Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 006

 

Б.Ханатын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 5 дугаар багт оршин суух Шыбарайгыр овогт Бахытханы Ханатын нэхэмжлэлтэй, Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгч Б.Ханат, хариуцагчийн төлөөлөгч Т.Мурат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд хууль бус шийдвэрээр ажлаас чөлөөлөгдөж, 2015 оны 05-р сарын 28-ны өдрийн 321 дугаар шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон билээ. Гэтэл 2016 оны 01-р сарын 04-ний өдөр сургуулийн захирал Т.Мурат нь намайг мэдэгдэх хуудас өгөлгүйгээр ямар ч шалтгаангүйгээр Б/02 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн байна. Ажлаас гарсан тушаалыг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нарийн бичгийн дарга гардуулж өгсөн. Иймд намайг тус сургуулийн нягтлан бодогчоор эгүүлэн тогтоож өгөхийг хүсье гэжээ. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Суманд Санхүүгийн алба байгуулагдсантай холбогдуулан төсөвт байгууллагын нягтлан бодогч нарын ажлыг хүлээлцүүлэх тухай сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/35 тоот захирамж гарч мөн өдрөөс нягтлан бодогч нарын гарын үсгээр банкуудаар гүйлгээ хийхийг зогсоох шийдвэр гарсныг Засаг даргын Тамгын газрын дарга О.Женисханаар ахлуулсан ажлын хэсэг ирж танилцуулсан. Иймд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нягтлан бодогч Б.Ханатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Б.Ханат нь шүүхэд гомдол гаргаснаар Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 321 дугаар шийдвэр гарч, сургуулийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б/32 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилж, санхүүгийн албанд шилжүүлсэн.

Гэвч Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 426 тоот тогтоол гарч, төсөвт байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн алба хариуцан гүйцэтгэж байгаатай холбогдуулан орон нутгийн төсөвт байгууллагуудад нягтлан бодогч давхардуулан ажиллуулахгүй байхыг үүрэг болгосон. Сумын Засаг дарга 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг мэдэгдсэн. Иймд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Б/02 тоот тушаал гаргаж, нягтлан бодогч Б.Ханатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, сумын Засаг даргын Тамгын газрын мэдэлд шилжүүлж өгсөн.

Иймд Б.Ханатын анхан шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна гэжээ. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар шийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Шыбарайгыр овогт Бахытханы Ханатын Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ханат нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Сагсай сумын бүрэн дунд сургуулийн төсөвт шинээр нягтлан бодогчийн орон тоо нэмэгдэж цалингийн санд тусгагдаагүй тохиолдолд ажлаас чөлөөлөхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажил олгогч мэдээгүй гэдэг нь үгүйсгэгдэх болно. Мөн Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын дарга О.Женисхан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэг ажлаас чөлөөлөхийг мэдэгдсэн гэх мэдэгдэх хуудсыг Б.Ханат хүлээж авахаас татгалзсан талаар тэмдэглэсэн баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгсөн байна. Мэдэгдэх хуудас хүлээн авсан мэтээр хуурамч баримт бүрдүүлж тэмдэглэл хийснийг анхан шатны шүүх үндэслэл болгосон.

Орон тоо байхгүй гэдэгтээ маргаагүй. Хууль бус шийдвэр гаргасан учраас шүүхэд хандсан. Иймд миний гомдлыг дахин хянаж хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Санхүүгийн албаны төсөвт байгууллагуудыг хариуцсан нягтлан бодогчдыг сумын Засаг даргын Тамгын газрын дарга томилж, чөлөөлөх эрхтэй тул мэдэгдэх хуудсыг мөн Засаг даргын Тамгын газрын даргын гарын үсэг, тамгатай олгосон байна. Б.Ханатыг 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.5 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Б.Ханатын Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд холбогдуулан гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим-д нийцээгүй байна.

 

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 426 дугаар тогтоолыг үндэслэн сургуулийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Ханатыг ажлаас чөлөөлжээ. Ажил олгогчийн дээрх шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, ажилтны хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь дараах үндэслэлээр тогтоогдож байна. Үүнд:

 

1. Ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Б.Ханатыг ажлаас чөлөөлөхдөө Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг хэрэглээгүй буюу ажил олгогчийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй байхад анхан шатны шүүх тухайн шийдвэрийг ... хууль зүйн үндэслэлтэй гарсан тушаал... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ Засгийн газрын тогтоолын дагуу орон тоо хасагдсан гэж тайлбарлаж байгаа боловч ажилтныг ажлаас чөлөөлөх тухай шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тухайн ажлын байрны орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн эсэхийг шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 5-03/443 дугаар, тус аймгийн Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 3/42 дугаар албан бичиг бүхий тодорхойлолтууд нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн нягтлан бодогчийн ажлын байр, орон тоо хасагдсаныг нотлохгүй юм.

 

2. Ажил олгогч ажилтныг орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан журмыг хэрэгжүүлсэн эсэхээ шүүхэд нотлоогүй байхад анхан шатны шүүх ...нягтлан бодогчийн орон тоо байхгүй болсон гэдэгт маргаагүй тохиолдолд ... ажил олгогч мэдэгдээгүй гэдэг нь үгүйсгэгдэх болно., ...мэдэгдэх хуудсыг Б.Ханат нь хүлээн авахаас татгалзсан талаар тэмдэглэсэн баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгсөн... зэргээр хуулийн дээрх заалтыг талуудын тайлбарыг үндэслэн буруу тайлбарлаж, хэргийн 28 дугаар талд авагдсан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэх хуудас гэсэн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар үнэлээгүй байна.

Уг мэдэгдэх хуудаснаас үзвэл, ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг сургуулийн захиргаанаас олгоогүй, харин тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга О.Жанисхан олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан агуулгад нийцэхгүй. Сагсай сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь Б.Ханатын хувьд ажил олгогч биш юм.

 

Иймд, дээрх үндэслэлээр Б.Ханатын урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол үндэслэлтэй байх тул түүнийг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилж, энэ үндэслэлээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар Б.Ханат нь анхан шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Шубарайгар овогт Бахытханы Ханатыг Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай. гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Б.Ханат нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулиас 70200 төгрөг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч Б.Ханатын давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ТУЯА

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

С.ӨМИРБЕК