Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 0022

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Д.Цагаанхүүд холбогдох эрүүгийн

                                                    хэргийн тухай

                                                                          

 Хэргийн индекс 132/2016/0068/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                             

 Шүүх хуралдаанд:

Прокурор                                                  Ц.Сувдаа

           Ялтан                                                        Д.Цагаанхүү

            Нарийн бичгийн дарга                              Г.Ангирмаа нарыг оролцуулан

 Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 74А дугаар шийтгэх тогтоолтой, Д.Цагаанхүүд холбогдох 201606000099 дугаартай эрүүгийн хэргийг ялтан Д.Цагаанхүүгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол Улсын иргэн, Хутаг-Уул овогт Дондолын Цагаанхүү, 1973 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Булган аймгийн Баян-Агт сумын 3 дугаар багт оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 1995 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2.б, 239 дүгээр зүйлийн 3, 211 дүгээр зүйлийн 211.2, 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 24 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 25 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 24 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 26 хоногийн хорих ялын зарим болох нэг жилийг нэмж нэгтгэн 1 жил 3 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, ЛЕ73051016 регистрийн дугаартай,

Д.Цагаанхүү нь 2016 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын Хүрэмт багийн Бургас хорооны 04-03 тоотод оршин суух хохирогч Ч.Дагцалмааг гэрт нь үл ялих зүйлээр шалтаглан зодож түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрч, хохирогчид хүч хэрэглэн хурьцал үйлдэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 74А дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Хутаг-Уул овогт Дондолын Цагаанхүүг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, бусдыг хүч хэрэглэж хүчиндсэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар шүүгдэгч Д.Цагаанхүүг 2 /хоёр/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 01 /хоёр/ жилийн хугацаагаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 03 /гурав/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн   хуулийн   ерөнхий   ангийн   57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Д.Цагаанхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар оногдуулсан 03 /гурав/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 01 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг багтааж,  мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 01 /хоёр/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 04 /дөрөв/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Д.Цагаанхүүд оногдуулсан 4 /дөрөв/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Д.Цагаанхүүгийн 2016 оны 04 дүгээр сарын 11-нээс 2016 оны 11 дүгээр сарын 03 ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 206 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Цагаанхүүгээс 90.000 /ерөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Дагцалмаад /РЖ61010409/-т олгож, үлдсэн 125.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь энэ хэрэгтээ холбоотой гаргасан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зуйлийн 88.1.1-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан эрээн өнгийн өмд, ногоон өнгийн подвалк, цайвар ягаан өнгийн дотоож, бор хүрэн өнгийн малгайтай куртик, саравчтай малгай, шаргал өнгийн юүдэнтэй цамц, саарал өнгийн майк, хар эрээн өнгийн срочкон цамц, ногоон өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн өмд, цэнхэр өнгийн дотоож зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цагаанхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 Ялтан Д.Цагаанхүү давж заалдах гомдолдoo: "... хохирогч Ч.Дагцалмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргахдаа тогтворгүй олон салаа утгатай мэдүүлэг өгдөг. Эмч Х.Гонгор, Ж.Алтан-Од нарын мэдүүлэгт хохирогчийг хүчиндүүлсэн, бэлгийн дарамт үзүүлсэн гэх зүйл байхгүй. Хохирогчийн биед ямар нэгэн зовиур байхгүй гэдгийг нотлон эмнэлгээс сайн дураараа гарсан ... усанд орж өмсөж байсан хувцсаа угаасан, гэр орноо мөн угаасан гэх зэрэг хавтас хэрэгт хамаарах зүйл байхгүй гэдгийг харуулсан. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчоор эр бэлгийн эс илрээгүй.

Хохирогч Дагцалмаад 90.000 төгрөг өгсөн. Гэвч манай ээж Чанцалнямаас 1.400.000 төгрөг авсан байсан гэдгийг миний дүү Д.Должинсүрэн намайг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр эргэлтээр ирэхдээ хэлсэн. Надад өгсөн авсан баримт материал байхгүй учир хохирогчийн илүү авсан мөнгийг буцаан гаргуулж өгнө үү. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: "...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна…" гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.Цагаанхүү нь 2016 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Баян-Агт сумын Хүрэмт багийн нутагт оршин суух иргэн Ч.Дагцалмаагийн гэрт үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлан танхайрч түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан, хүч хэрэглэж хурьцал үйлдсэн, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Ялтан Д.Цагаанхүү нь “ ... бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг үйлдээгүй  ... надад тэнсэн ял байхгүй тул ялтайд тооцож ял оногдуулсныг анхаарч ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд

Д.Цагаанхүүд холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, зүйлчлэл тохирсон байна.

Хохирогчийн биед эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй гэх шинжээчийн дүгнэлт нь Д.Цагаанхүүг гэм буруугүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд түүний үйлдсэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, хохирогчид хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг нь

хохирогч Ч.Дагцалмаагийн удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлэг, Шинжээчийн 130 тоот “...зүүн бугалга, дал, өвдөг, шилбэ, шагайн үе, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо...хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, мөн 3106 тоот “...хохирогчийн өмсөж байсан гэх ягаан өнгийн өмдний салтаанд 16 х 8 мм  хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзарсан цоорхойтой...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 43, 51, 52/,

гэрч Г.Пүрэвнямын “...хаалгаа тайлсан чинь Дагцалмаа нь үс гэзэг нь сэгсийсэн, зүүн гарын булчин хэсэг нь нэлэнхүйдээ хөхөрч хавдсан, зүүн хөл нь гишгэж чадахгүй байдалтай орж ирсэн...” гэх /хх 36/,

гэрч Ж.Цэвэгжавын “...гэр дотор ороход зүүн талын орон дээрх гудас газарт унжсан, хөнжил нь хумигдаад нэг талдаа бөөгнөрсөн, орных нь доод талд байсан шүүгээний доор газарт аяга унасан байдалтай байсан...” гэх /хх 37/ мэдүүлэг зэрэг үйл баримтуудаар тогтоогдсон, түүний гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Д.Цагаанхүү нь Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 24 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 11 сар 26 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн, нийт 1 жил 3 сар хорих ялаар шийтгүүлсэн  бөгөөд түүний хорих ялын хугацаа 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дуусч суллагдсан боловч

Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т заасан ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад буюу 2016 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул анхан шатны шүүх ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд байдалд тооцож ял шийтгэл оногдуулсныг үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд ялтан Д.Цагаанхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолд хорих ялын хугацааг үсгээр бичихдээ буруу бичсэн, бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах заалтыг баримтлах байтал эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах заалтыг баримталсан байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Мөн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт бичигдсэнээр шүүх хуралдаанд прокурор Ц.Сувдаа оролцсон атал шүүх хуралдааны тэмдэглэлд прокурор Ц.Гэрэлбаатар оролцсон гэж, шийтгэх тогтоолд хэрэг хүлээн авсан огноог 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гэж тус тус буруу бичсэн, хорих ялын хугацааг 2 жил 01 хоног, 01 жил, 03 жил 01 хоног гэх мэт өөр өөр бичсэнийг цаашид онцгойлон анхаарвал зохино.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ялтан Д.Цагаанхүүгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 74А дугаар шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай.

а/  Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтын “...01 /хоёр/...” гэснийг ”...1 /нэг/...” гэж,

б/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “...510 дугаар зүйлийн 510.1-д...” гэснийг “...505 дугаар зүйлийн 505.1...” гэж тус тус өөрчилсүгэй.

 2.  Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 3. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ё.БЯМБАЦЭРЭН

                                      

                                  ШҮҮГЧИД                                   З.ХОСБАЯР        

     

                                                                                  С.УРАНЧИМЭГ