Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нацагийн Баасанбат |
Хэргийн индекс | 105/2018/1622/Э |
Дугаар | 176 |
Огноо | 2019-01-24 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 176
2018 01 24 176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Нарийн бичгийн дарга Д.Отгонмаа,
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хиад боржигон овогт Ж.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 08507 2016 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ж.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 4-140 тоотод иргэн Л.Уянгатай маргалдан зодож улмаар түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Ж.Бд холбогдох эрүүгийн 1806 08507 2016 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Ж.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Л.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Миний биед энэ гэмтлийг миний хамтран амьдрагч Ж.Б гэдэг хүн 2018 оны 10 дугаар сарын 06-нд байх Баянзүрх дүүргийн Бөхийн өргөөний хажуу талын 4 дүгээр байрны 8 дугаар давхрын баруун гар талын хаалганд болсон. Би Ж.Бгийн гэрт 4 хоноод намайг Ж.Бгийн гэрээс найз, эгч нар маань ирж аваад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлтэл миний 9 хавирга хугаралтай байна гэсэн. Бусад жижиг хавирганууд нь бүгд гэмтэлтэй байна гэж хэлсэн. Би эмчилгээнд зарцуулсан 1.000.000 төгрөгийг Ж.Бгээс гаргуулж авсан. Надад цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 28 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12555 дугаартай:
Л.Уянгын биед цээжний зөөлөн эдийн няцрал, баруун талд 6, 7, 8, 9, 10, 11, 12, зүүн талд 8 дугаар хавирганы хугарал, баруун, зүүн бугалга, цээж, баруун зовхи, хөмсөгт цус хуралт, хүзүү, баруун зүүн гуя, цээжинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14 тал/,
Гэрч Б.Бат-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Манай охин Л.Уянга нь Ж.Б гэгчтэй 2014 оноос хойш хамтран амьдрах болсон юм. Ж.Б, Л.Уянга нар нь байнга архи уудаг. Ж.Б 4 хоног гэрээс гаргахгүй зодсон байсан. Л.Уянгыг өвчнөө мэдрээд орилуулахгүйн тулд ам руу нь архи цутгаад байсан гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,
Гэрч Н.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Л.Уянга би 7 нөхөртэй байсан. Халхын сайхан эрчүүдтэй бүгдтэй нь хамт амьдарч ирсэн, чи надад жижигдэнэ, чи яршиг л байна гээд Л.Уянга Ж.Б рүү орилоод байсан. Ж.Б Л.Уянгааг чи Ганбаагаас ичиж, санаа зовооч гэж байсан. Би санаа зовоод тэгээд гараад явчихсан. Миний хажууд зодоон цохион болсон асуудал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,
Шинжээч эмч Б.Ханхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-т цээжний гэмтэлд цээжний хэнхэрцгийн хэлбэр алдагдуулсан хоёр талын олон хавирганы хугарал, түүнчлэн нэг талын олон хавирга хоёр ба түүнээс дээш шугамаар хугарч хавирганы хавхлаас шинж үүсгэсэн бол энэ ангилалд хамаарна гэж заасан байдаг. Харин Л.Уянгад тогтоогдсон олон хавирганы хугарал нь хавирганы хавхлаа шинж үүсгээгүй, цээжний хэлбэр дүрс алдагдаагүй тул хүндэвтэр зэргийн гэмтэлд хамааруулна гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/,
Шүүгдэгч Ж.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Л.Уянга бид хоёр сүүлийн 2 жил ямар нэгэн гэр бүлийн хамаарал байхгүй амьдарч байна. Согтуу архи уухаараа л надтай өөрөө холбогдож хайртай, дуртай санаад байна гээд ирдэг юм. Миний хувьд ямар нэгэн гэр бүлийн хамааралтай хүн бол биш. Би одоо өөр найз эмэгтэйтэй, тэрнийг Н.Биндэръяа гэдэг. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бид адилхан архи уугаад согтуу байсан. Хэрэлдэж маргалдаад ийм асуудалд хүрсэн байна. Гэмтлийг маргалдаж, барьцалдаж, түлхэлцэж байхдаа би учруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 16, 26/,
Зөрчлийн талаар гаргасан гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Ж.Бгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 18 тал/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ж.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Ж.Бгийн иргэн Л.Уянгын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Л.Уянга нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ хохирол төлбөр болох 1.000.000 төгрөгийг Ж.Бгээс авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Б нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ