| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2018/00063/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2018-12-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 65
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Батзул
Улсын яллагч З.Алтансолонго
Насанд хүрээгүй хохирогч Б.Б, Р.Б
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б, Д.Р
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Х овогт П гийн Б д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1837000000061 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 305 дугаар тусгай салбарт жолооч ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт П гийн Б ,
Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч П.Б нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын зүүн хойд талын асфалтан зам дээр 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчимд согтуугаар 53-03 УБЛ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.А-д “...Согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэлийг жолоодохыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Бөхчулуун, Р.Булгантамир нарыг мөргөж, зам тээврийн осол гарган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ: Би 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэр Петровис колонкын дээд талд 53-03 УБЛ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад хохирогч болох 2 хүүхдийг шүргэсэн. Тухайн үед би их сандарсан байсан. 1 хүүхдийн мөр гэмтэж, нэг хүүхдийн хөл хугарсан. Хохирогч тус бүрт эмчилгээний зардалд 500,000 төгрөг төлсөн. Цаашид гарах хохирлыг төлж өгнө гэв.
-Насанд хүрээгүй хохирогч Булгантамирын хууль ёсны төлөөлөгч Д.Раднаасид шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай хүүхдийн хувьд хөл нь хугарч зөрүүтэй эдгэсэн, 2 сарын хичээл хоцорсон зэрэг хохиролтой байгаа. Одоо бөөр цус хуралттай, няцралттай гэж гарсан тул Улаанбаатар хот явж эмчлүүлэх шаардлагатай байна. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид гарах зардлыг нэхэмжилнэ гэв.
-Насанд хүрээгүй хохирогч Бөхчулууны хууль ёсны төлөөлөгч О.Болдбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хэргийн улмаас миний хүүгийн баруун эгэм хугарч, мөр гэмтэлттэй, хөлний шагай няцралттай гэж гарсан. Цаашид гарах хохирол төлбөрийг гаргуулж авна. Эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа гэв.
- Насанд хүрээгүй гэрч Б.Сэр-Одын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг машин чигээрээ явж байснаа баруун гар талруугаа дараад Б.Бөхчулууныг чиглээд ирсэн. Б.Бөхчулууныг хойноос чинь машин ирж байна гэж хэлсэн. Тэгсэн тэр машин ирээд Б.Бөхчулуун, Р.Булгантамир, Амгаа гурвыг мөргөөд газар унагасан. Тэр машин Б.Бөхчулууны далан дээгүүр гараад, Р.Булгантамирын хөлийг дайраад бас Амгааг тэр машин баруун урд талын гэрлээрээ мөргөөд газар унахдаа Амгаа том чулуу мөргөөд унасан...” гэсэн мэдүүлэг,
- Насанд хүрээгүй гэрч М.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ... бид нарын араас саарал өнгийн автомашин ирээд Р.Булгантамирыг мөргөөд, дараа нь А.Амгаланбаатар, Б.Бөхчулуун хоёрыг түрээд А.Амгаланбаатар шидэгдээд Б.Бөхчулуун автомашин доогуур ороод дайрч гараад бид нараас өнгөрч зогсоод жолооч нь бууж ирээд Б.Бөхчулууныг автомашиндаа суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг,
- Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 622 тоот дүгнэлтэд: “Р.Булгантамирын биед зүүн хөлний шаант ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Р.Булгантамирын биед үүссэн дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт,
- Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 623 тоот дүгнэлтэд: “Б.Бөхчулууны биед баруун эгэмний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Б.Бөхчулууны биед үүссэн дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтэний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг 4 долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт,
- Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэсийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад И.Гантогтохын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд:
Жолооч П.Б 53-03 УБЛ улсын дугаартай соната-6 маркийн авто машин жолоодож яваад явган зорчигч Б.Бөхчулуун Р.Булгантамир нарыг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.А-д “...Согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэлийг жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн.
Явган зорчигч Б.Бөхчулуун, Р.Булгантамир нар нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй болно.
Уг зам тээврийн осол гарсан шалтгаан авто машины жолооч П.Б архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон” гэх дүгнэлт,
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 125 тоот шинжээчийн дүгнэлтэнд:
1. П.Б гийн биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ.
2. П.Б гийн биенээс авсан гэх цусанд 3,1 промилли этилийн спирт илэрсэн.
3. П.Б гийн биенээс авсан гэх цусанд 3,1 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,
- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал
-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,
- гэрэл зургийн үзүүлэлтүүд
- эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол
- эд зүйлийн үнэлгээ
-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч П.Б нь Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Петровис шатахуун түгээх станцын зүүн хойд талын асфалтан зам дээр 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн орчимд согтуугаар 53-03 УБЛ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.А-д “...Согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэлийг жолоодохыг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Бөхчулуун, Р.Булгантамир нарыг мөргөж, зам тээврийн осол гарган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй гэрч Б.Сэр-Од, М.Эрдэнэбилэг, хохирогч Б.Бөхчулуун, Р.Булгантамир, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Болдбаатар, Д.Раднаасид нарын мэдүүлэг, Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 622, 623, 125 тоот дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэсийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад И.Гантогтохын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Б д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч П.Б гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бөхчулуун, Р.Булгантамир нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба шүүгдэгч нь хохирогч нарт тус бүр 500,000 төгрөг төлсөн, насанд хүрээгүй хохирогч нар, түүний хууль ёсны төлөөлөгч О.Болдбаатар, Д.Раднаасид нар нь эрүүл мэндэд учирсан хохирол болон гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт П гийн Б г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч П.Б гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.Б д оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч П.Б д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, П.Б гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүгдэгчийн унаж явсан 53-03 УБЛ улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын 78 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч нь хохирогч Б.Бөхчулуун, Р.Булгантамир нарт тус бүр 500,000 төгрөг төлсөн болохыг шийтгэх тогтоолд дурьдаж, насанд хүрээгүй хохирогч нар, түүний хууль ёсны төлөөлөгч О.Болдбаатар, Д.Раднаасид нар нь эрүүл мэндэд учирсан хохирол болон гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч П.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.