Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0098

 

 

 

 

“А г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Э, Д.О, М.Б, С.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0698 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “А г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0698 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14 дүгээр зүйлийн 14.1.14, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, 11 дүгээр зүйлийн 11.2-т заасныг тус тус баримтлан “А г” ХХК-ийн “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, 12959А тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах” шаардлага бүхий Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: “...Гомдлын шаардлага: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0698 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах

Гомдлын үндэслэл

Нэхэмжлэгч “А г” ХХК нь “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүй, татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 00000А дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Гэтэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0698 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж, хууль буруу хэрэглэн, хэтэрхий нэг талыг барьж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байгаагүй тухайд:

Маргаан бүхий акт буюу Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 616 дугаар тушаал нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.4-д “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх ганц заалтыг үндэслэсэн боловч нэхэмжлэгч нь энэ заалтыг зөрчөөгүй байдаг.

Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон маргаан бүхий актыг гаргахын өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу “А г” ХХК-г тусгай зөвшөөрлийн дагуу тавигдсан нөхцөл, шаардлагыг зөрчиж байгаа талаар огт мэдэгдээгүй, яригдаагүй, үүнтэй холбоотой ямар нэгэн нотлох баримт байхгүй болно.

Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаандаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ гүйцэтгэн ажиллаж байсан бөгөөд тусгай зөвшөөрлийн төлбөрөө цаг тухайд нь төлж байсан, ямар нэгэн алдаа, дутагдал гаргаж байгаагүй.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.4 дэх заалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд хэрэглэгддэг буюу тусгай зөвшөөрөл олгогдсоны дараа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хууль тогтоомжоор тавигдсан нөхцөл, шаардлагыг биелүүлээгүй байхыг ойлгодог.

Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 09 дүгээр тогтоолын 6 дахь хэсэгт “мөн зүйлийн 14.1.4-т заасан “удаа дараа” гэж 2 буюу түүнээс дээш зөрчсөнийг хэлэх ба “ноцтой зөрчсөн” гэдэгт тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг илтэд зөрчсөний улмаас нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хохирол учруулсан буюу учруулж болох байсан зэрэг нөхцөл байдлыг ойлговол зохино” гэж зөв ойлголтоор тайлбарласан. Мөн тайлбарын 4 дэх хэсэгт “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавих” эрхийг зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар олгосон тул уг хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хяналт, шалгалт хийх нийтлэг үндэслэл, журам, арга хэлбэрийг удирдлага болгоно” гэсэн бөгөөд хариуцагч нь хяналт шалгалт хийхтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа явуулаагүй.

Хэрэв нэхэмжлэгч нь “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно” гэсэн Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 13.1-д заасан арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлэх боловч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зөрчигдөж буй эсэхийг дүгнэх хяналт, шалгалт хийхтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа явуулаагүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага зөрчигдөөгүй.

2. Мэдэгдэх, сонсох зарчим хэрэгжээгүй тухайд:

Хариуцагч нь Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615 болон 616 дугаар тушаалуудыг батлан гаргахын өмнө огт мэдэгдээгүй. Үүнийг хариуцагч нар хүлээн зөвшөөрч байх боловч анхан шатны шүүх мэдэгдэх шаардлагагүй байсан мэтээр хууль буруу тайлбарлан дүгнэсэнд гомдолтой байна.

2А. Маргаан бүхий 615 болон 616 дугаар тушаалууд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.4-д заасныг зөрчсөн тухайд:

Маргаан бүхий акт нь 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр батлагдан гарсан тул тухайн үеийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль үйлчилнэ. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1.-т “Захиргааны байгууллага, албан тушаалтан гомдлыг урьдчилан шийдвэрлэх талаар дараах ажиллагаа явуулна” гээд 7.1.2.-т “гомдол гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шаардлагатай бол эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гуравдагч этгээдэд хэрэг хянан шийдвэрлэх он, сар, өдөр, газрыг мэдэгдэж, уг ажиллагаанд хүсэлтээр байлцуулах” гэжээ. Хариуцагч нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо энэ талаар огт мэдэгдээгүй нь мөн хуулийн 7.1.2.-т заасныг зөрчсөн. Гэтэл анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нэхэмжлэлийн энэхүү хууль зүйн үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөөгүй.

Мөн хуулийн 7.4-т “Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцын талаар тэмдэглэл хөтөлнө. Уг тэмдэглэлд дараах зүйлийг тусгана:” гэж хуульчилсан. Гэтэл хариуцагч нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхдээ ямар нэгэн хөтөлсөн тэмдэглэл байхгүй тул 7.4-т заасныг зөрчсөн. Анхан шатны шүүх уг асуудалд мөн эрх зүйн дүгнэлт өгөөгүй.

2Б. Маргаан бүхий 615 болон 616 дугаар тушаалууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.2, 56.4-т заасныг зөрчсөн тухайд:

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэжээ. Хариуцагч нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдээгүй. Урьдчилан мэдэгдээгүй болохыг хариуцагч болон гуравдагч этгээд хүлээн зөвшөөрдөг.

Үүний улмаас мөн хуулийн 56.3-т заасан “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх зөрчигдөж, хариуцагч нь шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн.

Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэснийг зөрчсөн.

Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах нь эрх зүйн адил үр дагавартай байдаг тул тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан цуцлахад баримталдаг журмыг хэрэглэх талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байгаа. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий тушаалуудыг батлан гаргахын өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан журмыг баримтлах ёстой байсан.

Нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах ойлголт, тэдгээрийн хууль зүйн үр дагавар нь адил, эсхүл ялгаатай талаар нэлээд маргаантай байсан хэдий ч уг асуудлыг нэгэнт шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байхад анхан шатны шүүх уг шийдвэрийг шийдвэр гаргахдаа харгалзан үзээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-т заасан “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэснийг зөрчсөн байна.

Тодруулбал, нэхэмжлэгчээс гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШТ2018/0100 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 56.5-д заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 56.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шүүх тухайн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.3-т заасны дагуу түдгэлзүүлэхгүй” гэсэн заалтыг хэрэглэж, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хянаад гаргасан 2018.06.07-ны өдрийн 221/ШТ2018/0416 тоот тогтоолын хянавал хэсэгт “... Ашигт малтмалын газрын даргын 615, 616 дугаар тушаалууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д заасантай адил үр дагавар үүсгэсэн байх тул уг хуульд заасантай адилтган үзэх учиртай” хэмээн шийдвэрлэсэн байна.

Ийнхүү хариуцагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 56.2, 56.4-т заасныг зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрч, энэ журмыг баримтлах шаардлагагүй мэтээр тайлбарладаг боловч анхан шатны шүүх 56.2, 56.4-т заасныг хэрэглэхгүй мэтээр хууль буруу тайлбарлан, хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн. Иймээс нэхэмжлэгчээс гаргасан захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэхэд үйлчилсэн хууль нь нэхэмжлэлийг шийдвэрлэхэд үйлчлэхгүй гэж шийдвэрлэж буйд гомдолтой байна.

3. “Б” ХК-ийн гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн бөгөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн тухайд:

Хариуцагч нь “Б” ХК-ийн гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.4 дэх заалтыг зөрчсөн.

Хариуцагч нь маргаан бүхий актуудыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан байдаг. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана.” гэснийг харгалзан үзээгүй бөгөөд энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож буй “Б” ХК нь “А г” ХХК-д 00000А дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшихээс өмнө “А г” гэдэг компани эзэмшиж байх үеэс мэдэж байсан. Б ХК нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдөхгүй.

Тодруулбал, “Б” ХК нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-т заасан “... мэдсэнээс хойш 30 хоногийн дотор ... шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэснийг зөрчсөн.

Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай бол энэхүү хугацаа хэтэрснээс хойших гурван сарын дотор зөвхөн шүүх нөхөн сэргээж болох боловч энэ талаар ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаж шийдвэрлүүлээгүй байдаг. Иймд “А г” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмших нь гуравдагч этгээд “Б” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдахгүй бөгөөд түүний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн болно.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Б” ХК нь “А г” ХХК-д 00000Х, “А г” ХХК-д 00000А тусгай зөвшөөрлүүдийг олгосон шийдвэрүүдийг мэдсэн, хүлээн авсан нөхцөл байдлыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн 364 дүгээр шийдвэрийг хүлээн авсан өдрөөс эхлэн тооцох үндэслэлтэй хэмээн буруу дүгнэжээ. Шүүхээс хийсэн дээрх эрх зүйн дүгнэлт нь хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслээгүй, хэргийн оролцогч нэг талын эрх ашгийг хэт хамгаалсан хуульд нийцээгүй дүгнэлт хэмээн үзэж байна. Үндэслэлийг дараах байдлаар дэлгэрүүлэн тайлбарлав.

Ашигт малтмалын газрын дарга 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Шийдвэр хүчингүй болгох тухай 615 тоот тушаал гаргахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1.1 дэх заалтыг үндэслэл болгосноос үзэхэд уг шийдвэр нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дагуу гарсан шийдвэр болох нь тодорхой бөгөөд хариуцагч ч мөн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гаргасан гэж тайлбарладаг.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1-д “энэ хуулийн 6.1-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтан гомдлын дагуу хэргийг хянан үзээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд: 8.1.1-д “Захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх” хэмээн хуульчилсан бөгөөд дээрх хуулийн заалтаас үзэхэд захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахдаа мөн хуулийн 6.1-д заасан нөхцөл бүрдсэн эсэхийг заавал шалгах үүрэгтэй байна.

Хэрэгт цугласан нотлох баримтаас үзэхэд холбогдох байгууллагад гомдол гаргасан “Б” ХК нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж, зөрчигдсөн талаарх асуудлыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн 364 дүгээр шийдвэрийг хүлээн авсан өдрөөс даруй хэдэн жилийн өмнө мэдсэн болох нь хэрэгт авагдсан хэд хэдэн нотлох баримтаар нотлогдоно.

Тухайлбал, 2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс “А г” ХХК-ийн нэхэмжлэлтэй АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын даргад холбогдох захиргааны хэргийн шийдвэрлээд гаргасан 256 тоот шийдвэрийн 7 дугаар нүүрт тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон “Б” ХК-иас шүүхэд өгсөн тайлбарт “...Гэтэл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдэж, улмаар хайгуулын зардлыг нь манай компани бүрэн төлсөн талбайд өөр компанид лиценз олгосон нь Ашигт малтмалын тухайн хуулийн ... зааснаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл байдаг” гэсэн тайлбарыг өгч байснаас үзэхэд “А г” ХХК-д олгосон ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талаарх маргаанд гуравдагч этгээдээр оролцохоос өмнө мэдэж байсныг нотлон харуулж байна. Иймээс гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 364 дүгээр шийдвэрийг хүлээн авсан өдрөөс эхлэн тоолсон шүүхийн шийдвэр нотлох баримтыг буруу үнэлсэн тул хүлээн зөвшөөрөхгүй. Харин хариуцагч Ашигт малтмалын газраас “Б” ХК-ийн гаргасан гомдлын дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг шалгах үүргээ санаатайгаар биелүүлээгүй хэмээн үзэж байна. Үүнийг нотлох хэд хэдэн үйл баримт, нотлох баримтыг дэлгэрүүлэн тайлбарлавал:

“Б” ХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмалын газарт холбогдох захиргааны хэргийг шийдвэрлээд гаргасан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 364 тоот шийдвэр гарснаас хойш даруй нэг сарын дараа Ашигт малтмалын газрын дарга 615 тоот шийдвэрийг гаргасан байна. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 364 тоот шийдвэрээр нэхэмжлэгч “Б” ХК-ийн шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, 2012.09.18-ны өдрийн шүүхийн 364 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн маргаанаас даруй хэдэн жилийн өмнө гаргасан захиргааны актын асуудлыг шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацааг шалгаагүй нь санаатай гаргасан алдаа гэж үзэхээр байна.

Түүнчлэн “Б” ХК-иас 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Б.Б-д хандан гаргасан 2/439 тоот албан бичигт “Одоогийн байдлаар “А г” ХХК нь 00000Х тусгай зөвшөөрлийнхөө тодорхой хэсгийг 00000А тусгай зөвшөөрөл болгон үлдсэн хэсгийг хүчингүй болгосон байгаа. Иймд анхнаасаа “А г” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл нь хууль бусаар олгогдсон байх тул үүнийг дахин шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой асуудал юм. Иймд уг асуудлыг цаашид хэрхэн зохицуулж шийдвэрлэх, хаана хэрхэн хандах талаар хариу ирүүлж бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү” хэмээн хүсэлт гаргасан нь 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө мэдэж байсныг нотолно.

Харин Ашигт малтмалын газрын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 6-5292 тоот хариу албан бичигт “Уг хүсэлтэд дурдсан 00000Х тоот тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2008 оны 256 дугаар шийдвэр, 2009 оны 53 дугаар захирамжаар эцэслэн шийдвэрлэсэн байна. Иймд дээрх маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул уг маргааны талаар манайх хариу өгөх боломжгүй юм” хэмээн хариу мэдэгджээ. Дээрх албан бичгээс үзэхэд “Б” ХК нь 2008 онд “А г” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг анхнаасаа хууль зөрчиж олгосон үндэслэлээр хүчингүй болгох боломжтой хэмээн хандсан бол Ашигт малтмалын газраас уг асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа хэмээн үзэж хариу өгсөн нь тодорхой байна. Иймээс “Б” ХК-иас 2011 онд гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ ийнхүү хариу мэдэгдсэн атал 2012 онд гаргасан гомдолд хөөн хэлэлцэх хугацааг шалгаагүй нь онцгойлон анхаарах асуудал юм.

4. “А г” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр хүчин төгөлдөр байгаа тухайд:

Нэхэмжлэгч нь 00000А тусгай зөвшөөрлийг Геологи Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1126 тоот шийдвэрийн дагуу эзэмшиж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Тухайн үед “А г” ХХК-иас тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахад Ашигт малтмалын газрын дотоод хяналтын хуудсаар хянах шаардлагатай бүхий л нэгж, хэлтсээр хянагдаж тусгай зөвшөөрлийг шилжүүлэн олгосон байдаг.

Гэтэл “А г” ХХК-д огт тавьж байгаагүй асуудлаар буюу Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.4-т заасан заалт зөрчигдсөн хэмээн “А г” ХХК-д тусгай зөвшөөрөл шилжүүлсний дараа огт мэдэгдэлгүйгээр 00000А тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Ийнхүү ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх явцад эрх бүхий байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 49.5.2-т заасны дагуу шилжүүлж буй тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байгаа эсэхийг шалгах үүрэгтэй. Ийнхүү шалгаад эрх шилжсэнийг бүртгэсэн тухай захиргааны акт нь бүртгэл үнэн зөв байх зарчим ёсоор шударга эзэмшигчийн эрхийг бий болгох бөгөөд уг шийдвэрийн дагуу “А г” ХХК нь шударга эзэмшигч болсон. Өнөөдрийн байдлаар 00000А ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн тухай Ашигт малтмалын газрын Геологи Уул Уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1126 тоот шийдвэрийн хүчингүй болгосон шийдвэр холбогдох байгууллагаас гараагүй байна. Ашигт малтмалын газрын даргын 616 дугаар тушаалаас үзэхэд уг шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүчингүй болгоогүй харин “А г” ХХК-ийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг холбогдох хуульд заасан үндэслэлийг дурдан хүчингүй болгожээ. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлийг нэг бүрчлэн хуульчилсан байх бөгөөд энэ зүйлд заасан ямар нэгэн нөхцөл бүрдээгүй байхад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон талаар гомдлын нэгдүгээр үндэслэлд нарийвчлан тайлбарласан болно.

Хариуцагчийн хувьд урьд гаргасан захиргааны шийдвэрийг хүчингүй болгосон гэх боловч хуулийн этгээдэд эрх олгосон эерэг үйлчлэлтэй захиргааны актын улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж зөрчигдөх “А г” ХХК-д урьдчилан мэдэгдэж хуульд заасан урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан тайлбар гаргах, шийдвэрийн талаар гомдол гаргах эрх, боломжоор хангаагүйгээр шударга эзэмшигчийн эрхийг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр тухайн харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлэн, бүх талаас нь бүрэн бодитой, нягтлан үзэх үүргээ биелүүлээгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0698 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “А г” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, 12959А тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх маргаж буй захиргааны актуудын эрх зүйн үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр зөвхөн маргааны үйл баримтыг дурдаж, ерөнхий байдлаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан байхад маргаан бүхий захиргааны акт буюу Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хэрэгт цугларсан нотлох баримтуудтай харьцуулан судалж, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримт, уг актуудын хууль зүйн үндэслэлийг тогтооход хамааралтай, ач холбогдолтой эсэхэд эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь дээрх хуульд заасантай нийцээгүй байна.

Нэгэнт анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актуудад дээрх байдлаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байхад давж заалдах шатны шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3, 121.3.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй.

Түүнчлэн өмнө нь уг хэргийг анхан болон давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэснийг хяналтын шатны шүүхээс хянаад “...анхан шатны шүүх гуравдагч этгээд “Б” ХК-иас гэрээний дагуу төлсөн 00000 ам.долларын төлбөр нь аль талбайд хамааралтай эсэх, баримт лавлагааг цуглуулах... энэ талаарх нотлох баримтыг хавсаргаж, маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэвэл зохино...” гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Гэтэл анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 59 дүгээр тогтоолд дурдсан дээрх ажиллагааг бүрэн гүйцэд хэрэгжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

Тодруулбал, анхан шатны шүүх, хяналтын шатны шүүхийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан үндэслэл болсон нотлох баримт, үйл баримтын талаар бүрэн гүйцэд нотлоогүй, нөгөөтэйгүүр, нүүрсний орд газрын тухайн талбайн төлбөртэй холбоотой асуудлаар аль талд хамаарч байгаа эсэхэд холбогдох нотлох баримтыг зөвхөн нэг талаас гаргаж өгсөн баримтуудыг үндэслэл болгон дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчмыг бодитойгоор хэрэгжүүлсэн гэж үзэхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан байна.

Тиймээс анхан шатны шүүхээр дээр дурдсан ажиллагааг явуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтуудад дүгнэлт хийхээс гадна, маргаан бүхий захиргааны актуудад эрх зүйн дүгнэлт хийж, холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/0698 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогоос гаргаж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР