Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 212

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг Мобикомын 2-31 тоотод оршин суух Уханы Ганцаламын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 134 дүгээр байрны 09 тоотод оршин суух Эрдэнэжаргалын Отгон-Эрдэнэ /ЕМ74060271/-д холбогдох

Орон сууц захиалгаар бариулах, хөрөнгө оруулалтын  гэрээг хүчингүй болгуулж, гэрээний урьдчилгаа 27 135900 төгрөг, гэрээ биелүүлээгүйгээс үүссэн алданги 4 522650 төгрөг, нийт 31 658550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цэрэндулам,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтан-Уяа нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч У.Ганцалам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.Ганцалам миний бие нь 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр иргэн Э.Отгон-Эрдэнэтэй орон сууц захилгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан юм. Э.Отгон-Эрдэнэ нь Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах Гурван хөвсгөл 22 айлын орон сууцны барилгыг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтанд өгөх, би 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байрны захилгын урьдчилгаа төлбөр 30 хувь болох 27135900 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан юм. Миний бие нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр биелүүлсэн бөгөөд Э.Отгон-Эрдэний Капитрон банкны 5654013319 дугаар дансанд шилжүүлсэн байдаг юм. Гэтэл өнөөдрийг хүртэл Э.Отгон-Эрдэнэ байраа огт бариагүй бөгөөд удаа дараа шаардахад чи чаддаг юм бол шүүхээрээ шийдүүл гэж дарамталж иргэн намайг хохироож байна. Гэрээгээр байрыг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтанд өгөх ёстой байсан бөгөөд уг өдөр би үлдсэн мөнгө төлөх ёстой байсан юм. Гэтэл ашиглалтанд өгөх хугацаа 7 сараар хэтэрч байраа огт барихгүй байгаа нь анханаасаа хуурч мэхэлж мөнгө авсан байдал нь харагдаж байна. Бидний байгуулсан гэрээнд хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөхөөр байгаа. Иймд 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц захилгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгуулж , гэрээний урьдчилгаа үнэ 2 7135900 төгрөг, гэрээ биелүүлээгүйгээс үүсэн алданги 4 522650 төгрөг, нийт 31 658550  төгрөгийг гаргуулаж өгнө үү гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтан-Уяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр иргэн Э.Отгон-Эрдэнэтэй орон сууц захилгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан юм. Э.Отгон-Эрдэнэ нь Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах Гурван хөвсгөл 22 айлын орон сууцны барилгыг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтанд өгөхөөр, У.Ганцалам нь  2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байрны захилгын урьдчилгаа төлбөр 30 хувь болох 27 135900 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. У.Ганцалам нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр биелүүлсэн бөгөөд Э.Отгон-Эрдэний Капитрон банкны 5654013319 дугаар дансанд байрны урдчилгаа 30 хувь  27 135900 төгрөгийг шилжүүлсэн боловч гэрээнд заасан хугацаанд Э.Отгон-Эрдэнэ нь байрыг ашиглалтанд өгөөгүй байна. У.Ганцалам, Э.Отгон-Эрдэнэ нарын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1,  42  дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар уг гэрээг хүчин төгөлдөг гэрээ гэж үзээд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар уг гэрээг цуцалж, байрны урьдчилгаанд төлсөн 27 135900 төгрөг болоод гэрээ биелүүлээгүйгээс үүсэн алданги 4 522650 төгрөг, нийт 31 658550  төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Отгон-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Э.Отгон-Эрдэнэ нь 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ТОБЕМ ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан “Гурван Хөвсгөл” 22 айлын орон сууцны барилга бариулахаар тохирсон ба энэхүү гэрээг үндэслэн У.Ганцаламтай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан болно. Гэтэл ТОБЕМ ХХК нь барилгын суурийн ажлыг хийгээд эдийн засгийн хямралаас шалтгаалан санхүүжилтгүйн улмаас барилгыг ажлыг гүйцэд хийгээгүй юм. Одоо бид уг барилгын ажлыг өөр компаниар гүйцэтгүүлэхээр хэлэлцээр хийж байгаа бөгөөд энэ талаар нэхэмжлэгч У.Ганцаламд танилцуулж мэдэгдсэн болно. Хэдийгээр гэрээний хугацаа өнгөрсөн боловч энэ шалтгаанаар гэрээ цуцална гэж У.Ганцаламтай байгуулсан гэрээнд заагаагүй, мөн гэрээ цуцлах хуульд заасан нөхцөл бүрдээгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Миний бие Э.Отгон-Эрдэнэ нь нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 30 –ний өдөр гардаж авсан ба 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хариу тайлбараа ирүүлэхээр заасан тул тайлбараа гаргаж байгаа бөгөөд хуульд заасан хугацаа буюу 14 хоногийн дотор тайлбараа дэлгэрэнгүйгээр нь гаргах болон холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх боломжооор хангаж өгөхийг хүсч байна гэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.Ганцалам  хариуцагч Э.Отгон-Эрдэнээс орон сууц захиалгаар бариулах, хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгуулж, гэрээний урьдчилгаа  27 135900 төгрөг, гэрээ биелүүлээгүйгээс үүссэн алданги 4 522650 төгрөг, нийт 31 658550 төгрөг гаргуулахыг хүсч тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.Учир нь:

У.Ганцалам нь Э.Отгон-Эрдэнэтэй 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалгаар бариулах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэрээний урьдчилгаа 30 хувь болох 27 135900 /хорин долоон сая нэг зуун гучин таван мянга есөн зуу/ төгрөгийг Капитрон банкин дахь Э.Отгон-Эрдэний 5654013319 тоот дансанд шилжүүлсэн бөгөөд Э.Отгон-Эрдэнэ нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Гурван хөвсгөл 22 айлын орон сууцнаас 82,23 метр квадрат 3 давхарын 3 өрөө байрыг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор барилга угсралтын ажлыг гэрээнд заасан нөхцлийн дагуу хийж гүйцэтгэхээр тохирч гэрээ байгуулсан байна.

У.Ганцалам нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Капитрон банкин дахь Э.Отгон-Эрдэний 5654013319 тоот дансанд 27 135900 төгрөгийг шилжүүлсэн боловч Э.Отгон-Эрдэнэ нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны дотор гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцыг У.Ганцаламд хүлээлгэн өгөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд хандан гаргасан тайлбараар тус тус батлагдаж байна.

Хариуцагч Э.Отгон-Эрдэнэ нь шүүхэд хандан гаргасан хариу тайлбараа хуульд заасан хугацаа буюу 14 хоногийн дотор тайлбараа дэлгэрэнгүйгээр нь гаргах болон холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх боломжоор хангаж өгөхийг хүсч байна гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд  шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцүүлэх хүртэл хугацаанд Э.Отгон-Эрдэнэ нь хариу тайлбар болон нотлох баримт нэмж гаргаж өгөөгүй  байна.

Мөн хариуцагч Э.Отгон-Эрдэнэд 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдааны тов албан ёсоор мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг  эзгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж заасан байх ба У.Ганцалам нь Э.Отгон-Эрдэнээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, урьдчилан сануулж байсан гэдгийг хариуцагчийн зүгээс маргаагүй байна.

Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1-т “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, мөн  орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “А тал гэрээгээр хүлээсэн үүргээ 30 хоногоос илүү хугацаагаар хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үний дүнгийн 0,1 хувьтай тэнсэх алдангийг Б талд төлөх бөгөөд нийт алдангийн хэмжээ нь гэрээний үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй байна” гэж тус тус заасан ба хариуцагч Э.Отгон-Эрдэнэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд У.Ганцалам, Э.Отгон-Эрдэнэ нарын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 27 135900 төгрөг, алданги   4 522650 төгрөг, нийт 31 658550 төгрөгийг Э.Отгон-Эрдэнээс гаргуулж олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар Э.Отгон-Эрднээс гэрээний урьдчилгаа 27 135900 /хорин долоон сая нэг зуун гучин таван мянга есөн зуу/, алданги  4 522650  /дөрвөн сая таван зуун хорин хоёр мянга зургаан зуун тавь/ төгрөг, нийт 31 658550 /гучин нэгэн сая зургаан зуун тавин найман мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж У.Ганцаламд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380 941 төгрөгний 316 243 төгөргийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 64 698 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.Отгон-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 316 243  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Ганцаламд  олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Л.БАТЖАРГАЛ