Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 178

 

 

 

 

 

 

 

 

    2019        01          24                                   178

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч А.Сайнбаяр,

хохирогч Ч.Ганчимэг,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 06541 0003 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Мүүн” баарны орчим иргэн Ч.Ганчимэгийг шалтгаангүйгээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                               /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч С.Б нь хохирогч Ч.Ганчимэгийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч Ч.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

С.Б үгийн зөрүүгүй намайг цээжин тус газар тийрээд унагаасан. Намайг газар байж байтал эхнэрээ орилуулаад зодоод байсан. Би амьсгаа авч чадахгүй газар байж байтал С.Б над дээр ирээд намайг үсдээд хамар тус газар гараараа нэг удаа цохьж аваад зүүн гарын бугалга руу цохиод авсан гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

 

Гэрч Г.Золзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Тухайн өдөр С.Б согтуу байсан ба бид хоёр муудалцсан. Бид хоёрыг муудалцахаар боль гээд намайг өмөөрөөд С.Бтай хэрэлдэхэд Ч.Ганчимэгийн цээж рүү өшиглөж унагаад нүүр рүү нь гараараа цохьсон. Би С.Бг Ч.Ганчимэгээс болиулсан гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 9555 дугаартай:

Ч.Ганчимэгийн биед хамар, чих, бугалга, тохойд цус хуралт, хавантай гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэх шинжээч эмч С.Одончимэгийн гаргасан дүгнэлт /хх-ийн 27 тал/,

 

Шүүгдэгч С.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Найз охинтойгоо маргалдаж байсан чинь дундуур орж ирээд тэгээд би зодчихсон юм шиг байгаа юм. Би сайн санахгүй байгаа. Найз охин Г.Золзаяагийн хэлснээр би Ч.Ганчимэгийг зодсон гэсэн. Би энэ талаараа хүлээн зөвшөөрөөд хэргээ хүлээсэн. Ч.Ганчимэгээс уучлалт гуйгаад уулзая томографийн зэрэг авхуулж өгье гэхээр яах юм, уулзах шаардлагагүй гээд байгаа. Дахин гэмт хэрэг зөрчил гаргахгүй гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 7-9 тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч С.Бгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч С.Бгийн иргэн Ч.Ганчимэгийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Ч.Ганчимэг нь хавтаст хэрэгт хохирлын талаарх баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч нь тухайн хохирсон үедээ мөнгөгүй байсан учир компьютерт томографийн зураг авахуулаагүй, эмчид үзүүлэхэд зураг авахуулах бичиг хийж өгсөн боловч дээрх шалтгааны улмаас авахуулаагүй болохоо шүүх хуралдаанд талбарласан.

Гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирогч нь хохирол нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                       

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ