг хавирганд хугарал, зүүн шуунд цус хуралт болон зулгаралт, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
4. Н.Т-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 23 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар дүгнэлт:
Хохирогч Н.Тнь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 54 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1938000300037 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Д.Г нь урьд 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 46 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч Н.Тнь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1938000300037 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Гхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 1938000300037 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР