| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2018/00064/Э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2018-12-19 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 66
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгчдэгч нарын өмгөөлөгч Б.Хосбаяр
Нарийн бичгийн дарга Б.Батзул нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Э овогт Б ы Н , Х овогт Б ын О , С овогт А гийн А нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1837000000060 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн 1979 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Ёсөнбулаг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, Э овгийн Б ы Н . / /
2. Монгол Улсын иргэн 1984 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, Х овогт Б ын О . / /
3. Монгол Улсын иргэн 1984 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, С овогт А гийн А . РД:/ /
Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Н , Б.О , А.А нар нь Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутаг дэвсгэрт орших “Цагаан толгой” буюу “Цөмөрдөг толгой” гэх нэртэй газарт 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашиг малтмал эрж хайж, олборлосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Н гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би А.Алтанбаганыг алтанд явж байна гэж хэлэлгүйгээр хөлсний ажил байна гээд авч явсан. А.А алтанд явж байгаагаа мэдээгүй, бидэнтэй хамт машинаас бууж алт ухаагүй юм. Сумын гар аргаар алт олборлодог хүмүүс Засаг даргатай 2016 онд гэрээ хийгээд 53000 төгрөг төлсөн тохиолдолд гар аргаар алт олборлож болно гэсэн. 2016-2017 оны хооронд олсон орлогоосоо татвараа төлөөд явж байсан. Би алт олборлох тусгай зөвшөөрөлтэй гэж ойлгож байна. Би 2018 оны 03 сарын 02-ны өдөр Булган сумаас дүүгийнхээ машинтай алт гарч байна гэхээр сонирхолын журмаар тавуулаа очсон. А.А , Б.О , хотоос ирсэн Батдорж, Батдоржийн найз гэх залуутай хамт явсан. Би Батдоржтой өвөл 11 сард хотод явж байгаад О аар дамжуулан танилцсан. Тэр өдөр би Батдорж, түүний найз хоёрыг буудлаас очиж авсан. Б.Алтанбаганд тухайн үед хангалттай хөлс өгнө гээд авч явсан. Эхний 98гр алтны мөнгийг хуваахад нэг хүнд 800.000 орчим төгрөг болсон. Машиндаа сэлбэг ав гээд Алтанбаганд 500.000 гаруй төгрөг өгсөн. Олсон мөнгө нь 1400.000 төгрөг түүнээс зардал хассан. 1.400.000 төгрөгийг бид 5 хувааж авсан гэж ойлгож болно. 98гр алтыг Булган сумын нэг казак айлд очиж тээрэмдүүлж авсан. 2 удаа явж 10, 98 граммаар 2 удаа алтанд явсан гэж ойлгож болно.
Шүүгдэгч Б.Н гийн хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 3 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед байх талийгаач Батжаргал руу утсаар ярьж говь руу машин тэрэг их очсон сурагтай, хоёулаа явах уу гэхэд талийгаач явья гэсэн. Тэгээд би багаж байхгүй яах вэ гэхэд талийгаач дүүгийн цоо шинэ мотор, мулдак алтан дээр Маамгай гэх залууд байгаа авчихья гэсэн. Би Мурат гэх айлд шингэж хийлгэж байна хүрээд ир гэхэд нь эхнэрийн эрэгтэй дүү А тай хамт Муратын гаднаас талийгаачийг аваад дэлгүүрээс хүнс аваад, клонк орж түлш аваад Булган сумын Байтаг багийн Цагаантолгой гэх газарлуу 16 цагийн үед гарч гэгээтэй нар ороогүй байхад очиход Булган сумын голдуу 20-30 хүн оччихсон байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс хоёр, хоёроороо, багаараа нүхрүү орж чулуу авч байсан. Бид гурав очоод би очер авч нүхрүү орж 25 кг-ийн уутны тал шороо гаргаж ирсэн.
...Б.О , С.Батдорж, Батдоржийн найз гэх залуутай хамт явах машин олдохгүй болохоор нь өөрийн хадам дүү Б.Алтанбаганыг дагуулж, түүний Ланд-80 маркийн машинтай яваад Цагаантолгой гэх газарт очиж алт гарч байгаа нүхэнд Б.О бид хоёр орж 25 кг-ийн уутны тал шороо аваад буцаж ирээд угаахад 98 гр алт гарсан. Уг алтыг Б.О сумын төвд худалдаж бид 5 хувааж авсан юм. Маргааш нь дахиж бид хэд яваад Цагаантолгой гэх газраас 2 хүрз шороо авч ирж угаахад 10 орчим грамм алт гарсныг худалдаад замын зардал хоол унаандаа өгөөд дуусгасан. Тухайн үед алтны 1 грамм нь хэдэн төгрөг байсныг сайн санахгүй байна. 98 грамм алтыг худалдаад 1 хүнд 1 сая гарам төгрөгөөр хувааж авсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч А.Алтанбаганы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Тухайн үед би Мо-Эн-Ко ХХК-д ажиллаж байсан. Амралтаараа ирчихсэн байхад Н машинаа өгч байгаач гэхээр нь Олонбулагт байдаг малаа эргээд ирье гээд хамт явсан. Буудлаас 2 хүн авсан. Хотоос ирсэн 2 хүн бид 3 машинаас буугаагүй, нэг сая гаруй төгрөг надад өгсөн. Би алтанд явж байгаагаа мэдээгүй, тухайн үед явахдаа хөлс тохироогүй, ямар ч байсан хөлс өгнө гээд явсан. Ирээд алт олсон гээд мөнгө өгөхөөр нь авсан. Шороо тээрэмдэж байгаа хүмүүс дээр очоод алт нь энэ харагдаж байна гээд заагаад зогсож байтал хүн зураг дарсан байсан. Найз нөхөд хүмүүс яваад өгөөч гээд байхаар нь дахин хамт явсан. Тухайн үед өгсөн мөнгийг нь авдаг байсан. Энэ хүмүүс гэрээтэй гэсэн тул хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгааг ойлгоогүй, 2017 оны 07 сарын 01-нээс мөрдөгдөж буй шинэ хуулийг мэдээгүй, би алтны газар 3 удаа очсон. Эхний удаа 98гр, дараагийн удаа 10 грамм, 3 дахь удаагаа Н , Батжаргал нартай хамт явсан. 98 грамм алтнаас би мөнгө авсан. Эхний удаа юунд явж байгааг мэдээгүй, 2 дахь удаа зөвшөөрөлтэй гэж ойлгож явсан. Тухайн үед хууль бусаар алт олборлож байгаа газар очиход эргэн тойрон нүхний амаар дүүрэн хүмүүс байсан. 30-40 машин байсан. Би машин дотроос л харсан. О , Н нар шороо яаж авсан талаар яриагүй, жаахан шороо авч ирсэн. Тухайн үед тэнд очсон хүмүүс бүгд алт олж байсан. Би тэр шөнө ирээд маргааш нь буцаад явж байхад мөн л олон машин явж байсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Алтанбаганы хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тухайн үед Б.О , Б.Н нар Булган сумын нутаг дэвсгэрт говь руу алт гарч байгаан байна чиний машинаар яваад ирье гэхээр нь зөвшөөрч 2018 оны 3 дугаар сарын эхээр байх өдрийг нь сайн санахгүй байна. Миний эзэмшлийн 96-74 УНО улсын дугаартай ланд 80 маркийн тээврийн хэрэгсэлд Б.Н , Б.О нарыг суулгаад Булган Өгөөж буудлаас 2 хүн аваад явсан юм. Бид нар харанхуй болж байхад Булган сумаас гарч Цагаантолгой гэх алт гарч байгаа газар очиход Б.О , Б.Н нар бууж явсан. Би нөгөө үл таних 2 хүнтэй машинд сууж үлдсэн. Удалгүй нөгөө 2 буцаж ирээд жаахан шороо авчихлаа буцаад явцгаая гэхээр нь тэр шөнөдөө Булган суманд орж ирсэн...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гээд улсын яллагч, өмгөөлөгчийн асуултад: Баруун говьд алт гарч байна гэхээр А.Алтанбаганы машинтай тавуулаа явсан. Би суманд алт гарч байна гэхээр ирсэн. Бид 5 яваад 98 грамм алт олж Заяа дэлгүүрт очиж тушаасан. Хамт явсан Батдоржийн найзтай очин тушаасан. Нийт 7 сая гаруй төгрөг болсон. Тэгээд хувааж авсан. 7 сая төгрөгийг 5 хүнд хуваагаад өгсөн. А.Алтанбаганыг хөлсөнд авч явсан боловч тэнцүү хуваагаад өгье гээд өгсөн. Дараа нь бас хамт яваад 10 грамм олсон. Түүний дараа би өөр хүний машинтай А.А , Н , Батжаргал нар явсан. Бичил уул уурхай эрхлэгчид засаг захиргаантай гэрээ байгуулж жилд нэг удаа 53000 төгрөг төлөөд нөхөрлөлийн журмаар ажиллаж байсан. Би татвараа төлөөд хуулийн дагуу ажиллаж байна гэж ойлгож байсан. Засаг даргын захирамж гарсныг мэдээгүй. 2018 оны 05 сарын 03-ны үед бичил уурхай эрхлэгчдийн сургалтанд очсон. Уг сургалтанд бүх сумын Засаг дарга, нөхөрлөлийн гишүүд очсон. Манайхаас нөөц бүхий газрын координат гаргаж өгсөн. Цөмөрдөг хар гэдэг газар зөвшөөрөл авсан байсан. 2017 онд би татвар төлсөн, 2018 онд гэрээ байгуулаагүй, хууль бусаар ашигт малтмал хайгуул, олборлолт хийсэн гэдгээ ойлгож байна. Хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч Б.О ын хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2017 оны зун Говь-Алтай аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт алт хайж явж байгаад Батдоржтой танилцаж байсан юм. Тэгээд 2018 оны 2 дугаар сард Цагаан сарын өмнө надруу яриад танай Булган суманд алт гарч байна гэнэ хүмүүс 5-6 кг алт худалдсан гэнэ гэж хэлэхээр би замд явна мэдсэнгүй гэж хэлсэн юм. Би Булган суманд ирсэн хойно цагаан сарын дараа залгаад би Булган сум руу явахаар боллоо. Алтай суманд нэг хүнд жижиг трактор шанагатай нь худалдахаар боллоо гэж хэлж байсан юм. Тэгээд Булган сум руу явж байна гэж яриад замдаа Баянхонгор, Говь-Алтай аймагт ирлээ машины дугуй хагараад явахгүй байна. Замдаа 7-8 хоног явж манайд ирсэн. Ирсэн өдөр нь Булган түшиг буудалд өрөө авч өгөөд байрлуулсан орой нь Н бид хоёр Алтанбаганы Ланд 80 маркийн машинтай очоод ирсэн гурван хүний нэгийг Батдоржтой хамт аваад тавуулаа Булган сумын Байтаг багийн нутаг дэвсгэрт алт гарч байгаа газарт дагуулж очсон юм. Тэнд очоод Н бид хоёр алт гарч байгаа нүхэнд ороод тал уут шороо авч тэр шөнөдөө буцаж Булган сум ороод угаахад 98 грамм алт гарасныг 7 сая төгрөгөөр худалдаад нэг хүн 1.400.000 төгрөгөөр хуваан авч, дахиад тэр оройдоо дахиж яваад жаахан шороо авч шөнөдөө ирээд маргааш нь угаахад 10 грамм алт гарсан ба нэг хүнд бинзенээ хасаад дунджаар 900.000 төгрөг ногдсон юм” гэх мэдүүлэг,
Гэрч С.Батдоржийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...Улаанбаатар хотоос 9 хоногийн өмнө хүргэн дүү Мөнх-Эрдэнэ, Боогий ах бид гурав Боогий ахын комби загварын суудлын цагаан машинтай гарч хоёр хоног яваад Ховд аймгийн Аптай сумын төвд Егээ гэх айлд ирж хоол хийлгэж идээд тэр шөнөдөө Булган сум руу ирж буудалд 3 хоноод буцаж Аптай сум орж Егээ ахынд 2 хоносон. Булган суманд 3 хонохдоо Булган сумын Байтаг багийн Цагаан толгой гэх газарт алт гарч байна гэх газарлуу Булган сумын Оргио, Н , бас нэг танихгүй хүмүүсийн хамт оройхон 2 удаа очсон. Тэгэхдээ бид 98 грамм алт олборлосон...” гэх мэдүүлэг,
Х.Олонбаярын хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл “Байшинт ямаан-Ус ХХК-ийн дэлгүүрт худалдагч хийж байгаад ажпаас гарсан юм. Намайг ажлаас гарахаас өмнө Б.О орж ирж алт тушааж байсан. Хэдэн грамм алт өгсөн талаар сайн санахгүй байна. Үе үе хааяа нэг алт авч ирж өгдөг байсан. Мөн Б.Н нь алт авч ирж худалдаж байсан. Хэзээ, хэдэн грамм өгсөнийг санахгүй...” гэх мэдүүлэг,
- хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл
- гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл
- эд зүйлийн үнэлгээ
- эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл,
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Н , Б.О , А.А нар нь Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутаг дэвсгэрт орших “Цагаан толгой” буюу “Цөмөрдөг толгой” гэх нэртэй газарт 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашиг малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл зэргээр нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А нь ...Би алтанд явж байгааг мэдээгүй гэх бөгөөд түүний өмгөөлөгч Б.Хосбаяр ...Б.А нь болгоомжгүй хэлбэрээр тээврийн хэрэгсэлээр үйлчилсэн болох нь тогтоогдсон байдаг. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэжээ. Шүүгдэгч А.А нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс шинэ хууль хэрэгжиж эхэлснийг мэдээгүй байж байгаад энэ гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал тогтоогдож байх тул Б.Алтанбаганы үйлдлийг цагаатгаж өгнө үү гэв.
Шүүгдэгч А.А нь болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байна. Гэтэл шүүгдэгч А.А нь Б.Н , Б.О нартай хамт алт гарч буй “Цөмөрдөг цагаан толгой” нэртэй газар луу 2-3 удаа өөрийн машинтай явсан үйлдэлтэй бөгөөд энэ нь түүний ... 2017 оны 07 сарын 01-нээс мөрдөгдөж буй шинэ хуулийг мэдээгүй, би алтны газар 3 удаа очсон. Эхний удаа 98гр, дараагийн удаа 10 грамм алт олсон, 3 дахь удаагаа Н , Батжаргал нартай хамт явсан. 98 грамм алтнаас нэг сая гаруй төгрөг надад өгсөн. Би өгсөн мөнгийг нь авсан. Алт угааж байгаа зурагны хувьд эхэлж алтанд явж ирээд шороогоо угаасны дараа би унтаж байгаад босч ирээд алт илэрсэн шороог харж байхад нэг нь дарсан зураг байна...гэх мэдүүлэг, хх-н 11, 12 дугаар хуудсанд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, Б.Н , Б.О нарын гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Мөн “...эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас” гэснийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбож тайлбарлах бөгөөд шинээр хууль хэрэгжиж байгааг мэдээгүйн улмаас хор уршигт хүрсэн мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Н , Б.О , А.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилжээ. Хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэргийг шүүгдэгч Б.Н , Б.О , А.А нар нь санаатайгаар нэгдэж үйлдсэн тул бүлэглэж үйлдсэн гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт нэг жилээс таван жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Н , Б.О , А.А нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлын талаар ямар нэгэн маргаангүй, хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч А.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Б.Н , Б.О нарыг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч А.А д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.4 дүгээр хэсгүүдэд зааснаар ашигт малтмал эрэх, хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж, хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн шүүгдэгч Б.Н гийн эзэмшлийн 43 инчийн зурагт, шүүгдэгч Б.О ын эзэмшлийн 42 инчийн зурагт, шүүгдэгч А.Алтанбаганы эзэмшлийн Ланд круйзер маркийн автомашин зэргийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 69, 70 дугаартай, 23-ны өдрийн 74 дугаар тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт Б ы Н , Х овогт Б ын О , С овогт А гийн А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгчдэгч Б ы Н , Б ын О нарыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Алтанбаганыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоер/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н , Б.О нарт оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгчдэгч Б.Н , Б.О нар нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч А.А д тэнссэн хугацаанд ашигт малтмал эрэх хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүхээс үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч А.А д мэдэгдсүгэй.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
9. Шүүгдэгч Б.Н гийн эзэмшлийн 43 инчийн зурагт битүүмжилсэн прокурорын 2018 оны 10 сарын 23-ны өдрийн 74 тоот, шүүгдэгч Б.О ын эзэмшлийн 42 инчийн зурагт битүүмжилсэн прокурорын 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 70 тоот, шүүгдэгч А.Алтанбаганы эзэмшлийн Ланд круйзер маркийн автомашин битүүмжилсэн прокурорын 2018 оны 10 сарын 19-ний өдрийн 69 дугаартай тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Б.Н , Б.О , А. А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.