Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
Хэргийн индекс | 137/2016/0163/И |
Дугаар | 209 |
Огноо | 2016-07-19 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Соёмбын 7-7 тоотод оршин суух Боржигон овогт Төмөрбаатарын Отгонцэнгэлийн /РД:ЕЭ81122369/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Хасын 4-1 тоотод оршин суух, Боржигон овогт Нацагдоржийн Номинзаяа /РД:УХ88062644/-д холбогдох,
Зээл, зээлийн хүү нийт 1 713735 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх нэхэмжлэгч Т.Отгонцэнгэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж, гэрч Ч.Азжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Отгонцэнгэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкнаас 2 500000 төгрөгийн зээл авч Номинзаяад 1 500000 төгрөг бэлнээр өгсөн. Өгөх болсон шалтгаан Номинзаяа нь Капитал банкнаас зээл авсан зээлийн эргэн төлөлтийн хугацаа болоод мөнгө яаралтай хэрэг болоод байна гэхээр нь 1 500000 төгрөг зээлж өгсөн. Бэлэн зээл авахдаа таны амралтын хугацаанд 3-н сарын дараа өгнө гэж авчихаад одоо болтол өгөхгүй утасны дугаараа өөрчлөөд намайг залгахаар авахгүй байна. Иймд Номинзаяад 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр зээлүүлсэн 1 500000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 1 жилийн 213735 төгрөг нийт зээлтэйгээ 1 713735 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би өөрийн гараараа 1 500000 төгрөг өгсөн. Би өөрөө төсвийн байгууллагад ажилладаг. Эхлээд надаас мөнгө зээлэхдээ хүүтэй мөнгө зээлүүлэх хүн байна гэж байсан.... одоо надаас мөнгө аваагүй гэж байна. Манай эгчийн бие нь өвдөөд мөнгөний хэрэг их байна. Иймд дээрхи мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Номинзаяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Хаан” банкнаас Төмөрбаатар овогтой Отгонцэнгэл нь өөрийн нэр дээр 1 500000 төгрөгийн зээл авч бэлнээр надад зээл авч өгсөн мэтээр бичсэн байна. Би зээл авъя гэсэн санал гаргаж байгаагүй энэ зээл авах хүсэлтийг Төмөрбаатар овогтой Отгонбаатар гэх надтай хамтран амьдарч байсан хүн зээл авъя гэсэн санааг гаргаж төрсөн эгч Т.Отгонцэнгэлтэйгээ ярилцаж тохиролцсоны эцэст Т.Отгонбаатар өөрөө эгчээсээ мөнгө гардан авсан. Надад зээлсэн гэх зээлийн гэрээ мөн зээлээр мөнгө хүлээж авсан гэх гарын үсэг байхгүй байхад ингэж нэхэмжлэл гаргаж байгааг гайхаж байна.Тэр үед үүнээс зарцуулсан мөнгө нь Т.Отгонбаатарын нэр дээр байсан автомашины зээлийн төлбөр болох 489.000 төгрөгийг “Капитал” банкинд тушаасан. Мөн цагаан сар болж байсан учраас Отгонбаатарын аавд болон өөрийн гэртээ Отгонбаатар нь цагаан сарын идээ будаа, бэлэг сэлт гэх мэт зүйлд зарцуулсан. Миний бие Н.Номинзаяа нь энэ зээлсэн гэх мөнгөнөөс нэг ч төгрөг өөртөө зарцуулж үрэгдүүлсэн тохиолдол байхгүй, би зээлье гэсэн санаа гаргаж мөнгө гардан аваагүй байхад надад яагаад нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Энэ явдлын дараа нь Т.Отгонбаатар нь намайг согтуудаа зодож хүнд бэртээсний улмаас би салсан. Өмнө нь ч удаа дараа зодож бэртээж, гэмтэл учруулж байсан. Намайг хариуцагчаар татаж мөнгө нэхэмжилж байгаа нь дүүгээс нь салсан гэх шалтгаанаар намайг өр төлбөрт оруулах гэж үзэж байна. Энэ зээлийг авахыг хэн санаачилсан, мөнгө юунд зарцуулагдсаныг Т.Отгонбаатар сайн мэдэх юм. Энэ бүхнийг бид хоёрыг таних ойр дотны найз нөхөд мэдэж байгаа.
Иймд миний бие гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ зээлтэй холбоотой хариуцагчаар Т.Отгонбаатарыг татна уу. Надтай холбоотой гэх Т.Отгонцэнгэлийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Нацагдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед нэхэмжлэгч Т.Отгонцэнгэлийн төрсөн дүү Т.Отгонбаатар нь Капитал банкинд автомашины лизингийн зээлтэй байсан. Т.Отгонцэнгэл эгчээсээ авсан мөнгөөрөө зээлээ түр төлсөн байж болох юм. Харин автомашины бичиг баримт нь Т.Отгонбаатарын нэр дээр байдаг. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд Капитал банкаас бичгийн нотлох баримтыг гаргаж өгөх болов уу гэсэн боловч гаргаж өгөөгүй байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үндсэн дүн хавтаст хэрэгт тогтоогдсон зүйл байхгүй байна. Өөрөөр хэлбэл Хаан банкаас 2016 оны 02 дугаар сарын 16-ны зээлийн баримт, харилцагчийн дансны хуулга байдаг. Энэ баримтууд Н.Номинзаяаг мөнгө авч өөртөө зарцуулсан гэх баримт биш юм. Иргэний хуулийн 196 дугаар зүйлд заасан гэрээ байгуулсанд тооцох тухай заалтыг баримтлаагүй байна. Тухайн үед Н.Номинзаяа нь би энэ мөнгийг аваагүй захиран зарцуулаагүй, Т.Отгонцэнгэлийн дүү надтай цуг хамтран амьдарч байсан Т.Отгонбаатар өөрөө аваад машины зээлд 489000 төгрөгийг төлж бусад мөнгийг цагаан сараар аавдаа зарцуулсан гэдэг. ИХШХШ тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө гэсэн заалт байдаг ба Н.Номинзаяад уг мөнгийг зээлсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна... гэв.
Гэрч Ч.Азжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Т.Отгонцэнгэл, Н.Номинзаяад захиргааны урд талын Хаан банк руу ороод мөнгө авч өгсөн. Урьд мөнгө аваад буцаагаад өгч байсан. Тэгээд буцааж өгч байсан болохоор дараа нь Н.Номинзаяа урагшаа гарахад мөнгө хэрэгтэй байна. Банкнаас зээл аваад өгөөч гэж хэлж байсан. 1 500000 төгрөгийг зээлээч банкны мөнгө төлөх гэсэн чинь дутаад байна гэж байсан... гэв.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Отгонцэнгэл нь хариуцагч Н.Номинзаяагаас зээл, зээлийн хүү нийт 1 713735 төгрөг гаргуулахыг хүсч тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч Т.Отгонцэцэг нь 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Н.Номинзаяад 1 500000 төгрөг зээлүүлсэн тул уг мөнгөө хүүгийн хамт буцаан гаргуулахыг хүссэн ба хариуцагч Н.Номинзаяа “...би уг мөнгийг аваагүй, дүү Т.Отгонбаатар нь аваад өөрийн машины зээлээ төлсөн, мөн цагаан сараар гэртээ болон аавдаа эд зүйлс авсан, Т.Отгонцэнгэл нь өөрийн дүү Т.Отгонбаатараасаа уг мөнгөө нэхэмжлэх ёстой тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.
Нэхэмжлэгч Т.Отгонцэнгэл нь 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өөрийн төрсөн дүү Т.Отгонбаатар, түүний хамтран амьдрагч Н.Номинзаяа нарт 1 500000 төгрөг зээлсэн гэх бөгөөд уг мөнгийг зээлсэн эсхүл дүү нартаа өгсөн эсэх нь тодорхойгүй/нотлох баримтгүй/, үнэхээр зээлсэн бол уг мөнгөө зээлдэгч дүү Т.Отгонбаатар, түүний хамтран амьдрагч Н.Номинзаяа нараас нэхэмжлэхгүй зөвхөн Н.Номинзаяагаас нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь “...би Н.Номинзаяад л мөнгө зээлсэн, тэр үед Т.Отгонбаатар хамт байсан” гэсэн,
Гэрч Ч.Азжаргал “...Мөнгө зээлэх үед Н.Номинзаяа ганцаараа байсан” гэсэн нэхэмжлэгч, гэрч нарын зөрүүтэй мэдүүлгээс үзэхэд Т.Отгонцэнгэл нь Т.Отгонбаатарын гэр бүлд мөнгө зээлсэн юм уу, эсхүл зөвхөн Н.Номинзаяад мөнгө зээлсэн юм уу гэдэг нь тодорхойгүй, тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “...өөрийн шаардлага...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасан ба нэхэмжлэгч нь өөрийн шаардлагыг нотлож чадахгүй өөрөөр хэлбэл хариуцагч Н.Номинзаяад 1 500000 төгрөг зээлүүлсэн гэдгээ нотлож чадахгүй байх тул шүүх Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээ зохигчдын хооронд байгуулагдаагүй гэж дүгнэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Номинзаяагаас зээл, зээлийн хүү нийт 1 713735 төгрөг гаргуулахыг хүссэн Т.Отгонцэнгэлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ