Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/01811

 

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/03345 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Мо ХХК, Ц.А нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 3,009,561,360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Г.Г, хариуцагч Ц.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, өмгөөлөгч С.Ж, хариуцагч Мо ХХК-ийн өмгөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Тус банк нь Мо ХХК-тай 2017 оны 08 сарын 31-ний өдөр *** тоот зээлийн гэрээ, 2019 оны 02 сарын 13-ны өдөр *** тоот зээлийн гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээнүүдийн дагуу Мо ХХК нь 650,000 еврог жилийн 7,75 хувийн хүүтэй, зээлийн эхний олголтоос хойш 4 жилийн хугацаатай зээлдэн авсан. Талууд үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, Ц.А-ийн өмчлөлийн Төв аймгийн Эрдэнэ сумын *** хаягт байрлах, нэгж талбарын *** дугаар бүхий 60,000 м.кв талбайтай, жимс жимсгэнийн усалгаагүй тариалангийн зориулалтай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, Мо ХХК-ийн өмчлөлийн Төв аймгийн Эрдэнэ сумын *** хаягт байрлах, 2,313 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж болон бусад хөдлөх хөрөнгө, машин тоног төхөөрөмж, хувьцааг тус тус барьцаалсан. Зээлдэгч Мо ХХК нь өнөөдрийн байдлаар *** тоот зээлийн гэрээ, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний дагуу үндсэн зээл 35,732.32 евро, зээлийн хүү 57,113.69 евро, нэмэгдүүлсэн хүү 669.88 евро, нийт 93,515.89 еврог, *** тоот зээлийн гэрээ, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний дагуу үндсэн зээл 9,617.91 евро, зээлийн хүү 5,315.48 евро, нэмэгдүүлсэн хүү 361.01 евро, нийт 15,294.40 еврог тус тус төлсөн. Мо ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй ба зээлийн гэрээний хугацаа 2023 оны 09 сарын 01-ний өдөр дуусгавар болохоор байна. Зээлдэгч нь 2021 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн үндсэн зээл, хүүгийн төлбөрийн зөрчил үүсгэж эхэлсэн. Зээлдүүлэгчийн зүгээс үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл, шаардлага өгч, холбогдох уулзалтуудыг хийсэн боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Мо ХХК-ийн зээлийн өрийн үлдэгдэл 2023 оны 04 сарын байдлаар үндсэн зээл 604,649.75 евро, зээлийн хүү 177,675.35 евро, нэмэгдүүлсэн хүү 3,523.75 евро, нийт 754,040.83 евро байна. Иймд хариуцагч Мо ХХК-аас 785,848.86 евро буюу Монгол банкны 2023 оны 04 сарын 06-ны өдрийн албан ханшаар төгрөгт хөрвүүлж 3,009,455,360 төгрөг, нотариатын зардал 106,000 төгрөг, нийт 3,009,561,360 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч Мо ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч Мо ХХК хариу тайлбартаа: Тус компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад банкнаас зээлийн гэрээг цуцалж, мөн компанийн болон компанийн хувьцаа эзэмшигч нарын дансны зарлагын хөдөлгөөнийг хааж үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөлд оруулсан. Дэлхий нийтэд үүссэн Ковид-19 цар тахлын нөлөөллийн улмаас хэвийн төлөлттэй байсан зээлийн гэрээний үүрэг 2021 оны 09 сараас эхлэн доголдож эхэлсэн. Энэ тухай бид удаа дараа банканд мэдэгдэж, холбогдох баримтуудыг хүргүүлсэн. Гэрээний үүргийн зөрчил үүсэх шалтгаан нь бидний буруутай үйл ажиллагаанаас бус харин удаа дараагийн хилийн хориг, хязгаарлалт болон бусад олон давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан. Иймд гэрээг цуцлахгүйгээр гэрээний хугацааг сунгах боломжтой байсан гэж үзэж байна. Мо ХХК-ийн зүгээс зээл авах зорилго нь хонины ноосон бордоог Герман улс руу экспортлох байсан. Цар тахалтай холбоотой 6,000 тонн бордоо авах гэрээ цуцлагдсан. 2020 онд ОХУ-ын дайнаас болоод 80 тонн экспортлох гэрээ зогссон. Еврогоор гэрээ хийсэн гэж байгаа ч 2,395,013,333 төгрөг гэж яригдаж байгаа. Хамгийн эхэнд байгуулагдсан гэрээ төгрөгөөр байгуулагдсан. Энэ нь 1,013,476,481 төгрөг гэж үзэж байгаа. Одоо 186,290 еврогийн үлдэгдэлтэй байгаа. Төгрөгийн зээлийн хүү 453,484,131 төгрөг, еврогийн зээлийн хүү 60,875 евро, нийт үлдэгдэл 2,395,013,333 төгрөг төлөх ёстой. Үлдэх хэсэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь төгрөгөөр байгуулагдсан гэрээ тул нэхэмжлэлийг шийдэж, хүүг бууруулж өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагч Ц.А хариу тайлбартаа: Миний бие үндсэн зээлийн гэрээнд барьцаа хөрөнгө барьцаалуулж, гэрээ байгуулсныхаа хувиар хариуцагчаар татагдсан гэж ойлгож байна. М ХХК болон Мо ХХК-ийн хооронд 2017 оны 08 сарын 31-ний өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулагджээ. Зээлийн гэрээг хариуцагч Ц.А нэхэмжлэгчтэй байгуулаагүй, зээлийн гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгч биш байна. Харин Ц.А нь *** тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон өөрийн эзэмшлийн Төв аймгийн Эрдэнэ сумын *** байрлалтай 6 га газрыг барьцаалж, 2017 оны 08 сарын 31-ний өдөр *** дугаартай газар эзэмших эрх барьцаалах гэрээг байгуулсан, барьцааны гэрээ байгуулсан тухайд маргаан байхгүй. Уг барьцааны гэрээний дагуу Ц.А-ийн хүлээх үүрэг нь зөвхөн барьцааны гэрээ, барьцаалуулагчийн хүлээх үүргээр хязгаарлагдана. Үндсэн гэрээ болох зээлийн гэрээ, *** дугаартай барьцааны гэрээнд заасан нөхцөл үүсвэл хариуцагч Ц.А-ийн хувьд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан барьцаа хөрөнгөөр шаардлагыг хангуулахад аливаа татгалзал байхгүй. Ц.А нь нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж байсан удаагүй, нэхэмжлэгчээс ямарваа нэг байдлаар зээл авч байгаагүй ба зээлийн гэрээний үндсэн үүрэг гүйцэтгэгч биш. Иймд нэхэмжлэгчийн 2023 оны 04 сарын 12-ны өдрийн *** тоот нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. М ХХК нь төрийн оролцоотой компани бөгөөд хөрөнгийг битүүмжилж байгаа нь Ц.А-ийн хувьд хүндрэлтэй байдалд оруулж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг төсөөтэй хэрэглэх боломжтой. Учир нь хилийн хориг, дайны нөхцөл байдал байгаа. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээд зээлийн хувь хэмжээг бууруулж өгнө үү. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д заасны дагуу зээлийн гэрээний үүргийг Мо ХХК-ийн хөрөнгөөр эхэлж хангуулж өгнө үү гэжээ.

 

4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Мо ХХК-аас үндсэн зээл 604,649.75 евро, хүү 177,675.35 евро, нэмэгдүүлсэн хүү 3,523.75 евро, нийт 785,848.86 евро буюу 3,009,455,360 төгрөг, нотариатын зардал 106,000 төгрөг, нийт 3,009,561,360 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Мо ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд Мо ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ***, *** дугаартай, Төв аймаг, Эрдэнэ сум, *** хаягт байрлах, 2,313 м.кв талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламжийн цогцолборын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Мо ХХК-ийн өмчлөлийн Төв аймаг, Эрдэнэ сум, ***, Мо ХХК-ийн өөрийн байранд байх 15 нэр төрлийн машин, тоног төхөөрөмж, ХБНГУ-ын М mbH компаниас худалдан авсан хонины ноосон био бордооны үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж, Мо ХХК-ийн 100 хувийн эзэмших эрхийн 250 ширхэг хувьцаа, Ц.А-ийн эзэмшлийн ***, ***, *** дугаартай, Төв аймаг, Эрдэнэ сум,*** хаягт байрлах, 60,000 м.кв талбайтай, жимс жимсгэнийн усалгаагүй тариалан зориулалттай, 15 жил эзэмших эрхтэй газар эзэмших эрх бүхий хөрөнгүүдийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Мо ХХК-аас 15,205,757 төгрөг, хариуцагч Мо ХХК, Ц.А нараас 70,200 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

5.   Хариуцагч Мо ХХК давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.1.  Зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 08 сарын 31-ний өдрийн *** тоот зээлийн гэрээг шүүх буруу дүгнэсэн. Учир нь уг гэрээний 3.1.1-д зээлийн хэмжээг 1,230,894,000 хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний евро буюу 428,788 хүртэл евро гэж заасан. М ХХК, Мо ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д заасан гэрээний стандарт нөхцөлийг ашиглаж байгуулсан гэрээ юм. Гэтэл зохигчид тухайн заалт ойлгомжгүй, хоёрдмол утгатай, гэрээг тайлбарлах шаардлага үүссэн байхад гэрээг тайлбарлах Иргэний хуулийн холбогдох заалтыг ашиглахгүйгээр субьектив тайлбар хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангасангүй.

5.2.  Шүүх арилжаа эрхлэгч санхүүгийн хэрэглэгчтэй зээлийн гэрээг гэрээний стандарт нөхцөл ашиглан байгуулсан болохыг анхаараагүйн зэрэгцээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Талуудын хооронд байгуулагдсан *** тоот зээлийн гэрээний 3.1.6-д зээл олгох хэлбэрийг бэлэн бус, еврогоор" гэсэн атлаа зээлийн гэрээний 3.1.1-д зээлийн төлбөрийг шилжүүлэх өдрийн евро төгрөгийн харьцах ханшийг 2,870.63 гэж тохиролцсон байдаг. Нөгөө талаар зээлийн хүсэлт нь евро бус төгрөг байсан бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр хэлсэн. Хэрэв анхнаасаа талууд евро зээлдүүлэх гэрээ байгуулсан бол гэрээнд төгрөг, еврогийн ханшны харьцааг мөн 1,230,894,000 төгрөгийн зээл олгосон талаар ч оруулах шаардлагагүй. Нөгөө талаас хэрэглэгчийн гэрээ болохын хувьд гэрээний стандарт нөхцөл хэрэглэж гэрээ байгуулсан тохиолдолд хэрэглэгчид ашигтайгаар тайлбарлах нь хуульд нийцнэ.

5.3.  Зээл олголтын хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал бий болж улмаар экспортын гэрээнээс бүрэн хамааралтай байгуулагдсан үйлдвэрийн хувьд олон улсын тээвэр худалдаа 2020-2021 онд бүрэн зогсонги байдалд орсон нь зээлдэгчийн хяналтаас гадуур гадны хүчин зүйл бөгөөд үүнийг тухай бүрд нь албан бичгээр холбогдох нотлох баримтуудын хамт байнга хүргүүлж мөн шаардлагатай тайлбар уулзалт, зээлийн эргэн төлөлтийг хийхээ ухамсарлаж, явуулж байгаа ажил үйлчилгээгээ биеэр очиж тайлбарлан бичгээр зээлийн хугацааг сунгах болон анхны зээлийн гэрээний дагуу төгрөгийн төлөлтөөр хийх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. М ХХК-ийн удирдлагууд энэ хугацаанд 3 удаа өөрчлөгдсөн бөгөөд холбогдох шийдвэрийг дотоодын зохион байгуулалтаасаа хамаарч шийдэхгүй байсан нь биднийг хүнд байдал мөн сүүлд байгуулсан зээлийн еврогийн гэрээний ханшийн эрсдэлд ороход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн.

5.4.  М ХХК жижиг, дунд үйлдвэрлэгч бидэнд ямар ч дэмжлэг хэрэгжүүлээгүйн дээр компани болон хувьцаа эзэмшигч нарын хувь данснуудыг хааснаас үүдэн үйл ажиллагаагаа зогсоохгүй, үйлдвэрлэлээ явуулах зорилтыг хангахын тулд гуравдагч этгээдээс өндөр хүүтэй зээлийн өрийн дарамтад нэмж оруулах нөхцөлийг үүсгэн хохироож байна. Мөн биднийг давхар Авлигатай тэмцэх газраас эрүүгийн журмаар дээрх зээл авсан, зээлийн гэрээ байгуулсан асуудлыг шалгаж, компанийн данс, хувьцаа эзэмшигч нарын дансыг давхар битүүмжилсэн хэвээр байна.

Иймд М ХХК нь 2017 оны 08 сарын 31-ний өдрийн *** тоот зээлийн гэрээгээр 1,230,894,000 төгрөгийг зээлдүүлсэн тул тус зээлийн төлбөрт ногдох төлбөрийг хавсралтад заасан тооцооллын дагуу гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 526,816,412.98 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.   Хариуцагч Ц.А давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.1.  М ХХК болон Мо ХХК-ийн хооронд 2017 оны 08 сарын 31-ний өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулагдсан. Ц.А-ийн хувьд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон өөрийн эзэмшлийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах газрыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулсан. Ц.А-ийн зүгээс барьцааны гэрээ байгуулсан эсэх, барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийн талаар маргадаггүй. Харин анхан шатны шүүхийн шийдвэрт зарчмын шинжтэй өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байна. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д зааснаас үзэхэд Мо ХХК-аас гаргуулах 3,009,561,360 төгрөгийн үүргийг Мо ХХК сайн дураар биелүүлээгүй, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тохиолдол үүсвэл үүргийн гүйцэтгэлийг Мо ХХК-ийн хөрөнгөөс эхэлж хангуулах нь хуульд нийцнэ. Харамсалтай нь анхан шатны шүүх хуульд зааснаар хамгаалагдвал зохих гуравдагч этгээдийн эрх ашгийг харгалзаж үзэлгүй бүхий л барьцаа хөрөнгийн хувьд үүргийн гүйцэтгэл ялгаагүй мэтээр шийдвэрлэсэн.

6.2.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.А-ийн зүгээс үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа хөрөнгийн дарааллыг шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсэж тайлбар, тодруулга гаргасаар ирсэн ч анхан шатны шүүх Мо ХХК-ийн хөрөнгөөр түрүүлж үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шүүхийн шийдвэрт огт тусгаагүйд гомдолтой байна. Хэрэв анхан шатны шүүхийн шийдвэрт ийнхүү зохих өөрчлөлт ороогүй тохиолдолд хожим шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Ц.А-ийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт ...шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Мо ХХК-ийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг эхлэн хангуулж, Мо ХХК-ийн хөрөнгө үүргийн гүйцэтгэлийг хангуулахад хүрэхгүй тохиолдолд Ц.А-ийн эзэмшлийн газраар хангуулах гэсэн агуулгаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7.   Нэхэмжлэгч тал хариуцагч нарын давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

7.1.  Стандарт нөхцөлөөр байгуулагдсан гэрээ гэдэг нь байнга хэрэглэгдэх, тухайн чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг компаниуд хэрэглэдэг, хэрэглэгч талд өмчлөх эрхийг олгоогүй гэрээг хэлдэг. Мөн тухайн харилцаанд оролцож буй хэрэглэгч тал эрх зүйн мэдлэггүй этгээд байх боломжтой нөхцөлийг тодорхойлдог. Гэтэл талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан тул гэрээний стандарт нөхцөлийн дагуу байх боломжгүй. Иргэний хуулийн 198 дугаар зүйлд заасны дагуу гэрээг тайлбарлах боломжтой. Үгийн шууд утгаар тайлбарлахад хэцүү байх тохиолдолд тухайн гэрээний бусад зохицуулалтууд нийцэж байгаа эсэх, тухайн зохицуулалт хэрхэн ойлгогдож байгаа талаар тайлбарлана. Гэрээнд заасан хүүгийн хувь хэмжээнээс хамаарч еврогийн гэрээ болох нь харагдаж байна. Еврогоор зээл авсан атлаа төгрөгөөр төлнө гэвэл төгрөгөөс жилийн 7,7 хувийн хүү тооцох, еврогоос жилийн 7,7 хувийн хүү тооцох өөр эрх зүйн үр дагавартай. Үүнийг ойлгоогүй атлаа гэрээ байгуулсан, төгрөг гэж үзэн гарын үсэг зурсан хэмээн тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүх еврогоор гэрээ байгуулагдсан талаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

7.2.  М ХХК нь хариуцагч талын өгсөн хүсэлтүүдийг хүлээн авч, гэрээнд өөрчлөлт оруулж байсан буюу цар тахалтай холбоотойгоор гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээл авсны дараа цар тахалтай холбоотойгоор манай гэрээг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг тухай бүр хүлээн авч, холбогдох эрх бүхий этгээд шийдвэр гаргаж, хугацааг хойшлуулсан нь талуудын хооронд байгуулагдсан тохиролцоо буюу хөнгөлөлт юм. Хүүгээс хөнгөлөх зохицуулалт хуульд байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хангалттай үндэслэлтэй болсон.

7.3.  Авлигатай тэмцэх газраас шалгаж буй асуудал нь зээлийн гэрээтэй холбоогүй асуудал юм.

7.4.  Барьцаа хөрөнгийн талаар гуравдагч этгээд тайлбар гаргах эрхтэй. Гэхдээ эрхийг нь хүлээн авах эсэх нэхэмжлэгчийн асуудал. Өөрөөр хэлбэл, шүүхээс эрхийг хязгаарласан зүйл байхгүй. Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдэх асуудал, шүүхээс тогтоосон төлбөрийг хариуцагч төлөх эсэх нь тодорхой байх шаардлагатай. Мөн төлөхгүй болох нь тодорхой болсны дараа албадан дуудлага худалдаа болох эд хөрөнгийг хураах, битүүмжлэх ажиллагаа явагдана. Уг ажиллагаа гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн бол тухайн үед гомдол гаргаж шийдүүлэх боломж хуулиар олгогдсон буюу Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д заасан эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Хүлээн авах эсэх нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал. Тус эрхийг шүүхээс хязгаарлах боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Мо ХХК, Ц.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 604,649.75 евро, зээлийн хүү 177,675.35 евро, нэмэгдүүлсэн хүү 3,523.75 евро, нийт 785,848.86 евро буюу 3,009,455,360 төгрөг, нотариатын зардал 106,000 төгрөг, бүгд 3,009,561,360 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /1хх 1-6, 222-223, 2хх 19-21/

Хариуцагч Мо ХХК нь татгалзлын үндэслэлээ ...зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, дансны зарлагын хөдөлгөөнийг хааж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон, Ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдсон, нэхэмжлэгч нь гэрээг цуцалсан хугацаанаас хойш зээлийн хүү тооцсон нь буруу, зээлийн гэрээг төгрөгөөр байгуулсан... гэсэн агуулгаар тайлбарласан бол хариуцагч Ц.А нь татгалзлын үндэслэлээ ...зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад Мо ХХК-ийн барьцаа хөрөнгүүд хүрэлцээтэй, хэрэв хүрэлцэхгүй тохиолдолд дараа нь Ц.А-ийн барьцаа хөрөнгүүдэд халдах учиртай... гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ. /1хх 165, 2хх 31, 32, 41, 42/

 

3.   Талууд анх 2017 оны 08 сарын 31-ний өдөр *** тоот Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр М ХХК нь 1,230,894,000 төгрөг буюу 428,788 евро-г жилийн 7,75 хувийн хүүтэй, 4 жилийн хугацаатай зээлдүүлэх, Мо ХХК нь тохирсон хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /1хх 16-27/

Мөн талууд 2019 оны 02 сарын 13-ны өдөр *** тоот Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр М ХХК нь 221,212 еврог жилийн 7,75 хувийн хүүтэй, 2 жил 7 сарын хугацаатай зээлдүүлэх, Мо ХХК нь тохирсон хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /1хх 33-44/

Улмаар талууд 2019 оны 02 сарын 13-ны өдөр, 2019 оны 11 сарын 12-ны өдөр, 2021 оны 06 сарын 28-ны өдрүүдэд дээрх зээлийн гэрээнүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацаа, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн байна. /1хх 45-46, 56-58, 59-62, 63-65, 66-68, 87-88/

4.   Дээр дурдсан Зээлийн гэрээ-нүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2017 оны 08 сарын 31-ний өдөр *** тоот Газар эзэмших эрх барьцаалах гэрээ, 2019 оны 02 сарын 13-ны өдөр *** тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, *** тоот Барьцааны гэрээ, 2021 оны 06 сарын 28-ны өдөр *** тоот Хувьцаа барьцаалах гэрээ-г тус тус байгуулж, Мо ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө, машин, тоног төхөөрөмж, хувьцаа, Ц.Аийн эзэмшлийн газар эзэмших эрх зэргийг тус тус барьцаалсан байна. /1хх 28-32, 49-55, 70-78, 82-86/

Улмаар талууд 2019 оны 02 сарын 27-ны өдөр, 2021 оны 06 сарын 28-ны өдрүүдэд дээрх барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, барьцаа хөрөнгө нэмсэн байна. /1хх 47-48, 69, 79-81/

 

5.   Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн гэж зөв дүгнэж, зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан үйл баримт, зээлдүүлэгчийн зүгээс зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн үйл баримтын тухайд маргадаггүй.

 

6.   Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасны дагуу 2017 оны 08 сарын 31-ний өдрийн *** тоот Зээлийн гэрээ-ний 3.1.1, мөн 2019 оны 02 сарын 13-ны өдрийн *** тоот Зээлийн гэрээ-ний 3.1.1-д заасан нөхцөлийн үгийн шууд утгыг анхаарч тайлбарлавал талууд гадаад валют буюу евро зээлдүүлэх, зээлдэх талаар харилцан тохиролцсон гэж дүгнэхээр байна.

Түүнчлэн, эдгээр зээлийн гэрээний хавсралтад зээлийн эргэн төлөлтийн хуваарийг евро-гоор тусгасан байгааг дурдах нь зүйтэй.

Иймд ...зээлийн гэрээг анх төгрөгөөр байгуулсан... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.

 

7.   Зээлдэгч Мо ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2020 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн удаа дараа зөрчсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байх тул зээлдүүлэгч М ХХК нь хугацаатай мэдэгдэл өгч, гэрээг цуцалж, зээлийн гэрээний хугацаанаас өмнө үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасантай нийцжээ.

Иймд ...зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч нь гэрээг цуцалсан нь буруу... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны/ 24 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар зээлдүүлэгч М ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт, мөн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.Нэхэмжлэгч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 01 сарын 05-ны өдөр, 2023 оны 04 сарын 12-ны өдөр тус тус нэмэгдүүлсэн нь дээрх хуулийн зохицуулалтад харшлаагүй байна.Мөн Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нь зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

8.   Хэрэгт авагдсан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол нь зээлийн гэрээний нөхцөл, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгчийн төлсөн төлбөр, төлбөр хийсэн огноо зэргийг үндэслэн гаргасан зөв тооцоолол байна.

Өөрөөр хэлбэл, зээлдэгч Мо ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 604,649.75 евро, зээлийн хүү 177,675.35 евро, нэмэгдүүлсэн хүү 3,523.75 евро, нийт 785,848.86 евро-г төлөх үүргийг зээлдүүлэгч М ХХК-ийн өмнө хүлээнэ.

Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийсэн боловч зээлдэгчийн төлөх үүргийг нэхэмжлэлийн шаардлагаа хамгийн сүүлд ихэсгэсэн 2023 оны 04 сарын 06-ны өдрийн албан ёсны ханш 3,829.56 төгрөгөөр тооцож, хариуцагчаас 3,009,455,360 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасантай нийцэхгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс энэ алдааг залруулж, нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн тухайн үеийн ханшаар үүргийг тооцно.

Ийнхүү тооцоход (757,708.88 х 3,235) + (15,112.02 x 3,660.23) + (13,027.96 x 3,829.56) = 2,556,393,050 төгрөг гарч байна.

Нотлох баримтыг хуульд заасан шаардлагыг хангуулахтай холбоотой нэхэмжлэгчээс 106,000 төгрөгийн нотариатын зардал гарсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэх, мемориалын баримтаар нотлогдож байх тул анхан шатны шүүх уг зардлыг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв.

Иймд хариуцагч Мо ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,556,499,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

 

9.      Өмнө дурдсанчлан, талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнүүд хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасан зохицуулалтад тус тус нийцнэ.

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8-д заасан ...үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах... эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу барьцаалагчийн хүсэл зоригоос хамаарах асуудал юм.

Иймд энэ талаар хариуцагч Ц.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

10.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5 гэсэн дугаарлалт оруулсныг хасч, мөн барьцаа хөрөнгийг тодорхой нэрлэн заах найруулгын өөрчлөлтийг оруулна.

 

11.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч Мо ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ц.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 30-ны өдрийн 101/ШШ2023/03345 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...нийт 3,009,561,360 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай гэснийг ... нийт 2,556,499,050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, үлдэх 453,062,310 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...175.1-т... гэснийг ...175.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д... гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 2.1, 2.2, 2.3, 2.4, 2.5 гэсэн дугаарлалтыг хасч,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...15 нэр төрлийн машин, тоног төхөөрөмж гэснийг ..*** маркийн түүхий ноосны туузан дамжуулагч, *** маркийн түүхий ноос хэрчигч, таслах машин, *** маркийн ноос цуглуулах, бутлах, сэмлэх, хувиарлах машин, *** маркийн ноос хувиарлан тээвэрлэх туузан дамжуулагч, *** маркийн ноос шахаж нягтруулах пресны машин, *** маркийн шахмал үрэл дамжуулагч тууз, *** маркийн шахмал үрэл дамжуулагч, 2 үйлдэлтэй дамжуулагч тууз, том шуудай савлах төхөөрөмж, *** маркийн шахмал үрэл дамжуулагч тууз, *** маркийн шахмал үрэл дамжуулагч тууз, *** маркийн шахмал үрэл нягтруулан преслэх машин, *** маркийн шахмал үрэл дамжуулагч тууз, *** үрэл сэгсрэгч, ялгагч машин, дамжуулагч туузнуудын сууринууд, *** цахилгаан холболтын зураг төсөл, автомат удирдлагын самбар зэрэг машин, тоног төхөөрөмж гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...15,205,757 төгрөг... гэснийг ...12,940,445 төгрөг... гэж өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Мо ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ц.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар хариуцагч Мо ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 2,792,033 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Ц.А-өөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 08 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 Д.НЯМБАЗАР