| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2018/00062/Э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2018-12-18 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 64
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Батзул
Улсын яллагч З.Алтансолонго
Шүүгдэгч Д.Д , С.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Д овогт С-гийн Г, Б овогт Д-ын Д нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1737000000058 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Тэнүүн жинчин” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга багт оршин суух, , Б овогт Д-ын Д ,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 10-нд Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5 эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын Баяновоо багт оршин суух, , Д овогт С-гийн Г
Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч С.Галбадрах, Д.Д нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөн 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд Ховд аймгийн Цэцэг сумын Баян- Овоо багийн нутаг дэвсгэр “Улаантолгой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын буюу алтны эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Галбадрах мэдүүлэхдээ: Би 2018 оны 08 дугаар сарын сүүлээр эхэлж очихдоо айлын өвөлжөөний бууц гаргаад өг гэхээр очсон, газар ухаагүй. Айлын бууц гаргаж байхад трактор эвдэрчихсэн. 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Баян овоо багийн нутаг дэвсгэрт Улаантолгой гэх газарт трактор эвдэрчихсэн гэхээр нь очиж засах гэж оролдсон боловч сайн болж өгөөгүй. Тэгээд мулдаак, чулуу бутлагч, мотор зэргийг ашиглаж шороо гаргасан гэв.
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: Би 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр л очсон. Ухаад удсан нүхний шороог авдаг байсан. Малтаад сэндийчээд хаясан хуучин газар байсан. Трактор засахаар очих үедээ тракторыг засчаад хөдөлгөж үзэж газар малтсан, газар малтаж байхад багийн Засаг дарга, байгаль орчны байцаагч нар ирээд газар битий ух гэж хэлсэн гэв.
- Гэрч Э.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Улаантолгой гэх газар албан ажлаар очсон. Тус газар очиход Цэцэг сумын иргэн С.Галбадрах хүр дүү Дөлөөгийн хамт хууль бусаар газар ухаж байсныг би Байгаль орчны тухай хуулийг уншиж танилцуулан та хууль бус ажиллагаа явуулж байна үйл ажиллагаагаа зогсоо техникээ одоо буулгаж сумруу оруул гэж шаардлага тавьхад Галбадрах би өөрөө хууль зөрчиж байгаагаа мэдэж байна 2-3 хоногийн дараа техникээ сумруу оруулна гэж байсан...” гэх мэдүүлэг,
- Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтэд: “Тус эвдэгдсэн гэх газарт очиж шинжээчийн дүгнэлт гаргахаар хяналт шалгалтыг сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нараар хийлгэхэд уг газарт техникийн нөхөн сэргээлтийн ажил хийгдсэн, эвдрэлд орсон газар байхгүй байсан нь тогтоогдож байгаа тул экологи эдийн засгийн үнэлгээ, хохирлыг тооцох боломжгүй байна” гэх дүгнэлт,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,
- гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл,
-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,
- гэрэл зургийн үзүүлэлтүүд
- эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол
- эд зүйлийн үнэлгээ
-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч С.Галбадрах, Д.Д нар нь 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөн 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрүүдэд Ховд аймгийн Цэцэг сумын Баян- Овоо багийн нутаг дэвсгэр “Улаантолгой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмалын буюу алтны эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл зэргээр нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.Галбадрах, Д.Д нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн газар ухагч жижиг оврын трактор, гар хийцийн шигшүүрийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан битүүмжлэлээс чөлөөлж, харин 220 вольтын мотор, мулдак зэргийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь шүүхийн хэлэлцүүлэгийн явцад тогтоогдож байх тул хурааж, улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.Галбадрах, Д.Д нар нь бусдад төлөх төлбөр, иргэний нэхэмжлэлгүй байх тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Галбадрахын 100.000 төгрөгийг, Д.Д ын 100.000 төгрөгийг тус тус буцаан олгож, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт С-ийн Г, Б овогт Д-ын Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч С.Г-ыг 1/нэг/ жилийн хугацаагаар, Д.Д ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар шүүгдэгч С.Г, Д.Д нарт тэнссэн хугацаанд ашигт малтмал эрж, хайхтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Галбадрах, Д.Д нар нь тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, хязгаарлалт тогтоосон этгээдэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч С.Галбадрах, Д.Д нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, иргэний нэхэмжлэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
6. Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн жижиг оврын трактор, гар хийцийн шигшүүр, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийг битүүмжилсэн 71, 76 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, жижиг оврын трактор, гар хийцийн шигшүүрийг шүүгдэгч С.Галбадрахад, 200.000 /хоёр зуун мянган/ төгрөг, хэргийн хамт ирүүлсэн 2 ширхэг төмөр хошуу зэргийг шүүгдэгч нарт буцаан олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 430000 /дөрвөн зуун гучин мянган/ төгрөгний үнэлгээ бүхий мотор, 175000 /нэг зуун далан таван мянган/ төгрөгийн үнэлгээ бүхий мулдаак зэргийг хурааж улсын орлогод оруулсугай.
8. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгч С.Г , Д.Д ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г, Д.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.