Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 215

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 106 байрны 12 тоотод оршин суух, Дэмбэрэлийн Энхтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замд холбогдох,

Багажны сарайнуудын өмчлөх эрхээ сэргээлгэхийг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Алтансүх, нэхэмжлэгч Д.Энхтуяа, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:           

            Нэхэмжлэгч Д.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: УБТЗ-ын харъяа Замын 4 дүгээр ангийн Замын-Үүд дэх 11 дүгээр хэсгийн ашиглагдахаа больсон хуучин автомашины граж, багажны сарайнууд (Замын-Үүд сумын 2 дугаар баг, точект байрлалтай)-ын хамтаар худалдан авч нийт 20-н жил ашиглаж байгаа бөгөөд 2013 онд газрын гэрчилгээг гаргуулах гээд Засаг даргад хандтал зөвшөөрөл олгоогүй бөгөөд Захиргааны хэргийн шүүхэд хандтал УБТЗ-ын харъяа Сайншанд суман дахь Замын 4 дүгээр анги нь худалдан авсан гражийг “...өнөөдрийн байдлаар Замын 11-р хэсгийн автомашины граж тус ангийн дансад бүртгэлгүй байгаа болно” гэсэн буюу гражийн талаар маргаагүй. Харин багажны сарайнуудыг “... худалдан борлуулж шилжүүлээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар тус ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байгаа болно” гэсэн 2014.05.15-ны 58/260 тоотоор Захиргааны хэргийн шүүхэд хариу өгөн маргасан. Гэтэл тухайн 3-н объектууд нь нэг дор байрлалтай ба бидний аав Ч.Билэгжамц тус байгууллагын засварын даргаар ажиллаж байхдаа 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр 1995 оны 9 дүгээр сард худалдан авч бид тухайн объектуудыг нийт 20-н жил тасралтгүй ашиглаж байгаагаас гадна УБТЗ-ын харъяа Сайншанд суман дахь Замын 4 дүгээр анги болон Замын-Үүд суман дахь 11 дүгээр хэсэг нь энэ олон жилийн хугацаанд нэг ч удаа багажны сарайнуудын өмчлөх эрхийн талаар болон чөлөөлүүлэх талаар шаардлага тавьж байгаагүй мөртлөө одоо манай хөрөнгө хэмээн маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй юм. Захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгсөн үндсэн хөрөнгийн он тодорхой бус 3 сарын 1-ний бүртгэл дээр эд хогшлын № 01437, багажны сaрaй анхны өртөг 26190, эд хогшлын №01144, худаг анхны өртөг 28044 гэж тооллого хийсэн мөртлөө, 1989 оны бүртгэлийн 1-т эд хогшлийн №01437, объектын нэр багажны сaрaй, анхны өртөг 26190 гэснийг дараад бүртгэлийн 3-т худаг №201144, анхны өртөг 28044 гэснийг дараад багажны сарай гэж нэмж бичээд анхны өртөгийн 28044 гэсний 2-ын тоог 3 болгон засвар хийжээ. Ингээд үндсэн хөрөнгийн эд хөрөнгийн тооллогыг хийлгүй 1989-2002 он хүртэл бүхэл бүтэн 13 жил өнгөрсний дараа 2002 оны 10 сарын 31-ны үндсэн хөрөнгийн бүртгэлийн 12-рт баримтын №20100532, үндсэн хөрөнгийн багажны сарай актлах, ашиглалтанд орсон 56.01.01, тоо, ашиглах жил 17, анхны өртөг 38044 гэжээ. 2003 оны 12 сарын 19-ний үндсэн хөрөнгийн бүртгэлийн 12-рт баримтын №20100532, үндсэн хөрөнгийн багажны сaрaй актлах, ашиглалтанд орсон 56.01.01, тоо, ашиглах жил 17, анхны өртөг 38044 гэжээ. 2013 оны тооллогын бүртгэлийн №928-д код 1306060012, хөрөнгийн нэр багажны сарай, ашиглалтанд орсон 1956 он 1 сар, нэг бүрийн үнэ 38044, тоо 1, үүнээс актлах өртөг 38044 гэжээ. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш тус байгууллага үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэлийг 2014 оны 04 сарын 30-нд хийснээс №928, үндсэн хөрөнгийн нэр багажны сaрaй, марк модон, ашиглалтанд орсон 1956.01.01, тоо 1, ашиглах жил 15 жил, анхны өртөг 38044, хуримтлагдсан элэгдэл 38044, үлдэх өртөг 0.00 гэсэн бүртгэлүүдээс харахад тус байгууллага нь 1989-2002 оны хооронд үндсэн хөрөнгийн бүртгэл хийгээгүй байх ба бүртгэл дээр байгаа худаг, граж зэрэг нь хэзээ актлагдаж үндсэн хөрөнгөнөөс хасагдсан нь тодорхой бус мөн үндсэн хөрөнгийн бүртгэлийг хийхдээ комиссийн гарын үсэггүй, бүртгэл дээр засвар хийхдээ хийсэн засварыг ямар шалтгаанаар өөрчилсөн тэмдэглэл акт үйлдээгүй, худалдан борлуулсан гэх гражийг үндсэн хөрөнгийн бүртгэл дээр эд хогшлын №201440, машины граш 67410 гэж бүртгэсэн мөртлөө хэзээ үндсэн хөрөнгөөс хассан нь тодорхой бус, үндсэн хөрөнгийн бүртгэл дээр зөвхөн ганц модон багажны сарай бүртгэгдсэн байх ба бодит байдлаар 3-н хаалгатай бетонн багажны сaрaй мөн 1 хаалгатай тоосгоор өрж бетонн дээвэр хийсан багажны сарайнууд байгаа. Тэгээд ч 1989 он хүртлэх үндсэн хөрөнгийн бүртгэлээс харахад багажны сaрaй анхны өртөг 26190 төгрөг, машины граж 67410 төгрөг буюу нийт 93600 төгрөгний үнэтэй байсан нь нотлогдож байна. Захиргааны хэргийн шүүхэд тус байгууллагад ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан гэрч Г.Энхтөрийн “... 1995 онд актлагдаж данснаас хасагдсан хөрөнгийн талаар үйлдэгдсэн бичигт гарын үсэг зурж өгсөн юм. Дээрх хөрөнгийг би нүдээр үзээгүй намайг ажил авахаас өмнө данснаас хасагдсан хөрөнгө байсан болно” гэсэн мэдүүлэг, мөн тус байгууллагын ерөнхий нягтлан бодогч С.Түмэндэмбэрэлийн “ Үндсэн хөрөнгө нь анхны өртөгөө ашиглалтын хугацаанд элэгдлээрээ нөхсөн бол бүртгэлд үлдэгдэл өртөг 00 гэсэн бүртгэлтэй байдаг юм”, “...Байгууллагын эд хөрөнгийг үндсэн хөрөнөөс хасахад хоёр улсын хамтарсан УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хуралд актаа бэлтгэж оруулаад тэр хурлаар хэлэлцээд зөвшөөрвөл уг шийдвэрийг үндэслэн санхүү албаны даргын шийдвэр ирсний дагуу хасалт хийдэг гэсэн мэдүүлэг, мөн УБТЗ-ын Замын-Үүд өртөөний 2014.05.14-ний 52/158 тоотод “...100 гаруй метрийн зайд баригдан ашиглагдаж байгаа бетонн хашаа бүхий барилга нь Улаанбаатар төмөр замын Замын 11-р ангийн үндсэн хөрөнгөнөөс хасагдсан нь үнэн болно” зэргээс харахад дээрх объектууд нь үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасагдсан байх бөгөөд харин тус анги нь үндсэн хөрөнгүүдийг бүртгэлээс хасах тухай “Хоёр улсын хамтарсан УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хурал”-д бэлтгэж оруулсан акт, тэр хурлаар хэлэлцээд зөвшөөрсөн шийдвэрийг үндэслэн санхүү албаны даргын гаргасан шийдвэрүүдийг Захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгөөгүй. Худалдан авсан граж, багажны сарайнууд 1956 онд ашиглалтанд орж түүнээс хойш ашиглалтын хугацаа 17-н жилээс гадна 22 жил буюу нийт 39 жил өнгөрч ашиглалтын хугацаа дуусаад 1995 онд актлагдаж зарагдсан гэдэг нь тодорхой байна. Тэгээд ч тухайн байгууллага нь ашиглалтын хугацаа дууссан гэж үзээд бидэнд худалдан борлуулж үндсэн хөрөнгийн бүртгэл дээрээ үлдэх өртөг тэг гэж тэмдэглэсэн гэж ойлгож байгаа. Тэгээд ч удаан хугацаанд ашиглагдаж өртгөө бүрэн нөхсөн, өртгөө бүрэн нөхөөгүй боловч цаашид засварлаж ашиглах нь эрх зүйн хувьд үр ашиггүй нь тогтоогдсон буюу засварлах боломжгүй эсвэл гэнэтийн аюулын улмаас ашиглах нөхцөлгүй болсон үндсэн хөрөнгийг актлаж данснаас хасахыг үндсэн хөрөнгийн устгал гэнэ. Үндсэн хөрөнгийг данснаас хасахад уг үндсэн хөрөнгийн болон түүний сөрөг тохируулах дансыг үлдэгдэлгүй болгох ёстой. Тэгээд ч тухайн байгууллага үндсэн хөрөнгийн бүртгэл дээрээ үлдэгдэлгүй буюу үндсэн хөрөнгө болох багажны сарайнуудыг анхны өртгөө ашиглалтын хугацаанд элэгдлээрээ нөхсөн гэж үзээд 1995 оны 9 дүгээр сард буюу 39 жилийн дараа худалдсан байх бөгөөд үндсэн хөрөнгийн бүртгэл дээрээ хасалт хийлгүй орхигдуулсан байна. Учир нь тухайн үед граж болон багажны сараануудыг худалдсанаас хойш УБТЗ-ын харъяа Сайншанд дахь Замын 4 дүгээр анги болон Замын-Үүд суман дахь 11 дүгээр хэсгийн үе үеийн дарга удирдлагууд нь багажны сарайнуудыг чөлөөлүүлэх талаар мөн манай өмч хөрөнгө гэж ганц ч удаа шаардлага тавьж маргаан үүсгэж байгаагүй. Тэгээд ч анх дээр дурдсан граж, багажны сарайнуудыг бидний аав Ч.Билэгжамц нь 1995 онд       100 000 /нэг зуун мянга/ төгрөгөөр худалдан авч цалингаасаа суутгуулсан нь Захиргааны хэргийн шүүх хуралд гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа. Иймд Сайншанд суман дахь УБТЗ-ын харъяа Замын 4 дүгээр анги нь худалдан борлуулсан гэх багажны сарайнуудын талаар маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй байх тул иргэн миний худалдан авсан багажны сарайнуудын өмчлөх эрхийг сэргээж өгнө үү...  гэв.

            Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэтуяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь УБТЗ-ын Замын 4-р ангийн харьяа Замын 11-р хэсгийн граж, багажны сарайнуудыг 1995 оны 09 сард 100 000 /нэг зуун мянган/ төгрөгөөр худалдан авч, 1995 оноос хойш тасралтгүй ашиглаж байна гэж нэхэмжлэлдээ дурьдсан байна. Гэтэл уг хөрөнгө нь дурьдсан хугацаанаас өнөөдрийг хүртэл Замын 4-р ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байгаа бөгөөд Замын 11-р хэсгийн Эд хариуцагч буюу мастерийн мэдэлд бүртгэгдсээр ирсэн. 1998 он хүртэл Замын 11-р хэсгийн ажилтнууд тус сарайнд багаж, хэрэгслээ хадгалдаг, өглөө бүр ажилтнууд зааварчилгаа авч ажилдаа гардаг байсан тул нэхэмжлэгчийн тавьж буй шаардлага үндэслэлгүй юм. УБТЗ-ын эд хөрөнгийг актлах буюу худалдан борлуулж, бусдад шилжүүлэх тохиолдолд салбар байгууллага тухайн хөрөнгийн талаарх саналаа гаргаж, “Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дүрэм”-ийн 17 дугаар зүйлийн “д”-д заасны дагуу “УБТЗ” нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурлаар хэлэлцүүлдэг. Уг хурлаас хөрөнгө актлахыг зөвшөөрсөн тохиолдолд хурлын протокол гарч, протоколыг үндэслэн Замын даргын тушаал гарсаны үндсэн дээр үндсэн хөрөнгө данснаас хасагддаг журамтай. 1968 онд батлагдсан “Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дүрэм”-ийн 17-р зүйлд: “Ерөнхий хороо нь нийгэмлэгийн тухайн үеийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдах бөгөөд дор дурьдсан үүргүүдийг биелүүлнэ”, 17-р зүйлийн “д”-д: “хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах, түүнчлэн нийгэмлэгийн нэрийн өмнөөс мөнгөн хөрөнгө зээлэх талаар холбогдох шийдвэрүүдийг гаргана”, мөн дүрмийн 22-р зүйлд: “Замын даргад дараах эрхүүд олгоно”, 22-р зүйлийн в-д: “..Тэгэхдээ нийгэмлэгийн хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах явдлыг нийгэмлэгийн Ерөнхий хорооноос энэ тухай шийдвэр гаргасаны дараа сая гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Гэтэл энэхүү маргаан бүхий хөрөнгийг акталсан Ерөнхий хорооны протокол болон Замын даргын тушаал, шийдвэр гараагүй болно. Түүнчлэн Ч.Билэгжамц нь уг хөрөнгийг худалдаж авсан гэх боловч Замын 4-р ангитай байгуулсан худалдах худалдан авах гэрээ эсвэл худалдаж авсаныг нотлох баримт байхгүй байна. Мөн 1998 оныг хүртэл уг багажны сaрaйг Замын 11-р хэсгийн замын багаж техникийг хадгалахад болон Замчид, бусад ажилтнууд зааварчилгаа авах зориулалтаар ашиглаж байгаад 1998 онд шинээр базоклоткийн байр баригдсанаа рашиглахаа больсон тул Ч.Билэгжамц уг барилгыг 1995 онд худалдан авч Д.Энхтуяа тэр үеэс хойш ашиглаж байгаа гэдэг нь үндэслэлгүй байна.

 Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудад дутагдалтай зарим зүйл байна. Тухайлбал: Замын-Үүд өртөөний 2014.05.14-ний 52/158 тоот албан бичгээр өртөөний орлогч дарга Ш.Баярсайхан “...Замын-Үүд өртөөнөөс зам сум тал руугаа 100 гаруй метрийн зайд баригдаж байгаа бетонон хашаа бүхий барилга нь Улаанбаатар төмөр замын 11-р ангийн үндсэн хөрөнгөөс хасагдсан нь үнэн болно” гэж тодорхойлсон байна. Замын-Үүд өртөө, Замын 4-р анги нь УБТЗ-ын бие даасан салбар байгууллагууд бөгөөд аль нэг нь бие биенийхээ хөрөнгө бүртгэлийг мэдэж шийдвэрлэхгүй бөгөөд дээрх маргаан бүхий хөрөнгө нь УБТЗ-ын Замын 4-р ангийн үндсэн хөрөнгө юм. Мөн Замын 11-р анги гэдэг байгууллага УБТЗ-д байхгүй. Ш.Баярсайханаас энэ талаар тодруулахад Б.Түвшинжаргал нь Замын-Үүд өртөөний жолооч бөгөөд өөрөө гуйж энэ албан бичгийг бичиж гарын үсэг зуруулсан. Өөр ямар нэг баримт бүртгэлд үндэслэж уг бичгийг бичээгүй гэж тайлбарласан. Мөн 2001.03.08-ны 40/15 тоот албан бичигт: “Багажны сарай, гражийг Ч.Билэгжамцад шилжүүлсэн тухай албан бичигт тухайн үеийн дарга С.Ганболд, ерөнхий нягтлан бодогч нарын гарын үсэг биш байх тул нотлох баримтыг дээрх байдлаар хуурамчаар бүрдүүлсэн байж болзошгүй гэсэн таамаглалыг үүсгэж байна. Нэхэмжлэлд дурьдсан эд хөрөнгийн бүртгэлийн алдаа, буруутай бүртгэгдсэн талаарх мэдээллүүд нь маргаан шийдвэрлэхэд эрх зүйн ач холбогдолгүй гэж үзэж байна.

Ч.Билэгжамцийн 1995 онд худалдан авч, 20 жил ашигласан гэх багажны сaрaйг 1998 он хүртэл УБТЗ-ын Замын 4-р ангийн харьяа Замын 11-р хэсэг ашиглаж байсан. Мөн Ч.Билэгжамцад уг хөрөнгийг худалдаж шилжүүлсэн гэрээ, баримт бичиг байхгүй, эд хөрөнгийн бүртгэлээс хасаж актлахыг зөвшөөрсөн УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хороо болон Замын даргын шийдвэр гараагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.           

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн  судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь хариуцагч  Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд  холбогдуулан багажны сарайнуудын өмчлөх эрхээ сэргээлгэхийг хүсч тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь

Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь УБТЗамын харъяа Замын 4 дүгээр ангийн Замын-Үүд дэх 11 дүгээр хэсгийн ашиглагдахаа больсон багажны сарайнуудыг 1995 оны 9 дүгээр сард  100000 төгрөгөөр удалдан авч нийт 20-н жил ашиглаж байгаа тул миний өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч тал уг сарайнууд нь УБТЗамын өмч тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...уг сарайнууд бидний өмч болох нь Замын 4 дүгээр ангийн  2001 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 40/13 тоот тодорхойлолт, Замын-Үүд өртөөний 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 52/158 тоот орлогч дарга Ш.Баярсайханы тодорхойлолт, гэрч нарын мэдүүлгээр батлагдаж байгаа” гэсэн мэдүүлэг гаргаж байгаа боловч  УБТЗ-ын эд хөрөнгийг актлах буюу худалдан борлуулж, бусдад шилжүүлэх тохиолдолд салбар байгууллага тухайн хөрөнгийн талаарх саналаа гаргаж “Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дүрэм”-ийн 17 дугаар зүйлийн “д”-д заасны дагуу “УБТЗ” нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурлаар хэлэлцүүлдэг журамтай ба уг хурлаас хөрөнгө актлахыг зөвшөөрсөн тохиолдолд хурлын протокол гарч, протоколыг үндэслэн Замын даргын тушаал гарсаны үндсэн дээр үндсэн хөрөнгө данснаас хасдаг, мөн 1968 онд батлагдсан “Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дүрэм”-ийн 17-р зүйлийн “д”-д: “хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах, түүнчлэн нийгэмлэгийн нэрийн өмнөөс мөнгөн хөрөнгө зээлэх талаар холбогдох шийдвэрүүдийг гаргана”, мөн дүрмийн 22-р зүйлд: “Замын даргад дараах эрхүүд олгоно”, 22-р зүйлийн в-д: “..Тэгэхдээ нийгэмлэгийн хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах явдлыг нийгэмлэгийн Ерөнхий хорооноос энэ тухай шийдвэр гаргасаны дараа сая гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

Дээрх дүрмээс үзэхэд Ерөнхий хорооны хурлаар хэлэлцүүлж хурлаас хөрөнгө актлахыг зөвшөөрсөн тохиолдолд хурлын протокол гарч, протоколыг үндэслэн Замын даргын тушаал гарсаны үндсэн дээр үндсэн хөрөнгө данснаас хасдаг журамтай ба маргаан бүхий хөрөнгийг акталсан Ерөнхий хорооны протокол болон Замын даргын тушаал, шийдвэр гараагүй, уг сарайнууд нь одоог хүртэл УБТЗамын өмч бөгөөд үндсэн хөрөнгийн эд хогшлын жагсаалтад бүртгэлтэй, хасагдаагүй байхад /үндсэн хөрөнгийн эд хогшлын жагсаалтад бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон/ Замын 4 дүгээр анги болон Замын-Үүд өртөөний орлогч дарга Ш.Баярсайхан нар уг хөрөнгийг үндсэн хөрөнгөнөөс хасагдсан гэсэн тодорхойлолт хийсэн нь ойлгомжгүй, Ш.Баярсайхан нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “...Түвшинжаргалын гуйснаар тодорхойлолт хийж өгсөн, уг тодорхойлолтыг хийхдээ Замын даргын тушаалыг үндэслээгүй, Замын 4 дүгээр ангийн даргын тушаалыг үндэслэсэн” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгч уг сарайг хууль, дүрмийн дагуу худалдаж авсан  гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан ба нэхэмжлэгч нь уг сарайнуудыг 100000 төгрөгөөр 1995 онд худалдаж авсан гэх боловч уг хөрөнгийг худалдаж авсан болон шилжүүлсэн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэрчүүд уг сарайг 100000 төгрөгөөр зарсныг гэрчилдэггүй, 100000 төгрөгөө УБТЗамд яаж төлсөн нь тодорхойгүй, нотлож чадахгүй байгаа болно.

Иргэний хуулийн  110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “...уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан ба нэхэмжлэгч нь уг багажны сарайг 1995 оноос өмчилж, ашиглаж байгаа гэх боловч үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй, бүртгүүлэх талаар ямар нэгэн санаачлага гаргасан эсэх нь тодорхойгүй, дээрх хуулийн заалтыг хангаагүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 , 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар Д.Энхтуяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох багажны сарайнуудын өмчлөх эрхээ сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ     Л.БАТЖАРГАЛ